Автомашины QR кодыг хуурамчаар үйлдвэл Эрүүгийн хуулиар шийтгэнэ – ҮНДЭСЛЭЛГҮЙ

“Автомашины дугаарыг өөрчлөх, QR кодыг хуурамчаар үйлдвэл Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэнэ” гэсэн мэдээллийг нийслэлийн ЗДТГ-аас гаргасан. 

Тодруулбал, Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнууд QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр явж байгаа. Харин QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцох асуудал гарч байгаа тул хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс сануулсан. 

Ингэхдээ “Бичиг баримт, тусгай зөвшөөрөл, эрх олгосон хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг” гэж тайлбарласан юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Өмнөх хязгаарлалтаар олгож байсан хүчингүй болсон QR тусгай зөвшөөрлийг автомашиндаа байршуулан хөдөлгөөнд оролцох, зөвшөөрөл олгогдсон хэдий ч хориглосон цагаар зорчих, бусдын автомашины тусгай зөвшөөрлийг ашиглах зэрэг зөрчил дутагдлыг гаргаж байгааг газар дээр нь илрүүлэн шалгаж байна. Ингэж хорио цээрийн дэглэм зөрчин ашиглаж байгаа тусгай зөвшөөрлийн асуудлаар зарим иргэд эрүүгийн хариуцлага хүлээж байна. Иргэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан ‘Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах’ гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй” гэжээ. 

Эрүүгийн хуулиар QR кодтой холбоотой асуудлыг шийтгэх зохицуулалттай эсэхийг нягталлаа. 

Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл буюу “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт дараах баримт бичиг хамаарахаар тусгасан байна. Үүнд:

Тусгай зөвшөөрөл

-эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг
-тамга, тэмдэг
-хэвлэмэл маягт
-иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх
-боловсролын үнэмлэх, диплом
-гадаад паспорт, төрийн шагнал
-хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг. 

Дээрх жагсаалтад QR код бүхий хуудас багтаагүй. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 

  • 2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, 
  • 4-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж, 
  • 5-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж тус тус заасан. 

Монгол Улсын Засгийн газрын 2020.12.21-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 226 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020.12.22-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1320 тоот захирамжид QR код бүхий хуудсын эрх зүйн үр дагаврыг тусгаагүй байна.

QR кодтой холбоотой захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгээгүй. Тодруулбал, QR код бүхий хуудсыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “тусгай зөвшөөрөл”, “эрх олгосон баримт бичиг”-т хамааруулж болохгүй. 

Иймд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдын хэлж буй “хүчингүй болсон QR тусгай зөвшөөрлийг автомашиндаа байршуулан хөдөлгөөнд оролцох, зөвшөөрөл олгогдсон хэдий ч хориглосон цагаар зорчих, бусдын автомашины тусгай зөвшөөрлийг ашиглах” үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан ‘Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах’ гэмт хэрэгт буруутгагдаж эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэдэг нь үндэслэлгүй байна. 

Харин дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2-т заасан “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн” гэдэгт хамаарч, 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээх эрсдэлтэй байж болох юм.

Нягталсан: Хуульч Л.Галбаатар

Төстэй мэдээлэл

Улсын онцгой комисс – УОК нэртэй, 102,1к хэрэглэгч бүхий фэйсбүүк группт өнөөдөр “Ковидын халдвар Манайд 2019 оны 11 сард орж ирсэн гэдэг нь нотлогджээ” гэх мэдээллийг хуваалцжээ. Дөрвөн цагийн хугацаанд уг мэдээлэлд 240 хүн хариу үйлдэл үзүүлж, 225 хүн сэтгэгдлээ бичиж, 66 хүн хуваалцсан байна. Сэтгэгдэл бичсэн хүмүүс дунд уг мэдээллийг үнэн байх гэсэн байр […]

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шахмал түлшний үнийг 50% бууруулахаар болсон талаараа өчигдөр мэдэгдэх үеэрээ мөнгөний бодлогын талаар мэдлэггүй болохоо нотоллоо. У.Хүрэлсүх  “Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмний хуурч, цаасан мөнгө хэвлэх үү. 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Үүнээс болж юмны үнэ өссөн.  Цаасан […]

“Иргэн хувиараа бизнес эрхэлдэг та 2024.01.01 нээс АЛДАГДАЛТАЙ ажилласан ч та татвар төлнө, монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө, чөлөөт цагаараа фитнест явж, хамт олноороо дуулах хоол идэх эргүй боллоо нийслэл хотын татвар 2 хувь болж нэмэгдлээ, одоо төлдөг төлбөрөө 2 дахин нэмж төлнө гэсэн үг үү……😪😪🫨🫨😦” гэсэн агуулгатай пост цахим […]

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан автобуснууд шинэ, хуучин гэсэн маргаан нийгэмд дэгдээд буй. Энэ нь Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хөрөнгийн зардалд тусгасан 339.7 тэрбум төгрөгийн хүрээнд хийгдсэн ажил юм. Тэрбээр өмнө нь автобусны талаар ямар суурь илэрхийлж байсныг нягталлаа.

“Танил болчихсон хэдэн хүүхнийг гайхдаг. Зовов дарлуулав гадуурхагдав эрх мэдэл дутлав… Ямар ч статистикаас үзэхүл монгол эмэгтэй гэр бүлд албанд эрх мэдэлт уламжлалтай.Гишүүн сайд захирлын хувь АНУ Англи Японоос илүү.Төр, хууль, нийгэм гадуурхдаггүй” гэж бичсэн нийтлэлч Баабарын жиргээг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирэв. Үзэл бодлыг нягтлах боломжгүй ч уншигчийн хүсэлтийн дагуу “Ямар ч статистикаас үзэхүл монгол […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх