Намуудын хамгийн өндөр төлбөртэй Фэйсбүүк дэх пост $4,000

Сүүлийн нэг сард буюу 2024.05.25-06.24-нд Монгол Улсаас Метагийн төлбөрт 1 сая орчим ам.доллар гадагш урссан байна. Тодруулбал, 379 фэйсбүүк хэрэглэгч хувь хүн болон пэйжээр дамжуулан 100-29,000 хүртэл ам.долларын төлбөртэй пост нийтэлсэн бол 100 ба түүнээс бага дүнтэй ам.доллар төлсөн хаягийн тоо 411 байгаа юм. Эдгээрийн дийлэнх нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаатай холбоотой билээ.

Тэгвэл сонгуульд өрсөлдөж буй намууд дотроос МАН, АН, ХҮН хамгийн өндөр мөнгөн дүнг цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаандаа зориулж, Мета компанид 66 мянга орчим ам.доллар (230 орчим сая төгрөг) зарцуулжээ.

Эндээс намуудын зардлыг харвал ХҮН намын нэг постод зарцуулсан мөнгө харьцангуй өндөр дүнтэй буюу “Цаг нь болсон” гэх видеог 2-2.5к ам.доллароор түгээсэн нь хамгийн өндөрт тооцогдож байна.

АН-ын тухайд пэйж хуудсаар хамгийн өндөр мөнгөн дүнг төлж олон нийтэд түгээсэн пост бол нэр дэвшигч Ч.Лодойсамбуугийн бичлэг байв. Энэ постонд 400-499 ам.доллар төлжээ.

Харин МАН албан ёсны бүртгэлтэй пэйж хуудсаараа түгээсэн мэдээлэлд 300-399 ам.доллар төлсөн нь хамгийн өндөрт тооцогдов.

Ийнхүү гурван гол намаас ХҮН нам хамгийн өндөр дүнтэй мөнгөөр нийгмийн сүлжээнд сурталчилгаа түгээсэн байгаа ч анхаарал татах нэг суваг бол “Ард түмний ялалт” нэртэй пэйж.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зураг бүхий уг пэйж нь 478 мянган дагагчтэй. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 2024.06.10-ны өдөр нэрээ сольж “Ард түмний ялалт” болгосон ч 2023.05.31-ний өдрөөс хойш Chill Bill нэртэй байжээ.

Анх 2019.12.09-нд нээсэн уг пэйж YZ tv гэх нэртэй байсныг ийнхүү Ерөнхий сайдын зурагтай, МАН-ыг сурталчлах цахим хуудас болгон ашигласан нь харагдаж байна. Ташрамд дурдахад 478,000 дагагчтай фэйсбүүк пэйжийн албан бус зах зээлийн үнэлгээ нь 40 орчим сая төгрөг байжээ.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш “Ард түмний ялалт” хуудсаар дамжуулан нийт 84 удаагийн төлбөртэй пост нийтэлсэн нь бүгд 2024 оны зургаадугаар сарын 10-наас хойш байна.

Тухайлбал, С.Зориг агсны дүү С.Оюун Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихээ илэрхийллээ гэсэн постыг түгээхэд зориулж 3500-4000 ам.доллар төлжээ.

Уг 84 сурталчилгаанаас хамгийн сүүлчийн гурван постыг харахад 3000-3500 хүртэл долларыг нэг пост түгээхэд хаясан байна.

Үүний нэг нь АВЛИГАЧИД ЯЛАХ УУ? АРД ТҮМЭН ЯЛАХ УУ? гэсэн гарчигтай сэтгүүлч М.Батбилэгийн видео контент бөгөөд уг постыг 25-27-нд 3500 ам.доллар Метад төлж цааш түгээсэн байна.

Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах тухай заалтад

  • 47.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно:
  • 47.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;
  • 47.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;
  • 47.1.3.бусад цахим хуудас.
  • 47.2.Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
  • 47.3.Энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.
  • 47.4.Энэ хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно гэж заасан.

Гэвч СЕХ-нд бүртгүүлсэн албан ёсны цахим хуудас биш, Ард түмний ялалт гэх албан бус хаягаар МАН гол сурталчилгаагаа түгээсэн нь харагдаж байна.

Уншигч Та бүхэн энэхүү мэдээллийг өөрсдөө шалгаж үзэх боломжтой юм. Та тухайн Фэйсбүүк пэйж хуудсаар ороод ABOUT гэсэн цэс рүү орж, PAGE TRANSPARENCY гэсэн хэсэгт нэвтрээд дэлгэрэнгүй мэдээллүүдийг харах боломжтой.

Улмаар дараах зураг дээр үзүүлсэнчлэн хамгийн доор хэсэгт байгаа Go to ad Library гэсэн бичиг дээр дарснаар төлбөртэй пост бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Эх сурвалжууд:

Мета

legalinfo.mn

Төстэй мэдээлэл

Товч агуулга Ертөнцийн сонин хачин, элдэв мэдээ мэдээлэл гэсэн нэр бүхий фэйсбүүк хуудаст ­­­­2023 оны гуравдугаар сарын 4-ний өдөр “АЗОВЧУУД ДАЙНЫ ХУУЛЬ ЗӨРЧДӨГ ЗЭРЛЭГ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД (#нацистууд)” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Тус групп нь 100 мянган гишүүнтэй бөгөөд дээрх постыг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа. Уг постод, “Саяхан Украйнд эмнэлгийн багаж төхөөрөмж өгч туслаад […]

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд кино хийх зөвшөөрлийг Соёлын сайд олгож байхаар тусгасан гэх мэдээлэл гараад буйг нягталх хүсэлт уншигчаас ирсэн юм. Бид энэхүү мэдээллийг нягтлахад, аравдугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төсөлд […]

Нийгмийн сүлжээнд “Японд галт тэрэг 4800 км/цаг хурдалж байна, 10 минутын дотор Архангай орох нь байна шүү дээ” гэсэн бичлэг гарсан. Зарим хүн үүнийг үнэн гэж хүлээж авч буй бол зарим нь эргэлзжээ. Энэхүү мэдээллийг нягталж үзвэл Mundo Nipo гэх цахим хуудаст мөн англи хэл дээр нийтлэгдсэн байх бөгөөд энэ маш олон хүнд хүрчээ. Японы […]

Өнөөдөр өглөө буюу 2022 оны 2-р сарын 1-ний 09:25 цагт твиттер хуудаст Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх хаягаас “Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэсэн жиргээг оруулжээ. Уг жиргээ нь хотын дарга Д.Сумъяабазарын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх