Н.Өнөрцэцэг: Жимс, хүнсний ногоо хорт хавдар, аутизмын үндэс болоод байна – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга:

  • Жимс, хүнсний ногооны хэрэглээ аутизм үүсгэдэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо алга.
  • ДЭМБ, Дэлхийн хорт хавдар судлалын сан жимс, хүнсний ногоог хорт хавдрын шалтгаан гэж үздэггүй, харин эсрэгээрээ эрүүл хооллолтын чухал хэсэг гэжээ.
  • Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори 221 нэр төрлийн пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж байна.
  • Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон MNS 5868:2008 стандарт мөрдөгддөг.

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг Unurtsetseg Naran гэх фэйсбүүк хуудсаараа “Бидний хэрэглэж буй хүнс, ялангуяа жимс, хүнсний ногоо хорт хавдар, аутизмын үндэс болоод байнаа нөхөд өө.

Усан үзэм их идвэл аутизмтай хүүхэд төрөөд байнаа гэж эмч нар хэлж байна…” гэсэн агуулгатай пост 2026.09.10-нд оруулжээ. 

Энэхүү постын агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. 

“Жимс, хүнсний ногоо хорт хавдар, аутизмын үндэс болоод байна” – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Жимс, хүнсний ногооны хэрэглээ аутизм үүсгэдэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо алга. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) аутизм үүсэхэд генетик болон хүрээлэн буй орчны олон хүчин зүйл харилцан нөлөөлдөг гэж тайлбарлаад аутизм нь хооллолттой холбоогүй болохыг тодорхой мэдэгджээ.

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв буюу CDC-ийн тайлбараар аутизмд ганцхан зүйл шалтгаан болдоггүй, генетик, биологийн болон хүрээлэн буй орчны олон хүчин зүйл хамтран нөлөөлдөг гэж үздэг. Ялангуяа, тодорхой хүнс, тэр дундаа жимс, усан үзмийн хэрэглээг аутизмын шалтгаан гэж тогтоосон нотолгоо алга.

Аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Их Британийн National Autistic Society-ийн байр суурийг шалгахад одоогийн нотолгоогоор аутизмд генетикийн хүчин зүйл чухал үүрэгтэй бөгөөд нэг ген бус, олон ген оролцдог байх магадлалтай гэж тайлбарлажээ. Харин аутизмыг амьдралын явцад хоол хүнс, хүмүүжил зэрэг шалтгаанаар бий болдог эмгэг гэж үзэх нотолгоо байхгүй болохыг онцолсон байна.

Хорт хавдрын тухайд ч ДЭМБ, Дэлхийн хорт хавдар судлалын сан (World Cancer Research Fund) жимс, хүнсний ногоог хорт хавдрын шалтгаан гэж үздэггүй, харин эсрэгээрээ эрүүл хооллолтын чухал хэсэг гэж зөвлөсөөр байна.

“Усан үзэм их идвэл аутизмтай хүүхэд төрөөд байна” – ХУДАЛ

Усан үзэм их хэрэглэх нь аутизмтай хүүхэд төрөхөд хүргэдэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо, мэргэжлийн байгууллагын албан ёсны байр суурь олдсонгүй. ДЭМБ аутизмыг хооллолттой холбоотой гэж үзэх нотолгоо байхгүйг шууд мэдэгдсэн байна. АНУ-ын CDC ч аутизмын эрсдэлт хүчин зүйлсийн дунд усан үзэм болон тодорхой жимсний хэрэглээг нэрлээгүй байна. Зарим судалгаанд жирэмсний үеийн пестицидийн өртөлт болон аутизмын эрсдэлийн хооронд холбоо байж болохыг судалсан ч энэ нь пестицидийн үлдэгдэлтэй усан үзэм идэх нь аутизм үүсгэдэг гэсэн утга биш байна.

“Монгол Улс пестицид шинжилдэггүй” – ХУДАЛ

Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Хор судлалын лаборатори жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээ хийдэг байна. Тус лаборатори 2024 онд хийн хроматографи (GC-MS/MS) төхөөрөмж суурилуулж, 221 нэр төрлийн пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж эхэлжээ.

Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон MNS 5868:2008 стандарт мөрдөгдөж байна.

“Шинжилнэ гээд төхөөрөмж авсан, тэрийгээ ажиллуулж чаддаг хүн байхгүй” – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лаборатори нь 2024 онд хийн хроматографи (GC-MS/MS) төхөөрөмж суурилуулж, 221 нэр төрлийн пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж эхэлсэн. Мөн тус лабораторийн шинжээчид FAPAS олон улсын ур чадварын сорилтын хөтөлбөрт оролцож, пестицидийн үлдэгдэл тодорхойлох чиглэлээр “хангалттай” гэсэн үнэлгээ авсан талаар тус лаборатори мэдээлжээ.

Монгол Улсын хувьд ХХААХҮЯ-ны 2025 оны хяналт-шинжилгээний тайланд 2024 онд улсын хэмжээнд хийсэн 11 удаагийн хяналт шалгалтаар 2,753 дээж лабораторийн шинжилгээнд хамруулсан гэжээ. Эдгээрээс 193 дээж бусад 44 үзүүлэлтээр стандарт хангаагүй боловч пестицид шинжилсэн 296 дээжид пестицидийн үлдэгдэл илрээгүй гэжээ.

Ийнхүү нээлттэй мэдээллийг ашиглан баримтыг нягтлахад жимс, хүнсний ногоог хорт хавдар болон аутизмын “үндэс” гэж шууд холбосон, усан үзэм аутизмтай хүүхэд төрөхөд хүргэдэг гэсэн хэсгүүд шинжлэх ухааны нотолгоогүй байна.

Мөн Монгол Улс пестицид огт шинжилдэггүй, дотоодын ногоо импортынхоос 4–5 дахин их пестицидтэй гэх агуулгыг батлах харьцуулсан мэдээлэл, эх сурвалж дурдагдаагүй. Харин зарим пестицид өндөр өртөлтөөр эрүүл мэндэд эрсдэл учруулж болох бодит асуудлыг бүх жимс, хүнсний ногоо хорт хавдар, аутизм үүсгэдэг мэт хэт ерөнхийлсөн ТӨӨРӨГДҮҮЛСЭН мэдээлэл түгээжээ. 

Нэмж дурдахад, сэтгүүлч Н.Өнөрцэцэг постынхоо төгсгөлд “Хаанаас, яаж эхлэх вэ” гээд “ECMO гээд хоёр аппаратыг 3-р эмнэлэг, Эх нялхаст авахаар судалж байна” хэмээн бичжээ.

Гэвч ECMO хэмээх аппарат нь зүрх, уушгины ажиллагааны маш хүнд дутагдлын үед хэрэглэдэг амь тэтгэх төхөөрөмж буюу аутизмын эмчилгээтэй ямар нэгэн хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, постын гол агуулга болох усан үзмийн хэрэглээ, пестицидийн үлдэгдэл аутизм үүсгэдэг гэх агуулгаас нь тусдаа асуудал байгаа нь мөн төөрөгдөл  үүсгэхээр байна. 

Эх сурвалж:

  • ДЭМБ
  • CDC
  • National Autistic Society
  • World Cancer Research Fund
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лаборатори
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Төстэй мэдээлэл

Дахин нийтлэв… Мэдээллийн дайн гэдэг ямар хүчтэй болохыг хоёр жил хагас орчим үргэлжилж байгаа ОХУ-ын эхлүүлсэн дайн мэдрүүлж буй. Ялангуяа, монголчуудад мэдээллийн боловсрол огт байхгүй гэж шуудхан хэлж болохоор байгаагаас гадна Оросын пропагандад амархан автдаг, Оросыг дэмжиж, Агуу Орос гэсэн үзэл тээсээр явааг сошиал орчинд хийсэн мониторинг нотлон харууллаа.  Монголын Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс […]

Бага насны хүүхдийн өдөрт авах сахрын хэмжээ 5 гр. Гэтэл дээрх бэлэгнүүдэд агуулагдаж буй сахар хамгийн бага нь 147 гр, хамгийн их нь 383 гр сахар байгаа юм. Тодруулбал, 147 гр сахар агуулсан бэлгэнд 29 өдөр авах сахар байгаа бол 383 гр сахар агуулсан бэлэнд 76 өдөр авах сахрын хэмжээг агуулжээ. Эдгээр дээр нэмээд тосны […]

Дахин нийтлэв… ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр […]

Тамхины хяналтын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Төсвийн байнгын хороо хэлэлцэх үеэр ЭМЯ-ны Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан шинжээч Д.Ганзориг гишүүдийг эргэлзүүлсэн мэдээлэл өгснийг нягталлаа. Эргэлзээтэй мэдээлэл: Д.Ганзориг: Шинэ төрлийн тамхинууд нь янжуур, утаат тамхинаас эрсдэл багатай гэж байгаа вэ гэхээр никотиныг нь яриагүй юм аа. Эрүүл мэндийн эрсдэл нь тэр нүүрсхүчлийн хий, хавдар үүсгэгч бодисууд, […]

“Уранаас болж манай хүүхдүүд гажиг төрж байна”, “Барууныг дагавал Украин шиг болно”, “Орос байхгүй бол Хятадад уусна” гэсэн посттой та Facebook хуудас дээрээ таарч байсан байх. Тэр бол санамсаргүй зүйл огт биш гэдгийг нийтлэлийн эхэнд хэлмээр байна. Тэдгээр нь зохион байгуулалттай, зорилготой, таны сэтгэлд нөлөөлөхүйц байхаар тооцсон мэдээллийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. 2022–2025 онд […]

Энэ бол сунгааны үеэр хурдан мориноос унаж, гавлын яс нь цуурч, хүнд гэмтсэн хүүхдийн эцгийн шүүхэд өгсөн мэдүүлгийн хэсэг юм.  Нэг иргэний амь Монгол Улсын хувьд хэмжээлшгүй үнэ цэнтэй. Гэвч хурдан морины унаач хүүхдүүдтэй холбоотой эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн мэдээллээс үзвэл, эрүүл мэнд, амь насаараа тэд хохирсоор байна. Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан дахь […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх