Factcheck: Эдийн засагч Д.Жаргалсайханы видеог AI-аар өөрчлөн, залилахад ашиглаж байна

Эдийн засагч Д.Жаргалсайханы царайг ашиглан, AI-аар хийсэн видеог цахим орчинд төлбөртэйгөөр түгээжээ.

Уг видеог нягталлаа. 

Factcheck:

Видеог эдийн засагч Д.Жаргалсайхан оросоор ярьж байгаагаар хийсэн бөгөөд орос текстийг мөн оруулжээ. Агуулга нь “Манай улсын эдийн засгийн гол асуудал бол төгрөгийн үнэ цэнийг унагаж буй инфляци юм. Гэхдээ мөнгөө дэрэн дороо хадгалах, эсвэл банканд хадгалуулах нь хамгийн сайн шийдэл биш. Өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө илүү хүртээмжтэй болж байна. Олон улсын томоохон “Yandex Trade” платформ Монгол Улсад албан ёсны салбараа нээж, манай иргэдэд дэлхийн дижитал хөрөнгийн зах зээлд шууд гарах үүд хаалгыг нээж өглөө. Оролцох доод босго ердөө 150 доллар. Үүний зэрэгцээ платформын алгоритмууд нь долоо хоногт 650 доллароос эхлэн орлого олох боломжийг олгодог. Танд санхүүгийн диплом, эсвэл олон жилийн туршлага шаардлагагүй. Систем бүрэн автоматжсан…” гэхчлэн ярьжээ. 

Видеоны эхний 35 секундын турш ярилцагчийн нүд огт цавчихгүй байгаагаас гадна 29 дэх секундэд “Рынки” гэдэг үгийг дуу хоолойны хувьд таслахгүй шууд уншиж байгаа мэт боловч дүрс нь үсэрч байгаа буюу энэ хэсэгт эвлүүлсэн нь харагдаж байна.

Бид энэ бичлэгийг хиймэл оюун ухааны илрүүлэгч тусгай хэрэгслүүд болон LLM загвар хослуулан шинжилж үзэхэд 100% хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн, Deepfake төрлийн видео бөгөөд олон нийтийг залилах зорилготой цахим луйврын материал болох нь дараах баримтуудаар батлагдав.

Бичлэгт хүний нүүрний зөвхөн эрүү хэсгийг өөрчилдөг Wav2Lip зэрэг программыг ашигласан нь тодорхой харагдаж байгаа ба дараах хэд хэдэн алдаа илэрсэн.

Уруулын хөдөлгөөн яриатай нь зөрөх. Бичлэг дэх хүн орос хэлээр ярьж байгаа сонсогдох боловч уруулын хөдөлгөөн нь гарч буй авиатайгаа таарахгүй тохиолдлууд байна. Wav2Lip алгоритм нь дууны долгионыг дагаж амыг автоматаар хөдөлгөхийг оролдсон хэдий ч Б, П, М гэх мэт гийгүүлэгч авиануудыг хэлэх үед уруул гүйцэд нийлэхгүй байх, амны хайрцаг хэт хиймлээр ангалзах зэрэг алдаа үүсгэжээ.

Нүүрний захын хэсгүүд гажиж харагдах. Бичлэгийг томруулж харвал амны эргэн тойрон болон эрүүний хэсэг бусад нүүрний арьснаасаа ялгаатай буюу бага зэрэг бүрэлзсэн (blur) байна. Энэ нь эх бичлэг дээрх хүний нүүрний доод хэсэгт хиймэл оюун ухаанаар үүсгэсэн шинэ уруулын хөдөлгөөнийг “нааж” эвлүүлснийг (masking) илтгэнэ.

Царайны хувирал. Бичлэгийн туршид зөвхөн ам хөдөлж байгаа бөгөөд хүний нүд маш цөөн цавчиж, хөмсөг, дух, хацар хавийн жижиг булчингууд хөдлөхгүй байгаа мэт хувиралгүй, хэт хөшүүн байна. Энэ нь Wav2Lip-ийн зөвхөн амны хэсгийг онилж өөрчилдөг технологийн хязгаарлагдмал байдлаас ихэвчлэн ийм дүрс үүсдэг байна.

Хиймэл дуу хоолой. Ярьж буй хоолой нь амьсгал авахгүйгээр ярьж байгаа мэт харагдаж байгаа бөгөөд өргөлт, зогсоцгүй, нэгэн хэвийн байгаа нь AI Text-to-Speech программ ашигласныг илтгэнэ.

Эдийн засагч Д.Жаргалсайханы мэдээллийг ашиглан хуурамч хаяг үүсгэж, залилан хийсэн тохиолдол өмнө нь гарч байсан тул тэрбээр өөрийн биеэр видео хийж, Цагдаагийн Ерөнхий газарт мэдээлэл хүргэж байжээ. Үүнийг нь мөн Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс сэрэмжлүүлэг болгон 2026.01.29-нд цахим хаягаараа түгээж байжээ. Гэтэл сэрэмжлүүлэг болгон хийсэн энэхүү видеог нь хуурамчаар ашиглан, хиймэл оюун ухаанаар өөрчилж ийнхүү түгээжээ. 

Хуурамч видео түгээсэн фэйсбүүк хуудас болох YandexTrade Mongolia-ийг нягталлаа.

Уг пэйжийг 2026.07.08-ны өдөр буюу дөнгөж өчигдөр нээмэгцээ уг видеог нийтэлжээ. Гэхдээ видеог төлбөртэй нийтэлсэн нь Ad Library-д хадгалагдаж байгаа бөгөөд он сар нь 2026.07.07-ны өдөр байна. 

Видеоны агуулгад дурдсанчлан “Yandex Trade Монголд салбараа нээсэн”, “150$-оор ороод долоо хоногт 650$ олох” зэрэг нь хэт өндөр өгөөж бөгөөд эрсдэлгүй мэт ойлголтыг өгч байгаа юм. Гэвч ингэж өндөр өгөөж амлах нь уламжлалт Понзи буюу цахим луйврын хэлбэр юм. Бидний нягталснаар “Yandex Trade” гэдэг компани, пэйж хуудас олдоогүй, харин Yandex Trade Limited хэмээх Их Британи улсад бүртгэлтэй, санхүүгийн менежментийн компани байдаг аж. Мөн тус пэйж дээр бүртгэлтэй дугаараар холбогдоход “Тийм фэйсбүүк хуудас мэдэхгүй. Надтай хамаа байхгүй” гэлээ. 

Өөрөөр хэлбэл, дээрх пэйж нь томоохон компани, брэндийн нэр ашиглан, өндөр ашиг амласан, цахим орчны залиланд түгээмэл ашигладаг аргын нэг байна. 

Эдийн засагч Д.Жаргалсайханаас өөрөө нь энэ талаар мөн тодрууллаа. Тэрбээр “Ийм маягийн мэдээ удаа дараа гарч байгаа. Тус болгоных нь дараа би эсэргүүцэл илэрхийлээд “энэ би биш байна” гэж сошиал медиагаараа хэлж байсан. Сүхбаатар дүүргийн цагдаад очиж биеэр мэдэгдсэн. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн хэлтэст миний анхааруулж ярьсан бичлэг хүртэл бий. Гэтэл яг тэр бичлэгийг аваад хиймэл оюун ухаанаар миний дуу хоолойны өнгийг ашиглан намайг оросоор яриулж, хуурамч мэдээлэл тарааж эхэллээ. Тэд хүмүүсийн итгэлийг олж, Хаан банкны Жаргалсайхан Шагдар гэсэн адилхан нэртэй, өөр овогтой хүний дансаар 150 доллараас эхлэн мөнгө татан төвлөрүүлж байна. Энэ бүхэн би биш шүү. Олонд танигдсан хүмүүсийн нүүр царайг ашиглаж буй энэ орос хэл дээрх залилангаас болгоомжлоорой. Хаан банк үүн дээр мөн анхаарлаа хандуулаасай”  хэмээн анхааруулсан юм.

Цахим орчинд энэ төрлийн луйврыг танихын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Дүрсийг удаашруулж үзэх: Бичлэгийн хурдыг сааруулж үзэхэд амны эргэн тойронд дөрвөлжин дүрс эсвэл бүрэлзсэн ирмэг харагдвал AI эвлүүлэг мөн.

Дуу болон дүрсийг салгах: Дүрсийг харалгүйгээр зөвхөн аудиог нь сонсож, хүний бодит ярианы үед гардаг амьсгаа авах, хоолой засах чимээ байгаа эсэхийг шалгах.

Тусгай хэрэгсэл ашиглах: Сэжигтэй бичлэгийг Deepware, Sensity AI зэрэг Deepfake илрүүлэгч платформуудад байршуулж шалгуулах.

Техникийн алдаанаас гадна тухайн бичлэгийн агуулга, түгээгдэж буй эх сурвалжийг Facebook дээрх мэдээлэлтэй нь уялдуулан нягтлах шаардлагатай.

Скриншот хийж, Google Images ашиглан эх бичлэгийг хайх. Ихэвчлэн мэдээний нэвтрүүлэгч, мэргэжилтний бичлэгийг олж, Wav2Lip ашиглан луйврын текстээ уншуулсан байдаг бөгөөд эх бичлэгийг нь интернэтээс олох бүрэн боломжтой.

Платформыг шалгах: Уг бичлэгийг түгээж буй Facebook хуудсыг шалгах. Шинээр нээгдсэн, цөөхөн дагагчтай, эсвэл гэнэт санхүүгийн хөрөнгө оруулалт сурталчилж эхэлсэн хуудсууд ихэвчлэн луйврын зорилготой байдаг.

Иймд аливаа мэдээлэлд шууд итгэхийн оронд заавал шалгаж, нягталж байхыг сануулж байна. 

Төстэй мэдээлэл

Анх 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн Нефть боловсруулах төслийг 2022 онд ашиглалтад оруулна гэж байв. Гэвч цар тахлын улмаас хойшилсоор 2025 онд ашиглалтад оруулахаар байгаагаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мэдээлж байсан. Энэ тухай тухайн үеийн Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл өгөх үеэрээ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад […]

Манай улсад залуу үеийнхний электрон тамхины хэрэглээ огцом өсөж буйтай холбогдуулан Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эмч Н.Алтанхуягаас нөхцөл байдлыг тодруулан ярилцлаа.  Тэрбээр электрон болон янжуур тамхинаас шалтгаалсан өвчлөлийн тоон мэдээллийг хооронд нь харьцуулахад бага зэрэг төвөгтэй байдгийг онцолсон. Учир нь уламжлалт тамхины хор уршгийн талаарх судалгаа, бүртгэл харьцангуй өргөн байдаг бол электрон […]

Товч агуулга: С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав. Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, […]

Хаадын сангийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлс Цагаан сарын баяр, уламжлалын талаар ярих үеэрээ өнөө цагт орхигдоод байгаа монгол хүний мартагдах шахсан үнэт чанарын талаар ийн хүүрнэсэн юм. …Бид эртний Монгол, өвөг дээдсээсээ, ёс уламжлалаасаа аль сайн дэвшилтэт, эрхэм заншлуудыг уламжлан авч, хөгжүүлэх ёстой юм. Тэдгээрийн нэгээс онцлон ярья. Монголчууд эрт үеэс овог аймгийн шүтээний […]

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны тэргүүн, тод манлай уяач Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр ахлах мөрдөн байцаагч ажилтай байсан хэдий ч эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эрийн гурван наадам хэмээх өв соёлоо өөрийн биеэр тээж, хойч үедээ уламжлуулахыг чухалчилж, өнөөдрийг хүртэл монгол адуугаа хамгаалан, генийг нь хадгалахын төлөө тууштай явж буй уяач хүн. Ц.Дуламсүрэн бол Монгол Улсын […]

Боловсролын дэд сайд Д.Гантулга CNBC Mongolia телевизэд ярилцлага

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх