Товч агуулга
- Шинжлэх ухааны маш өргөн хүрээтэй судалгаагаар вакцинууд нь аутизмын спектрийн эмгэг(ASD)-ийн шалтгаан болох үндэслэлгүй байна.
- Аутизм нь охидоос илүү хөвгүүдэд ихэвчлэн оношлогддог бөгөөд ойролцоогоор 4:1 харьцаатай байдаг байна. Энэ нь хромосом, даавар, ээжийн жирэмсний үеийн хэв маяг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.
- Улс орнууд вакцины өөр өөр зохицуулалттай, ихэвчлэн сайн дурын үндсэн дээр явагддаг ч хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнийг хянах зорилгоор зарим вакциныг тодорхой бүлгүүдэд заавал хийлгэх шаардлага тавьдаг.
- Хүний папиллома вирусийн халдварыг анхны бэлгийн хавьталд орохдоо авах эрсдэлтэй тул 11 насанд хийх нь өндөр үр дүнтэй.
- Зарим вакцин олон арван жил хамгаалдаг бол зарим нь насан туршийн дархлаа тогтоодог.
Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хаягтай эмэгтэй “Урьдчилан сэргийлэх нэрээр Өвчин тарихаа ЗОГСОО л доо !!! ГАРДАСИЛ-ыг нөхөн тарихыг чинь эсэргүүцэж бна !!!
ШЭЙР …” гэсэн гарчигтай лайв видеог 2024.12.05-нд нийтэлжээ.
Уг лайвын үеэр ярьсан мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.
“Аутизмтай хүүхдүүд Монголд маш их болж байгаа. Уг нь ховор байсан. Үүний шалтгаан нь ээжийг нь жирэмсэн байхад нь, мөн дөнгөж төрсөн нярай үед нь хийдэг вакцинуудаас болдог гэдгийг манай Рэнцэнханд судлаач олж тогтоогоод байгаа. Хандаа судлаач хөөцөлдсөний эцэст 2015-2024.10 сар хүртэлх аутизмтай хүүхдүүдийн тоон мэдээг авчээ.
- 2015 онд эрэгтэй 32, эмэгтэй 4, нийт 36 хүүхэд оношлогдсон.
- 2016 онд 96 эрэгтэй, 43 эмэгтэй, нийт 130
- 2017 онд 167 эрэгтэй, 41 эмэгтэй, нийт 208
- 2018 онд 196 эрэгтэй, 49 эмэгтэй, нийт 245
- 2019 онд 203 эрэгтэй, 59 эмэгтэй, нийт 262
- 2020 онд 178 эрэгтэй, 33 эмэгтэй, нийт 211
- 2021 онд 190 эрэгтэй, 50 эмэгтэй, нийт 240
- 2022 онд 526 эрэгтэй, 176 эмэгтэй, нийт 702
- 2023 онд 531 эрэгтэй, 148 эмэгтэй, нийт 679
- 2024.10 сарын байдлаар 290 эрэгтэй, 82 эмэгтэй, нийт 372 хүүхэд аутизмаар оношлогдсон”.
Factcheck:
Зөвхөн Монгол төдийгүй дэлхий даяар аутизмтай хэмээн оношлогдож байгаа хүүхдүүдийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа бөгөөд энэ нь дараах шалтгаантай байна.
- -Аутизмын талаарх олон нийтийн болон мэргэжлийн хүмүүсийн ойлголт эрс сайжирч, илүү олон хүүхдийг эрт илрүүлж, эрт оношлох болсон.
- -Оношилгооны өргөн шалгуурууд ашигладаг болсонтой мөн холбоотой байна. Тодруулбал, дэлхийн ихэнх улс орны эрүүл мэндийн мэргэжилтнүүд сэтгэцийн эмгэгийг оношлох эрх бүхий гарын авлага болгодог Сэтгэцийн эмгэгийн оношилгоо, статистикийн гарын авлага (DSM)-ийг 2013 онд Америкийн Сэтгэцийн Нийгэмлэг шинэчилсэн байна. Ингэхдээ Аспергерын хам шинж, хөгжлийн өргөн гажиг зэрэг бусад эмгэгүүдийг хамааруулах болсон нь аутизмтай хүүхдүүдийн тоо өсөх нэг шалтгаан болжээ.
- -Ийм хүүхдүүдийг нийгэм харьцангуй ойлгож, эцэг эх, багш, эмч нар аутизмын шинж тэмдгийг илүү сайн таньж мэддэг болсон нь оношлох боломжийг нэмэгдүүлж байна.
- -Байгаль орчин, амьдралын хэв маяг, нийгмийн стресс зэрэг хүчин зүйл аутизмын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тухайлбал, эцэг эхийн нас ахих, жирэмсний үед тохиолдсон стресс, эмийн хэрэглээ, орчны бохирдол, вирусийн халдвар зэргийг үүнд хамаатуулдаг байна.
Энэ мэт олон хүчин зүйлс шалтгаалж байгаа гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаагаас гадна судлаачид генетикийн өөрчлөлт, эсвэл хүрээлэн буй орчны хүчин зүйлээс илүүтэй шалтгаалж байгаа эсэхийг судалсаар байна.
Аутизмыг анх вакцинаас үүдэлтэй гэсэн мэдээлэл тархсан нь 1998 онд The Lancet сэтгүүлд хэвлэгдсэн Эндрю Уэйкфилдийн хийсэн судалгаатай холбоотой гэж үздэг байна. Уг судалгаагаар улаанбурхан, улаанууд(MMR) вакцин болон аутизм холбоотой хэмээн бичиж байжээ. Гэвч 2010 онд уг судалгааг бүхэлд нь буцаан татсан байна. Учир нь 1998 оны тэрхүү судалгаа нь ёс зүйн ноцтой зөрчилтэй, арга зүйн алдаатай, хуурамч мэдээлэлтэй болох нь тогтоогдсон байна.
Өнгөрсөн хугацаанд вакцин болон аутизмын хамаарлыг судлахын тулд олон томоохон судалгаа хийсэн бөгөөд гол дүгнэлтүүд нь:
Мөн зарим вакцинд хэрэглэж байсан, мөнгөн ус дээр суурилсан хадгалалтын бодис болох Тимеросалыг маш их судалсан байна. Судалгаагаар тимеросал нь аутизмтай холбоогүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
“Эрэгтэй хүүхдэд вакцинууд эмзэг тусаад, илүү их аутизмтай болж байна. Энэнийшалтгаан нь жирэмсний хяналтад байхад нь зургаан удаа ЭХО-д хардаг, Фолийн хүчил өгдөг. Энэ нь хортой бөгөөд аутизм, альцгеймер, саажилт үүсгэдэг. Томуугийн вакцин бас хийдэг. Үүнд мөнгөн ус ордог. Төрөнгүүт нь 5 удаагийн тариа вакцин хийдэг. Үүнд В вирусийн вакцин, найрлагад нь мөнгөн ус, хөнгөн цагаан ордог. Энэ нь саажилт үүсгэдэг, тархины төв мэдрэлийн системийг нь гэмтээж байдаг. Саагийн вакцин товлолоор гурван удаа хийдэг, нярай үед нь. Энд полисорвит 80 ордог. Ер нь хүүхдүүдэд ийм вакцинуудыг хийдэг учраас үүнээс болоод тахир дутуу, саажилттай, аутизмтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд жилээс жилд огцом өсөөд байгааг аав, ээжүүд анхаарах хэрэгтэй.”
Factcheck:
Аутизмын спектрийн эмгэг(ASD) нь охидоос илүү хөвгүүдэд ихэвчлэн оношлогддог бөгөөд ойролцоогоор 4:1 харьцаатай байдаг гэж үздэг байна. Энэ нь мөн олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал,
- -Аутизмтай холбоотой зарим генүүд X хромосом дээр байрладаг. Хөвгүүдэд зөвхөн нэг X хромосом байдаг тул аливаа генетикийн мутац илүү тод нөлөө үзүүлдэг бол охид хоёр Х хромосомтой байдаг нь генетикийн алдааг нөхөх боломж илүү байдаг гэж үздэг байна.
- -Гормоны нөлөөг бас хамаатуулж үздэг байна. Төрөхийн өмнөх тестостерон даавар нэмэгдэх нь зарим судалгаагаар аутизмтай холбоотой байдаг гэж үзжээ. Учир нь уг дааврын нөлөөгөөр тархины хөгжилд нөлөөлж, хөвгүүдийн аутизмын магадлалыг нэмэгдүүлдэг байна.
- -Охидын аутизмын шинж чанар нь хөвгүүдийнхээс ялгаатай байж болно. Аутизмтай охид хөвгүүдийг бодвол хожуу оношлогддог бөгөөд шинж тэмдгүүд нь нарийн эсвэл ердийн бус шинж чанартай байвал тэдгээрийг бүхэлд нь анзаардаггүй зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна.
Жирэмсний үед зөвлөмжийн дагуу (400–800 мкг) фолийн хүчил хэрэглэх нь хүүхдийн эрүүл мэндэд ашиг тустай бөгөөд аутизмын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй. Мөн стандарт практикийн дагуу, мөн шаардлагатай үед хийсэн ЭХО нь аюулгүй гэж үздэг. Шаардлагагүй олон удаа ЭХО хийлгэх нь аутизмын эрсдэл үүсгэх магадлал бага бөгөөд эмчийн зааварчилгааг дагахыг зөвлөдөг.
Полисорбат 80 нь хүнсний болон эмийн бүтээгдэхүүнд уусгах чадварыг сайжруулах, тогтворжуулах зорилгоор ашигладаг химийн бодис бөгөөд вакцины найрлагад хоруу чанар, сөрөг нөлөө үүсгэх стандарт хэмжээнээс хамаагүй баг хэмжээгээр ордог байна. Мөн төрөл бүрийн хоол хүнс, ахуйн арчилгааны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг.
Вакцин дахь Полисорбат 80 нь үргүйдэл эсвэл үхлийн цочролд нөлөөлөх шинжлэх ухааны үндэслэл, нотолгоо байхгүй ба аюулгүй байдлыг АНУ-ын Хүнс, эмийн агентлаг, ДЭМБ, Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс хянадаг.
“ОХУ, Канад, Австрали, Хятад зэрэг улсад вакцинууд нь сайн дурынх байдаг бол Монгол, Африкт товлолт вакцинууд байна. Яагаад улс орнууд сайн дураар хийлгэж байхад Монголд товлолт нэрийн дор вакцин хүчээр шахаад байна вэ?”
Factcheck:
Эдгээр улс нь вакцины өөр өөр зохицуулалттай бөгөөд ихэвчлэн сайн дурын үндсэн дээр явагддаг. Гэхдээ хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнийг хянах зорилгоор зарим вакциныг тодорхой бүлгүүдэд заавал хийлгэх шаардлага тавьдаг байна.
Тухайлбал, ОХУ-д хүүхдүүдийг цэцэрлэг болон сургуульд хамруулахын тулд үндэсний вакцинжуулалтын хөтөлбөрийн тодорхой вакцинуудыг хийлгэсэн байхыг шаарддаг. Мөн эрүүл мэндийн салбарт ажиллагчид, цэргийн алба хаагчид зэрэг тодорхой бүлгүүдэд вакцин заавал хийх журам үйлчилдэг байна.
Канад улсын зарим мужид мөн сургуулийн хүүхдүүдэд заавал хийлгэх вакцины жагсаалт байдаг. Гэхдээ шашин шүтлэг эсвэл хувийн итгэл үнэмшлийн улмаас татгалзах боломжийг хуулиар зөвшөөрдөг байна. БНХАУ гэхэд улаанбурхан, халдварт саа, сүрьеэгийн вакциныг хүүхдүүдэд заавал хийдэг бол гепатит А, томуугийн вакциныг сайн дурын үндсэн дээр төлбөртэй хийдэг байна.
Вакцины бодлогод тухайн улсын өвчлөлийн ачаалал, нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлүүд нөлөөлдөг бөгөөд өвчний тандалтын хүчирхэг системтэй, өндөр орлоготой орнууд нийгмийн өвчлөлийн байдалд тулгуурлан дархлаажуулалтын хөтөлбөрөө өөрчилж болдог байна.
“Нөхөн дархлаажуулалт нэрийн дор урьдчилсан мэдүүлэг, мэдээ, сануулга өгөхгүйгээр өрхийн эмнэлгээс гэнэт ирж тарьдаг юм байна. Нөхөн дархлаажуулалт маш осолтой, зальжин туршилт. Уг нь арванхоёрдугаар сарын 5-наар дуусаад 75 хувийн хүүхдүүдийн эрүүл мэндийг нь хамгаалсан, 25 хувь нь яая гэхэв гэж бодож байтал хамгаалж аварч үлдсэн 75 хувийн хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалт нэрийн дор урьдчилан мэдэгдэхгүйгээр гэнэт очоод өрхийн эмнэлгээс тарьчихдаг юм байна”.
Factcheck:
Нөхөн дархлаажуулалт
Дархлаажуулалтын тухай хууль:
- 3.1.2 “заавал хийх дархлаажуулалт” гэж дархлаажуулах насны бүх хүнийг хамарвал зохих дархлаажуулалтыг;
- 3.1.3. “нөхөн дархлаажуулалт” гэж заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг хэлнэ гэж заасан.
Товлолын вакцинаас хоцорсон хүүхдүүдийг ЭМС-ын 2015 оны 261 тоот тушаалын дагуу Нөхөн дархлаажуулалтыг хэд хүртэл насанд нь хийхийг зааж өгсөн. Энэ хүрээнд мэдээллийг эцэг эхэд хүргэн дархлаажуулдаг.
“Африк, Мексик, Колумбын олон хүүхэд хохирсон. Японд Гардасилыг товлолоор хийсэн юм билээ. Тэгээд маш олон охид тахир дутуу болсон зураг фэйсээр гарч ирж байна лээ”.
Factcheck:
Африк, Мексик, Колумб зэрэг янз бүрийн бүс нутгаас ХПВ-ийн вакцины аюулгүй байдлын талаар, вакцин хийлгэсэн охидын эрүүл мэндэд асуудал гарсан гэж мэдэгдэж байсан ч тэдгээр нь үлгэр домог шиг бөгөөд ямар нэгэн сөрөг үр дагавар гарсан тохиолдол нотлогдоогүй байна.
2013.04 сард ХПВ-ийн вакциныг Японд нэвтрүүлж, үндэсний вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд 12-16 насны охидод хийж эхэлсэн. Гэсэн хэдий ч вакцин хийлгэсний дараа сөрөг үр дагавар гарсан тухай батлагдаагүй мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа 2013.06 сард Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам ХПВ-ийн эсрэг вакцины идэвхтэй зөвлөмж өгөхийг түдгэлзүүлжээ. Улмаар тухайн сөрөг үйл явдлууд нь ХПВ-ийн вакцинаас шалтгаалаагүй буюу холбоотой гэсэн нотолгоо байхгүй гэж дүгнэсэн байна.
Тодруулбал, Японд вакцины аюулгүй байдлын оронд ховор буюу эмчлэхэд хэцүү эмгэгийн улмаас бие нь муудсан хүмүүсийн мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнийг вакцинжуулалтыг эсэргүүцэгчид шүүрч аван эсэргүүцсэн байна.
Японы Засгийн газар энэхүү үйл явдлаас болж вакцины идэвхтэй зөвлөмжөө зогсоосон ч вакцинд хамрагдах иргэдийн эрхийг нээлттэй үлдээжээ.
Тэгвэл сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагуудад сар бүр ирж буй вакцины тоо тус улсад өсөх хандлагатай болсныг АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төв мэдээлсэн байна. Тухайлбал, 2016.12 сараас 2017.04 сарын хооронд 878 тун вакцин Япон улсад хийгдсэн бол 2021.01-03 сард буюу 2021 оны зөвхөн эхний улиралд 35,396 тун вакцин хийгдэж, эрс өссөн байна.
Энэ нь ХПВ-ийн вакцинжуулалтын талаарх мэдээллийг иргэдэд хүргэх засгийн газрын хүчин чармайлт, түүнчлэн орон нутгийн боловсролын хөтөлбөрүүдтэй холбоотой хэмээн таамаглажээ. Мөн 2016 оноос хойш вакцины талаарх сөрөг үр дагаврын талаарх тохиолдол нэмэгдээгүй байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон бусад эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа Вакцины аюулгүй байдлын дэлхийн зөвлөх хороо (GACVS)-ноос олон тооны судалгаа хийж, тайланг хянажээ. Олон жилийн судалгаагаар ХПВ-ын вакцин нь аюулгүй бөгөөд эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус, ялангуяа умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нь эрсдэлээс өндөр үр дүнтэй хамгаалдаг болох нь тогтоогдсон.
“Одоогийн хийж байгаа вакциныг эсэргүүцэж байгаа шалтгаан нь хүүхэд маань 40, 50 нас хүрээд умайн хүзүүний хорт хавдар тусахвий гээд, 20-30 жилийн дараа тусаж магадгүй өвчнөөс одоо 11 настай байхад нь урьдчилан сэргийлж байгаа гээд тийм юм дэлхийн шинжлэх ухаанд байхгүй гэнэ. 20-30 жилийн хамгаалдаг вакцин шинжлэх ухаанд байхгүй гэж гавьяат эмч, вакцин судлаач Өлзийтогтох гуай ХЭҮК-ын хурал дээр хэлсэн”.
Factcheck:
Хүний папиллома вирус(ХПВ)-ийн халдварыг анхны бэлгийн хавьталд орохдоо авах эрсдэлтэй.
Хүний папиллома вирус(HPV)-ийн мэдэгдэж байгаа нь 200 хэв шинж байна. Эдгээрийнх ихэнх нь санаа зовоох өвчлөл үүсгэдэггүй ч зарим төрөл нь хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй. Тодруулбал, HPV-ийн өндөр эрсдэлтэй хэлбэр нь умайн хүзүүний хорт хавдар, хошного, ам залгиур, шодой, үтрээ, гадна бэлэг эрхтний хорт хавдар болон бэлгийн үү, ургацаг, амьсгалын замын папилломатоз үүсэх шалтгаан болдог.
Гэвч эдгээрээс Хүний папллома вирус(HPV)-ийн халдварын эсрэг вакцин урьдчилан сэргийлж, үр дүнтэй хамгаалж байна.
Хүний папиллома вирус(HPV) бэлгийн замаас гадна болон арьс, салстаар дамжин халдварладаг бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болдог.
Харин HPV-ийн эсрэг вакцин нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 70 орчим хувийг эзэлдэг ХПВ-ийн 16, 18-р хэв шинжээр үүсгэгдэх хорт хавдраас бараг 100 хувь урьдчилан сэргийлдэг болох нь 15 жилийн судалгаагаар нотлогдсон тул дэлхийн 140 улс энэхүү вакциныг иргэдээ хамгаалахад ашиглаж байна.
Уг вакциныг бүх насныхан хийлгэх боломжтой бөгөөд 9-наас эхлэх хийхийг зөвлөдөг. Ялангуяа 9-11 насанд буюу бэлгийн амьдрал эхлээгүй байх үед уг вакциныг хийлгэхэд дархлаа хамгийн сайн тогтож, HPV вирусийн халдвараар үүсгэгддэг хожмын олон өвчлөлөөс үр дүнтэй сэргийлдэг нь нотлогдсон.
Тиймээс АНУ, Австрали, Канад, Европын олон орон энэ насны хүүхдүүдийг HPV-ийн эсрэг дархлаажуулахаар товлолт вакцины хөтөлбөртөө оруулсан байдаг. ДЭМБ-аас уг вирусээр үүсгэгддэг хорт хавдрын тохиолдлыг бууруулах томоохон хүчин чармайлтын хүрээнд HPV-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг буурай болон хөгжиж байгаа орнуудад өргөжүүлсээр байна.
Вакцинууд нь тухайн халдварт өвчин, вирусийн шалтгаанаар үүсэх олон төрлийн эмгэгээс урт хугацаанд хамгаалах зорилготой. Ингэхдээ дархлааны системийг олон арван жилийн турш үр дүнтэй байх санах ойн эсийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлдэг.
Үүний зарим жишээг дурдвал:
- Цагаанцэцэг өвчний эсрэг вакцин – уг өвчнийг устгахад хувь нэмэр оруулж, олон арван жилийн дархлааг хангасан.
- Улаанбурханы эсрэг вакцин – Энэ вакцинд хамрагдсан ихэнх хүнд насан туршийн дархлаа бий болгодог.
- Гепатит В вакцин – Энэ вирусийн эсрэг вакцинд хамрагдсан ихэнх хүнийг дор хаяж 30 жил хамгаалдаг.
“Өндөр хөгжилтэй гээд байгаа тэр улсууд чинь дандаас доод давхаргын хар тамхичин, архичин, гомо, лесби, буруу гаж секс хийдэг хүмүүстээ тарьдаг вакциныг 11 настай Монголын хүүхдүүдэд тарьж өвчин тарааж байгаа юм гэж хардаж байна”.
Factcheck:
Хүний папиллома вирус нь олон төрлийн хавдар үүсэх шалтгаан болдог, бэлгийн замаар халдварлах өндөр эрсдэлтэй тул хүн амын өргөн хүрээг хамруулан дархлаажуулдаг.
ХПВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд уг вакциныг ихэвчлэн өсвөр насны буюу 9-14 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд олон оронд 45 хүртэлх насны насанд хүрэгчдэд зориулан хийдэг.
ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрүүд нь эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах зорилготой боловч биеэ үнэлэгч, хар тамхи хэрэглэгчид гэх мэт тодорхой бүлэгт хамаарахгүй.
Өдгөө дэлхийн 146 улс ХПВ-ийн эсрэг вакцинаар иргэдээ дархлаажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Иймд дээрх видеонд дурдагдсан агуулгууд олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна. Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, албан ёсны баталгаатай эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.
Эх сурвалжууд:
- ДЭМБ
- АНУ-ын Хүнс болон эмийн агентлаг
- Халдварт өвчин судлал, хяналтын төв
- ХСҮТ
- ХӨСҮТ
- ЭМЯ
- Хавдрын Үндэсний зөвлөл