Амиа алдсан гэх алба хаагчдын зураг ХУДАЛ

Товч агуулга:

  • Харамсалтайгаар амиа алдсан алба хаагчид дэлбэрэлтийн үеэр амиа алдсан.
  • ОБЕГ-т дэлбэрэлтийн улмаас гал гарсан талаарх дуудлага 2024.01.24-ний шөнийн 01:07 цагт ирсэн.
  • НОБГ-ын Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраажээ.
  • Tsahiur.mn сайтын нийтэлсэн зургуудыг Б.Зоригбаатар /Zorigbaatar Bazarkhuu/ 2024.01.24-ний шөнийн 04:00 цаг өнгөрч байхад, гал унтрааж дууссаны дараа авсан байна.
  • Нас барсан гэх алба хаагчдын зураг ХУДАЛ байна.

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутагт өнөөдөр(2024.01.24) болсон дэлбэрэлтийн улмаас үүргээ гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

StOne, S’s boutique зэрэг нэртэй фэйсбүүк хэрэглэгчид “Хичнээн хайрлаж өсгөсөн хөвгүүд ээжийгээ үлдээгээд, аавийгаа орхиод одчихов доо. Гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн үгтэй пост цахим орчинд тараад байна.

Тухайн постод ашигласан зураг нь амиа алдсан алба хаагч мөн эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид уг постыг нягталлаа.

Пост дээрх зургийг ажиглаж харвал Tsahiur.mn сайтын тамгаар тамгалсан байна.

Тус мэдээллийн сайтын фэйсбүүк хуудас руу орвол Онцгой байдлын алба хаагчдын зураг бүхий постыг 2021.01.24-ний 05:08 цагт нийтэлжээ.

Постыг нийтлэхдээ “Ослын үед ажилласан зураглаач Б.Зоригбаатар /Zorigbaatar Bazarkhuu/: “Энэ бол гал унтрааж дууссанаас цаг орчмын дараа ойролцоох GS25 дэлгүүрт 3 аврагч орж ирж халуун юм уух үеийн зураг. Ус цацсаар бүхий л хувцас нь нороод, хөлдчихсөн тэд хоорондоо юу ч ярихгүй аяга аяга цай ооччихоод гарсан” Бусдын амь насны төлөө дүрэлзсэн их гал, ус руу улаан гараараа шунгаад ордог хэдэн бор аврагчдаасаа он гарснаас хойш 4 алтан амийг бид алдлаа. Өнөөдөр амиа алдсан алба хаагчдын нэрс эцэслэн тогтоогүй учраас ар гэрт нь ч хэлээгүй байгаа аж. Баатрууд амар амгалан нойрсох болтугай.” гэсэн тайлбарыг бичсэн байна.

Өөрөөр хэлбэл, пост дээрх зурагт гарсан алба хаагчид нь галаа унтрааж дуусаад амсхийж байх үед нь Б.Зоригбаатар /Zorigbaatar Bazarkhuu/ уг зургуудыг авсан талаар бичжээ.

Бид Zorigbaatar Bazarkhuu фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдож, зургийн талаар тодруулахад эдгээр зургийг Tsahiur.mn сайтад зориулан, 2024.01.24-ний үүрээр 04:00 цаг өнгөрч байхад, аврагчид галыг унтрааж дууссанаас нэг цаг орчмын дараа амсхийх үеэр нь өөрөө дарсан гэдгээ баталгаажууллаа.

Онцгой байдлын ерөнхий газраас “БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2024.01.24-ний шөнийн 01:07 цагт ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраалаа” хэмээн мэдээлсэн.

Ослын үеийн камерын бичлэгт үлдсэнээр тухайн үед болсон хоёр дахь дэлбэрэлтийн улмаас Онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан болох нь харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, галыг 04.30 минутад бүрэн унтрааж дуусахаас өмнө алба хаагчид амиа алджээ.

Иймд StOne, S’s boutique хаягт нийтэлсэн зураг, бичлэг нь олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна.

Аливаа гамшгийн үед олон нийтийн сүлжээд ХУДАЛ ташаа мэдээ ихээр түгдэг тул уншигч та мэдээллийг заавал нягталж, албан ёсны эх сурвалжаас авахыг Factcheck.mn зөвлөж байна.

Эх сурвалжууд:
Төстэй мэдээлэл

Коронавирусийн цар тахал Монгол Улсад голомтлон халдварласнаас хойш тус өвчинтэй холбоотой хуурамч зөвлөгөө олон нийтийн сүлжээнд ихээр тарж, иргэнд түүнийг нь хуваалцсаар байна. Иймд эрүүл мэндийн зөвлөгөөг үнэн худал болохыг заавал нягталж байж туршихыг сануулаад уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг UNICEF-тэй хамтран нягталснаа хүргэе. Олон нийтийн сүлжээд “Италийн эмч Джем Джамиль Ахмед маш чухал […]

Украинд үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Zarig.mn сайт “Донецкийн орчим Украины армийн тэргүүн хэсэг цохилтод өртжээ” гэсэн гарчигтай видеог цацав. 26.9К хүнд хүрсэн уг видеог нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу бид нягталлаа. FactCheck: Yandex болон Tineye хайлтын системийн тусламжтай уг бичлэгийн хэсгийг хайж үзэхэд 2017 онд яг энэ бичлэг […]

Товч агуулга Америкчууд Украин дахь биолабораториудаа Монгол Улсын газар нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж анх мэдээлсэн “Известия” сонины толгой компанийн удирдлагын багт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хамаатан багтдаг. Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй. Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус. ХӨСҮТ-ийн дэргэд анх удаа BSL-3 буюу Био аюулгүй […]

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан автобуснууд шинэ, хуучин гэсэн маргаан нийгэмд дэгдээд буй. Энэ нь Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хөрөнгийн зардалд тусгасан 339.7 тэрбум төгрөгийн хүрээнд хийгдсэн ажил юм. Тэрбээр өмнө нь автобусны талаар ямар суурь илэрхийлж байсныг нягталлаа.

Хоёрдугаар сарын 18-ны өдөр ClubHouse аппликэйшн дээр хэсэг сэтгүүлчид вакцины талаар ярилцахаар өрөө үүсгэжээ. Уг өрөөнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцож, мэдээлэл өгөх үеэрээ “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо байгаа учраас бид үүн дээр илүү анхаарлаа хандуулж байна” гэсэн нь цахим орчинд бичлэг болон таржээ. Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа. “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх