Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ.
Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна.
“Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”.
Factcheck:
Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар авах эрсдэлтэй.
Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч Хүний хөхөнцөр вирус буюу Хүний папиллома вирус нь бэлгийн замаас гадна арьс, салст бүрхэвчээр дамжин халдварладаг.
Мөн хэд хэдэн судалгаагаар ургийн шингэн эсвэл ихэсээр дамжин халдварлах, эсвэл эхийн бэлэг эрхтний салст бүрхэвчтэй харьцах замаар байгалийн төрөлтөөр халдвар авах боломжтойг онцолсон байдаг.
Гардасил нь бусад вакцины адил дархлааны хариу урвалыг сайжруулахад туслах хөнгөн цагааны найрлагыг агуулдаг. Гэхдээ вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ нь хүний өдөр тутамдаа бусад эх үүсвэрээс авдаг хөнгөн цагаанаас хавьгүй бага байдаг. Мөн хөнгөн цагаан нь хүнд металлын ангилалд хамаардаггүй.
“Гардасил вакцины орцод нь хөнгөнцагааны исэл буюу гидроксид ордог. Энэ нь идээ үрэвсэл үүсгэдэг, тархи гэмтээдэг, саажилт, альцгеймер үүсгэдэг, мартаж санах өвчтэй болгодог. “Хоёр дахь туслах найрлагад нь полисорвит 80 гэж элемент орж байна. Энэ нь үргүй болгодог нь туршилтаар батлагдсан. Үхлийн шок буюу анафлаксийн шоконд оруулдаг, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй”
Factcheck:
Гардасил вакцины найрлагад хөнгөн цагаан, тодруулбал, хөнгөн цагааны давс буюу гидроксифосфат сульфат ордог.
Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй ба ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн агентлагаас мэдээлжээ.
Хөнгөн цагааны агууламжтай бусад вакциныг https://www.cdc.gov/vaccine-safety/about/adjuvants.html?CDC_AAref_Val=https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/adjuvants.html линкээр ороод харж болно.
Энэ нь аюулгүй бөгөөд үр дүнтэй болох нь олон жилийн туршид батлагдсан тул ийнхүү ашиглахыг олон улсын эрх бүхий байгууллагууд зөвшөөрсөн байдаг.
Өнөөдрийг хүртэлх хийсэн вакцины аливаа судалгаануудаар вакцинд агуулагдах хөнгөн цагаан нь альцгеймер болон мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй шууд холбоотой гэж тогтоогдоогүй буюу тийм үндэслэл байхгүй төдийгүй эрүүл мэндийн тогтолцоонд нөлөөлж, асуудалд хүргэдэггүй болохыг эмнэл зүйн туршилтууд, урт хугацааны мониторингууд харуулдаг байна.
Полисорбат 80 нь хүнсний болон эмийн бүтээгдэхүүнд уусгах чадварыг сайжруулах, тогтворжуулах зорилгоор ашигладаг химийн бодис бөгөөд вакцины найрлагад хоруу чанар, сөрөг нөлөө үүсгэх стандарт хэмжээнээс хамаагүй баг хэмжээгээр ордог байна.
Вакцины найрлага нь үр дүн, аюулгүй байдал, шинээр гарч ирж буй эмгэг төрүүлэгчид дасан зохицох зэрэг шалтгаанаар цаг хугацааны явцад өөрчлөгдөж болно. Гэсэн хэдий ч ийм өөрчлөлтүүд нь нарийн зохицуулалттай бөгөөд тухайн өөрчлөлт бүрд вакциныг батлуулахын өмнө аюулгүй байдал, үр дүнтэй байдлын өргөн хүрээний эмнэл зүйн судалгаа хийдэг бөгөөд ДЭМБ, АНУ-ын Хүнс, эмийн агентлаг зэрэг томоохон байгууллагууд хатуу хянаж, үнэлдэг.
ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна. 2024 онд Lancet сэтгүүл хэвлэгдсэн томохон судалгаагаар сүүлийн 50 жилд дархлаажуулалтын үр дүнд 154 сая хүний амь үхлээс аврагдсан байна.
“Умайн хүзүүний хорт хавдраас хэзээ ч папалома вирус илрээгүй!!!!”
Factcheck:
Хүний папиллома вирус (ХПВ), ялангуяа ХПВ-16, ХПВ-18 зэрэг өндөр эрсдэлтэй хэв шинжүүдийн байнгын халдвар нь умайн хүзүүний хорт хавдрын 70-90 хувийн гол шалтгаан нь болдог. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр дэлхий даяар умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 гаруй хувьд нь ХПВ-ыг илрүүлдэг. Энэ нь умайн хүзүүний эсийн өөрчлөлтөд хүргэж, олон жилийн туршид эмчлэхгүй бол хорт хавдар болж хувирдаг. Үүнийг шинжлэх ухааны судалгаагаар баталгаажуулсан бөгөөд үүнээс ХПВ-ийн эсрэг вакцин үр дүнтэй хамгаалж байгаа нь мөн нотлогдсон.
“Хэзээ ч вирусээр хорт хавдар үүссэн тухай нотолгоо байхгүй!!!”
Factcheck:
Зарим вирус шууд болон шууд бусаар хорт хавдар үүсгэдэг болохыг шинжлэх ухааны судалгаагаар хэдийн тогтоосон. Тухайлбал, дараах вирусүүд эсийн механизмыг өөрчлөх, архаг үрэвслийг дэмждэг ба энэ нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Хавдар үүсэх шалтгаан болдог вирусүүдээс дурдвал:
Хүний папилломавирус (ХПВ):
Хүний папилломавирусийн мэдэгдэж байгаа 200 хэв шинж байдаг. Үүнээс ХПВ-16, ХПВ-18 нь хамгийн өндөр эрсдэлтэй хэв шинжүүд бөгөөд нь умайн хүзүү, шулуун гэдэс, ам залгиур зэрэг эрхтэний хорт хавдар үүсгэдэг.
Гепатит В (HBV), Гепатит С (HCV):
Эдгээр вирус нь элэгний хорт хавдартай хамаатай. Гепатит В, С-ийн архаг халдвар нь элэгний эсэд үрэвсэл үүсгэж, ДНХ-г гэмтээж, улмаар элэгний цирроз мөн хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Эпштейн-Барр вирус (EBV):
Хамар залгиурын, цусны цагаан эсийн хорт хавдар үүсгэдэг.
ХДХВ (Хүний дархлал хомсдолын вирус):
ХДХВ нь шууд хорт хавдар үүсгэдэггүй ч дархлааны системийг сулруулснаар Капошигийн саркома буюу арьс, ам хамар, хоолой, тунгалгийн судас болон умайн хүзүүний хорт хавдар зэрэг бусад вирусийн гаралтай хорт хавдарт өртөмтгий болгодог.
Меркелийн эсийн полиомавирус:
Энэ вирус нь Меркелийн эсийн хорт хавдар гэж нэрлэгддэг ховор, арьсны хорт хавдартай холбоотой.
“Вакцин охидыг, хөвгүүдийг үргүй болгодог”.
Factcheck:
Вакцинууд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд ямар нэгэн нөлөө үзүүлэх үндэслэл байхгүй болохыг эрүүл мэндийн байгууллагууд тайлбарласаар иржээ. Ийм биологийн үндэслэлтэй механизм байхгүй бөгөөд ийм нотолгоо өнөөг хүртэл гарч байгаагүй аж.
Вакцин нь тухайн эмгэг төрүүлэгчийг танихад дархлааны системийг сургадаг бөгөөд энэ нь богино хугацаанд үргэлжилдэг учраас тийм боломжгүй байна.
Иймд иргэд та бүхэн эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, баталгаатай эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.
Нэмэлт мэдээлэл
Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшнээрээ 2022 оны байдлаар дэлхийн 185 орноос 53-рт эрэмбэлэгдэж, дэлхийн дунджаас 3 дахин, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудын, Зүүн Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.
Харин нас баралтын түвшнээр дэлхийн 185 орноос 69-рт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 1.3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнууд, Зүүн Азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна.
Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг дэлхийн 140 гаруй улс нэвтрүүлсэн бөгөөд 76 нь сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.
Эрүүл ахуйн ердийн арга хэмжээ нь ХПВ-ийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхэд үр дүнгүй болох нь батлагдсан тул вакцин чухал ач холбогдолтой болох нь нотлогдсон.
Эх сурвалжууд:
- Халдварт өвчин судлал, хяналтын төв
- ХСҮТ
- ХӨСҮТ
- ЭМЯ
- Хавдрын Үндэсний зөвлөл
- ДЭМБ
- Дана-Фарбер Хавдар судлалын хүрээлэн
- АНУ-ын Хавдрын Үндэсний Институт