ЦУВРАЛ -1 Монголчууд фэйсбүүкт дайны талаар эх сурвалжгүй мэдээллийг түлхүү тараажээ

“Украин улсыг цэрэггүйжүүлнэ” хэмээн зарлаж ОХУ-ын эхлүүлсэн “Цэргийн тусгай ажиллагаа” тун удалгүй түрэмгийлэл болж, дараа нь бүрэн утгаараа дайн болон өргөжиж, өнөөдөр ч дуусалгүй бүтэн жил даван үргэлжлээд байна. XXI зуунд зэвсгийн хүчээр өөр нэгэн улс руу хүч түрэмгийлсэн энэхүү үйл явдал хажуу хөршид маань болж байгаа тул монголчууд анхааралтай ажиглаж, энэ талаарх мэдээллийг чих тавин сонссон хэвээр байгаа билээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын цахим орчинд дайны талаарх ямар мэдээллүүд гарч, олон нийт ямар хариу үйлдэл үзүүлсэн талаар хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар FactCheck.mn цоо шинэ мониторинг хийсэн юм. Монгол Улсын хүн амаас давсан буюу ухаалаг утас хэрэглэгчийн тоо нь 4.8 саяд хүрч, тэр дундаа 2.5 сая иргэн нийгмийн мэдээллийн сүлжээнд бүртгэлтэй болсон энэ үед фэйсбүүк орчинд дайнтай холбоотой мэдээлэл хэрхэн түгсэн талаарх анализын үр дүнг эхний ээлжинд хуваалцаж байна. Мөн хүмүүст хамгийн их хүрсэн фэйсбүүкийн 10 постыг авч үзсэнийг доор үзүүлэх болно.

ОХУ зэвсэгт хүчнээ Украин руу илгээж, дайны эхлэлийг тавьсан 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойших есөн сарын хугацаанд фэйсбүүкийн орчинд гарсан мэдээллүүдийг мониторингийн хүрээнд авч үзсэн юм. Ингэхдээ тухайн нэг постны олон нийтэд хүрсэн байдал, хамрах хүрээ, хариу үйлдэл зэрэг нь харьцангуй өндөр (500-ааc дээш) мэдээллийг түүвэр болгон авсныг дурдах хэрэгтэй.   

Уг шалгуурыг хангасан мэдээлэл буюу пост тайлант хугацаанд 126 бүртгэгдсэн бөгөөд эдгээрт фэйсбүүк хэрэглэгчид нийт 136,329 удаа хариу үйлдэл үзүүлжээ.

Өөрөөр хэлбэл, нэг мэдээлэлд дунджаар 1,082 удаа ямар нэгэн хариу үйлдэл үзүүлсэн байна. Энэ нь мэдээллийн сайтуудаар гарсан дайнтай холбоотой мэдээнийхтэй харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт юм (Мэдээллийн сайтуудад хийсэн мониторингийн үр дүнг мөн цувралаар нийтлэх болно). Нийт хариу үйлдлийг задалж харвал

  • сэтгэл хөдлөлөө илэрхийлэн эможи дарсан давтамж 92,177 удаа
  • бусадтай хуваалцсан нь 30,502 удаа
  • бичсэн сэтгэгдлийн тоо 13,650 байв. 
Эх сурвалж: Хуурамч мэдээллийн эсрэг FactCheck.mn

Өөрөөр хэлбэл, дайнтай холбоотой постуудад сэтгэгдэл бичиж, бусадтай хуваалцахаас илүүтэй эможи дарж хариу үйлдлээ ихэвчлэн илэрхийлжээ.

Мониторингоор авч үзсэн нэг чухал зүйл нь “эх сурвалж”

Мэдээллийн сайтууд бүхэлдээ эх сурвалжаа дурдсан байсан бөгөөд ердөө 5% нь Оросын эх сурвалжтай байсан юм. Тэгвэл фэйсбүүк дэх дайнтай холбоотой постуудын дийлэнх буюу 86% нь эх сурвалжгүй, үлдсэн хувь нь бүгд Оросын эх сурвалжийг ашигласан байсан нь анхаарал татсан нэг үзүүлэлт байв.

Эх сурвалж: Хуурамч мэдээллийн эсрэг FactCheck.mn

Түүнчлэн агуулгын хувьд фэйсбүүк мэдээллийн

  • 33% нь аль ч талыг илэрхий дэмжээгүй буюу эсэргүүцээгүй, үйл явдлын мэдээ,
  • 8% нь Украиныг дэмжсэн бол
  • 59% нь Оросыг дэмжсэн байна.

Тодруулбал, Оросыг дэмжиж, Монгол-Оросын түүхэн харилцааг сануулсан, Украин, АНУ, Европын бусад орныг буруушаасан, хувь хүмүүсийн үзэл бодол бүхий пост/мэдээнүүд фэйсбүүкт давамгайлж, улмаар маш олон хүнд хүрчээ.

Тэгвэл хамгийн олон хүнд хүрсэн тэр постуудын эзэд хэн байсан бэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Дээр дурдсан 10 фэйсбүүк постын эзэн болох найман хэрэглэгчийг доорх хүснэгтээс харна уу.

Анхдагч эх сурвалжМэдээ орсон огнооНийт хариу үйлдлийн тооХуваалцсан тооЭможийн тооСэтгэгдлийн тооБайр суурь
1Munkhbayasgalan Bayasgalan *9/4/20224643312000283336100Оросыг дэмжсэн
2Ider-Od Bat-Erdene9/22/202214934100013330604Украиныг дэмжсэн
3Ider-Od Bat-Erdene7/5/20221119022008495495Украиныг дэмжсэн
4Sky Light11/8/2022531812003678440Оросыг дэмжсэн
5Хатуу мэдээ11/1/202244654004461Оросыг дэмжсэн
6En Bayaraa3/21/2022319714001560237Оросыг дэмжсэн
7Эмүжин7/5/202220682071743118Аль нь ч биш
8Tserenkhuu Ishtseden2/25/202217741061537131Оросыг дэмжсэн
9Эмүжин4/4/202216531781237238Оросыг дэмжсэн
Эх сурвалж: Хуурамч мэдээллийн эсрэг FactCheck.mn

* Munkhbayasgalan Bayasgalan фэйсбүүк хэрэглэгчийн хувьд 2019.08.29-нд Халх голын дайны талаар пост оруулсныг 2022.09.04-нд Монгол Дайчин гэх фэйсбүүк хэрэглэгч дахин шэйрэлсэн бөгөөд мөн л олон хүнд хүрсэн байв.

Мэдээллийн эрин гэгдэх өнөө үед дэлхийн иргэн бүрийн мэдээлэлтэй харилцах суурь боловсрол (Media literacy) маш чухалд тооцогдож байгаа билээ.

Манай улсын хувьд социализмын үеэс пропаганда суурьтай сэтгүүл зүй, мэдээлэл харилцааны хэлбэртэйгээр олон арван жил явж ирсэн. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш ямартай ч бие даасан, хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийг бий болгохыг зорьж яваа нийгэм хэдий ч  зарчмаа үл хайхардаг зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон нийгмийн мэдээллийн сүлжээний баталгаагүй их мэдээлэл зэрэг бусад олон хүчин зүйлээс үүдэж иргэдийн мэдээлэлтэй харилцах суурь боловсрол, тэр дундаа аливаа мэдээллийг шүүлтүүртэйгээр хүлээж авч хэрэглэх чадвар хангалттай биш байсаар байгаа нь тодорхой ажиглагддаг. Тухайлбал, үүнийг КОВИД-19 цар тахлын үед ч, коронавирусийн эсрэг вакцины үед ч олон нийтэд хурдтай түгэн дэлгэрч байсан олон олон хуурамч мэдээллээс харж болно.

Дайны тухайд энэхүү чухал үйл явдлын талаар монголчууд эх сурвалжгүй, эсвэл дийлэнх нь зөвхөн нэг талын буюу ОХУ-ын эх сурвалжтай мэдээллийг фэйсбүүкээс авсаар байсныг FactCheck.mn-ээс хийсэн дээрх мониторингийн үр дүн илтгэсэн.

Иймд дайны талаарх пост, мэдээллүүдийг өөр эх сурвалжаар баталгаажуулах шаардлага, олон талаар тэнцвэржүүлсэн  мэдээллийн хэрэгцээ нийгэмд байсаар байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Москва24 сайт 2023.02.22-нд Оростой хийсэн мөргөлдөөнд Украин аль хэдийн ялагдсан гэж АНУ мэдэгдсэн тухай мэдээлэл гаргажээ. Уг мэдээллийг Монголын цахим орчинд мөн зарим хүмүүс шэйрэлсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Москва24 сайтад нийтлэгдсэн уг мэдээний эхний хэсэг “Барууныхны өөдрөг итгэл найдварыг үл харгалзан Оростой хийсэн мөргөлдөөнд Украин ялагдах […]

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Нэг их Украйнд санаа зовсон хүмүүс. Цаад учир шалтгааныг хэдэн хүн мэдэх юм бол? Энэ улс хүний наймааны гол улс болсонд бгаа юм. Шулуухан хэлэхэд түүнийг цэвэрлэх гэж бгааг олон сувгаас уншлаа!!! Нато Орос асуудалгүй. Жилд дэлхийд 20 сая хүн алга болдог, түүний 50% нь хүүхэд!!!” гэсэн постыг […]

Товч агуулга Bayarsaikhan Tse нэртэй фэйсбүүк хэрэглэгч “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди бага: Биднийг Украинд хүмүүнлэгийн зорилгоор ирсэн гэсэн үлгэр ярьж байгаа ч засгийн газрыг нь унагаж, оросуудыг л сулруулах зорилготой байсан. Украины ард түмэн геополитикийн зорилгоос шалтгаалж хоёр их гүрний хооронд болж буй дайны золиос боллоо. Дайны шалтгаан, бидний хариу үйлдэл бол […]

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

Товч агуулга хоёр дахь удаагаа ийм мэдэгдэл хийж байна гэсэн боловч өмнөх мэдэгдэл нь ОХУ-аас Киев рүү хийсэн удаа дараагийн пуужингийн дайралтын талаар 2023.05. 29-нд өшөө авах болно гэдгээ мэдэгдсэн Ч. Пүрэвсүрэн нэртэй фэйсбүүк хэрэглэгч Украины Тагнуулын төв газрын даргатай холбоотой мэдээллийг оруулжээ. Уг мэдээлэлд “Украйны Тагнуулын Төв Газрын дарга Кирилл Буданов гэгч энэ төрийн […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Серби (Косово) руу НАТО (квинты-G7) халдан довтоллоо Украин нээх сонин биш болсоон Нөгөө манай НоВар гэсэн дэлдгэрүүд амьдуу хөөш? Орос Хятад орвол дайн дэгдэнэ!” гэх мэдээллийг нийтэлжээ. Түүний уг постод 508 хүн хариу үйлдэл үзүүлж, 112 хүн сэтгэгдлээ бичин, 86 хүн шэйрлэжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь энэ […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх