Японд ХПВ-ийн эсрэг вакцин тариулсан охид хүүхэд тээж чадахгүй болсон-ХУДАЛ

Товч агуулга

  • Японд ихэнх вакциныг хоёр сартайгаас хойш хийдэг ч гепатит В вирусийн эсрэг вакциныг ээж нь халдвар тээгч бол төрсний дараа хийдэг.
  • Төрөх үед вакцин хийлгэх шийдвэрт тухайн улсын өвчлөлийн ачаалал, нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлүүд нөлөөлдөг.
  • Японд болсон сөрөг үйл явдлууд нь ХПВ-ийн вакцинаас шалтгаалаагүй буюу холбоотой гэсэн нотолгоо байхгүй гэж дүгнэсэн.
  • ХПВ-ийн вакцин нь нөхөн үржихүйд нөлөөлдөг гэсэн нотолгоо байхгүй буюу шинжлэх ухааны үндэслэлгүй.
  • Вакцин нь тухайн эмгэг төрүүлэгчийг танихад дархлааны системийг сургадаг бөгөөд энэ нь богино хугацаанд үргэлжилдэг учраас нөхөн үржихүйд нөлөөлөх боломжгүй.
  • Японы хүн амын бууралт нь ямар нэгэн вакцинжуулалтын хөтөлбөртэй хамаагүй. Харин төрөлт буурсан, гэр бүл болох иргэдийн тоо багасаж, хүн ам хөгширч байгаа зэрэг урт хугацааны хүн ам зүйн хандлагатай холбоотой.
  • Сүүлийн үед Японд ХПВ-ийн эсрэг вакцины талаарх хандлага эерэг болж, иргэд вакцин хийлгэх тоо эрс нэмэгджээ.

Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.27-нд Хүний папилломавирус(ХПВ)-ийн халдварын эсрэг вакцины талаар лайв видео хийжээ. Ингэхдээ Японд уг вакцины нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөх зорилгоор Япон улсад 11 жил амьдарсан гэх Oyo Byamaba гэх фэйсбүүк хаягтай, иргэн Оюунбилэгийг урьж яриулсан байна.

Вакцины талаар эдгээр иргэний ярьсан мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсэн юм.

Иргэн Оюунбилэг яриандаа дараах мэдээллүүдийг өгснийг нягталлаа.

“Японд хоёр хүүхдээ төрүүлэхдээ төрснийх нь дараа 1-2 сар болж байж вакцин тариулсан. Төрөнгүүт нь шууд вакцин хийдэггүй”.

Японд ердийн вакцинжуулалт нь ихэвчлэн хоёр сартайгаас эхэлдэг бөгөөд үүнд сахуу, хөхүүл ханиад, татран (DPT), саагийн вакцинууд багтдаг.

Харин сүрьеэгийн эсрэг вакциныг 5-7 сартайд хийдэг байна. Харин уг вакциныг олон улс орнууд, ялангуяа сүрьеэгийн тархалт ихтэй бүс нутгуудад төрсний дараа шууд хийдэг.

Ийнхүү Японд ихэнх вакциныг хоёр сартайгаас хойш хийдэг ч гепатит В вирусийн эсрэг вакциныг ээж нь халдвар тээгч бол төрсний дараа хийдэг байна.

Япон улс вакциныг тойрсон түүхэн маргаанаас үүдэлтэйгээр дархлаажуулалтад ийнхүү ханддаг  бөгөөд вакциныг зах зээлд нийлүүлсний дараа аюулгүй байдал, хяналт шалгалтын хатуу тогтолцоог чухалчлан үздэг байна.

ДЭМБ-аас төрөх үед сүрьеэ болон гепатит В-ийн эсрэг вакцин хийлгэхийг зөвлөдөг. Ялангуяа, бага, дунд орлоготой ихэнх орнууд сүрьеэ, гепатит В-ийн халдварын түвшин өндөр байгаа тул энэхүү зөвлөмжийг дагаж мөрддөг.

Төрөх үед вакцин хийлгэх шийдвэрт тухайн улсын өвчлөлийн ачаалал, нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлүүд нөлөөлдөг. Өвчний тандалтын хүчирхэг системтэй, өндөр орлоготой орнууд нийгмийн өвчлөлийн байдалд тулгуурлан дархлаажуулалтын хөтөлбөрөө өөрчилдөг.

“Вакциныг сургууль дээр тарина гэж огт байдаггүй. Эцэг, эхчүүд очиж тариулахгүй байж ч болно”.

Японд вакцинжуулалтыг сургуулиудад хийдэггүй. Тус улсын дархлаажуулалтын хөтөлбөрөө эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан явуулдаг бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдээ авчирч хийлгэдэг. Зарим вакциныг ердийн дархлаажуулалтын хуваарийн дагуу үнэ төлбөргүй хийдэг бөгөөд үүнд улаанбурхан, улаанууд, сүрьеэгийн эсрэг зэрэг вакцин орно.

“ХПВ-ийн эсрэг вакциныг Японд 6-7 жилийн өмнө дунд ангийн охидод тарьсан юм байна. Тэр охидууд толгой өвдөх, суумгай болох, хүний царайг танихгүй болох, ээж, эмчийнхээ царайг танихгүй болсон, хүүхэд тээж чадахгүй болсон бүсгүйчүүд их болсон. Хүн амын өсөлт маш их буурч байгаа. Нэг цэцэрлэг, сургууль нүдэн дээр хаагдаж байна”.

Японы Засгийн газар энэхүү үйл явдлаас болж вакцины идэвхтэй зөвлөмжөө зогсоосон ч вакцинд хамрагдах иргэдийн эрхийг нээлттэй үлдээжээ.

Тэгвэл сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагуудад сар бүр ирж буй вакцины тоо тус улсад өсөх хандлагатай болсныг АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төв мэдээлсэн байна. Тухайлбал, 2016.12 сараас 2017.04 сарын хооронд 878 тун вакцин Япон улсад хийгдсэн бол 2021.01-03 сард буюу 2021 оны зөвхөн эхний улиралд 35,396 тун вакцин хийгдэж, эрс өссөн байна.

Энэ нь ХПВ-ийн вакцинжуулалтын талаарх мэдээллийг иргэдэд хүргэх засгийн газрын хүчин чармайлт, түүнчлэн орон нутгийн боловсролын хөтөлбөрүүдтэй холбоотой хэмээн таамаглажээ. Мөн 2016 оноос хойш вакцины талаарх сөрөг үр дагаврын талаарх тохиолдол нэмэгдээгүй байна.

Японы хүн амын тоо буурч байгаа нь ХПВ-ийн вакцинжуулалттай холбоотой гэсэн нотлох баримт байхгүй бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй юм. Японы хүн амын бууралт нь ямар нэгэн вакцинжуулалтын хөтөлбөртэй хамаагүй бөгөөд харин төрөлт буурсан, гэр бүл болох иргэдийн тоо багасаж, хүн ам хөгширч байгаа зэрэг урт хугацааны хүн ам зүйн хандлагатай холбоотой. Энэ нь нийгэм, эдийн засгийн цогц хүчин зүйлээс үүдэлтэй.

Японы нэрт эдийн засагч Шүжиро Урата тус улсад хүн амын тоо буурахад нөлөөлсөн гол хүчин зүйлүүдэд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, ялангуяа орлого багатай гэр бүлүүдэд эдийн засгийн хувьд зардал өндөр тусаж байгааг нэрлэснээс гадна нийгмийн хэм хэмжээ гэрлэлт болон төрөлт буурахад хүргэсэн гэжээ.

Түүнчлэн ХПВ-ийн вакцин нь нөхөн үржихүйд нөлөөлдөг гэсэн нотолгоо байхгүй буюу шинжлэх ухааны үндэслэлгүй болохыг эрүүл мэндийн байгууллагууд тайлбарласаар иржээ. Вакцин нь тухайн эмгэг төрүүлэгчийг танихад дархлааны системийг сургадаг бөгөөд энэ нь богино хугацаанд үргэлжилдэг учраас нөхөн үржихүйд нөлөөлөх боломжгүй байна.

ХПВ-ийн вакциныг дэлхий даяар сайтар судалж, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд аюулгүй, үр дүнтэй болохыг баталсны үндсэн дээр дэлхийн 147 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулан хэрэгжүүлж байна. Эдгээр улсаас 76 нь сургууль дээр буюу боловсролын байгууллагаар дамжуулан вакциныг хийж байна. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн стратегийн хүрээнд үр дүнтэй гэж үнэлснийх ажээ.

Иймд дээрх иргэний мэдээлэл нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН худал мэдээлэл байна. Дээрх видеог хийсэн Handaa Byamba нь вакцин судлаач хэмээн өөрийгөө танилцуулж, ХПВ-ийн талаар ХУДАЛ мэдээлэл түгээснийг бид өмнө нь нягтлан хүргэсэн билээ.

Иргэд аливаа мэдээллийг, ялангуяа эрүүл мэндтэй холбоотой асуудлаар албан ёсны, баталгаатай эх үүсвэрээс авч, аливаа пост, видеог нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Нэмэлт мэдээлэл

Монгол Улс 2024.11.25-наас Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцинаар 11 настай бүх хүүхдийг товлолын дагуу дархлаажуулж эхэлж байгаа билээ.

Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшнээрээ 2022 оны байдлаар дэлхийн 185 орноос 53-рт эрэмбэлэгдэж, дэлхийн дунджаас 3 дахин, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудын, Зүүн Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.

Харин нас баралтын түвшнээр дэлхийн 185 орноос 69-рт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 1.3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнууд, Зүүн Азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна.

Манай улсад 2023 онд 425 эмэгтэй энэ халдвараар оношлогдож, 160 эмэгтэй УХХХ-ын шалтгаанаар нас барж байна.

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн 140 гаруй улс нэвтрүүлсэн бөгөөд 76 нь сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.

Хавдрын Үндэсний зөвлөлөөс 2012 онд вакцин хийлгэсэн охидыг тандан судлахад ХПВ-ийн эсрэг 3 тун вакцин хийснээс 5, 11 жилийн дараах үр дүн ХПВ-16 хэв шинжийн эсрэг 90%-100% байна.

Эрүүл ахуйн ердийн арга хэмжээ нь ХПВ-ийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхэд үр дүнгүй болох нь батлагдсан тул вакцин чухал ач холбогдолтой болох нь нотлогдсон.

Эх сурвалжууд:

  • ДЭМБ
  • АНУ-ын Хүнс болон эмийн агентлаг
  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ
  • Хавдрын Үндэсний зөвлөл
  • The Lancet сэтгүүл
  • independent.co.uk

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм. Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байна. Тухайлбал, Самандын Жавхлан фэйсбүүк пэйжээр аравдугаар сарын […]

Улсын онцгой комисс – УОК нэртэй, 102,1к хэрэглэгч бүхий фэйсбүүк группт өнөөдөр “Ковидын халдвар Манайд 2019 оны 11 сард орж ирсэн гэдэг нь нотлогджээ” гэх мэдээллийг хуваалцжээ. Дөрвөн цагийн хугацаанд уг мэдээлэлд 240 хүн хариу үйлдэл үзүүлж, 225 хүн сэтгэгдлээ бичиж, 66 хүн хуваалцсан байна. Сэтгэгдэл бичсэн хүмүүс дунд уг мэдээллийг үнэн байх гэсэн байр […]

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл твиттер хуудаснаа “Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 50 насандаа тэтгэвэрт гарах нь…” гэсэн гарчиг бүхий мэдээллийг шэйрлэж, “Энэ мэдээ үнэн бол Монголоо Грекийн замаар дампууруулахаар шийдэж дээ, ЗГ. Грек улс тэтгэвэрийн насаа багасгаад хэдхэн жилийн дотор бүрэн дампуурч, өрөө дарахын тулд хэдэн арлаа зарсан байдаг” хэмээжээ. Энэхүү жиргээний мөрөөр мэдээллийг нягтлуулах […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хаягаас “Дархлаа тогтсон эсэх нь 7-8

2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 22:46 цагт Говьсүмбэр аймагт болсон 5.5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн. Уг үйл явдалтай холбоотойгоор иргэд гэр дотор байсан зүйлсийн байршил өөрчлөгдсөн, гэрлийн бүрхүүл хөдөлсөн, орноосоо унасан талаар цахим орчинд мэдээлж байгаа юм. Тэгвэл өчигдөр фэйсбүүкт Нандин Нандин нэртэй хэрэглэгч тааз нурсан зургийг оруулан “Ёоооох нүүхгүй бол үхэж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх