Засгийн газрын ордныг мөргөсөн жолооч цагдаа байсан гэдэг ХУДАЛ

Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий сайтуудад Төрийн ордны баруун талын хашааг мөргөсөн осол гарсан бөгөөд жолооч нь цагдаагийн алба хаагч байсан талаар мэдээ гарсан.

Уг мэдээлэлд “Аравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын ордны баруун талын хашааг автомашинаар мөргөсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу хэргийг шалгахад, 25 настай М гэгч нь согтуурсан үедээ Toyota Marx-X маркийн автомашиныг жолоодож яваад, Төв шуудангийн уулзварын дунд байрлах түмб буюу зохицуулагчийн тавцанг мөргөж, тэрхүү тавцангаа түрж явсаар Засгийн газрын ордны баруун урд хашааг мөргөсөн байна. Түүнчлэн явган зорчигч болох 26 настай эрэгтэйг мөргөж, гэмтээжээ. Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэсэгт шалгаж байгаа ба хэрэг үйлдсэн этгээд нь өөрөө цагдаагийн алба хаагч байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна” гэсэн байна.

Цагдаагийн алба хаагч холбогдсон гэх энэхүү мэдээллийг бид нягталлаа. Одоогоор цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалт хийж байгаа бөгөөд тухайн мэдээнд гарсан хоёр нөхцөл байдал худал болох нь тогтоогдоод байгаа аж.

Нэгдүгээрт, зам тээврийн ослын улмаас явган зорчигч болох 26 настай эрэгтэйг мөргөж, гэмтээсэн гэдэг нь худал аж. Тээврийн цагдаагийн албанд ирсэн дуудлагын дагуу шалгалт явуулахад ослын улмаас хүн мөргөж, гэмтээгээгүй болох нь тогтоогдсон байна.
Хоёрдугаарт, тухайн тээврийн хэрэгслээр дөрвөн хүн зорчин явсан бөгөөд жолооч нь цагдаа бус нэг зорчигч нь цагдаагийн алба хаагч байсан нь тогтоогджээ. Дотоод хяналт шалгалтаар тогтоосон нөхцөл байдлыг дурдвал “Засгийн газрын ордны баруун урд талын хашааг автомашин мөргөчихлөө” гэсэн дуудлага мэдээллийг 10 дугаар сарын 18-ны өдрийн 06:23 цагт цагдаагийн байгууллага хүлээн авсан байна. Ингээд шалгалтын ажиллагаа явуулахад 25 настай, хувийн байгууллагад менежер ажилтай А гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол үйлдсэн хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. Тухайн тээврийн хэрэгсэлд цагдаагийн алба хаагч М нь хамт зорчиж явсан бөгөөд ажлын бус цагаар энгийн хувцастай явж байсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.

Уг хэрэгтэй холбоотой гэрчийн мэдүүлэг болон камерын бичлэг байгаа бөгөөд хэдийгээр тухайн автомашинд цагдаагийн алба хаагч сууж явсан нь үнэн боловч, автомашиныг жолоодоогүй, явган зорчигчийг мөргөсөн зэрэг нь худал аж.

Мөн дээрх залруулгад дурдсанчлан тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан цагдааг хэдийгээр ажлын бус цагаар, албаны хувцастай биш ч согтууруулах ундаа хэрэглэсэн, бусдыг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлээгүй гэдэг үүднээс ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэх талаар дотоод албаны шалгалтыг явуулж байгаа юм байна. 

2011 онд баталсан ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ-д яг дээрх тохиолдолд хариуцлага тооцох зохицуулалт байхгүй бөгөөд 4.4.5. Ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон дүрэмт хувцастай архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх талаар тусгажээ. 

Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

“Улаанбаатарт хөл хориог 2021 оны 3 сарын 31-нийг хүртэл сунгах хувилбар яригдаж байна.” гэсэн мэдээлэл фэйсбүүкийн Монголын хамгийн том интернэт зар хуудаст нийтлэгджээ. Энэхүү мэдээллэлд 119 хүн хариу үйлдэл үзүүлж, 17 хүн сэтгэгдлээ бичсэн байна. Ингэхдээ хөдөө орон нутаг уруу явах хүсэлтэй, гэр бүлээрээ ажилгүй байгаа тухайгаа төдийгүй өөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээжээ. […]

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Коронавирусийг над шиг устгаж байгаа биеийг эмч нар хараагүй гэж хэлсэн. Тэд миний ДНК-д шинжилгээ хийсэн. Тэгээд “Энэ бол ДНК биш, Энэ бол АНУ. Хэрэв Жо Байден коронавирусийн халдвар авсан бол үхчихсэн байх байсан” гэж эмч нар хэлсэн” гэсэн агуулгатай жиргээний скрийн шот олон нийтийн сүлжээгээр тараад буй. Тэгвэл Доналд Трамп ингэж […]

Монголын аялал жуулчалын салбарт сүүлийн үед зуун сая давсан тоог ойр ойрхон иш татах болов. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн 400 сая жуулчин хүлээн авах талаарх яриа намжиж амжаагүй байтал БОАЖ-ын шинэ сайд бас л зуун сая давсан жуулчны тухай ярьсан нь “Өдрийн сонин”-ы 2020 оны есдүгээр сарын 8-ны 179 дугаарт нийтлэгджээ. Тодруулбал, […]

Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд гэсэн лого бүхий “Сайн дурын цэрэг татлага” гэсэн зарлал бүхий постер цахим орчинд тарсан. Энэхүү зарлалд “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх