
…”Хойд Цэнхэрийн агуй”, “Ишгэн толгойн хадны зураг” анхны байгалийн яруу найраг юм. Түүнийг таньж мэдэхийн тулд одоогийн соёлт хүн төрөлхтөн бас чиг урт хугацааг элээжээ. О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана” эсээний хэсгээс.
Хэдхэн жилийн өмнө Ховд аймгийн Манхан сумд орших Ишгэн толгойн хадны яг орой дээр үүрэн холбооны үйлчилгээний нэгэн компани сүлжээний цамхгаа байрлуулж, олны уур цухал, эрдэмтэн судлаачдын харамсал бухимдлыг төрүүлж байсан. Олон жил маргаан дагуулсны эцэст тэд цамхгаа буулгасан ч энэ явдал монголчууд өв соёл, үнэт зүйлээ төдийлөн хайрлан биширч, үнэ цэнийг нь мэддэггүй байсны гэрч болж үлджээ.
Энэ сэдвийн талаар, мөн Монгол орныхоо дурсгалт газруудыг хамгаалж, хайрлахын ач холбогдлын тухай МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Ц.Төрбаттай ярилцлаа.

-Ишгэн толгойн хадны зургийн үнэ цэнийн талаар танаас сонсмоор байна. Та мэргэжлийн судлаачийн хувьд тайлбарлаж өгөхгүй юу?
-Ховд аймгийн Манхан сумын Ишгэн толгойн хадны зургийг онцолж ярих гэхээр “Монголд зөндөө л хадны зураг бий, манай өвөлжөөнд ч, энэ ууланд ч, тэр голд ч байж байна, юун сүртэй юм бэ?” гэх хүмүүс байдаг. Гэхдээ юмны үнэ цэн гэдэг чинь их нарийн мэдлэг шаардана аа. Ишгэн толгойн дурсгал наад зах нь 12,000-15,000 жилийн өмнөх цаг үед холбогдох зургууд юм. Маш эртний цаг үе гэсэн үг.
Яг “Ишгэн толгой” шиг задгай тэнгэрийн доор, нээлттэй орчинд тэгж хонхойлгон сийлж бүтээсэн ийм чулуун зэвсгийн үеийн зургууд дэлхийд тун ховорхон. Ер цөөхөн хэдхэн бүс нутагт л байдаг.
Жишээлбэл, Франц, Испани, Португалийг дамнасан Франко-Кантабрын мужид 10 гаруй ийм зураг бий. Мөн Азербайжанд дэлхийн өвд орсон Гобустан гэж дурсгал байдаг. Тэр бол манай Ишгэн толгойтой яг л нэг цаг үеийнх юм л даа.
Тэгэхэд тэр улс энэ дурсгалуудаа бүхэлд нь хамгаалалтад авч, музей байгуулчихсан байх жишээтэй. Ингээд маш өндөр түвшинд хадгалж хамгаалж, дэлхийн өв болгож байхад манайхан болохоор нэг их тоохгүй, өөр цаг үеийн бусад хадны зургуудтай адилтгаад яваа юм. Ерөөсөө хүн төрөлхтөн ийм дурсгалыг цөөхөн бүтээсэн юм аа. Тийм үнэ цэнтэй юманд ингэж хандаж болохгүй ээ.

-Соёлын өвөө бид ер нь яаж хамгаалах ёстой вэ?
-Энэ соёлын өв чинь өөрөө маш их үнэ цэнтэй зүйл байхгүй юу. Ганцхан соёл гэдэг утгаас нь биш, оюун санаа гэдэг утгаас гадна энэ чинь өөрөө цэвэр эдийн засгийн утгаараа маш үнэтэй зүйл байхгүй юу. Энийг маш том бизнес болгож болдог зүйл. Гэтэл бид бол тийм хэмжээнд хүрч чадаагүй байгаа учраас, чаддаг болтлоо ядаж тэрийгээ хамгаалмаар байна шүү дээ, миний бодлоор. Хүмүүст нийцэх, нийцэхгүй байж болно. “Тэр юмыг чинь ард түмэн үзэж, харах ёстой” гэж харж байгаа хүмүүс байна. Гэтэл бохирдуулж, дүр байдлыг нь гутааж, хадгалалт хамгаалалтад сөргөөр нөлөөлж байгаа үзэгдэл бас их гарч байна.
Хойд Цэнхэрийн агуйн үүдээр оронгуут л тэрүүгээр маш их хэмжээгээр хүмүүс нэр усаа бичсэн байгаа. Будаж, зарим нь сийлж ч байна.
Монголд хуучин чулуун зэвсгийн үеийн улаан зосоор зурсан зураг цор ганц бий. Энэ зурагт чинь хүмүүс янз янзын байдлаар халдаад байх юм. Нэг хүн жишээлбэл хүрээлээд зурчихсан. Орчин үеийн төсөөллөөр “тодруулж байна аа, гоё болгож байна” гэж бодоод хүрээлээд зурчхаж байгаа байхгүй юу. Тэр чинь өөрийнх нь тэр эмзэгхэн, маш эрт цаг үеийн зургийн хадгалалтад маш сөргөөр нөлөөлнө. Дээр нь хүмүүс тостой гар хуруугаараа хүрээд л, тэр нимгэн, эмзэг зосон гадаргууг нь байхгүй болгоод л. Өөрөөр хэлбэл зураг нь байхгүй болоод байна.
Энийг хэн ч зогсоож чадахгүй. Тэнд нэг манаач байлаа ч чадахгүй. Тэгэхээр ерөөсөө миний бодлоор бүр хаачихмаар байгаа байхгүй юу. Дүрэм журам гаргаад оруулахгүй болох хэрэгтэй.
-Яагаад шууд хаах хэрэгтэй гэж? Бусад улс оронд ийм туршлага байдаг уу?
-Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр, жишээ нь Францад яг энэ Хойд Цэнхэрийн агуй шиг 150 гаруй агуйн зурагтай Франко-Кантабрын муж бий. Дэлхий дээрх хамгийн том төвлөрөл. Тэнд байгаа олон агуйг бол ер нь хаасан. Хаахаас ч өөр аргагүй болдог юм байна.
Яагаад гэхээр маш эртнээс хадгалагдаж ирсэн тэр дурсгалыг хэдхэн жилийн дотор эвдэрч сүйдэхэд хүргэсэн гэсэн үг. Хамгийн эртнийх нь 36,000 жил, залуу нь 12,000 жилийн настай агуйнууд шүү дээ. Тэр үеэс өнөөдрийг хүртэл хадгалагдаад ирсэн юмыг бидний үед, хэдхэн жилд нь байхгүй болгочхож байгаа байхгүй юу. Тэгэхээр бид чинь ямар гээчийн хүмүүс вэ, тийм ээ? Ямар гээчийн хүн дүртэй араатан амьтан шиг хүмүүс вэ? Тэр олон мянган жилийн турш хэн ч сүйтгэлгүй өнөөдрийг хүрээд ирсэн юмыг бид энэхэн нүүр нүдэн дээрээ харж байхад ингээд байхгүй болгочихож байгаа юм.
Тэгээд л хаачихсан байдаг юм байна лээ. Хамгийн алдартай Ляско агуйг гэхэд 1940 онд хүүхдүүд тоглож байгаад олсон гэдэг. Энэ агуйг олж нээсэн ч дайны дараа хүмүүс маш их талхалсан юм байна лээ. Талхлаад, агуй дотор байсан микро орчин нь гэмтэж, гаднаас их хэмжээний бичил биетүүд нэвтэрч зургуудад хөнөөл үүсгэж эхэлсэн. Хүчтэй мөөгөнцөр үүсээд зурагнууд нь сүйрэх нөхцөл үүссэн байхгүй юу. Тэгэнгүүт нь францчууд бүр хаагаад хаячихсан.
Надад 1996 онд анх оригиналыг нь үзэх завшаан олдсон юм. Тэр үед тус улсын Соёлын яамнаас, сайдынх нь зөвшөөрлөөр, цөөхөн өдөрт, 30 минутаар нэг жижигхэн группийг л оруулдаг дэглэмтэй байсан юм. Тэр бол үнэхээр хосгүй, хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том гайхамшигт бүтээлүүдийн нэг мөн үү, мөн.
Жил болгон хэдэн зуун мянган хүн үзэхийг хүсэж байгаа учраас яг хажууд нь үндсэн агуйг дуурайлгаад, жуулчдад зориулсан хуулбар агуйг газар доогуур бүтээн байгуулчихсан. Үндсэн агуй бол шинжлэх ухааны зорилгоор хаалттай байдаг. Ийм маягаар хадгалалт хамгаалалтад онцгой ач холбогдол өгдөг, чухал байдаг юм.
-Палеолитын үеийн урлаг гэхээр яг хэр их үнэ цэнтэй, ямар түвшний дурсгал гэсэн үг вэ?
-Ер нь Монгол бол палеолитын (хуучин чулуун зэвсэг) үеийн урлагийн гол төвүүдийн нэг гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Энэ бол маш чухал асуудал. Хүн төрөлхтний урлаг үүссэн хэдхэн голомт бий. 12-15 мянган жилийн өмнө орчин үеийн хүмүүс дэлхий даяар тархсан, Америк тивийг хүртэл эзэмшсэн байсан шүү дээ. Тэгсэн мөртлөө урлаг яагаад хэдхэн газар үүсэж байгаа юм бэ гэдэг нь сонин. Франко-Кантабрын муж, Умард Африк, Зүүн өмнөд Ази буюу Индонез, Төв Ази, Уралын нуруу гээд дэлхий дээр палеолитын зурагтай хэдхэн газар байдгийн нэг нь Монгол юм аа.
Монголд палеолитын хадны зургийн хоёр үндсэн төрөл хоёулаа бий. Жишээ нь, дэлхийн хамгийн эртний буюу 60,000 жилийн өмнөх зураг олдсон Индонезид гэхэд дан зурмал зураг л байдаг, сийлмэл байхгүй. Харин манайх нээлттэй орчинд байгаа сийлмэл зургаараа дэлхийд бараг хамгийн баялагт нь орно. Энэ бол маш чухал зүйл.
Намайг ингэж хэлэхээр хүмүүс “сүртэй юм” гэж шоолж бодох байх. Гэхдээ энэ үнэхээр гайхамшиг шүү. Ийм зүйл дэлхий дээр байдаггүй юм.
Гэтэл Азербайжан улс тэр Гобустанаа дэлхийн өвд оруулчихсан. Тэнд бүтэн том музей, судалгааны институт ажиллаж байна шүү дээ. Гэтэл манайд яг тийм хэмжээний дурсгал найм байна. Ийм ховор нандин зүйлсээ үнэ цэнтэй болгож, хамгаалж чадахгүй байна шүү дээ.
– Дотоодын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байгаа. Үүнийг дагаад өв соёлд аюул учирч байна гэж та түрүүн хэлсэн шүү дээ. Энэ талаар бодлоо хуваалцахгүй юу?
-Тийм онцгой дурсгалуудыг аялал жуулчлалд бараг оруулахааргүй байгаа юм. Саваагүй нэг хүн очоод нэрээ сийлчихэд л ямар ч үнэ цэнгүй болж, сүйднэ шүү дээ. Тийм хүмүүс зөндөө байгаа учраас энэ маш хүнд асуудал.
Тиймээс соёлын өвийг үнэхээр эрхэмлэдэг, эсвэл бүр онцгой үйлчилгээ авах хүсэлтэй хүмүүс бүлэг болж, мэргэжлийн археологич дагуулж үздэг арай нэг тусгай хэлбэрийн аялал жуулчлал байвал байж болох юм. Түүнээс биш шууд масс аялал жуулчлал руу оруулчихвал тэгээд л байхгүй болно. Ийм аюултай юм. Монголд байгаа хамгийн эртний урлагийн тэр найман дурсгалыг тусгай бүлэгт үзүүлье гэхэд эртнээс төлөвлөгдвөл байж болох л асуудал.
Масс аялал жуулчлал бол хөгжих ёстой, заавал хөгждөг жамтай. Монгол маань нэг үеэ бодвол дэд бүтэц хамаагүй сайжирчихлаа. Сайхан энгийн хөнгөн тэрэг, приусээ асаагаад л гэр бүлээрээ, үр хүүхдээ суулгаад л даяар Монгол орноороо хөндлөн гулд, чөлөөтэй аялж байна. Энэ бол маш чухал, гоё зүйл. Анх удаа бараг монголчууд эх орноо нээж байгаа байхгүй юу. Ийм онцгой, гоё цаг үе.
Тэгээд энэ масс аялагчдад зориулсан бүтээгдэхүүнийг бид санал болгож чадахгүй байна. Аялал жуулчлалын компаниуд дандаа гадаад жуулчдад илүү анхаараад, кэмпүүд нь үнээ нэмэхэд, ашиг олохдоо л анхаараад байгаа боловч энэ соёлын өвийг монголчууд үзэх, ач холбогдлыг нь ойлгуулах тухай хэн ч бодохгүй байгаа юм.
Нэг гэр бүл “За, өнөө жил Архангайгаар явъя” гээд гарлаа гэхэд, тэдэнд ямар ч гайд байхгүй. Бариад гарчих гарын авлага байхгүй. Хаашаа явж байгаагаа ч сайн мэдэхгүй, зарим хүн Архангай орох гэсэн мөртлөө Дарханы колонк дээр зогсож байвал яах вэ? Тийм л байдалтай байхгүй юу. Яаж явахаа ч мэдэхгүй, хаана юу байгааг ч мэдэхгүй, ямар гоё дурсгалууд хажуугаар нь ганц хоёрхон километрийн зайтай өнгөрч байгааг ч мэдэхгүй байгаа шүү дээ.
Уг нь тэнд маш баялаг соёлын өвүүд байгаа шүү дээ. Гэтэл тэрийг хэн ч танилцуулж чадахгүй байна.
Аялал жуулчлалын компаниуд, холбоод юу ч хийхгүй байгаа. Би тэд нарыг шууд шүүмжлэх ёстой гэж бодож байна. Тэд нар л хийх ёстой шүү дээ. Бидний судлаачид, мэргэжлийн зүгээс зөвлөж болно, чадна. Тийм хүсэл эрмэлзэл байна. Тэрэнд зарцуулах цаг хугацаа, гаргах сэтгэл ч байна. Би соёлын яаманд санал тавьж л байсан. “Google Maps дээр суурилсан аппликейшн хийчихье ээ” гээд. Тэрэн дээр нь дараад “Өө, энд ийм юм байдаг юм байна, энийг чинь хүүхдэдээ үзүүлчихье” гээд мэдээлэл авчихдаг. Тиймхэн юм хийж чадахгүй л байгаа юм даа, бид чинь. Бид мэргэжлийн судлаачид, багш хүн хичээлээ заана, судалгаагаа хийнэ. Хэзээ завандаа тийм IT-ийн юм хийх вэ дээ.
– Тэгвэл хүмүүс зам дагуу юу юуг үзэлгүй, мэдэлгүй өнгөрч байгаа хэрэг вэ?
-Хархорины хажууд очлоо гэхэд Хөшөө Цайдам байгааг мэдэхгүй шүү дээ. Түрэгийн хаад ноёдын маш гоё онгон, дэлхийд гайхалтай гэж үзэж болохоор VII, VIII зууны том гэрэлт хөшөөнүүд байна.
Хархорины хойд талд Уйгурын нийслэл Хар балгас хот байж байна гэдгийг хэн ч мэдэхгүй л өнгөрч байгаа. Замаас гараад хэдхэн километр шороогоор яваад л очно шүү дээ. Тэр чинь ямар гайхамшигтай гоё гээч. 35-40 километр квадрат талбайтай, VIII-IX зууны хот шүү дээ. Тал нутагт, нүүдэлчдийн соёлд байгуулагдсан тэр том хот чинь өөрөө төсөөлшгүй зүйл. Тэр үеийн Европт тийм хот байгаагүй л юм.
Тэрхийн цагаан нуур явах зам зуур Их Тамирт дэлхийн өвд орсон Буган хөшөөний маш том дурсгал угтана. Түүнийг өнгөрөөд Өндөр-Улаанд, хар замаас дөнгөж 40-өөд км зайтай уулын энгэрт орших Жаргалантын ам бол Монголын хамгийн гоё, үзүүштэй буган хөшөөний цогцолбор юм. Наана нь хэн ч хараад сүрдмээр хиргисүүр ч бий. Тэнд Хүннүгийн хаадын булш байж байна. Ерөөсөө тасралтгүй шүү дээ. Чулуутын хавцлыг хүмүүс зүгээр хараад зургаа авхуулаад явчихдаг. Гэтэл тэр хавцлаараа ороод жаахан явахад л 100 гаруй километр урттай хөндийд маш баялаг хадны зурагтай шүү дээ.
– Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийн дор шинээр хөшөө баримал барих хандлага сүүлийн үед их газар авч байна. Үүнийг та юу гэж хардаг вэ?
-Одоо манайхан жишээлбэл жуулчин татах гээд шинээр хөшөө бариад байна шүү дээ, тийм ээ? Тэрэнд чинь ямар үнэ цэн байгаа юм бэ? Тэр чинь үнэ цэнтэй болж амжаагүй байгаа байхгүй юу. Үнэ цэн гэдэг чинь тэр шингэсэн түүхэндээ, он цагтаа, өөр цаг үеийн хүмүүсийн сэтгэлгээндээ оршдог. Өнөөдөр хэчнээн гоё сайхан юм барилаа ч гэсэн тэр үнэ цэн нь бүрдэж чадаагүй байна шүү дээ.
Бэлэн байгаа археологийн өвийг үнэ цэнтэй болгож, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохгүйгээр, цоо шинэ юм бариад жуулчдыг татна гэдэг бол төөрөгдөл шүү. Энэ бол эндүүрлийн асуудал. Одоо хүн болгон мэддэг Андлалын хөшөө гэхэд чинь хэл амнаас илүү юм байхгүй л байгаа биз дээ? Тэрийг үзэх гэж очдог жуулчин бараг байхгүй шүү дээ.
Жуулчдын тоог нэмэх, Монголын аялал жуулчлалын потенциалыг нэмэх хамгийн чухал зүйл бол археологийн өв байхгүй юу.
– Энэ асуудал бидний үндэсний онцлогтой хэрхэн холбогдох вэ?
-Соёлын ландшафт гэдэг ойлголт бий. Байгалийн ландшафтаас ой мод, уул усыг нь аваад хаячихвал хоосон цөл болдогтой адил, соёлын ландшафтыг нь устгачихвал бид оюун санааны хувьд оршин тогтнож, амьдарч чадахгүй болно. Биднийг Монгол хүн болгож байгаа, биднийг нэгтгэдэг эрхэм зүйлс бий. Эзэн Чингис хаан, Монголын нууц товчоо, морин хуур, уртын дуу зэрэг үнэт зүйлс дээрээ нэмээд бид археологийн өвөө, Хүннүгийн дурсгалууд болон Буган хөшөөгөө үндэсний идентитетийнхээ салгаж боломгүй нэг хэсэг, биднийг нэгтгэх Алтангадас болгох ёстой юм.
Гэтэл манайд үндэсний идентитет буюу онцлогоо бий болгох энэ үйл явц маш удаан, хангалтгүй байна. Жишээ нь, солонгосчууд маш хурдтайгаар үндэсний идентитетээ бүтээж, заримыг нь бүр шинээр зохиож байна шүү дээ. Үүн шиг үйл явц бидэнд тасралтгүй хэрэгтэй. Бид өнөө цагт зөвхөн Чингис хаан дээрээ л төвлөрч, туйлшрах нь хангалтгүй. Шинэ баатруудыг, шинэ дүрүүдийг, түүхэн шинэ дурсгалуудыг гаргаж ирж, тасралтгүй баяжуулж, бүтээж байх ёстой. Ийм үйл явц л тасралтгүй явагдаж байх ёстой гэж бодож байна даа.