
Хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайхантай унаач хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр хүүхдийн эрх, тэр дундаа унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон жил манлайлж ажилласан эрх зүйч юм.
-Өмнө нь та унаач хүүхдийн эрх гэсэн яг энэ сэдвээр 2017 онд тэмцэж, хүчтэй ярьж байсан. Гэтэл 6 жил өнгөрчхөөд байхад өнөөдөр энэ асуудал яригдсан хэвээр байгаа талаар юу гэж бодож байна вэ. Яагаад энэ асуудал ерөөсөө шийдэгдэхгүй байна вэ?
-Уралдаанч хүүхэд гэдгээс урьдаар яагаад бид хүүхэд, тэр дундаа хүүхдийн эрх гэж ярих ёстой, олон жил ярьж ирсэн хүүхдийн эрхийг эдлүүлж чадахгүй байгааг яагаад өөрчлөх ёстой вэ гэдгийг эргэн санах шаардлагатай гэж бодож байна.
“Монголчуудын хувьд хүүхэд гэж хэн бэ?” гэдгийг уншигч, сонсогч, үзэгч хүн бүр эргэж санаасай гэж хүсэж байгаа юм. Биднийг багад, өсвөр насан дээрээ байхад үгэнд орохгүй бол “арьсыг чинь хуулна”, “цусыг чинь холино”, “мөчийг нь санжуулчихна шүү” гэх зэргээр загнаж, зодож шийтгэх, эсвэл үгийг нь үл тоож, сонсохгүй байх буюу “томчууд ярьж байна, чимээгүй бай”, “цаг нь ирэхээр өөрөө наад асуудлаа ярь, одоо бол чи миний үгээр яв” эсвэл “бид ядуу, чи энэ гэрт амьдарч л байгаа бол хоолны мөнгө олж ир, гар” гэх нь нийтлэг байсан. Энэ хандлага бол монголчууд цаанаа бүгд хүүхдийг хүн гэж үздэггүй байсантай шууд холбоотой гэсэн үг.
Орчин цагт бол хүүхдийг бидэнтэй хамт өсөж, хөгжиж, энэ цаг хугацааг хамт туулж, нэгэн цаг үед хамт амьдарч байгаа бодьгал гэж харах ёстой болчхоод байгаа юм. Харин манайд хүүхдийг хүн гэж хардаггүй ба эцэг эхийнхээ биелүүлээгүй мөрөөдлийг биелүүлэх арга хэрэгсэл нь хүүхэд ч юм шиг, хүүхэд том хүний үгийг үг дуугүй дагаж, хэлсэн ёсоор нь байх ёстой мэт өнцөг байгаад л байна.
Тэгвэл дэлхий дахинд богино хугацаанд хүний төрлийг олоод амьдарч байхдаа хүүхдэдээ анхаарах нь зүйтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд, хүүхдийн эрх гэж ярьдаг болсон.
Дэлхий дээр байгаа хүн бүр хүний эрх, эрх чөлөөг эдэлнэ гэж заасан ч ямар нэгэн учир шалтгааны улмаас эдэлж чадахгүй байвал төрийн зүгээс эн тэргүүнд анхаарч, тодорхой бүлэгт зориулж бодлогоо гаргадаг.
Манай улсын хувьд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль, Залуучуудын хөгжлийн тухай хууль, Ахмад настны эрхийн тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль гэхчлэн нийгэмдээ нэн тэргүүнд анхаарах бүлгээ тодорхойлчихсон байдаг гэж болно. Монголын төр дэлхийн хүн төрөлхтний ололт амжилт, сайн жишигт тулгуурлаад хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө 1990-ээд оноос хойш идэвхтэй тэмцэж, арга хэмжээ авч хэрэгжүүлж, энэ үеэс хүүхэд хөдөлмөрлөж болохгүй, хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж болохгүй гэдгийг ярьж эхэлсэн.
“Хүүхэд эцэг эх, гэр бүлийн орчноосоо 24 цагаас дээш алсрах юм бол тэр хүн эрсдэлд байна гэж тооцдог”
Тэгэхээр 2017 оноос өмнө ч гэсэн олон улсын болон хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгууллага, Хүний эрхийн үндэсний байгууллага хүүхдийн хөдөлмөрийн талаар судалгаа хийж, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр Монголд байна уу гэдгийг судалсан. Зах дээр тэрэг түрж, гудамжинд гуйлга гуйж, циркт нугарч байгаа, эсвэл орой үдэш цэнгээний газарт үйлчлэгч хийж байгаа зэргээр томчуудтай хамт, хувь хүний хөгжилд нь сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдалд хүүхэд ажил хөдөлмөр эрхэлж, хурдан морь унаж байгаа зэргийг судлаад манай Монголд томчуудын үл хайхрах эрсдэлтэй, эсвэл гэр бүл нь анхаарахгүй орхисон, нэг бол хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртөх маш өндөр эрсдэлтэй, бие махбод, ёс суртахууны хувьд хүн болж төлөвшихөд нь сөргөөр нөлөөлөхүйц орчинд ажил хийдэг хүүхдүүд байсан гэж үзсэн. Тухайн үеийн судалгаагаар баар цэнгээний газар хүртэл хүүхэд ажиллуулж байсан баримт хүртэл байх жишээтэй.
Ер нь хүүхдийн эрх, Хүүхдийн эрхийн тухай конвенц гээд ярихаар хүүхэд эцэг эх, гэр бүлийн орчноосоо 24 цагаас дээш алсрах юм бол тэр хүн эрсдэлд байна гэж тооцдог. Тэгэхээр дотуур байранд амьдардаг байна уу, айлд хөдөлмөр эрхэлж, асрагч үйлчлэгч хийж байна уу, эсвэл хурдан морины уралдаанч байгаад морио дагаад явж байна уу гэдгээс үл хамаараад тухайн хүүхэд 24 цагаас дээш гэр бүл, эцэг эхээсээ хол байгаа л бол тэр орчныг эрсдэл бүхий нөхцөл байдал гэж үздэг. Ингээд харахаар хүүхэд хөдөлмөр эрхэлж болохгүй талаар бид суралцсан ч хүүхэд тэвчишгүй хөдөлмөрийн хүнд хэлбэрийг эрхэлж л байсан байна, өмнө нь. Хүүхдийн эрхийн тухай конвенцоор бол хүүхэд ямар нэгэн байдлаар бие махбод, оюун санаа, сэтгэл зүйн хувьд өөрт нь сөргөөр нөлөөлөхгүй орчинд, ээлтэй таатай, аюулгүй нөхцөлд өсөж торних ёстой байтал тэгж чадахгүй байх нь хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсэж байна гэж хардаг. Ингээд үзвэл бидэнд дэвшил байна, бас анхаарах асуудал байна гэдгийг Factcheck.mn нэг сарын хугацаанд онцолж гаргаж ирлээ гэж харж байгаа.
-Унаач хүүхдийн асуудлыг нэг сарын турш сурвалжлаад, судлах явцад фэйсбүүкт зарууд байсан л даа, “Унаач хүүхэд ажилд авна” гээд. Утсаар нь холбогдож үзэхэд “Цалин нэг сая төгрөг, олон сараар нь өгчхөж болно, амь насны даатгалд хамруулна” гэж байсан. Тэгэхээр хүүхэд хурдан морь унаад, цалин авах нь хөдөлмөр эрхэлж байгаа л гэсэн үг шүү дээ, тийм үү?
-Манай улсын Үндсэн хууль тогтоомжид яг хэн хэнтэй, ямар байдлаар гэрээлэх, эсвэл хоорондоо хэлэлцэж тохирох вэ гэдгийг заачихсан байгаа. Хүүхэд өсвөр насандаа эцэг эхийн хараа хяналт дор шууд үйлдэх боломжтой гэрээ хэлцлийг байгуулж болж байгаа юм. Эцэг эх нь гараад сүү, хүнс аваад ир гээд мөнгө өгөөд хүүхдээ дэлгүүр гаргаж, хүүхэд нь ээжийнхээ хэлсэн зүйлийг дэлгүүрээс аваад мөнгөө өгч байгаа. Энийг шууд биелэх гэрээ гэж харж болно. Иргэний харилцаанд хэдэн настай хүүхэд яг ийм гэрээ хэлцэл хийх вэ гэдгийг заагаад өгчихсөн. Томчууд, эцэг эхчүүд хүүхдийг яг ийм л гэрээ хэлцэлд оруулах боломжтой гэдгийг анхаарах ёстой. Хэрэв эцэг эх нь зөвшөөрч, хүүхэд өөрөө боломжтой байгаад, сурч боловсрох, хөгжихөд нь саад учруулахааргүй бол тодорхой хөдөлмөрийг, тодорхой цагаар эрхэлж болно.
Гэтэл бага насны, 14 хүрээгүй ч юм уу хүүхдийг уралдаанч хэмээн гэрээлж байгааг эргэж харах шаардлагатай. Хүүхдийг эрсдэлд оруулж, хүүхдийн өмнөөс үүрэг хүлээсэн этгээд буюу эцэг эх, асран хамгаалагч тухайн хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ бүрэн биелүүлэхгүй, хүүхдийг мөнгө олох арга хэрэгсэл байдлаар, эсвэл тэр хүүхдийн хувийн бие махбодын онцлогийг ашиглаад нөгөө талын ашиг сонирхлыг хангаж хэлцэл хийж байгаа бол эргэж харах нь зүй ёсны хэрэг.
Таны асуусан фэйсбүүкийн зарын жишээн дээр ярья. Цалинг нь хэд хэдэн сараар нь өгчхөж болно гэдгийн цаана хэд хэдэн анхаарах зүйл байгаа юм. Нэг сая төгрөг гэхээр хөдөлмөрийн хөлснөөс арай дээгүүр, тэдээд олон сараар өгнө гэхээр бүр гоё сонсогдож магадгүй. Гэтэл тухайн хүүхэд тэр олон сар боловсролоос завсардана гэсэн үг.
НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Монголын хуульчдын холбоо болон үндэсний төрийн бус байгууллагууд судалгаа хийсэн л дээ. Хүүхэд эцэг эхийн зөвшөөрлөөр гэрээ хэлцэл байгуулсан нэрээр хурдан морины уяа сойлго, уралдааны мөрөөр яваад эхлэхээр хичээлээсээ хоцорчихдог. Тэгээд буцаад ирлээ гэхэд үеийнхнээсээ хоцорчихдог, хичээлээ нөхөх боломжгүй байдаг учраас хичээлдээ сонирхолгүй, хоцрогдлоо нөхөж чадахгүй болж, аажимдаа хичээлээсээ залхан суралцах хүсэл сонирхолгүй болдог. Яваандаа “би чадахгүй, нэгэнт сурч амжихгүй, барахгүй юм байна. Ер нь мөнгө олж чадахаар нь морь уная” гэдэг шийдвэр, сонголтыг хүүхэд хийдэг гэдэг нь судалгаагаар гарч ирсэн. Хүүхдэд ийм ноцтой эрсдэл байдаг учраас хүүхдийг битгий ийм байдалд хүргээч, ялангуяа бүсийн уралдаан зохион байгуулахдаа хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хүүхдэд ээлтэй таатай орчныг бүрдүүлэхээс гадна сурч боловсрох эрхийг нь эдлүүлэхэд анхаараач ээ гэдэг зөвлөмжийг өгсөн.
Засгийн газрын зүгээс ч цар тахлын өмнө шийдвэр гаргаж, бүсийн уралдаан зохион байгуулахдаа хүүхдийн сурч боловсрох эрхийг анхаарах ёстой гэж тогтоолын төсөлдөө тусгасан нь ахиц дэвшил болсон.
“Хүүхдийн хөгжих суралцах, эрүүл аюулгүй орчинд байх нөхцөлийг хангасан байх дээр бүх тал оролцож, үүрэг хүлээх ёстой гэдгээ л мартаж болохгүй”
-Хичээлээс хоцрогдсон хүүхэд сурах эрмэлзэлгүй болж байгаа нь эргээд Монголын хөгжлөөс хамгийн их хоцорч байгаа хөдөөгийн залуус, хөвгүүдийн эгнээг тэлж байгаа талаар Бүх нийт боловсролын төлөө ТББ-ын ерөнхий зохицуулагч Д.Тунгалагийн яриа эмзэглэмээр байсан.
-Манай Монгол Улсад ядуурлыг хүний эрхийн зөрчил гэж харах туршлага алга л даа. Хүмүүс ядуу байгааг арчаагүйнх, хүмүүс ядуу байгааг сонголтгүйнх гэж тодорхойлох бол учир дутагдалтай гэж хэлмээр байгаа юм. Тухайн гэр бүл ядуу байж болно, боловсорсон, туршлагатай, ур чадвартай хүн гэр бүлд нь цөөн байж болно. Гэхдээ хоцрогдсон боловсролыг нөхөх, мэдлэг ур чадварыг олгох, нийгэмд өөрийгөө шинээр үнэлээд, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх үүрэг нь төрд байгаа юм.
Ямар улс төрийн нам, хүчин эрх барьж байгаагаас үл хамаараад Засгийн газар, тэр дундаа боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, тэр дундаа насанд хүрэгчдийн хувьд насан туршдаа суралцах боломжийг иргэн бүрд олгох үүрэгтэй төрийн бүтэц энэ хөтөлбөрөөрөө дамжуулаад тухайн хүмүүсийг сургах ёстой. Эцэг эхчүүдийн хувьд ийм байна. Хүүхдээ хурдан морь унуулж мөнгө олох гэдэг бол ядуу өрхийн хувьд сонголтгүй мэт бодогдож байж магадгүй. Гэхдээ боломж бололцоог төрийн зүгээс олох ёстой гэдгийг эргэн сануулж, зориуд хэлмээр байна.
-Нөгөө талаар хүүхэд морь унах дуртай учраас эцэг эхчүүд хүүхдээ морь унуулж, орлого олж байна гэж өмөөрөх хүмүүс байна л даа.
-Хүн ядуу байгаад, тэр хүнд мөнгө илүүчилж, тэгснээрээ тухайн хүнийг чи орлоготой, ая тухтай амьдарч байгаа юм шүү гэж хандах бол эзэн-боолын л харилцаа, хамжлагат ёсны үлдэгдэл шүү дээ. Гэтэл талууд гэрээн дээр эн тэнцүү эрхтэйгээр, өөрсдийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлээд, цалин хөлс, хүүхдийн аюулгүй байдал, таатай хөгжих нөхцөлийг ярилцах боломж тэр гэр бүлд, хүүхдэд байгаа юу гэвэл тийм гэрээ хэлцэл хийж чадахгүй байгааг бодит байдлаас харж болно.
Нэг сая төгрөг их мэт боловч хүүхдийг ийнхүү уралдуулж байгаа нь маш их эрсдэлтэй. Тухайн хүүхдийн ирээдүйд ямар хүн болох вэ гэдгээс авахуулаад цаашид ямар иргэн болж байгаа вэ гэдэг чухал. Улс орондоо хувь нэмрээ оруулдаг, ажилтай орлоготой, амьдралаа өөрөө аваад явчих тийм л иргэн аливаа төрийн хувьд хамгийн чухал шүү дээ. Яг ийм иргэн бэлдэж чадаж байгаа юу гэдэг талаас нь харвал эсрэгээрээ, бид хүүхдийн суралцах хүсэл мөрөөдлийг нь унтрааж, суралцахаас хоцроож байгаа ба үүнийг буруу үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрмөөр байна. Ажилгүй хүмүүсийг ажилтай болгож байна, ядуу хүмүүсийг орлоготой болгож байна гэж байгаа нь зөвтгөх бүрэн дүүрэн үндэслэл биш.
Харин талууд хүсээд, хүүхдийг 14 хоног уралдуулаад, дараа нь зуны амралтаар нь наадам хүртэл уяа сойлго дээр, сунгаа үсэргээнд оролцуулмаар байна гэвэл үгүйсгэх аргагүй.
Хүүхдийн хөгжих суралцах, эрүүл аюулгүй орчинд байх нөхцөлийг хангасан байх дээр бүх тал оролцож, үүрэг хүлээх ёстой гэдгээ л мартаж болохгүй. Эцэг эх нь төлөөлөөд гэрээ хийчихсэн юм гээд төр дуугай өнгөрөх биш, төр хүүхдийн ашиг сонирхлыг эн тэргүүнд анхаарах ёстой.
-Хурдан мориноос унаж бэртсэн хүүхдүүдтэй холбоотой шүүхийн шийдвэрүүдийг судлаад үзэхээр уяачид, хүүхдийг аюултай, эрсдэлтэй нөхцөлд оруулсан хүмүүс торгуулсан, эрүүл мэндийнх нь хохирлын зардлыг төлсөн, тухайн хүүхэд нас барсан бол оршуулгынх нь зардлыг төлж, ар гэрт нь хэдэн төгрөг олгосон байна. Ерөнхийдөө тэнсэн харгалзах ял аваад өөр ямар нэгэн шийтгэлгүйгээр явсан байна. Хүний амь нас хохирсон байхад ийм сул шийтгэл ял байгаа дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Өмнөх зүйлээ л давтаж хэлэх гээд байна л даа. Бид хүүхдийг хэн гэж харж, тодорхойлж, хүлээж зөвшөөрч, хүүхдийг сайн сайхан байлгахын төлөө зорьж байна уу гэдгээс илэрхий байна. Хүүхэд унаж бэртээд гэмтчихлээ гэвэл хүүхдийн амь насыг хэдэн төгрөгөөр тодорхойлж байна вэ гэдгийг харж болно.
-Ингээд ярихаар мориноос унаж амиа алдсан хүүхдийн тоо зам тээврийн ослынхоос хамаагүй цөөн гэж хэлэх хүмүүс байх юм.
-Хэрвээ бид хүүхдийн тухай ярьж байгаа бол, хэрвээ бид хүүхдийн эрх гэж эн тэргүүнд анхаарах тухай ярьж байгаа бол зүй нь манай улсад нэг ч хүүхэд унаж бэртэхгүй, нэг ч хүүхэд амь насаа алдахгүй байх тухай л ойлголт юм. Хүн өөрөө зориуд зохион байгуулж байгаа үйл ажиллагаандаа хүмүүсийг татан оролцуулж, тэрнээс нь шалтгаалан хэн нэгэн унаж бэртсэн, эсвэл тухайн бэртэл гэмтлийн улмаас амь насаа алдсан байхад зөвхөн торгоод, оршуулгын зардал, тодорхой хэмжээний хохирлыг барагдуулаад л болчихно гэдэг шударга ёс мөн үү гэдгийг зүгээр л эргэцүүлмээр байгаа юм.
Эрийн гурван наадмын нэг болох бөхийн онцлог бол нас биед хүрсэн хүмүүс ямар дүрэм, ямар мэхээр, яаж барилдах нь тодорхой байдаг. Үнэн хүчийг үзэж, аваргыг шалгаруулж байна. Харваачдын хувьд ч гэсэн тодорхой дүрэм журам, оноо, зэрэг дэвтэй. Хурдан морины тухайд монгол соёл уламжлал гэж хадгалж авч үлдсэн. Гэвч морь бол амьд амьтан, хүнтэй ярилцаж ойлголцдог зүйл биш гэдгийг бас мартаж болохгүй. Хүн хүнтэйгээ харилцдаг биш, хүн амьтан хоёр харилцаж байгаа ийм харилцаа учраас бид ямар ч тохиолдолд амь нас эрсдэх нөхцөлийг үүсгэхгүйгээр наадах ёстой гэдгийг л ойлгочихмоор байгаа юм. Энэ нь бүсийн уралдаан байна уу, үндэсний хэмжээний наадам байна уу хамаагүй, аюулгүй байдлыг хангаж, хүүхэд унах бэртэх нөхцөлийг л гаргаж болохгүй.
Хүүхдээ үнэлдэггүй юм гэхэд хүлэг морио ч унаж бэртэхээс сэргийлэх нь уралдаан, наадам зохион байгуулж байгаа хүмүүсийн үүрэг. Энэ бол арга ядсан л хүний үг л дээ. Ямар замаар явах, зурхай нь ямар байх, яаж эргэх, замд нь саад бэрхшээл байвал яаж арилгах вэ гэдэг бол уралдаан зохион байгуулж байгаа хүмүүсийн үүрэг юм.
“Монгол уралдаанч гэдэг морио мэдэрдэг, багаасаа уян хатан ур чадвартай, авьяас билэгтэй хүмүүс байдаг юм гэдгээ таниулах, алдаршуулах том боломж байна“
-Соёл судлаачид ч, үндэсний морин уралдааны өвийг тээж явж байгаа уяачид ч хэлж байна. Монгол наадмын, үндэсний морин уралдааны хамгийн үнэ цэнтэй эрхэм зүйл нь монгол морь, унаач хүүхэд байдаг гэж. Тэгтэл одоо морио бахардтал, хүүхдээ унаж бэрттэл нь шунаж уралддаг болсон дүр зураг ажиглагдсан. Уламжлал гэхээсээ илүү алдар цол, нэр хүндийн төлөөх хэрэгсэл болж, морио хурдлуулахын тулд эрлийзжүүлэх зэргээр гажуудуулж, эцэст нь хүүхдүүд хохироод байна гэж дүгнэхээр байна.
-НҮБ-ын зүгээс яг тухайлан Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас нь манай үндэсний баяр цэнгүүн болсон наадмыг соёлын өвд хүлээн зөвшөөрч, бүртгэж авсан. Эрийн гурван наадам буюу бөх, сур болон хүүхэд оролцуулан морь уралдаж байгаа энэ онцлог хэлбэр нь Монголын өөрийн өв соёлын илэрхийлэл байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийг морь уралдуулж оролцуулж байгаагаараа дахин давтагдашгүй онцлог хэлбэр гээд ЮНЕСКО-ийн өвд бүртгэсэн. ЮНЕСКО-ийн бүртгэл дээр долдугаар сарын 11, 12, 13-нд, зуны дэлгэр цагтай зохион байгуулж байгаа наадам гэж онцолсон.
Тэгэхээр бид яг соёлын өв гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхдээ энэ уламжлалт хэлбэрээ хадгалсан байгаа юм. Нэгдүгээрт, монгол морио хүүхдээр унуулдаг. Хоёрт, монгол морины үйлдэр угсаа, удмын санг хадгалж хамгаалах, түүгээрээ дамжуулаад морь эдлэх соёлоо дараа үедээ үлдээх нь маш том соёлын дархлаа байгаа юм. Нэг ёсондоо бид наадмыг соёлын дархлаа, соёлын өв, түүнийгээ уламжилж байгаа үйл хэрэг гэж харах нь зүйн хэрэг. Харин үүнийг өөрчилж, хүнд илүү аюултай болгож байгаа, эсвэл явцуу ашиг сонирхол илэрхийлэн туршлага тогтоож байгааг болиоч ээ л гэж хэлээд байгаа юм.
Таны хэлсэнчлэн эрлийзжүүлэх гэдэг нэр томьёо хэдийн үүсээд, аль хэдийн эрлийз морины уралдаан зохион байгуулах болсон нь өв тээж байгаа нэрээр өв соёлоо өөрчилж байгаа ухвар мөчид үйлдэл.
Тэгвэл бид яг юуг дараа үедээ үлдээх ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Зоосны нүхээр харсан, зэрэг цол, зальхай сэтэрний төлөө энэ уралдаанаа хийгээд байх юм уу? Эсвэл олон зуун жилийн өв сан, тэр цэцэн мэргэн ухааны илэрхийлэл болсон морь эдлэх соёл, малчин монгол хүний ухааныг дараа үедээ өвлүүлэх үү? гэдгээ санах хэрэгтэй.
Жишээлбэл, Монголын морин спорт уяачдын холбооны зүгээс морьтны соёлыг олон нийтэд түгээхийн тулд 4300 морь оролцсон уралдаан зохион байгуулж, Гиннесийн номонд бүртгүүлж байсан. Тус холбоо хоёрдугаар сард ажлын хэсэг байгуулаад морь унаж байгаа хүүхдийн хамгааллын хэрэгслийн стандартыг сайжруулах, хүүхдээ илүү сайн хамгаалах стандарт талаас нь анхааръя гээд эрдэмтэн судлаач, энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд бидэнтэй нэгдээч гээд нээлттэй ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ улангассан энэ туршлага, өвөө өөрчилж байгаа нэг зүйл нь бооцоот морин уралдаан гэдгийг бас ялгаж хармаар байгаа юм.
Бооцоот морин уралдааныг хаалттай, хоорондоо итгэдэг, эсвэл морин уяач гэдгээрээ холбоотой хүмүүс нууцхан, нүднээс сэмхэн зохион байгуулж байгаа туршлага бол олон жилийн турш байсаар ирсэн. Ингээд дөрөв, тавдугаар сард мянган долларын ч юм уу бооцоотой уралдаан зохион байгуулдаг дүр зураг бий. Харин манай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тодорхойлсноор Монгол Улсад бооцоо, тааварт уралдаан зохион байгуулах хориотой, үндэсний хэмжээнд.
Гэтэл баян хүмүүс мөнгөө нударган дотроо тохироод уралдаж байгаа нь шинэ практик болчихсон. Сумын иргэд ч, багийн иргэд ч мэддэг. Энэ бол нэгт, өв соёлоо уландаа гишгэж, хэм хэмжээгээ үл тооц байгаа ахархан бодолтой хүмүүсийн үйл. Нөгөө талдаа хуулиас давж, морин уралдаан нэрээр ашиг хонжоо хайж, хүний амьдралыг зоосны нүдээр шүүж байгаа бурангуй, балмад үйлдэл.
-Мөнгө олох гэж байгаа ашиг сонирхлын үйл ажиллагаандаа хүүхдийг татан оролцуулна гэдэг чинь үнэхээр байж болохгүй зүйл. Хүүхдийг хүн гэж үзэхгүй, зүгээр л мөнгөний хэрэгсэл болгож байгааг таны хариулт илүү тодорхой болгож байна. Засгийн газар нь хүртэл хаврын уралдааныг зохион байгуулахгүй гэсэн тогтоол гаргаад, шүүхийн шийдвэр гарсан байхад УИХ-ын гишүүдээс эхлээд энэ уралдааныг сэргээнэ гээд талцаад эхэлсэн. УИХ-ын даргын байр суурь, энэ үйл явдлуудыг дүгнэхэд ер нь шийдэлд хүрч чадах уу, шийдэлд хүрэхийн тулд яах ёстой гэж та харж байна вэ?
-Өмнө нь Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зүгээс яг үүн дээр шийдэл санал болгож байсан түүх бий. Жишээлбэл, уламжлалт морин уралдаан, мэргэжлийн морин уралдаан гэж салгая гээд. Суман дээрээ ч юм уу, уламжлалаа хадгалаад, найр наадмаа хийхдээ морио уралдуулдаг. Үүнийг уламжлалт морин уралдаан гэх бөгөөд цэвэр цусны монгол мориныхоо удмын санг баяжуулаад, морио хүүхдээрээ унуулаад наадмаар уралдуулна.
Харин морин спорт гэж байгаа бол үнэхээр тэр бооцоо байгаад, спортын тамирчид оролцдог, насанд хүрсэн хүн биеийнхээ жин, өндрөөр шалгуурыг нь хангаад морио унаж, тэр морь нь ямар угсаа гаралтай байхыг дүрмээрээ тогтоогоод бооцоогоо тавиад оролцдог байх хэрэгтэй. Бооцоо тавьсан мөнгөний эх үүсвэр нь хууль ёсны гэдэг нь ил байдаг, тэрнээс нь татвар төлдөг байх зэрэг тодорхой зохицуулалттай. Одоо бол татвар төлж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Хэрэв бай түрүүг нь авч чадвал тэр нь олны өмнө ил, түүнээсээ төлөх ёстой тавараа төлөөд, бай шагнал, ямар удамтай ямар морь хэдэн төгрөгийн үнэтэй гээд олон нийтэд ил, ойлгомжтой болж олон давуу тал бий болох хуулийн шийдэл байгаа юм.
Ингээд ирвэл хууль зөрчиж уралдаан зохион байгуулж байгаа бол уяач гэж тооцохгүй байх, тухайн хүмүүсийн бай түрүү шагнал авсан ч гэсэн тэр морийг дараагийн албан ёсны уралдаанд оруулахгүй байх ч юм уу иймэрхүү шийдлүүд байж болно.
Дэлхий дахинд бол морь эдлэх соёл зөвхөн Монголд байгаа биш шүү дээ. Англи тэргүүтэй улсууд бол морины уралдааныг хөгжүүлчихсэн сайн туршлага байна. Түүндээ тулгуурлаад бооцоот уралдааныг хөхиүлэн дэмжиж байгаа. Тэр улсуудын туршлагаас хараад бид мэргэжлийн морин уралдааныг зохион байгуулъя гэхэд морин тойруулга, уралдаанч бэлтгэх сургууль, уралдаанчдын клуб, цаашилбал шулуун замыг барих гэхчлэн санаачилга гаргаж байгаа хүмүүс байна. Тэр хүмүүсийн сайн туршлагыг олж авч, баримтжуулах, түгээх, улмаар аймаг болгон өөрийн морин тойруулгын талбайтай болж, мэргэжлийн морин уралдаанаа зохион байгуулаад, аймаг аймгаас шалгарсан түрүү нь мэргэжлийн спортынхоо лигт орж уралддаг, цаашлаад Азийн морин уралдаандаа явдаг байх боломжтой. Уралдаанч маань мөн заасан жин, өндөрт нь таарч байгаа нас биед хүрсэн байх ба дасгалжуулагчидтайгаа хамт бүс нутгийн томоохон уралдаанд ордог ч юм уу. Ингэж олон улсын жишгээрээ явах, нөгөө талдаа соёл уламжлалаа хадгалж үлдэх боломж, шийдэл байна.
Үнэхээр л бид морь эдлэх соёлтой, монгол ард түмэн бол тэр морьтой ээнэгшин дасах, морийг зөөлөн аргаар сурах тал дээр маш өргөн боломжтой. Үүнийг орчин үеийн техник технологи, ахиц дэвшилтэй холбоод Монголоос мундаг алдартай уралдаанч нар гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.
Ийм том нөхцөл боломж байгаа учраас хуулиа нугалаад, соёл уламжлалаа уландаа гишгэж, өөрийн явцуу ашиг сонирхлын төлөө зоосны нүхээр харж явахаас илүүтэйгээр монгол уралдаанч гэдэг ийм арга барилтай, мундаг хүмүүс байдаг юм, морьтой ярилцдаг хэлтэй, морийг мэдэрдэг харилцдаг, багаасаа уян хатан ур чадвартай, авьяас билэгтэй хүмүүс байдаг юм гэдгээ таниулах, алдаршуулах том боломж байна. Нөгөө талдаа морьтны соёлыг хадгалсан гэж түмэн олонд бахархуулах боломж бас байна л даа, шийдлийн тухайд.
-Бидний хувьд хүйтний улиралд, хүнд хэцүү нөхцөлд л хүүхдийг битгий хурдан морь унуулаач ээ гэж байгаагаас биш хүүхэд хонио хариулахдаа морь унах ч юм уу уламжлалт хэрэглээг огт үгүйсгээгүй. Та үүнтэй санал нийлнэ биз дээ?
-Тийм ээ, таны хэлсэнчлэн бидний хувьд наадмыг үгүйсгэх, монгол соёлын эсрэг тэмцэж байгаа хэрэг огт биш. Харин дотоодод мөрдөж байгаа хууль тогтоомжоо чанд сахиж биелүүлэх нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг, энэ үүргээ л бүгдээрээ хамт биелүүлье гэж байгаа юм. Хоёрдугаарт, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль баталж, онцгойлон анхаарна гэж хүүхдүүдийнхээ өмнө өгсөн амлалтаа томчууд биелүүлж, хариуцлагатай байя гэдэг санаагаар бид үргэлж байр сууриа илэрхийлж ирсэн. Гуравдугаарт, үнэхээр л тэр их мөнгө байгаа юм бол, үнэхээр л бооцоотой уралдмаар байгаа бол нууцаар, нударган дотроо элдэв шан харамж ярихаас илүүтэйгээр бүгдээрээ л ил тод байж, мэргэжлийн түвшинд спорт байдлаар энэ уралдааныг шинэчлэх боломж бүрэн байгааг анхаарах бодлогын шийдлүүд байна.
Өөрөөр хэлбэл, эсэргүүцэж, тэрсэлдэж байгаа хэрэг биш. Харин ямар боломж хувилбар, шийдэл байна вэ гэдгийг өөрсдийнхөө хийсэн судалгаа бүрээр гаргаж ирдэг. Энэ хүрээндээ хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжил гээд олон талаас нь судлаад танилцуулж байгаа юм. Судалгаа бүрийн цаана бид монгол өв уламжлалыг дараа дараагийн үедээ, илүү олон зуу, мянган жилээр дамжуулж үлдээх вэ гэдэг дээр л ярьж байгаа гэсэн үг. Түүнээс биш соёлоо үгүйсгэж, хурдан морь унаж байгаа хүүхдийг боль гэж хэлж байгаа зүйл байхгүй. Хамгийн чухал зүйл бол морин уралдаанаа яаж хадгалж авч үлдэх юм, мэргэжлийн спортын морин уралдаанаа ямар түвшинд гаргахад анхаарч, туршлагаа хуваалцаад явбал Монголынхоо морьтон соёлыг дэлхий дахинд түгээхэд ч гэсэн үнэтэй хувь нэмэр оруулах болов уу л гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.