Оросын суртал ухуулгын “firehose” загвар Монголд хэрхэн ажиллаж байна вэ?

Сошиал орчинд өдөр бүр давтагдан гарч ирдэг айдас төрүүлсэн, анхаарал татсан, заримдаа бүр бодит мэт санагдах мэдээллүүд санамсаргүй үзэгдэл биш байж мэднэ. Америкийн судлаачдын “Firehose of Falsehood” хэмээн нэрлэсэн хуурамч мэдээлэл түгээх загвар нь олон сувгаар, өндөр давтамжтай, сэтгэл хөдлөлд тулгуурлан мэдээлэл “бөмбөгдөх” аргаар нийгмийн ойлголтод нөлөөлдөг болохыг олон улсад тогтоосон байдаг.

Factcheck.mn-ийн 2023–2025 оны мониторингийн үр дүнгээс харахад энэ хэв маяг Монголын фэйсбүүк орчинд бодитоор нутагшиж, мэдээллийн урсгалын нэг хэсэг болсон шинж ажиглагдаж байна.

Энэ загвар нь өөрийн гэсэн дараах шинжүүдийг агуулдаг талаар Factcheck.mn 2022 онд Монголын цахим орчин дахь гаднын мэдээллийн урсгалд мониторинг хийхдээ анх танилцуулж байсан.

Firehose falsehood загварын мэдээлэл нь

  • Мэдээллийн олон суваг + маш их хэмжээний мэдээлэл
  • Давтагдсан, тасралтгүй үргэлжилсэн, түргэн шуурхай
  • Бодит байдалд бүрэн нийцээгүй, зарим тохиолдолд хэзээ ч болоогүй үйл явдлыг шинээр үйлдвэрлэдэг
  • “Нэгэн хэвийн бус” баригддаггүй хэлбэртэй гэсэн нийтлэг хэв шинжтэй байдаг.

Тэгвэл “Монголын мэдээллийн орчин дахь гадаад нөлөөллийн хувьсал” хэмээх ээлжит мониторингийн үр дүнгээс харвал Firehose of falsehood хэв маяг Монголын фэйсбүүк орчинд бодитоор нутагшсан нь тодорхой болов.

Фэйсбүүк орчинд 2023-2024 болон 2024-2025 онд түгсэн нийт 788 постод дүн шинжилгээ хийхэд мэдээллийн өнгө аяс, хэв шинжийг ажиглахад урт текст, эх сурвалжгүй түүхэн өгүүлэмж, анхаарал татах зураг ашигласан, ижил агуулгыг давтамжтай түгээдэг аккаунтууд идэвхтэй хэвээр байв.

Эдгээр хэв шинжийг тодруулбал:

Оросыг дэмжсэн мэдээллийн урсгал нь “Firehose of Falsehood” буюу мэдээллээр бөмбөгдөх загвартай төстэйгээр, өндөр давтамж, сэтгэл хөдлөлд тулгуурласан хэлбэрээр явагдаж байна.

Визуал анхаарал татах (Visual Impact): Хэрэглэгчийн анхаарлыг шууд татахын тулд тод өнгийн дэвсгэр ашиглах, ТОМ ҮСГЭЭР (CAPSLOCK) гарчиг бичих, анхааруулах тэмдэг (‼️, 🛑, ⚡) болон сэтгэл хөдлөл илэрхийлсэн эможиг ихээр ашигладаг.

Сэтгэл зүйн нөлөөлөл: Агуулгын хувьд айдас төрүүлэх (fear-mongering), түгшүүр үүсгэх үг хэллэг давамгайлдаг. Жишээлбэл, “Сүйрэл”, “Гамшиг”, “Урвагч”, “Зомби” зэрэг хүчтэй сөрөг утгатай үгсийг сонгон хэрэглэж, логик дүгнэлтээс илүү сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл (emotional response) өдөөхийг зорьдог.

Эх сурвалжийн тодорхойгүй байдал: “Гадаадын эрдэмтэн хэллээ”, “Оросын шинжээч нотоллоо” гэх мэт ерөнхийлсэн, баталгаажуулах боломжгүй эх сурвалж дурдах, эсвэл хуурамч шинжээчийн дүр (жишээ нь: “Химич Галдмаа”) эсгэх замаар мэдээлэлдээ үнэмшилтэй байдал нэмэхийг оролддог.

Ийм хэв шинжид анализ хийхэд хамгийн ихээр дараах өгүүлэмжүүд давтагдсан байсан нь

  • Орос улсыг Монголын тусгаар тогтнолын цорын ганц баталгаа мэт дүрслэх
  • Барууны орнуудыг Монголын баялгийг сорогч, хорлон сүйтгэгчээр тодорхойлох
  • Монголыг дараагийн Украин болно гэсэн айдас төрүүлэх, үүндээ Украины дайныг жишээ болгон ашиглах
  • Дотоодын либерал, иргэний нийгмийн оролцогчдыг “гадаадын нөлөөтэй” хэмээн гутаах байв.

Тухайлбал, АНУ болон Европын холбоог “дайны өдөөн хатгагч”, “ёс суртахууны доройтолд орсон” гэж олонтаа дүрсэлж байна. Украин дахь дайныг барууны орнууд өдөөсөн бөгөөд Орос зөвхөн хариу арга хэмжээ авч байна гэсэн өгүүлэмжийг сошиал орчинд ихээр түгээж иржээ.

Тэд мөн дотоодын “дайсан”-ыг бүтээх хүрээнд ардчилсан, либерал үзэлтэй улстөрчид, тухайлбал Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Э.Бат-Үүл нарыг “Малан толгойнууд”, “Гадаадын тагнуул”, “Урвагчид” гэж нэрлэн, нийгмийн үзэн ядалтыг тэдэн рүү чиглүүлдэг байна. Тэднийг Орос-Монголын харилцааг санаатайгаар эвдэж, улс орноо Украинтай адил дайны талбар болгох гэж байна гэж буруутгасан агуулгуудыг түгээдэг.

Түүнчлэн гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг үгүйсгэхдээ “Уран бол гамшиг” гэсэн ойлголтыг нийгэмд түгээж байв. Ингэхдээ Францын “Орано” компанийн хэрэгжүүлж буй ураны төслийг зогсоох зорилгоор эрүүл мэндэд арилшгүй хортой гэсэн айлгах тактикийг ашигласан. Тухайлбал, Өөрийгөө судлаач гэж нэрлэсэн “Химич Галдмаа” гэх хаяг Дорноговь аймагт очиж “5D ЭХО-гоор гажигтай хүүхэд, мал харсан” гэх сэтгэл хөдлөлд тулгуурласан, баталгаагүй судалгааны үр дүн нийт 1600 удаа удаа шэйрлэгдсэн байсан юм. Тэрээр мэргэжлийн үг хэллэг (U3O8, хүхрийн хүчил, радон) ашиглан энгийн иргэдийг төөрөгдүүлж, Францын “Орано” компанийн төслийг зогсоохыг байнга уриалдаг аккаунт байв.

Энэ мэтээр гаднын орнын мэдээллийн нөлөө нь нийгэмд маш хортой. Энэ нь нотолгоонд суурилсан бодлогын хэлэлцүүлгийг сулруулж, барууны түншлэлд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахад нөлөөлж байна. Улмаар Монголын гадаад бодлогын тэнцвэрт байдлыг гажуудуулах эрсдэлтэй бөгөөд дотоод нийгмийн хуваагдлыг гүнзгийрүүлэх аюултай.

“Firehose of Falsehood” загварын онцлог Монголын цахим орчинд давтагдах, өндөр хурдтай, сэтгэл хөдлөлд тулгуурласан мэдээллийн урсгал хэлбэрээр илэрч байгааг энэхүү судалгаа харуулж байна. Энэ нь зөвхөн мэдээллийн чанарт нөлөөлөөд зогсохгүй олон нийтийн итгэл, ойлголт, улс төр болон гадаад бодлогын талаарх хандлагад шууд нөлөөлөх уршигтай үзэгдэл юм. Эх сурвалж тодорхойгүй, баталгаагүй мэдээлэл бодит баримтаас илүү тархаж буй нөхцөлд нийгмийн мэдээллийн дархлаа суларч, төөрөгдөл нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Иймээс баримтад суурилсан сэтгүүл зүйг дэмжих, мэдээллийн боловсролыг сайжруулах нь зөвхөн медиа салбарын бус, нийт нийгмийн түвшний зайлшгүй шаардлага болж байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Баасанжавын Отгон сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсаараа 2024.01.14-нд “3000 уурхай ашиглуулчихаад 32 тэрбум долларын өрөнд ороод, 3000 гаруй булаг шанд тойром гол усаа ширгээчихээд Баялагтаа эзэн гэж орилж суухаар УХААРААЧ” гэсэн пост оруулжээ. Уг постод 4.8К хүн хариу үйлдэл үзүүлснээс 3.2К нь цааш түгээсэн байна. Энэхүү агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: […]

“Хэн нэгэн өнөөдөр сүүдэрт нь амарч сууж байгаа бол тэр модыг удаан хугацааны турш тордож ургуулсантай холбоотой” гэж дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч Уоррен Баффет  хэлсэн нь бий. Яг үүнтэй адил хүн амьдралынхаа хоёр дахь үеийг санхүүгийн хувьд бие даасан, эрх чөлөөтэй өнгөрүүлэх баталгаа нь эртнээс төлөвлөсөн тэтгэвэр байдаг. Өнөөдөр Монгол Улсад тэтгэврийн орлого хүрэлцээ муутай, […]

Жижиг, дунд үйлдвэрийн газар хэвлэл мэдээллийн 10 байгууллагатай 1.78 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан баримт цахим орчинд ил болоод буй. Уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу уг гэрээнд багтсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Шилэн дансанд байршуулсан энэхүү гэрээ нь “Шинэ хоршоо хөдөлгөөний бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг […]

Хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайхантай унаач хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр хүүхдийн эрх, тэр дундаа унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон жил манлайлж ажилласан эрх зүйч юм. -Өмнө нь та унаач хүүхдийн эрх гэсэн яг энэ сэдвээр 2017 онд тэмцэж, хүчтэй ярьж байсан. Гэтэл 6 жил өнгөрчхөөд байхад өнөөдөр энэ асуудал яригдсан хэвээр байгаа талаар юу […]

Монголчууд үдээс өмнө, үдээс хойш гэдэг хоёр цагтай. Яг үүн шиг хуульдаа хүртэл тийм тоймлосон үгтэй ажээ. Жишээ нь, Зар сурталчилгааны тухай хуульд “Чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулахыг хориглоно” гэжээ. Ихээр агуулсан. “Их” гэдэгт хэр их хэмжээг илэрхийлж байгаа нь тодорхойгүй. Ахиад ч бий. Телевизээр […]

“Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг ТӨР хамгаална”. Хүчтэй өгүүлбэр. Гэхдээ, “хоёр нүүртэй” өгүүлбэр. Учир нь Үндсэн Хуулийн энэ заалт хурдан морь унах ажил “эрхэлдэг, эрэмгий бяцхан жаалуудыг “тоодог” эсэх нь эргэлзээтэй. 2019 он. Жил бүрийн арван нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг хориглосон 57-р […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх