Монгол Улс электрон тамхины зохицуулалтгүй, яг л Африкийн цөөн улс шиг…

Тамхи хэрэглэгчдийнхээ 50%-ийг үхэлд хүргэдэг. Хорт хавдаг үүсгэдэг 70 гаруй төрлийн хорт бодис тамхинд агуулагддаг. Хүний эрүүл мэндэд энэхүү бүтээгдэхүүн нь ийм хор уршигтай, 20 жил хэрэглэхэд үр дүн нь үхэл байдгийг олон судалгаа нотолжээ.

Тэгвэл тамхи гэж яг юу вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Тамхины суурь конвенцоор, тамхины ургамал болох Nicotiana tabacum-оос гарган авсан бүх бодис, бүтээгдэхүүнийг тамхины бүтээгдэхүүнд гэж үздэг байна. Харин эрүүл мэндийн хүрээнд “Тамхины бүтээгдэхүүн  гэдэг нь тамхины навчийг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн түүхий эд болгон ашиглаж, татах, сорох, зажлах, эсвэл хамраар үнэрлэх зориулалтаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэлнэ” гэжээ.

Энгийнээр товч тайлбарлавал утаатай болон утаагүй никотины бүтээгдэхүүнүүдийг ДЭМБ тамхинд хамааруулан үзэж байна.

Тамхины ургамлын бэлдмэлд агуулагдах, сэтгэцэд нөлөөлөх гол бодис нь никотин. Түүнээс гадна 7000 гаруй төрлийн химийн бодис агуулж, олон өвчний суурь шалтгаан болдог нь тогтоогдсон байдаг.

Тийм учраас дэлхийн улс орон болгон дотоодын хуулиараа тамхины хэрэглээг зохицуулахаас гадна олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орох замаар нийгмийн эрүүл мэндээ төрийн түвшинд хамгаалж байдаг. Тодруулбал, Тамхины суурь конвенцод дэлхийн 183 улс нэгдэн орсон байна.

Монгол Улсын хувьд тамхины хэрэглээг бууруулах зорилгоор анх 1993 онд Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийг баталсан ба Тамхины суурь конвенцод 2004 онд нэгдэн оржээ. Уг хуулийг 2005 онд шинэчлэн найруулж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан хууль өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй юм. Өнгөрсөн хугацаанд тус хуульд найман удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч хоёр нь л зармын томоохон өөрчлөлт байсан бол бусад нь өөр хуулиудыг дагалдсан нэр томьёоны өөрчлөлт төдий байсан аж. Зарчмын хамгийн том өөрчлөлтийг УИХ-ын Л.Эрдэнэчимэгийн санаачилга болохыг бид мэднэ. Тус өөрчлөлтийн ачаар дотор орчинд тамхи татахаа больж, дам тамхидалтын нөлөө буурч, тамхи татах тусгай цэгтэй болсон зэрэг эрс шинэчлэл дагуулсан дэвшил болсон.

Харин түүнээс хойш одоог хүртэл хуульд зарчмын шинэчлэл хийгээгүй ба энэ хугацаанд тамхины олон төрлийн бүтээгдэхүүн бий болж, зах зээлд, хэрэглээнд хэдийн хүчтэй нэвтэрсэн.

Тодруулбал, тамхи үйлдвэрлэгчид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд электрон тамхи,халаадаг тамхи зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсэн. Гэвч энэ төрлийн бүтээгдэхүүнд нийцүүлэн хууль эрх зүйн шинэчлэлийг Монгол Улс хийгээгүй учраас өнөөдөр өсвөр насны сурагчдын 25 хувь нь электрон тамхи татаж, 2019 онтой харьцуулахад охид эмэгтэйчүүдийн тамхидалт 2023 онд л гэхэд 20% өссөнийг ДЭМБ судалгаагаар тогтоогоод буй юм.

Гэтэл улс орнууд энэхүү шинэ төрлийн бүтээгдэхүүнийг ирээдүйн үеийн нийгмийн эрүүл мэндэд асар их хор уршигтай, эдийн засгийн хохиролтой хэмээн үзэж, эртнээс эрс шийдэмгий арга хэмжээнүүдийг аваад эхэлжээ.

Тухайлбал, Сингапур улс бол маш хүчтэй арга хэмжээ авч буй Азийн орнуудын нэг ажээ. Тус улс 2018 онд электрон тамхийг импортлох, худалдах, түгээх, эзэмшихийг бүрэн хоригложээ. Хэрэв зөрчвөл доод тал нь 500 сингапур доллароор торгох ба давтан үйлдвэр торгууль улам нэмэгдэх зохицуулалтыг хийсэн байна.

Тамхидалттай тэмцэх хамгийн үр дүнтэйд тооцогддог арга нь эдийн засгийн арга буюу татварын бодлого болох нь олон улсад нотлогдсон, улс орнуудад зөвлөдөг сайн туршлага ажээ. Тэгвэл Колумб улс 2018 онд тамхины татвараа 300 буюу 3 дахин нэмжээ. Энэхүү арга хэмжээ нь тамхидалтыг 34 хувь бууруулахад нөлөөлсөн байна. Австрали улс л гэхэд 2010-2013 онд татвараа жил тутам 25% өсгөжээ. Үр дүнд нь тамхидалтын түвшин 15% буурсан гээд улс орнуудын үр дүнтэй бодлогын олон жишээ байна.

Электрон тамхийг залуу үе, өсвөр насныхан хэрэглэж байгаа нэг гол хүчин зүйл нь чихэрлэг, жимсний гоё амтууд болон чамин, ганган сав баглаа ажээ. Тийм учраас улс орнууд өсвөр үе, хүүхэд залуусыг тамхинд орохоос сэргийлж амт, үнэрийг хориглох бодлогын арга хэмжээ авдаг байна. Шинэ Зеланд улс л гэхэд 2023 онд электрон тамхины амт, үнэрийг хоригложээ. Ингэснээр өсвөр үеийнхний электрон тамхи хэрэглэх түвшин 12% буурсан ба нийт тамхидалтын түвшин түүхэн доод түвшин буюу 10 орчим хувьд хүрчээ. Тамхины хэрэглээг 0 түвшинд хүргэх зорилтыг Шинэ Зеланд улс тавьсан байна. Эстони улс амт, үнэрийг хориглох шийдвэрийг 2020 онд гаргаж, залуусын тамхины хэрэглээг 25 хувь бууруулж чаджээ.

Энэ мэтчилэн өнөөдрийн байдлаар дэлхийн 83 улс шинэ төрлийн тамхинуудыг хуулиар зохицуулж байгаа гэсэн статистик байна. Эдгээрээс 20 улс амт, үнэрийг хориглосон бол 46 улс электрон тамхийг тэр чигт нь бүрэн хоригложээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус 2023 онд “Электрон тамхи, тамхины бүтээгдэхүүнүүд нь хүүхдүүдийг багаас нь татан оролцуулж, насан туршийн хэрэглэгч болгох урхи юм” хэмээн хэлж байв.

Гэтэл 2026 онд Монгол Улс энэ талаар ямар ч зохицуулалтгүй, хэн дуртай хүссэн хүн нь, дуртай газраасаа электрон тамхи авч, хүссэн газраа татсаар байна, яг л дэлхий дээр и-тамхины ямар ч зохицуулалтгүй үлдсэн Африкийн цөөн хэдэн улс шиг…







Төстэй мэдээлэл

Хурдан морины хаврын уралдааныг сэргээх нь зөв, уламжлалаа дээдлэх хэрэгтэй гэдэг нэг тал, хүүхдийн эрх амь насанд хүртэл ноцтой зөрчигдөж байна гэсэн хоёр талд нийгмийг хуваагаад байгаа энэ сэдэв дээр гарц шийдлийг эрэлхийж бид гуравдугаар сарын турш энэ сэдвийг олон талаас хүргэх болно.  Монгол бол эртнээсээ мал аж ахуйн нүүдэлчин соёлтой ард түмэн гэдэг утгаараа […]

“Уранаас болж манай хүүхдүүд гажиг төрж байна”, “Барууныг дагавал Украин шиг болно”, “Орос байхгүй бол Хятадад уусна” гэсэн посттой та Facebook хуудас дээрээ таарч байсан байх. Тэр бол санамсаргүй зүйл огт биш гэдгийг нийтлэлийн эхэнд хэлмээр байна. Тэдгээр нь зохион байгуулалттай, зорилготой, таны сэтгэлд нөлөөлөхүйц байхаар тооцсон мэдээллийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. 2022–2025 онд […]

Нар зулай дээрээс төөнөсөн айхавтар халуун өдөр. Төрөлх хотынхоо эгэл жирийн хөдөлмөрч ард иргэдийн аж амьдралыг сурвалжлах даалгавар авсан шинэхэн сэтгүүлч миний бие өмнө нь хөл тавьж үзээгүй Зүүн салааг зорихоор шийдэв. Огт танихгүй айлд очоод, мэдэхгүй хүнийхээ аж амьдралыг нүдээр үзэж, чихээр сонсоно гэдэг нэг бодлын хачирхалтай хийгээд этгээд. Мэдээж ямар нэгэн алдаа гаргах […]

“Хэн нэгэн өнөөдөр сүүдэрт нь амарч сууж байгаа бол тэр модыг удаан хугацааны турш тордож ургуулсантай холбоотой” гэж дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч Уоррен Баффет  хэлсэн нь бий. Яг үүнтэй адил хүн амьдралынхаа хоёр дахь үеийг санхүүгийн хувьд бие даасан, эрх чөлөөтэй өнгөрүүлэх баталгаа нь эртнээс төлөвлөсөн тэтгэвэр байдаг. Өнөөдөр Монгол Улсад тэтгэврийн орлого хүрэлцээ муутай, […]

…Хорлоо гуай нэгдүгээр сарын эхний ажлын өдөр эртлэн банк руу иржээ. Тэтгэврийг бага зэрэг нэмсэн сургаар тэрээр зөрүү мөнгөө авахаар ирж буй нь энэ аж. Ямар ч байсан энэ оноос сар бүр 80,000 төгрөг гар дээрээ авахаар болсондоо баярлаж байгааг нь манай нийгмийн эмгэнэл гэлтэй. Өнгөрсөн онд хүүхдүүддээ нэмэр болох гээд тэтгэврээ жилээр нь 100% […]

Товч агуулга: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн асан З.Энхболд нар АН болон МАН-ын эрх барих жилүүдэд тавьсан замын талаар цахим орчинд маргаан өрнүүлжээ. Тэдний оруулсан мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. УИХ-ын гишүүн асан З.Энхболд X платформд “Дарханы 200-хон км замыг 8 жил засаад дуусгаж чадаагүй МАН метро […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх