Хохирогчийн аав: Гайгүй биз дээ гэж бодоод хамгаалах хувцас, хэрэгсэлгүй давхиулсан, гэтэл…

Энэ бол сунгааны үеэр хурдан мориноос унаж, гавлын яс нь цуурч, хүнд гэмтсэн хүүхдийн эцгийн шүүхэд өгсөн мэдүүлгийн хэсэг юм. 

Нэг иргэний амь Монгол Улсын хувьд хэмжээлшгүй үнэ цэнтэй. Гэвч хурдан морины унаач хүүхдүүдтэй холбоотой эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн мэдээллээс үзвэл, эрүүл мэнд, амь насаараа тэд хохирсоор байна.

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан дахь 2014-2024 оны шүүхийн шийтгэх тогтоолоос хурдан морины унаач хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн дараах нийтлэг тохиолдлуудыг ажиглав.

Осол гарахад эцэг эх, уяачид стандартын хувцсыг хүүхдэдээ өмсүүлээгүйн шалтгаанаа “халуун байна гэсэн”, “өөрөө дургүйцсэн”, “мартаад очсон” хэмээн тайлбарлаж, амь нас, эрүүл мэндээр нь хохироожээ. Тухайлбал,

Сүхбаатар аймагт гарсан хэрэгт: Шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “Г.З-гээс ахынхаа морийг унаад өгөх үү гэж асуухад тэгье гэсэн. Г.З халуун байна гээд хамгаалалтын хувцас өмсөөгүй мориноосоо ойчсон. Морины хүүхдэдээ хувцсыг нь бүрэн өмсүүлж чадаагүйдээ харамсаж байна” гэжээ. Г.З нь мориноос унаж, эрүүл мэндэд “тархины хүнд зэргийн няцрал, тархины эсийн сэртэнгийн тархмал гэмтэл, цээжний хөндийн битүү гэмтэл, баруун талын таван хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хөндийн цус хий хуралдалт, баруун уушигны уналт бүхий” хүнд хохирол учирсан.

Дундговь аймагт гарсан хэрэгт: 4 настай охиноор хурдан морь унуулж уралдуулсан хэрэгт амь хохирогчийн эх шүүхэд “Каск өмсгөхөөр толгойг нь бариад өөрөө өмсөхөөс дургүйцээд байхаар нь өмсгөөгүй юм” хэмээн мэдүүлсэн байдаг. 

“Охин маань хээр даагатайгаа давхиж байтал араас нь төхөөрөмжнөөс гарсан бөөн даага давхиж ирээд дайраад унагаачихсан. Намайг очиход доошоо хараад уначихсан байсан… Би охиндоо гарын тохойвч өмсгөсөн байсан. Каск өмсгөхөөр толгойг нь бариад өөрөө өмсөхөөс дургүйцээд байхаар нь өмсгөөгүй юм. Манай охины үүдэн дээд 4 шүд дотогшоо цөмөрсөн юм шиг байсан. Мөн нүүр ам зэрэг хэсэг газарт зулгарсан байсан…” 

Архангай аймагт гарсан хэрэг: Уяач В.М нь хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөж уралдуулаагүйн улмаас насанд хүрээгүй хохирогч М.М-ийн баруун дух ясны дотогш цөмөрсөн хугарал болон тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон.

Сүхбаатар аймаг. Шинжээч эмч С.Э-ийн дүгнэлт: “Талийгаач Т.Д нь стандартын шаардлага хангасан хамгаалах малгай өмсөж явж байгаад мориноос унасан бол гавал тархиндаа гэмтэл авахгүй байх боломжтой байсан…”

Логикийн хувьд тав, аравхан настай хүүхэд аюулыг бүрэн ухамсарлах чадваргүй. Хүүхэд халууцаж болох ч хамгаалалтын хувцас заавал өмсөх ёстойг том хүн ойлгуулж, шийдвэрийг гаргах ёстой юм. 

Засгийн газрын тогтоолоор хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон ч уяачид үүнийг зөрчиж, “ханагар давхил”, “морины ажил” зэрэг нэршлээр далд уралдаан зохион байгуулдаг. Дараа нь хариуцлагаас зайлсхийн “уралдаагүй, зүгээр ханагар давхил хийсэн” гэж үгсэн хуйвалдаж, худал мэдүүлэг өгөх тохиолдол ажиглагдав.

Архангай аймагт гарсан хэрэгт: Гэрч мэдүүлэхдээ “…Тэгээд бид нар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болох байсан Цахиурын хурд хаврын уралдаан хойшилсон байна гээд уясан морио үсэргээд үзье гэж санал солилцоод газраа товлож… өөр өөрийн уяж байсан морийг авч очоод 8 морийг хооронд нь 6-7 км зайд уралдуулаад… хүүхэд мориноос унаад…” гэж дурдсан.

Налайх дүүрэгт гарсан хэрэгт: “Шүүгдэгч Г.******* нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “…морины уралдаан, сунгаа болсныг морины ханагар ажил хийсэн..” гэж бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн…”

Уяачид хүүхдийн эцэг эхээс албан ёсоор бичгээр зөвшөөрөл авалгүй, гэртээ ганцаараа, эсвэл гадаа тоглож байхад нь авч яваад морь унуулж, амийг нь эрсдүүлсэн зөрчил хэд хэд байв.

Төв аймагт гарсан хэрэгт: Хохирогчийн аав мэдүүлэхдээ “…Миний хүүгийн амь насыг хохироосон хэрэгт хүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Болсон үйл явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй, намайг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байхад моринд чирэгдсэн гэж надад тухайн хүмүүс өөрсдөө биш өөр хүн хэлсэн. Эрдээ гэх ах нь урьд нь надруу яриад манай хүүхдээр хурдан морь унуулна гэхэд нь би зөвшөөрөөгүй юм. Тэгтэл надад хэлэлгүйгээр * гэх манай эхнэрийн ангийн залуу манай хүүг Улаанбаатар хотод гэртээ байхад нь очиж авч Б гэх хүний морь унуулсан байсан. Надад тохиролцоо хийсэн зүйл байхгүй, би угаасаа морь унуулахыг зөвшөөрөөгүй байсан юм…”

Сэлэнгэ аймагт гарсан хэрэг: “…Тэгтэл 14 цагийн үед * ах манай гэрт ганцаараа мотоциклтой ирсэн. Ахынхаа морийг унаад өгөөч ойрхон үсэргээдэхье гэхээр нь би “одоо сургууль дээр Монгол хэл, Математикийн хичээлийн давтлагатай” гэсэн чинь чөлөө авчихна гэж хэлээд морь уяж байгаа газраа аваачсан.”

Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон эмгэнэлт тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.

Завхан аймаг, эцэг П.Х-ын хэрэг: “П.Х нь… өөрийн уяж сойсон хүрэн зүсмийн морийг төрсөн хүүхэд Х.М.р хурдан морь унуулж уралдуулсны улмаас унаж явсан хурдан мориноосоо унаж, чирэгдэн гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, суурь ясны шугаман хугарал, аман хүзүүний мултрал, нугас дарагдал гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.”

Сүхбаатар аймаг, эцэг Д.Т-ын хэрэг: “Д.Т нь… өөрийн хүү Т.Д-өөр хурдан морь унуулж уралдуулахдаа… хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас 8 нас 7 сартай Т.Д нь мориноос унаж… амьсгал зүрх судасны дутагдалд орж хүний амь насыг болгоомжгүй хохироосон…”

ТАВ. Амыг нь барьж дийлээгүйн улмаас осол эндэгдэл үүссэн

Хүүхдийн хүчнээс ахадсан, амыг нь дийлэх боломжгүй хурдан морь унуулсны улмаас хүүхэд мориноос унаж бэртэх, амь насаа алдах тохиолдлууд ч цөөнгүй гарчээ. Тухайлбал, хохирогч, гэрч хүүхдүүд мэдүүлэг өгөхдөө:

  • “Тэгээд морио шогшуулаад явж байсан чинь морьдууд шуугиад би амыг нь дарж дийлэхгүй байсан. Тэгсэн хажуу талын хүүхдийн морийг тавьж өгч байсан ах миний урд морьтойгоо унаад тэгээд би морьтойгоо хамт уначихсан…” 
  • “…Би “Морь чинь ааштай” гээд зөвшөөрөхгүй байтал “Одоо зүгээр номхорчихсон” гэж гуйсаар байгаад дахиад унуулж уралдуулсан. Азарга гараанаас гарах үед Б гуай морио барьж байгаад гаргаж өгсөн. Гэтэл нөгөө морь дахиж хадуураад давхисан. Би амыг нь хүчрэхгүй байсан. Яг мориноос унаснаа санахгүй байгаа…” 
  • “Бид нарыг баруун урагш явдаг замаар 2-3 км явуулаад амыг нь татаарай гэсэн. Тэгээд баруун урагш явж байтал зүүн урд морины ажил хийгээд 3 билүү 4 морь унасан хүмүүс явж байсан тэр лүү Б бид хоёрын морь ханарч давхиад миний унаж байсан хээр морь урдаасаа нэг хар морьтой хүүхдийн морийг нь мөргөх үед морьтойгоо ойчиж байгаа харагдсан ба цаашаа давхиад явсан. Тухайн үед би амыг нь татаад дийлээгүй” гэжээ.

Шүүхийн шийтгэх нийт 27 тогтоолыг судлахад хүүхдийн биеийн хүчнээс давсан буюу амыг нь дийлэхээргүй морь унуулах, стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсүүлээгүйгээс шалтгаалан тархи, гавал ясны хүнд гэмтэл авах, эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийг уралдаанд татан оролцуулах нийтлэг шинжүүд ажиглагдсан болно. 

Шүүхээс гэм буруутай этгээдүүдэд 1-3 жилээр тэнсэх, 500 мянгаас 4 сая төгрөгөөр торгох, 1-6 сараар зорчих эрхийг хязгаарлах зэрэг хөнгөрүүлсэн ял шийтгэл өгчээ. Хүүхэд амь насаараа хохирч, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон ч “болгоомжгүйгээр үйлдсэн”, “хохирлоо төлсөн” гэх мэт үндэслэлээр нэг ч хүнийг хорих ялаар шийтгээгүй өнгөрөөсөн байв. 

Нэг иргэний амь Монгол Улсын хувьд хэмжээлшгүй үнэ цэнтэй. Тиймээс болзолт бүх л аюул, ослоос хүүхдүүдээ хамгаалах нь иргэн бидний үүрэг билээ.

Төстэй мэдээлэл

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраас гаргав. Энэ бол Украинтай хийж байгаа дайнтай холбоотойгоор цэргийн дэглэм тогтоож, орон даяар дайчилгаа явуулах шинэ дүрэм журам хэрэгжиж эхлэх гэж буй тухай байсан юм.  2022.09.21-ний 09:00 буюу Монголынхоор 14:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгаа зарлаж, зарлигт гарын үсэг зурсан […]

Товч агуулга Ivoice.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг 53 хүн шэйрэлж, 134 хариу үйлдэл, 298 коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр […]

Боловсролын дэд сайд Д.Гантулга CNBC Mongolia телевизэд ярилцлага

Жил бүр Монгол Улсад ойролцоогоор 30 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгодог бол 20 мянга орчим ахмад нас бардаг гэсэн дундаж статистик байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчдын бодит тоо жилд дунджаар 10 мянгаар нэмэгдэж, 2025 оны байдлаар 518,700 хүн өндөр насны тэтгэвэр авч байгааг Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээс харж болно. Ахмадуудын дунд “яагаад зарим хүний […]

“Иргэн хувиараа бизнес эрхэлдэг та 2024.01.01 нээс АЛДАГДАЛТАЙ ажилласан ч та татвар төлнө, монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө, чөлөөт цагаараа фитнест явж, хамт олноороо дуулах хоол идэх эргүй боллоо нийслэл хотын татвар 2 хувь болж нэмэгдлээ, одоо төлдөг төлбөрөө 2 дахин нэмж төлнө гэсэн үг үү……😪😪🫨🫨😦” гэсэн агуулгатай пост цахим […]

Товч агуулга: Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх