
Өндөр хөгжилтэй орнуудын ахмад настан гавьяаныхаа амралтаар дэлхийгээр аялах төлөвлөгөөтэй. Хуримтлал, тэтгэвэр нь амьдралын эрх чөлөөг гар газар, хөл хөсөр эдлэхэд хангалттай хүрэлцэх аж.
Харин манай улсын ахмад настнууд хувийн жаргалаа бодох сөхөөгүй, хоногийн хоол, хүүхдийн сургалтын төлбөрт санаа зовнин, даатгалаар хөнгөлөлттэй авдаг эм тариагаа бичүүлэхээр өрхийн эмнэлгийн үүдэнд өглөө эртлэн хүлээж зогсдог нь харамсалтай.
Чухам яагаад ийм байдалд хүрсэн тухай яриа нийгмийн өргөн хүрээний асуудлыг хамрах ч, тэтгэврийн тогтолцоог хамгийн түрүүнд чухалчлан авч үзэх шаардлага тулгарлаа.
Тэгвэл тэтгэврийн доод хэмжээ дэлхийн бусад улс оронд хэд байдаг, үүнийг тогтоохын тулд ажиллах хүч нь хэдий хэмжээний нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, мөн тэтгэврийн зээл байдаг эсэх, тэдгээр нь ямар хэмжээний хүүтэй байдаг талаар судаллаа.
Сингапур
Тухайлбал Сингапурын тэтгэврийн тогтолцоо нь дэлхийд хамгийн шилдэгт тооцогддог.
Учир нь дэлхийн тэтгэврийн тогтолцоог Хүртээмж (Adequacy), Тогтвортой байдал (Sustainability), Шударга байдал (Integrity) гэсэн гурван үндсэн шалгуураар хэмждэг “Mercer Global Pension Index 2025” тайланд“А” үнэлгээ авсан цөөхөн улсын нэг бол Сингапур.
Тус улс төв хадгаламжийн сан (CPF) хэмээх зайлшгүй нөөцлөх ёстой хуримтлалын тогтолцоотой. Тус сангийн мөнгийг тэтгэвэр, орон сууц, эрүүл мэндийн зардалд зориулан гурван тусдаа дансанд хуваарилдаг. Тэтгэвэрт гарахдаа иргэд өөрийн гэсэн орон сууцтай, өргүй байх нөхцөлийг ингэж бүрдүүлдэг байна.
Ажиллах хүчнийхээ цалингийн 37 хүртэлх хувийг (ажилтан 20%, ажил олгогч 17%) Төв хангамжийн санд хураана. Энэ хувь хэмжээ ажилтан нас ахих тусам буюу 55 наснаас дээш буурах журамтай.
Түүнчлэн CPF-ийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон тогтвортой активуудад хөрөнгө оруулж, иргэдэд хамгийн багадаа 2.5-6%-ийн баталгаат хүүг амладаг. Өөрөөр хэлбэл, хэрэв иргэн 20 насандаа 1 сая төгрөг тэтгэврийн хуримтлалдаа хийгээд орхивол, 60 нас хүрэхэд тэр мөнгө нь хүүгээс хүү бодож хэд дахин өснө гэсэн үг юм.
Сингапурт тэтгэвэр барьцаалсан зээл гэж байхгүй. Харин CPF-ийн хуримтлалаа иргэд орон сууцны зээлийн урьдчилгаа эсвэл сар бүрийн төлбөрт ашиглах боломжтой байдаг нь ахмадуудыг өрнөөс чөлөөлөх бодлогын нэг хэсэг аж.
АНУ
Харин Америкийн Нэгдсэн Улсад тэтгэврийн тогтолцоо нь гурван тулгуурт загварт суурилдаг. Үүнд заавал төлөх улсын нийгмийн даатгал , ажил олгогчийн зүгээс дэмжсэн тэтгэврийн төлөвлөгөө (жишээ нь, 401(k), 403(b)), хувь хүний тэтгэврийн хадгаламж зэрэг багтана.
Энэ тогтолцоо ажиллах хүчний татвараар санхүүждэг бөгөөд иргэдийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад чиглэдэг. Заавал төлөх “Social Security” нийгмийн даатгалын хүрээнд ажилтан, ажил олгогч тус бүр 6.2%, нийт 12.4%-ийн шимтгэл төлдөг. АНУ-д тэтгэврийн доод хэмжээ гэж хатуу тогтоосон тоо байдаггүй ч 30 жил ажилласан иргэдийн хувьд тусгай доод тэтгэвэр нь 2024 оны байдлаар сарын 1,066 орчим ам.доллар (3.6 сая төгрөг) байна.
Энэ заалт нь өндөр цалин авч байгаагүй ч насан туршдаа хөдөлмөр эрхэлсэн иргэдийг ядуурлаас хамгаалах зорилготой. 30 хүртэлх жилийн шимтгэл төлсөн түүхийг чухалчилдаг ба цалингийн хэмжээг голчилдоггүй.
АНУ-д тэтгэвэр барьцаалсан зээл гэж байдаг уу?
АНУ-д нийгмийн даатгалын тэтгэмжийг барьцаалах боломжгүй. АНУ-ын Холбооны хуулиар (Social Security Act, Section 207) Нийгмийн даатгалын тэтгэмжийг шилжүүлэх, барьцаалах, гуравдагч этгээдэд эзэмшүүлэхийг хатуу хоригложээ.
Хэдийгээр улсын тэтгэврийг барьцаалж болохгүй ч ахмадууд санхүүгийн хэрэгцээ гарсан үед дараах хууль ёсны аргуудыг ашиглах боломжтой.
• 401(k) Loan (Тэтгэврийн төлөвлөгөөний сангийн зээл): Хэрэв иргэн ажиллаж байхдаа хувийн тэтгэврийн сан (401k) үүсгэсэн бол тухайн сан дахь мөнгөнийхөө тодорхой хувийг (ихэвчлэн 50% хүртэл) зээлж болно. Гэхдээ энэ нь тэтгэвэрт гарахаас өмнө ашиглагддаг арга.
• Reverse Mortgage (Урвуу ипотек): 62-оос дээш насны ахмад өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж, үнэлгээгээр нь сар бүр тогтмол орлого эсвэл нэг удаагийн зээл авах хэлбэр. Энэ нь АНУ-д тэтгэврийн зээлийг орлох хамгийн түгээмэл санхүүгийн хэрэгсэл юм.
• Retiree Personal Loans: Банкууд тэтгэвэр авагчдад зээл олгодог ч энэ нь тэтгэврийг нь барьцаалж буй хэрэг биш, харин тухайн иргэний зээлжих зэрэглэл болон орлогын баталгаа дээр үндэслэсэн ердийн хэрэглээний зээл байдаг.
АНУ-ын төрөөс Нийгмийн даатгалын тэтгэмжийг амьжиргааны эцсийн баталгаа гэж үздэг тул үүнийг барьцаалж өрөнд орох боломжийг хуулиар хаасан байдаг. Хэрэв тэтгэвэр барьцаалсан зээл олгож эхэлбэл ахмадууд ядуурлын туйлд хүрч, эргээд төрд илүү их халамжийн ачаалал ирнэ гэж үздэг байна.
Солонгос
Өмнөд Солонгосын Үндэсний тэтгэврийн алба (NPS) нь солонгосчуудын тэтгэврийн гол эх үүсвэр бөгөөд энэ нь ажил олгогч болон ажилтны шимтгэлээр бүрддэг. Солонгос улс хүн амынхаа насжилтаас улбаалж шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж, системийн тогтвортой байдлыг хангах алсын зорилготой.
Тодруулбал цалингийн 9%-ийг нийгмийн даатгалын шимтгэлд суутгах ба ажилтан, ажил олгогч тус бүр 4.5%-ийг төлдөг.
Солонгост бага орлоготой өндөр настнуудыг ядуурлаас хамгаалах зорилготой Суурь тэтгэвэр, Үндэсний тэтгэврийн доод хэмжээ гэсэн хоёр гол зохицуулалт байдаг.
Суурь тэтгэвэр бол 65-аас дээш насны, орлогын түвшнээрээ доод 70%-д багтаж буй ахмадуудад төрөөс олгодог тэтгэмж. 2025 оны байдлаар энэ дүн нь сарын 342,510 вон (ойролцоогоор 820,000 төгрөг) байгааг 400,000 вон болгож нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Үндэсний тэтгэвэр нь иргэдийн төлсөн шимтгэлээс хамаарч тогтоодог тэтгэвэр. 2024 онд 20-иос дээш жил шимтгэл төлсөн иргэдийн сарын дундаж тэтгэвэр 1,030,000 вон (2.6 сая төгрөг) орчим байжээ. Харин хамгийн бага шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн доод хэмжээ нь сарын 260,000-300,000 вон аж.
Солонгост тэтгэврийн зээл байдаг уу?
Ахмадуудад зориулсан Мөнгөн зээл (Silver Loan) буюу тэтгэврийн зээл байдаг ч Монголын нөхцөл байдал шиг арилжааны банкууд өндөр хүүтэй, дурын хэрэгцээнд олгодог зээл биш. Энэ зээлийг Үндэсний тэтгэврийн алба (NPS) өөрөө хариуцан зохицуулж, зөвхөн яаралтай хэрэгцээнд зориулж олгодог. Үүнд:
1. Эмнэлгийн зардал
2. Орон сууцны түрээсийн барьцаа
3. Гэр бүлийн гишүүний оршуулгын зардал
4. Гэнэтийн байгалийн гамшгийн хохирол
Зээлийн нөхцөл нь хэмжээний хувьд тухайн иргэний жилийн тэтгэврийн дүнгээс хэтрэхгүй, дээд тал нь 10 сая вон (25 сая төгрөг) хүртэл, 5 жилийн хугацаатай олгоно. Хүү нь маш бага буюу жилийн 3.5% – 4.2% орчим байдаг нь Монголын 18%-ийн хүүтэй харьцуулбал маш хөнгөлөлттэй.
Казахстан
Казахстан улс 1998 онд Зөвлөлтийн үеийн эв санааны нэгдлийн зарчимтай тогтолцооноос татгалзаж, хувийн, албан журмын хуримтлалын тогтолцоог нутагшуулсан Төв Азийн анхны орон болсон.
Түүнчлэн “Mercer Global Pension Index 2025” тайландтогтвортой, шударга байдлаараа сайшаагдан, “B” үнэлгээ авчээ. Хуримтлалын тогтолцоонд бүрэн шилжих үйлц явц нь 2040 он гэхэд дуусах юм байна.
Казахстаны тэтгэврийн тогтолцоо гурван тулгуураас бүрдэнэ.
1. Суурь тэтгэвэр. Улсын төсвөөс бүх ахмадад олгоно. Хэмжээ нь 1998 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүний улсад ажилласан жилээс хамаарч амьжиргааны доод түвшний 65%-иас 105% хүртэл байдаг. 2025 онд суурь тэтгэврийн доод хэмжээ 32.360 тенге байна.(ойролцоогоор 230.000 төгрөг)
2. Албан журмын хуримтлалын тогтолцоо. Казахстаны иргэд, тус улсад байнга оршин суугаа гадаадын иргэд сарын орлогоосоо 10%-ийг Нэгдсэн хуримтлалын тэтгэврийн сан /UAPF/ дахь өөрийн нэрийн дансанд хуримтлуулдаг. Энэ сан иргэдийн тэтгэврийн мөнгийг төвлөрүүлж, хөрөнгө оруулалт хийх замаар өсгөж өгөөж тооцно.
3. Сайн дурын тэтгэврийн шимтгэлд суурилсан хуримтлалын тогтолцоо.
Түүнчлэн тэтгэврийн хуримтлалынхаа тодорхой хэсгийг орон сууц худалдан авах, эсхүл эмчилгээний зардалд зориулан хугацаанаас нь өмнө ашиглах боломжийг олгосон байна.
Хүн ам зүйн бүтцээрээ харьцангуй залуу байгаа нь тэтгэврийн санд орох мөнгөн урсгалыг тогтворжуулахад тусалжээ. Түүнчлэн хуримтлалын тогтолцоонд шилжсэний үр дүнд улсын төсөвт ирэх дарамт багассанаар урт хугацааны санхүүгийн чадамжаа баталгаажуулж чадсан аж. Гэсэн хэдий ч тус улсад сайжруулах шаардлагатай хэд хэдэн асуудал буйг Mercer онцолжээ. Үүнд одоогийн авч буй тэтгэвэр нь иргэдийн өмнөх цалингийн хэмжээг бүрэн орлож чадахааргүй, хангалтгүй (Adequacy үзүүлэлт бага) байх зэрэг орно. Мөн иргэд тэтгэврийн хуримтлалаа хугацаанаас нь өмнө их хэмжээгээр гаргаж байгаа нь ирээдүйн тэтгэврийг бууруулах эрсдэлтэй гэж үзжээ.
Польш
Польш улс нь улсын тэтгэврийн даатгал болон хувийн тэтгэврийн сангийн хосолсон системтэй. Өмнө нь заавал төлөх ёстой байсан хувийн тэтгэврийн сангийн (OFE) үүргийг үе шаттайгаар бууруулж, улсын нийгмийн даатгалын байгууллага болох ZUS дээр суурилсан нэрийн дансны системд түлхүү ач холбогдол өгөх болсон.
Энэ нь Европын бусад орнуудтай харьцуулахад шимтгэлийн ачаалал өндөртэй, тогтвортой байдлын хувьд дунд түвшний системд тооцогддог.
Тэтгэврийн даатгалын шимтгэл нь 19.52% байна. 2024 оны байдлаар тэтгэврийн доод хэмжээг 1,780.96 злотых (ойролцоогоор 1.5 сая төгрөг) болгон тогтоожээ.
Польшийн арилжааны банкууд (PKO Bank Polski, Bank Pekao г.м.) ахмадуудад зориулсан хэрэглээний зээл олгодог боловч энэ нь Монголынх шиг тэтгэврийг нь бүрэн барьцаалж, банк шууд суутгадаг хэлбэрээр биш, иргэний зээлжих зэрэглэлд суурилан олгодог зээл аж.
Үүний гол онцлогууд нь гэвэл:
- Тэтгэврийг барьцаалахгүй. Тэтгэвэр бол тухайн хүнийг тогтмол орлоготой гэдгийн баталгаа болно.
- 2024-2025 оны байдлаар ахмадуудад зориулсан хэрэглээний зээлийн жилийн хүү дунджаар 7.2-13%-ийн хооронд байна.
Зээл эсвэл өрийн төлбөрт тэтгэврийнх нь 25 хувиас илүүг суутгахыг хориглодог. Учир нь Польш улс ахмадуудаа ядуурлаас хамгаалахын тулд тэтгэврээс нь зээлийн төлбөр суутгах үйл явцыг хуулиар нарийн зохицуулсан аж. Ямар ч тохиолдолд ахмадын гар дээр үлдэх мөнгө нь тэтгэврийн доод хэмжээний 75%-иас бага байж болохгүй. Энэ нь ахмад настан өртэй байсан ч амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах мөнгөтэй үлдэх баталгаа юм.
Монгол
Монгол Улсын хувьд одоо ажиллаж буй иргэдийн шимтгэлээр өндөр настнуудын тэтгэврийг санхүүжүүлдэг Эв санааны нэгдлийн зарчимт тогтолцоотой. Ажилтан болон ажил олгогч нийт цалингийнхаа 17 хувийг зөвхөн тэтгэврийн санд төлдөг. Энэ нь Польш (19.5%) зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай ойролцоо үзүүлэлт боловч манай улсын суурь цалин бага гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
2026 оны Нэгдүгээр сарын 1-с бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689,000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572,000 болсон. Ахмадуудын шаардаж буй 1.5 сая төгрөгийн босго нь одоогийн доод хэмжээнээс даруй хоёр дахин өндөр дүн бөгөөд энэ нь олон улсын жишгээр Польш улсын тэтгэврийн доод хэмжээтэй дүйцэж буй. Гэвч тус улсад ажиллах хүч нь нийт цалингийнхаа 43 орчим хувийг (бүх төрлийн даатгал нийлээд) нийгмийн хамгаалалд зарцуулж байж энэхүү орлогын баталгааг бүрдүүлдэг.
Нэгэнт тэтгэврийн орлого нь амьжиргаанд хүрдэггүй тул манай улсын ахмадууд зээл авахаас өөр аргагүй нөхцөл байдалд орох нь сүүлийн хэдэн жилд огцом ихэссэн. Тэтгэврээ 16.8-18%-ийн хүүтэй барьцаалан зээлж байгаа нь Өмнөд Солонгосын ижил төрлийн “Мөнгөн зээл”-ийн хүүнээс (3.5-4.2%) 4-5 дахин өндөр байна.
Сингапур болон АНУ-ын жишигт тэтгэврийг барьцаалахыг хуулиар хориглож, орон сууцны хөнгөлөлт болон бага хүүтэй тусгай зээлээр ахмадуудаа дэмждэг. Харин манай улсад тэтгэврийн шинэчлэл удааширснаас үүдэж, ахмад настнууд санхүүгийн бие даасан байдлаа алдах эрсдэлд орж, банк болон гэр бүлийн хамаарал бүхий өрийн дарамтад амьдарсаар.
Төрөөс 2030 он гэхэд хагас, цаашлаад бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих зорилт тавьсан ч энэ нь одоогоор бодитоор хэрэгжиж эхлээгүй, цаасан дээрх төлөвлөгөө төдий хэвээр. Системийн энэ хоцрогдлыг арилгаж, бодитоор өөрчлөхгүй бол манай улс олон улсын тэтгэврийн жишиг үнэлгээнээс хоцорсон хэвээр үлдэх вий.