“Шүд нь цоорсон хүүхдүүд шүд эрүүл хүүхдүүдээс хоёр дахин муу сурдаг”

Бага насны хүүхдүүдийн дунд тасралтгүй өсөж буй хүүхдийн шүдний өвчлөл болоод учир шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч Б.Батбаяртай ярилцлаа.

-Статистик харахаар бага насны хүүхдүүдийн өвчлөлийг амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлж байна. Энэ нь улирлын чанартай огцом өсдөг. Харин хоёрдугаарт, хоол боловсруулах тогтолцооны өвчин, тэр дундаа амны хөндийн буюу шүд цоорол огцом биш ч тасралтгүй өссөн байгаа юм. Манай улсад ер нь шүдний өвчлөл хэр байна вэ?

– Сүүлийн 15-20 жилийг харвал манай улсын хүн амын дунд шүдний өвчлөл 90 хувьтай байна. Энэ бол аюултай түвшинд хүрсэн гэсэн үг. Монголд өнөөдөр шүдний өвчин, асуудалгүй хүн, айл гэр гэж алга.

Дэлхийн улс орнуудад шүдний өвчлөл 25 хувь хүрвэл аюулын харанга гэж үзээд улаан зураас татдаг. Яаралтай арга хэмжээнүүд авдаг. Гэтэл манайд 90 хувь буюу маш өндөр түвшинд явсаар байна.

Өсөөд байгаа шалтгаан нь амны хөндийн ариун цэвэр муу сахиж байгаагийн зэрэгцээ чихэрлэг хоол хүнсний хэрэглээтэй холбоотой. Хүүхдийн шүд цухуйх тэр үеэс эхлэн зөв угаах, чихэр багатай хоол хүнс хэрэглэх, хэрэглэсэн бол угааж цэвэрлэх зэрэг бидний өөрсдөө авч болох арга хэмжээнүүд зөндөө бий.

-Шүдний өвчин ингэж тасралтгүй өсөөд байгаа учир шалтгаан юунд байна вэ, тэр тусмаа бага насны хүүхдүүдийн шүдний өвчлөл огт буураагүй нэмэгдсэн байгааг та юутай илүү холбоотой гэж үзэж байна вэ?

-Шүдний өвчлөл үүсгэдэг стафилококк, стрептококк гэсэн хоёр бактери байдаг. Үүнийг хүүхэд ихэнхдээ гэр бүлийнхнээсээ авдаг. Аяга таваг, халбага, амнаас хоол дамжуулах, ам, уруул дээр нь үнсэх зэргээр нянгийн халдвар авдаг. Ингээд нэгэнт авчихсан үед нян шүдэнд наалдаад амны хөндийд амьдарч байдаг. Энэ нь хэзээ сөрөг нөлөө үзүүлэх вэ гэхээр хэрэглэж буй хоол хүнс, дархлаа, эсэргүүцэл унах үед идэвхжиж шүдний өвчлөл үүсгэдэг.

Тодруулбал, чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд аль хэдийн аманд орчихсон, бусдаас болон гаднаас авсан нян чихрийг залгиад, эргээд хүчил ялгаруулдаг. Үүнийг бас нянгийн баас гэж ярьдаг. Энэ нянгийн баас буюу хүчил нь шүдний хатуу эд дээр наалдаж шүдийг сийрэгжүүлдэг. Ийм хүчлийн дайралтыг шүд 30 минут тэсвэрлэдэг. Түүнээс дээшээ бол шүд эргэн нөхөн сэргээгдэхгүйгээр сийрэгжээд цоорол үүсээд байгаа гэсэн үг. Шүдний цоорол үүсчихсэн бол заавал мэргэжлийн эмчээр эмчлүүлж, дараагийн шүдэнд халдварлахаас хамгаалах хэрэгтэй. Зөвхөн шүд гэмтээгээд зогсохгүй бусад өвчлөлийг бий болгодог.

-Миний сонссоноор шүд цоорол, амны хөндийн өвчин нь олон өвчний суурь болдог гэсэн. Яг ямар өвчин үүсгэдэг, учир шалтгааныг та тайлбарлаад өгөхгүй юү?

-Шүдний цоорол үүсгэж буй нян бактери нь зүрх, үе мөч, бөөрний өвчин үүсгэдэг нян юм. Амны хөндийн эрүүл мэндэд нөлөөлж, хүчил-шүлтлэгийн орчин өөрчлөгдсөнөөр шүд чулуужих, буйлны үрэвсэл зэрэг өвчлөлүүд бий болж амны хөндийн эрүүл мэнд муудсанаар бусад нян, вирус идэвхжих таатай орчин бүрдэнэ.

Сүүлийн үеийн судалгаагаар амны хөндийд 32 төрлийн хавдар үүсгэгч хадгалагдаж байдгийг тогтоосон. Тухайлбал, залгиур, улаан хоолой, ходоод, түрүү булчирхай, умайн хүзүү, бүдүүн гэдэс, хөхний хавдар үүсгэгч нь амны хөндийд хадгалагдаж байдаг. Гэтэл хүмүүс үүнийг мэддэггүй.

-Та зүрх, үе мөч, бөөр өвтгөдөг гэлээ. Бид эмнэлэгт үзүүлээд эмчлүүлдэг шүү дээ. Тэгэхээр шүд цооролтой бол бүрэн эмчлэгддэггүй гэсэн үгүү?

-Тийм ээ. Тухайлбал, зүрх өвддөг хүн эмчилгээ хийлгээд л яваад байдаг. Гэвч түр эмчилж өвчнийг намдаасан ч үүсгэгч нь аманд байгаа учраас дархлаа муудах, ядрах, буруу хоол хүнс хэрэглэх үед нь ахиад өвчин нь сэдэрдэг.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр анхаарч, урьдчилан сэргийлж байгаа умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хүний папилломавирусийн халдвар авсан тохиолдолд амны хөндий, залгиур хэсэгт хэзээ ч арилахгүйгээр хадгалагдаж байдаг.

Тиймээс урьдчилан сэргийлж, охид хөвгүүдэд вакцин хийж байна. Энэ вирус нь хамар залгиур, нармайн хавдар, хөвгүүдэд төмсөг болон түрүү булчирхайн хавдар, охидуудад хөх болон умайн хүзүүний хавдар үүсгэдэг байна. Нэгэнт өвчний халдвар авчихсан бол амны хөндийн ариун цэвэр сайн байхад бусдад халдварлахгүй. Харин амны хөндийн ариун цэвэр муу, шүд цооролтой яваад л байвал өөрөө өвдөхөөс гадна бусдад халдварлуулах эрсдэлтэй.

-Шүдний өвчлөлөөс гадна сүүлийн үед шүдний тоо дутуу ургадаг болж. Энэ юутай холбоотой вэ?

-Идэж ууж байгаа хоол хүнсэнд нь хэт боловсруулсан бүтээгдэхүүн зонхилдог болсонтой холбоотой. Одоо хүүхдүүд гараараа яс бариад мөлжихөө больсон, хатуу ааруул, цагаан идээ идэх нь буурсан гээд олон шалтгаантай. Энэ бүгдээс болоод шүд дутуу ургах, эрүү хоншоор ясны хөгжил сул явагдсантай холбоотой шүднүүд багтахгүй наашаа цаашаа ургаад шүдний гажигтай болох зэрэг асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр бүх шүд нь багтаж ургаж гарахгүй байгаа гэсэн үг.

Шүдний өвчнөөс гадна шүд дутуу байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Шүдний тоо дутуу байх тусам зөнөх өвчинд өртөх эрсдэл хоёр дахин нэмэгддэг. Мэдээж гоо сайханд нөлөөлнө.

Шүд нь цоорсон хүүхдүүд шүд эрүүл хүүхдүүдээс хоёр дахин муу сурдаг судалгаа бий. Тогтвортой сууж чаддаггүй, хүлээж авах чадвар муу байдаг. Үүнийгээ дагаад биеийн хөгжил ч хоёр дахин муу байдаг.

Шүдний өвчлөл ийм олон асуудал дагуулдаг учраас аав, ээжүүд хүүхдийнхээ, өөрийнхөө амны хөндийг эрүүл байлгах, шүд нь цоорсон бол яаралтай эмчлүүлэх хэрэгтэй.

-Ийм асуудал үүсчхээд байгаа юм байна. Тэгвэл танай салбар энэ асуудалд хэрхэн анхаарлаа хандуулж байгаа бол?

-Бид төсөвт ямар ч мөнгө суулгахгүйгээр урьдчилан сэргийлэх ажил хийхээр “Эрүүл шүд” арга хэмжээг 2023-2027 он хүртэл хэрэгжүүлэх Засгийн газрын 322-р тогтоол гаргуулсан. Үүний хүрээнд шүд угаалт, фторжуулалт, хоол хүнсний хэрэглээ буюу чихэр агуулсан хоол хүнсний хэрэглээг бууруулах арга хэмжээг авахаар зорьж байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудад “ШҮД УГААЛТЫН ЦАГ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2023 оноос тогтоолд тусгуулснаар хэрэгжүүлээд эхэлсэн.

Чихэрлэг хоол хүнсийг шууд хорих боломжгүй учраас чихрийн өдөртэй болохыг уриалж байгаа.

Тодруулбал, долоо хоногийн нэг өдөр чихэр иддэг байх, ийм дадал зуршилд хүүхдүүдээ төлөвшүүлэх хэрэгтэй байна. Бас чихэр, сахартай бүтээгдэхүүнд татвар өндөр тавих зэрэг бодлогын хүрээнд хийх ажлуудыг бид холбогдох газарт уламжилж 2027 оноос энэ чихрийн агууламжаас хамааран татвар авах хууль хэрэгжиж эхэлнэ.

Шүд угаалтын цаг хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж, фторжуулалтыг жигд тогтмол хийж, чихэрлэг хоол хүнсний хязгаарлалт зөв хэрэглээг хамтад нь хийж чадвал өнөөдөр 90 хувьтай байгаа шүдний өвчлөлийг 2-3 жилийн дараа 30-40 хувь хүртэл бууруулж чадна.

Төстэй мэдээлэл

“…Вакцины хоруу чанар маш их нэмэгдэж, мөнгөн ус болон хүнд металлын орц агуулж, хуучныхтай огт адилгүй болсныг бүх дэлхийгээрээ ярьж бичиж, манайхаас бусад бараг бүх хэл дээр эрдэмтэн эмч судлаачид нь ном, нийтлэл бичиж, барууны эцэг эхчүүд нь зөндөө эсэргүүцэж тэмцээд байхад гуравхан сая бид мэдрэлгүй мэт гөлийгөөд геноцид хийлгээд байх уу?????!!!!!…” Энэхүү агуулгыг нягтаж […]

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

Дахин нийтлэв… Мэдээллийн дайн гэдэг ямар хүчтэй болохыг хоёр жил хагас орчим үргэлжилж байгаа ОХУ-ын эхлүүлсэн дайн мэдрүүлж буй. Ялангуяа, монголчуудад мэдээллийн боловсрол огт байхгүй гэж шуудхан хэлж болохоор байгаагаас гадна Оросын пропагандад амархан автдаг, Оросыг дэмжиж, Агуу Орос гэсэн үзэл тээсээр явааг сошиал орчинд хийсэн мониторинг нотлон харууллаа.  Монголын Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс […]

Товч агуулга: Орос, Украины дайн эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд олон улсыг хамарсан цахим мэдээллийн дайн өрнөж байгаа нь олон нийтийг мэдээллийн боловсрол эзэмших шаардлагыг хэзээ хэзээнээс илүү бий болгов. Ялангуяа, ОХУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд цахим хэрэглэгчид хуурамч мэдээлэлд илүүтэй автах өндөр магадлалтайг 2023 онд Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хийсэн […]

Товч агуулга: Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх