Дэлхийн энерги хуралдсан, Дээд амгалант Дэмчог хийд

Ханбогдын шүлтлэг боржингийн өвөрмөц тогтож, цохионууд говийн хурц наранд зэсэн, алтлаг шар, хүрэн, саарал олон өнгөөр ээлжлэн гэрэлтэж, хадны ан цав, ирмэг бүр уран баримал мэт тодорч, эрт эдүгээгийн олон зуун сая жилийн түүхийг өгүүлж байгаа гэлтэй. Байгаль дэлхийн уран гоёыг илэрхийлэхэд үгийн баялаг ч дутахаар ажээ. 

…Түүх эхлэхээс өмнө. 

Өмнөговь аймгийн Ханбогд сум орчим, хааш хааш 1000 гаруй километрийг хамарсан, магмын их царцалт болсон гэдэг. Энэ л үед өдгөө бидний үлгэр домгоос л сонсож, уран сайхны киногоор төсөөлдөг, хэдэн галавын өмнөх тэр гайхамшигт амьдрал, үлэг гүрвэлийн ертөнц яг байгаа чигээрээ Галбын говийн хэвлийд шингэжээ. Тийм ч учраас байлагийн, геологийн, бас өв соёлын амьд музей Монголын говьд цогцолсон аж. Үлэг гүрвэлийн яс бүтнээрээ олддог энэ гайхамшигт нутаг дэлхийн археологич, геологич, түүхч, судлаачдын хувьд диваажин гэгддэг нь ч ийм учиртай. Харин энэ сайхан газар нутгаа залуус бид үзэж, таньж, үүх түүхийг нь дэргэдээс нь сонсохгүй бол энэ насны харамсал болж мэднэ. 

Одоогоос 300 сая жилийн тэртээ үүссэн Ханбогдын Шүлтлэг боржингийн Массив гэж нэрлэдэг тэрхүү чулуулаг тогтцын дунд долоон суварга бүхий сүм онцгой содон харагдана. Энэ бол говийн Догшинхутагт Данзанравжаагийн XIX зуунд байгуулсан дөрвөн хийдийн нэг, Дэмчог юм. Догшинхутагт Данзанравжаа Ханбогдын нутгийг олон хоног шинжсэний эцэст “Галав юүлсэн ч хүн зоноо аврах ариун дагшин нутаг байна” хэмээн сонгон шав тавьж, “Дээд амгалан” хэмээх утгаар Дэмчог хэмээн хийдээ нэрлэсэн түүхтэй аж. Говийн Ноён хутагт Данзанравжаа 1828–1830 онд Ханбогд уулын бэлд байгуулсан энэ хийддээ намарждаг байжээ. Хийдийн гол шүтээн болсон Дэмчог бурхан нь бүх амьтны сэтгэлд амгалан жаргаланг төрүүлэх утга бэлгэдэлтэй ажээ. 

Дэлбээлж буй бадамлянхуа цэцгийг дүрслэн бүтээсэн Дэмчог хийдийн гол сүмүүд нь анх хадтайгаа ууссан, бясалгал хийхэд зориулагдсан агуй, жижиг дуган, суваргатай байжээ. Харамсалтай нь 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед хийдийн үйл ажиллагааг зогсоож, барилга байгууламжийг нь бүрэн сүйтгэж, олон арван жилийн турш зөвхөн туурь, хагархай тоосго л үлдсэн гэдэг. Харин 1990-ээд оноос шашин шүтэх эрх чөлөө нээлттэй болсноор нутгийн зон олон, сүсэгтнүүд болон соёлын зүтгэлтнүүд хийдийн туурийг хамгаалалтад авч, сэргээн босгох ажлыг үе шаттай хийснээр гол сүм болон суварга, бясалгалын газруудыг сэргээн засварлаж, олон нийтэд бүрэн нээлттэй болгож, улмаар улсын хамгаалалтад авчээ. Галбын говийн үзэсгэлэнт байгальд орших түүх, шашин, соёлын чухал дурсгалт энэхүү газрыг өдгөө “Дэлхийн энергийн төв” хэмээн нэрийдэж, гадаад, дотоодын жуулчдын зорин очиж сүсэлдэг чухал цэг болжээ. 

Өмнийн говийн баялаг хөрсөн доороо ч дуусашгүй, хөрсөн дээрээ ч дундаршгүй гэдэг хууч яриа байх. Үүнийг өдгөө дэлхийд гуравт эрэмбэлэгдэх Оюу толгойн зэс, алтны томоохон орд нотолдог. Тэгвэл Ханбогдын массив нь дэлхийд ховор шинэ хоёр эрдсийг агуулдаг бөгөөд Ноён хутагт Данзанравжаа “Газрын нуугдмал баялаг” гэж үзэж байсан нь ийнхүү биеллээ олсон гэж үздэг байна. Тодруулбал, 1970-аад онд эндээс үл танигдах эрдэс олж нарийвчлан судалснаар дэлхийд анх Монголит болон Армстронгит гэх шинэ эрдсүүдийг нээн илрүүлсэн байна. 

Ханбогд Массив, Өмнөговь аймаг, Ханбогд сум
Дэлхийн хамгийн том шүлтлэг боржингийн массивуудын нэг бөгөөд ~290 сая жилийн өмнө (Түрүү Пермийн галав) үүссэн ба ойролцоогоор 1,000 км² талбайг хамардаг. Агаараас тод харагдах цагариган бүтэцтэй ба өгөршлийн нөлөөгөөр тогоруу хэлбэрийн хад, бөмбөгөр чулуу, бөөрөнхий тогтцууд үүссэн.

Эртний амьдралыг энэ цаг үе хүртэл тээн ирсэн Ханбогд нутаг болон говийн ард түмний зуун зуун жилийн турш өвлөгдөн ирсэн өвөрмөц соёл бүхэлдээ Монголыг өнөөдөр дэлхийд хосгүй үнэ цэнтэй орон болгох нэг хүчин зүйл мөн. Тийм ч учраас ЮНЕСКО-ийн олон улсын шинжээчид үлэг гүрвэлийн өлгий нутаг болсон, үүх түүхийн олон соёл, дурсгал бүхий энэ газрыг “Эртний амьдралын өлгий нутаг” хэмээн үнэлж, “Ханбогд, Шар цав болон Дэмчогийн хийд орчмын газар нутгийг геопарк болгон хөгжүүлэх боломжтой” гэж 2018 онд анхлан тэмдэглэн хэлж байсан нь өдгөө ажил хэрэг болж, Өмнөговь болон Дорноговь аймгийн дөрвөн сумын нутгийг хамарсан “Ханбогд Шар цав” хэмээх Монгол Улсын анхны геопаркийг энэ сарын 1-ний өдөр байгуулаад байгаа билээ. ЮНЕСКО-ийн Дэлхийн геопракаар нэрлэгдэж, Дэлхийн геопаркуупын сүлжээнд нэгдэх, үүгээрээ дамжуулаад дэлхийн аялал жуулчлалын сэтгүүлүүдийн хавтсыг чимж, хүн бүрийн очихыг хүсдэг газруудын нэг болох эхлэл ийнхүү тавигдаад байна. 

Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум, Дэмчогийн хийд бол таны заавал очиж үзэх ёстой газрын нэг мөнөөсөө мөн. Энергийн төв буюу Дэмчогийн хийд орчмыг хүмүүс байгалийн хүчтэй энерги буюу эрчим хүчний хуримтлалтай газар гэж үздэг. Хаданд нь Ноён хутагтын үлдээсэн гэх мөр, бясалгалын агуй, рашаан зэрэг олон домогт газрууд бий. Монгол орон бол яндаж баршгүй далай шиг арвин баялаг түүхтэй, үүх түүхийн дурсгал цогцолсон орон билээ. 



Төстэй мэдээлэл

УИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг

Налгар намрын завгүй өдрүүдээс урьтаж наадмын амралтаар хөдөөг зорих гэж буй эрхэм уншигч танд энэ бичвэрээ хаяглая. “Зуны сар зургаа биш” гэдэг дээ. Утаа, түгжрэл энэ үеэр л  мартагддаг тул бидний монголчууд уртаас урт өвөл, хаврын дараа ингэж нэг аялж, зугаалах цагаа товлодог. Харин хаачихаа мэдэхгүй байвал энэ сарын турш factcheck.mn танд хөтөч болъё.  Аялж […]

Арванхоёрдугаар сарын турш Factcheck.mn бага насны хүүхдийн чихрийн хэтэрсэн хэрэглээний талаарх мэдээллийг бэлтгэн хүргэсэн. “Шүд эрүүл бол бие эрүүл” хэмээх энэ үгийг бүх хүн мэддэг боловч мэдэхээс цаашгүй болжээ. Монгол Улсад шүдний асуудалгүй айл өрх гэж байхгүй болсныг мэргэжлийн хүн хэлж байна. Гол нь энд зөвхөн шүдний асуудлыг яриад байгаа биш, түүнээс үүдсэн бусад өвчлөл […]

Өндөр хөгжилтэй орнуудын ахмад настан гавьяаныхаа амралтаар дэлхийгээр аялах төлөвлөгөөтэй. Хуримтлал, тэтгэвэр нь амьдралын эрх чөлөөг гар газар, хөл хөсөр эдлэхэд хангалттай хүрэлцэх аж. Харин манай улсын ахмад настнууд хувийн жаргалаа бодох сөхөөгүй, хоногийн хоол, хүүхдийн сургалтын төлбөрт санаа зовнин, даатгалаар хөнгөлөлттэй авдаг эм тариагаа бичүүлэхээр өрхийн эмнэлгийн үүдэнд өглөө эртлэн хүлээж зогсдог нь харамсалтай.  […]

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж буй энэ үед улс төрийн маргаан сошиал орчинд өрнөж, улмаар төлбөртэй сурталчилгааны шинжтэй, зохион байгуулалттай кампанит ажиллагааны шинж тэмдэг илэрч байна. УИХ-ын гишүүн О.Номинчимэг 2026 оны зургаадугаар сарын 18-нд хийсэн мэдэгдэлдээ Эдийн засаг, хөжлийн сайд Ж.Энхбаярыг тамхины салбарын ашиг сонирхлыг хамгаалж байна хэмээн […]

Ахмадын тэтгэврийн зээлийн талаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн Экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүхээс тодрууллаа. Тэрбээр ахмадуудын зээлийн хугацааг сунгаж, хүүг бууруулахыг арилжааны банкуудаас шаардах нь төрийн хийх ажил биш гэдгийг тодотголоо. -Ахмадуудын тэтгэврийг зээлээр олгож байгаа талаар та ямар байр суурьтай байдаг вэ? -Ахмадууд тэтгэврээ зээлээр аваад ихэнхдээ хүүхдүүдийн ямар нэгэн төлбөр, машин унаа авахад […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх