Их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос хэдэн удаа “нүүлгэсэн” бэ?

Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар сонгогдсон хотын дарга нарын нийтэд зарлаад биелүүлээгүй ажлуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаа Засгийн газар, хотын дарга хамтраад хэрэгжүүлж чадаагүй ажлаар их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тухай шийдвэрүүдийг эргэн сануулж байна.

Эл санаачилга гарсан ч хэрэгжилгүй ийнхүү 14 дэх жилтэйгээ золгож байна.

2010.06.09

Засгийн газрын хуралдаанаар их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлийг анх батлав

Энэ хүрээнд “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авах, үүнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох яамдын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байдаг.

Эхний ээлжинд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт “Шивэрт”-ийн хөндийд 1000 гаруй га газарт “Оюуны” дагавар хот байдлаар “Силикон вээлий”-гийн хамт байршуулахаар чиглэлд тусгажээ. Төрийн бус өмчийн сургуулиуд 5-10 мянган оюутантай болон нэгдэж, нийлсэн тохиолдолд төрөөс дэмжлэг үзүүлж газар олгохоор төлөвлөж байгааг тухайн үеийн Засгийн газрын ХМА-наас мэдээлж байв.

2017.09.04 С.Батболд: Их, дээд сургуулиудыг хотоос гаргана

2010 оноос ийнхүү хэрэгжилгүй хаягдсан ажлыг нийслэлийн Засаг дарга С.Батболд сэргээн ярьж эхлэв. Тэрбээр их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар санаачилга гарган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт хамтран ажиллах санал хүргүүлэв.

2019.10.10

Ё.Баатарбилэг: Хотын төвийн сургуулиудыг нүүлгэх, кампус маягаар зохион байгуулах ажил судалгааны шатанд байна УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Их, дээд сургуулийн ашиглалтын өмнөх захиргаа гэж байгуулаад гурван тэрбум төгрөгөөр судалгаа хийгээд судалгааны дүнг гаргаад л ажил зогссон юм билээ. Одоо бид судалгааны их сургууль байгуулах, нэгтгэх, хотын төвийн сургуулиудыг нүүлгэх, кампус маягаар зохион байгуулах ажил судалгааны шатанд байна” гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын албан тушаалыг хашиж байсан бөгөөд төрийн өмчийн их, дээд сургуулиудыг хотоос гаргах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж байсан билээ.

2020.10.26

БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр: ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ

БШУЯ-наас боловсролын цахим шилжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр

Дэд сайд Г.Ганбаяр “Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан ба энэ нь 2013 оны тооцооллоор 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байв. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур руу шилжүүлэх боломжгүй гэж үзэн, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тухайн чиглэлд элсэлт аваагүй. ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна. Бүгд л орлогоо бодож бизнес эрх зүй, удирдлагын ухаан зааж байна. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ” гэсэн байдаг.

2021.10.20

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймагт сургалт судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС-ийн сургуулиудыг байгуулах шийдвэр гарч байна. Ингэхдээ салбар биш сургуулиудыг байгуулна  

Засгийн газрын тухайн өдрийн хуралдаанаас орон нутагт их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоол гарсан бөгөөд үүнийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцуулахдаа их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд буй түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө орон нутагт буй боловсон хүчнийг чадавхжуулах, цаашид бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах цогц асуудал гэдгийг онцолжээ.

Тэрбээр, “Өмнө нь Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт их, дээд сургуулиудын салбар сургуулиудыг нүүлгэх тогтоол гарч байсан. Харамсалтай нь амьдралд хэрэгжээгүй. Учир нь механик шийдвэр, нүүдэл байсан гэж ойлгож болно. Асуудлыг цогцоор нь харж чадаагүй учир хөдөө орон нутагт чанартай  боловсрол олгодог тогтолцоог бий болгож чадаагүй” гэв.

2022.10.10

Ч.Ундрам: Их дээд сургуулийг орон нутаг руу шилжүүлэх шийдвэр, тогтоолууд гарсан

2023-08-21

Д.Сумъяабазар: Шархад, Улиастай, Сэлбэ зэрэг дэд төвүүд бий. Энэ дэд төвүүдэд суурилсан их, дээд сургуулиудыг гаргах бодлогыг хиймээр байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа.

Өнгөрсөн гурван  жилийн хугацаанд  ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 5300, цэцэрлэгийн орыг 3605-аар нэмэгдүүлсэн. Тодруулбал, дөрвөн сургууль, 14 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн долоон цогцолбор, монгол өв, уламжлал ёс заншлын 11 өргөө байгуулсан юм. Мөн нийтийн тээвэрт иж бүрэн парк шинэчлэл хийж байна. Нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийхээс одоогийн байдлаар 415 автобус оруулж ирээд буй. Үлдсэн 810 автобусыг энэ онд оруулж ирнэ. Энэ үеэр Хотын дарга “Шархад, Улиастай, Сэлбэ зэрэг дэд төвүүд бий. Энэ дэд төвүүдэд суурилсан их, дээд сургуулиудыг гаргах бодлогыг хиймээр байна. Дархан, Багануур хөдөө орон нутагт шилжүүлнэ гэж олон жил ярьсан. Одоо үүнийгээ болиод Улаанбаатар хотдоо, ШУТИС-ийг Шархад руу, АШУҮИС-ийг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг Ханын материал руу зэргээр их, дээд сургуулиудаа хэдэн тийш нь гаргах нь төвийн дүүргийн төвлөрлийг сааруулах хамгийн зөв шийдэл гэж харж байна. Богино хугацаанд хийгдэх шинэчлэлтийн ажил болно” гэлээ.

Төстэй мэдээлэл

“САЙХАН МЭДЭЭ: Коронавирусийг 48 цагийн дотор устгах эм олжээ” гэсэн гарчигтай мэдээллийг thegegee.com гэх сайтад нийтлэгджээ.    Уг мэдээллийг Жаргал Дарханбаяр гэх фэйсбүүк хэрэглэгч шэйрлэснийг 371 хүн цааш түгээж, 540 хүн лайк дарж, 82 хүн коммент бичсэн байна. Уг мэдээллийг нягталлаа. Тус мэдээнд “Эрдэмтдийн баг эхлээд эдийн дээжийг лабораторийн орчинд коронавирусээр халдварлуулаад дараа нь “Ivermectin” […]

Саримс идэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэсэн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд тархаж байна. Тэгвэл энэ нь худал мэдээлэл болох тухай ДЭМБ-аас мэдээлсэн. Саримс нь эрүүл хоол хүнсэнд ордог бөгөөд зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон хэдий ч #COVID19 буюу шинэ коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөжээ.

“Иргэн хувиараа бизнес эрхэлдэг та 2024.01.01 нээс АЛДАГДАЛТАЙ ажилласан ч та татвар төлнө, монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө, чөлөөт цагаараа фитнест явж, хамт олноороо дуулах хоол идэх эргүй боллоо нийслэл хотын татвар 2 хувь болж нэмэгдлээ, одоо төлдөг төлбөрөө 2 дахин нэмж төлнө гэсэн үг үү……😪😪🫨🫨😦” гэсэн агуулгатай пост цахим […]

Tseren Ichinhorloo хэмээх фэйсбүүк хэрэглэгч коронавирусийн талаар дараах постыг оруулсан нь маш олон хүний хандалтыг авчээ. Долдугаар сарын 14-нд нийтэлсэн уг постыг 253 хүн лайк дарж, 232 хүн шэйрлэж, 68 хүн коммент бичжээ. Тэрхүү постод: Корона гэгч тахал дэлхий дахинаа гарлаа гэсэн ЖҮЖИГ массыг АЙДАСТ автуулан 2 жил болоход хүүхдүүд хичээлээсээ хоцрогдож, жижиг дунд бизнесийнхэн […]

Jenny Jenny гэх фэйсбүүх хаягнаас “Ёоооо худлаа ярихыг нь хараад тэсэхгүй нь ээ. Вероселийг хоёрхон улс хэрэглэж бгаа, Бээжин хувилбарыг 40 улс хэрэглэж байгаа гэж WHO дээр бгаа шд, нөгөөдүүл нь Монголд тарьж бгааг нь ДЭМБ бүртгэчихлээ гээд итгээд байхын. ДЭМБ УХАНЬ/ВЕРОСЕЛ ХУВИЛБАРЫГ БҮРТГЭЭГҮЙ, БЭЭЖИН ХУВИЛБАРЫГ БҮРТГЭСЭН” гэсэн пост оруулан байна. Уг постыг 81 хүн […]

Сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудсаараа олон улсын тоймч Ш.Гантулгын ярилцлагын хэсгээс “Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг” гээд байр суурийг нь хуваалцжээ. Уг постыг 2800 хүн хуваалцаж, 1000 хүн коммент бичиж, 2900 хүн хуваалцаад байна. (2021 оны 2-р сарын 17-ны 22:31 цагийн байдлаар) Тэрхүү постод дурдсан, олон улсын тоймч Ш.Гантулгын яриаг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх