Бангладешт 60 сурагч умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийлгэсний дараа бие нь муудсан-ТАШАА

Товч агуулга

  • Бангладешт сургуулийн насны 1.8 сая охин ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдсанаас хоёр охин ухаан алдаж унасан нь сэтгэл хөдлөлийн шалтгаантай байсан нь тогтоогдсон.
  • Үүнийг харсан өөр таван охин вакцин хийлгээгүй байхдаа мөн ухаан алдсан байна.
  • Вакцинд хамрагдсан 1.8 сая охидоос 0.14%-д нь халуурах, хөндүүрлэх зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрчээ.
  • ХПВ-ийн эсрэг өндөр үр дүнтэйг улс орнууд хүлээн зөвшөөрч байна.

Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгч умайн хүзүүний хорт хавдрын талаарх доорх постыг 2024.11.20-нд нийтэлжээ.

Үүнд “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийлгэсний дараа 60 сурагч эмнэлэгт хүргэгджээ.

Daily Bangladesh-д бичсэнээр тус улсын Бхолагийн Борхануддин Упазила хотын нэгэн сургуульд 60 сурагч умайн хүзүүний хорт хавдрын эсрэг ХПВ-ийн вакцин хийлгэсний дараа бие нь муудсан байна. Энэ хэрэг Мягмар гарагийн (10-р сарын 29) үдээс хойш Генда дунд сургуульд болжээ.

Вакцин хийлгэсний дараа өвдсөн сурагчдыг Борхануддин Упазила эрүүл мэндийн цогцолборт хэвтүүлсэн ба 6 охины биеийн байдал муудаж Бхола Садар эмнэлэгт хүргэгджээ…” гээд “Дүгнэлт: Энэ вакцинд аюулгүйн баталгаа байхгүй гэдэг нь энэ явдлаас харагдаж байна. Хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирвал хэн хариуцах вэ?! Эцэг эхчүүд үү эсвэл Засгийн газар уу?! Хуулинд сэмхэн шургуулсан хууль тогтоогчид уу?!” гэжээ.

Энэ мэдээллийг өнөөдрийг хүртэл хүмүүс цааш түгээсээр байгаа бөгөөд нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Бангладеш улсын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Ерөнхий газрын мэдээлснээр 2024.10.30-ны өдрийн байдлаар сургуулийн насны нийт 1.8 сая охинд ХПВ-ийн эсрэг вакцин хийгээд байснаас хоёр охин ухаан алдаж унажээ. Энэ нь сэтгэл хөдлөлийн шалтгаантай байсан нь тогтоогдсон байна.

Энэхүү үйл явдлыг харсан өөр таван охин вакцин хийлгээгүй байхдаа мөн ухаан алдсан байна. Түүнчлэн энэ үйл явдалд вакцины буюу бие физиологийн шалтгаан байхгүй болохыг баталсан байна.

Бангладеш улсын 1.5 сая охин 2023 онд ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдсан байна. Энэ онд вакцинд хамрагдсан 1.8 сая хүнээс 271 тохиолдол буюу 0.14 хувьд нь вакцины хөнгөн хариу урвал илэрсэн буюу халуурах, хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрчээ.

АНУ-ын Халдварт өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр ХПВ-ийн эсрэг вакцины хяналтыг 15 жилийн турш хийсэн бөгөөд аюулгүй болох нь батлагдсан байна. Энэ хугацаанд нийт 135 сая тун вакциныг улс орнуудад түгээсэн бөгөөд өсвөр насны охидын дунд ХПВ-ын ихэнх хорт хавдар, бэлэг эрхтнийг үүсгэдэг ХПВ-ийн халдвар 88%-аар буурсан бол залуу эмэгтэйчүүдийн дунд энэ төрлийн хавдрыг 81% бууруулсан байна.

Их Британи улсад л гэхэд өсвөр насандаа вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх тохиолдол 90% буурчээ.

Монгол Улсын хувьд 2012 онд эхлүүлээд зогсоосон ХПВ-ийн вакцинд хамрагдсан охидыг Хавдрын Үндэсний зөвлөлөөс тандан судлахад ХПВ-ийн эсрэг 3 тун вакцин хийснээс 5, 11 жилийн дараах үр дүн ХПВ-16 хэв шинжийн эсрэг 90%-100% байна.

Иймд дээрх мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Нэмэлт мэдээлэл

Монгол Улс 2024.11.25-ны өдрөөс 11 настай хүүхдүүдийг ХПВ-ийн эсрэг вакцинд хамруулж эхлээд байгаа юм.

Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшнээрээ 2022 оны байдлаар дэлхийн 185 орноос 53-рт эрэмбэлэгдэж, дэлхийн дунджаас 3 дахин, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудын, Зүүн Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.

Харин нас баралтын түвшнээр дэлхийн 185 орноос 69-рт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 1.3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнууд, Зүүн Азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна.

2023 онд 425 эмэгтэй энэ халдвараар оношлогдож, 160 эмэгтэй УХХХ-ын шалтгаанаар нас барж байна.

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн 140 гаруй улс нэвтрүүлсэн бөгөөд 76 нь сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.

Эрүүл ахуйн ердийн арга хэмжээ нь ХПВ-ийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхэд үр дүнгүй болох нь батлагдсан тул вакцин чухал ач холбогдолтой болох нь нотлогдсон.

Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, албан ёсны баталгаатай эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулж байна.

Эх сурвалжууд:

  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ
  • Хавдрын Үндэсний зөвлөл
  • Бангладеш улсын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Ерөнхий газар
  • АНУ-ын Халдварт өвчний хяналт сэргийлэлтийн төв
  • GAVI
Төстэй мэдээлэл

Товч агуулга COVID-19-ийн вакцин нь хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Их Британийн Үндэсний статистикийн газраас мэдээлснээр вакцины сөрөг нөлөөний улмаас 20-оос доош насны нэг хүн нас баржээ. Блогт өгөгдлийг контекстээс хасаж, COVID-19-ийн олон удаа вакцин хийлгэсэн өгөгдлийн багц мэдээлэл дэх хүүхдүүдийн ихэнх нь эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан нас барах эрсдэл өндөртэй байгааг орхигдуулсан. […]

Товч агуулга Англи улс хүүхдүүдийг дархлаажуулах бодлогодоо өөрчлөлт оруулаагүй. Эрсдэлт бүлэгт хамаарахгүй ч 2022.08 сарын сүүлчээр 5 нас хүрсэн болон 11 хүртэлх насны бүх хүүхдийг вакцинд сайн дураар хамрагдахыг Англи улс одоо ч зөвлөсөн хэвээр байна. Хүүхдүүд бүүстер тунд ч хамрагдах боломжтой байна. “Их Британи 12-ос доош насны хүүхдүүдэд КОВИД-19-ийн вакцин хийхийг хориглосон” гэсэн мэдээлэл […]

Товч агуулга ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон бусад өндөр албан тушаалтнууд Украины нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй автомашины дүрс бичлэгт хоёр хүнийг үхсэн украинчуудын дүрд тоглуулан харуулсан байна. Тэд Telegram болон Twitter дээр энэ тухай мэдээлэхдээ нэг хүн гараа хөдөлгөж байхад нөгөө хүн машины толинд сууж байгаа дүрс бичлэгийг харуулсан гэж нийтийг төөрөгдүүлжээ. Энэ үеийн […]

Товч агуулга Батсайхан Амараа Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.02-нд вакцины талаарх дараах постыг оруулжээ. Уг постод “Хэзээ ч вирусээр хорт хавдар үүссэн тухай нотолгоо байхгүй!!! 2-3 жилээс илүү хугацаанд хүний дархлаанд санамж үлдээх шу байхгүй!!! 100к хүүхдэд тарьж хордуулж байж 3 хүүхдийг 30-40 жилийн дараа үүсэж магадгүй хавдрыг 66-83% тай бууруулна ийм тэнэглэлд итгэх үү??? […]

Мягмар гараг буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ын өдөр УОК хуралдсаны дараа нийслэлийн автомашины хөдөлгөөнийг илүү хумихаар шийдвэрлэсэн талаар мэдээлэхдээ хоорондоо зөрүүтэй тоонууд хэлсэн юм Мэдээллийн үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор тээврийн хөдөлгөөнийг нарийн цагийн хуваарьт шижлүүлсэн. Бид 17,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцоолсон. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх