ОХУ-ын ЭСЯ-ны пэйж хуудсаар дайнтай холбоотой пропаганда явуулж байжээ 

Товч агуулга

  • ОХУ-ын ЭСЯ албан ёсны хуудсаараа цаг үеийн мэдээлэл өгөхөөс гадна суртал ухуулга явуулж иржээ.
  • Пэйж хуудсаараа түгээсэн пропаганда нь дайны сэдэвтэй байна.
  • ОХУ дайн эхлүүлснийг зөвтгөсөн, Украины талыг буруутгасан, цаашлаад барууны орнуудын талаар шүүмжилсэн постыг Монгол дахь ЭСЯ албан ёсны хуудсаараа түгээж иржээ.
  • Мөн Орос, Монголын хамтын түүх, ах дүүс, Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд ЗХУ-ын оруулсан хувь нэмэр оруулсан тухай зэрэг постууд зонхилсон байна.

ОХУ-ын эхлүүлсэн дайнаас хойш Монголын сошиал орчинд энэ талаарх мэдээлэл хэрхэн түгж байгаа, түүнд монголчууд ямар хариу үйлдэл үзүүлж байгаагаас гадна Оросын пропаганда ямар шинжтэй явсан зэрэг нарийвчилсан дүр зургийг гаргах томоохон хэмжээний мониторингийг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв (MCIR) хийсэн талаар өмнө нь хүргэсэн.

Тэгвэл энэхүү мониторингийн үр дүнд багтсан нэг сонирхолтой мэдээлэл бол Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны пэйж хуудсаар дайны талаарх суртал ухуулга хэрхэн явсан тухай юм. 

Анализ хийх хугацаанд буюу 2023.01.01-нээс 2024.01.01-нийг хүртэлх фэйсбүүк орчны мэдээллийг шүүхэд ОХУ-ын ЭСЯ-ны “Посольство России в Монголии” хуудсаар 700 пост нийтэлжээ.

Тэдгээр постын агуулгыг харвал

  • Цаг үеийн мэдээлэл, айлчлалууд, уулзалтуудын талаарх тойм мэдээллүүд, Оросын соёлыг сурталчилсан арга хэмжээнүүдийн талаарх мэдээллүүд;
  • Орос Украины дайнтай холбогдуулан Барууны орнууд, тэр дундаа АНУ, Англи зэрэг орнуудыг шүүмжилсэн болон Украины цэргүүд энгийн иргэдийг ихээр хороож, хохироож буй агуулгатай пропаганда мэдээллүүд;
  • Хуурамч мэдээллүүдээс сэрэмжлүүлсэн, анхааруулсан мэдээллүүд: Үүнд Монголын мэдээллийн орон зайд хуурамч мэдээлэл үйлдвэрлэх барууны технологи нэвтэрч буй тухай болон Монголын Amedia (Ask.mn) хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай мэдээллүүд оржээ.
  • #ХамтынТүүх гэсэн гарчигтай Орос Монголын түүхийг эргэн сөхсөн мэдээллүүд, Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд ЗХУ-ын оруулсан хувь нэмэр, Халх голын байлдааны 85 жилийн ой, Маршал Г.К.Жуковын музей, Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой зэрэг агуулга бүхий мэдээллүүд;
  • #ОросынТүүх болон #ОросынСоёл гэсэн гарчигтай Оросын түүхэн хүмүүс, үйл явдал, урлаг соёлын бүтээлүүдийн талаарх мэдээллүүд;
  • #ОросынШинжлэхУхаан гэсэн гарчигтай Оросын сансар судлалын сүүлийн үеийн ололтууд, дэвшилтэт технологийн нээлт, шинжлэх ухааны салбарын түүхэн хүмүүсийн талаарх мэдээллүүд;
  • #Оросынбайгаль гэсэн гарчигтай байгалийн үзэсгэлэнт газар, тогтоц, ан амьтан, тэдгээрийн тайлбар бүхий мэдээллүүд;
  • Бусад

Хамгийн олон хандалт, хариу үйлдэл авсан мэдээлэлд Оросын уран гулгагчид Монгол Улсад ирсэнтэй холбоотой цаг үеийн мэдээллүүд байв. Өдөрт дунджаар гурван мэдээлэл постолдог, нэг нь дунджаар 60 гаруй хариу үйлдэл авдаг тус пэйжид 2023 оны тавдугаар сард орсон уран гулгагчдын талаарх мэдээлэл 1.5К лайк авчээ. Ерөнхийдөө хамгийн олон хандалт авсан мэдээллүүдэд иргэдийн үзүүлсэн хариу үйлдэл, сэтгэгдэл, хандлага бүхэлдээ эерэг байв.

Харин дайнтай холбоотой мэдээллийг салгаж авч үзвэл суртал ухуулга буюу пропаганда зонхилжээ.

Жишээлбэл, Барууны орнууд, тэр дундаа АНУ, Англи зэрэг орнуудыг шүүмжилсэн болон Украины цэргүүд энгийн иргэдийг ихээр хороож, хохироож буй агуулгатай пропаганда мэдээллүүдийг постолсон байна.

Энэхүү нийтлэг агуулгыг тодруулбал:

  • Украины дайн бол газар нутгийн маргаан биш дэлхийд шинэ дэг журам тогтох зарчмын асуудал юм.
  • Киевийн дэглэмийн эхлүүлсэн дайны гол буруутан нь олон зуун жилийн турш колоничлолд байсан улс орнуудыг дээрэмдэж хөлжсөн Барууны орнууд, Барууны элитүүд.
  • Барууны орнууд, НАТО нь Оросын хөрш зэргэлдээ улс орнуудад нийгмийн инженерчлэл гэх бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байна.
  • Британийн BBC агентлаг Путин Барууны эсрэг нэртэй шинэ цуврал баримтат кино цацсан нь тархи угаадгийн яруу тод жишээ юм.
  • Барууны орнууд Африкт санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэх санааг идэвхтэй сурталчилж байгаа боловч тэдний амлаж буй тусламжийн хэмжээ нь #Украин улсад оруулж буй бодит хөрөнгө оруулалтаас хамаагүй бага байна.
  • Барууныхан Оросыг химийн зэвсэг хэрэглэж байгаа хэмээн өдөөн хатгасан мэдэгдэл хийж байгаа хэдий ч өөрсдөө Украинд химийн хот бодис ашиглан өдөөн хатгалга бэлтгэж байна.
  • Киевийн эрх баригчид 9 жилийн өмнөх Одессагийн эмгэнэлт үйл явдалд холбоотой.
  • Их Британи Украинд шавхагдсан урантай байлдааны галт хэрэгсэл нийлүүлэх нь маш сөрөг үр дагавартай гэжээ.

Эдгээр агуулгыг жишээгээр доор үзүүлэв.

ОХУ-ын ЭСЯ-ны пропаганда мэдээллийн жишээ

Өөрөөр хэлбэл, ОХУ-ын ЭСЯ албан ёсны хуудсаараа дамжуулан дайн эхлүүлснээ зөвтгөсөн, Украины талыг буруутгасан, цаашлаад барууны орнуудын талаар шүүмжилсэн пост нийтэлсээр иржээ.

ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд яг ийм агуулга бүхий Оросын пропаганда цахим орчноор дамжин дэлхийн олон улсад мэдээллийн дайныг өрнүүлсэн.

Тиймээс цахим орчинд аливаа мэдээллийг цааш түгээхээсээ өмнө заавал нягталж байх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байгааг энэхүү мониторингийн үр дүн харуулж байна.

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

Өнөөдөр цахим орчинд НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫГ 10 ЖИЛЭЭР СУНГАЛАА гарчигтай мэдээний зураг олны анхаарлыг татсан юм. Бид уг зурганд ФАКТ-ЧЕК хийлээ. Уг зураг ХУУРАМЧ буюу гарчигт засвар хийснийг харж болно доорх бичлэгээс хараарай.

Монгол Улсад 55,000 багш ажил, хөдөлмөр эрхэлж байна Жил бүрийн аравдугаар сарын 5-нд дэлхий нийтээр багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг 1994 оноос эхлэн ЮНЕСКО (UNESCO) болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) хамтран зарлаж, дэлхийн олон орон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тэмдэглэж буй гол зорилго нь багш нарын хөдөлмөрийг үнэлэх, боловсролд оруулж буй хувь […]

Товч агуулга АНУ-ын Дээд шүүх ийм шийдвэр гаргаагүй. Шүүхийн 2001 оноос хойш хэрэгжиж эхэлсэн болон шийдвэрлэгдсэн хэргүүдийн байдлыг жагсаадаг шүүхийн цахим лавлахад ийм кэйс огт байхгүй байна. Дээд шүүхээс “Вакцин бол вакцин биш. Учруулсан хор уршиг нь нөхөж баршгүй” гэдэг мэдэгдэл хийгээгүй. Solongo Bukhchuluun гэх фэйсбүүк хэрэглэгчийн 2022.10.25-нд оруулсан “🇺🇸* АНУ-ын Дээд шүүхийн шийдвэр: Ковид […]

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх