Дайнтай холбоотой хуурамч мэдээллийг үйл явдлын мэдээллээс 8 дахин илүү шэйрэлжээ 

Товч агуулга:

Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол Улс багтсан билээ. Хойд хөршийн эхлүүлсэн дайны тухай монголчууд сошиал орчинд хэрхэн мэдээлж, ямар хариу үйлдэл үзүүлсэн талаар Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR) 2023 онд анх удаа цогц анализ хийж байсан байв. Уг судалгаагаар дайны талаарх эх сурвалжгүй мэдээллийг монголчууд маш их түгээсэн гэсэн үр дүн гарсан юм. Тэгвэл мэдээллийн вэбсайт, фэйсбүүк орчинд тархсан дайны тухай 700 орчим пост, мэдээлэлд хийсэн уг дүн шинжилгээг энэ удаа илүү нарийвчилж, хуурамч мэдээллийн түвшин, шинж чанарыг тодорхойлох зорилготойгоор хоёр дахь томоохон шинжилгээг MCIR хийж гүйцэтгээд байна.

Энэ удаагийн дүн шинжилгээгээр 2023 оны нэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд зөвхөн фэйсбүүк орчинд тархсан дайнтай холбоотой мэдээлэл болон постуудад анализ хийлээ. Агуулгын хувьд өргөн хүрээтэй мониторинг хийх үүднээс дайнаас гадна Оростой шууд холбоотой, манай улсын стратегийн асуудлууд болох эрчим хүч, төмөр зам, цахилгаан станцаас гадна Орос болон АНУ, НАТО, барууны орнуудын харилцаа гэх мэт сэдвийг нэмж тусган, хамааралтай түлхүүр үгсийн тусламжтайгаар 500 орчим мэдээлэл ба постын бааз үүсгэж, шинжилгээ хийснийг тодотгоё.

Мониторингоос хэд хэдэн сонирхолтой үр дүн гарсан ба энэхүү нийтлэлээр дайнтай холбоотой хуурамч мэдээллийг түгээсэн байдлыг онцолж байна.

Нийт цуглуулсан мэдээлэлд контент анализ хийж, мэдээллийг зорилгоор нь үйл явдлын, пропаганда, хуурамч, Оросын эсрэг, про-Орос мэдээлэл хэмээн ангилсан. Үүнээс “Үйл явдлын мэдээлэл”-д аль нэг улс орон, тодорхой хүмүүсийн байр суурийг илэрхий дэмжиж, эсэргүүцээгүй, ихэвчлэн холбогдох үйл явдал, арга хэмжээ, ярилцлага зэргийг нэмэлт дүгнэлт, үзэл бодолгүйгээр түгээсэн мэдээллийг оруулж авч үзсэн бол “Хуурамч мэдээлэл”-д бодит бус баримтыг ашигласан, үнэн бус мэдээллийг оруулж ойлгосон. Ийнхүү дүн шинжилгээ хийхэд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс 8 дахин их шэйрлэгдсэн гэсэн үр дүн гарав. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээллийн уншигчид огт нягтлалгүй цааш түгээх нь зонхилж байна гэсэн үг.

Мониторингийн энэ үр дүнгээс харахад нийт мэдээллийн талаас илүү хувь нь Оросын талыг хэт туйлширч дэмжсэн, суртал ухуулга болон хуурамч мэдээллүүд байлаа. Тухайлбал, Оросын пропаганда мэдээлэл 24%, Оросыг хэт туйлширч дэмжсэн үзэл бодол 23%, хуурамч мэдээлэл 6%-ийг тус тус эзэлсэн.

Энэ дүнгээс дайнтай холбоотой хуурамч мэдээлэл бага хувийг эзэлсэн мэт харагдаж болох юм. Гэхдээ Монголын Фэйсбүүк орчинд хуурамч мэдээллээс илүүтэй Оросыг дэмжихийг хүчтэй ятгаж, ухуулсан, тодорхой тоо, баримт бага, эх сурвалжгүй, ихэвчлэн хоёр орны түүхийг сануулж, барууны орнуудыг ихээхэн харлуулсан пропаганда хамгийн их байгаа нь ажиглагдсан. Тэдгээр пропаганда мэдээлэл түгээгчдийн нэг хэсэг нь өөрийн фэйсбүүк хуудастаа Оросыг дэмжихийг ятгаж, суртал ухуулга хийсэн пост, зураг, бичлэг маш идэвхтэй оруулдаг ч өөрийн хувийн мэдээлэл, зураг огт байдаггүй. Нөгөө нэг хэсэг нь өөрийн фэйсбүүк хуудаст огт идэвхгүй боловч олон дагагч нартай группүүдэд маш идэвхтэй, олон давтамжтай постууд оруулдаг байна. Мөн зарим тодорхой аккаунтуудыг харахад дайн болсны нэг жилийн ойн үеэр пропаганда постууд идэвхтэй оруулж байсан бол одоо сонгуультай холбоотой аль нэг улстөрч, намуудыг шүүмжилж, магтсан постууд их оруулж байгаа нь мониторингийн явцад ажиглагдсан юм.

Хариу үйлдлийн тухайд дайнтай холбоотой хуурамч мэдээлэлд дунджаар 583 удаа хариу үйлдэл үзүүлсэн бол нотолгоонд тулгуурласан үйл явдлын мэдээлэлд дунджаар 107 удаа хариу үйлдэл үзүүлсэн байгаа юм.

Нэг үйл явдлын мэдээлэл болон постыг дунджаар 14 удаа шэйрэлсэн байгаа бол нэг хуурамч мэдээллийг дунджаар 110 удаа шэйрэлсэн буюу Орос Украины дайнтай холбоотой хуурамч мэдээллийг Монголын фэйсбүүк хэрэглэгчид үйл явдлын мэдээллээс 8 дахин илүү түгээжээ. 

Жишээлбэл, “Хятадын удирдагч Ши Жиньпин дэлхийн 3-р дайны аюул заналхийлбэл бид холбоотон Оростоо туслах болно” гэсэн нь хуурамч мэдээлэл 7200 орчим хариу үйлдэл авсан ба 6000 орчим нь дэмжсэн, 1100 орчим нь цааш түгээж шэйрэлсэн байна. 

Ийнхүү хариу үйлдлийн хувьд нэг хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс дунджаар 2 дахин шэйрлэгдсэн байсан бол дайнтай холбоотой хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс 8 дахин их шэйрлэгдсэн байгаа ба энэ нь Оростой холбоотой бүхий л сэдвүүдээс дайнтай холбоотой асуудалд хуурамч, пропаганда мэдээллийн тархац хамгийн их байгааг илтгэсэн юм.

Иймд аливаа мэдээллийг цааш түгээхээсээ өмнө заавал нягталж, баталгаатай эх сурвалжаас мэдээллээ авах мэдээллийн боловсролыг фэйсбүүк хэрэглэгч бүр дадал болгон суулгах шаардлагатай байна.  

Энэхүү мэдээлэлд дурдсан ИЛ 96 400М загвартай онгоц нь 2030 он хүртэл захиалга нь дууссан гэдэг нь хуурамч мэдээлэл. Тус загварын онгоцны туршилт амжилттай болсон гэдгээс өөр арилжаанд гаргасан болон худалдан авалтын захиалгатай холбоотой мэдээлэл огт гараагүй. Түүнчлэн ОХУ-д олон улсаас тавьсан хориг арга хэмжээний хүрээнд Оросын агаарын тээврийн салбарт үйлчилгээ үзүүлэх, сэлбэг нийлүүлэхийг хорьсонтой холбогдуулан Оросын агаарын тээврийн салбар нь зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангахад л маш хүндрэлтэй байгаа билээ. Уг пост нь нийт 297 хариу үйлдэл авсан бөгөөд 233 хүн дэмжиж, 34 удаа шэйрэлжээ.

Төстэй мэдээлэл

Аравдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн ипотекийн зургаан хувийн

Монголчууд үдээс өмнө, үдээс хойш гэдэг хоёр цагтай. Яг үүн шиг хуульдаа хүртэл тийм тоймлосон үгтэй ажээ. Жишээ нь, Зар сурталчилгааны тухай хуульд “Чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулахыг хориглоно” гэжээ. Ихээр агуулсан. “Их” гэдэгт хэр их хэмжээг илэрхийлж байгаа нь тодорхойгүй. Ахиад ч бий. Телевизээр […]

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 25-нд аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийж, санал бодлоо солилцсон юм. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа манай улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой тухай мэдэгдэж байв. Тэгвэл уулзалтын үеэр “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой” хэмээн хэлсэн. Түүний өгсөн мэдээллүүдийг бид нягталлаа.  […]

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA тоглогчид тоглолтынхоо өмнө нэхмэл захаар жигдэрсэн талаар мэдээлэл өнгөрсөн баасан гарагт гарсан. Энэхүү мэдээлэлд Леброн Жеймс болон Лос-Анжелес Лэкерс багийнхан өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн АНУ-ын дээд шүүхийн шүүгч рут Гинзбургийн дурсгалыг хүндэтгэн хувцасласан болохыг дурджээ. Ингэхдээ түүнийг илэрхийлдэг имиж болох хар хүрэм дээр цагаан захаар гангардаг байдлыг дуурайн нэг минутын […]

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Цахим орчинд цахилгааны мөнгийг тэглээгүй, өмнөх онтой харьцуулан, илүү төлбөрийг нь тэглэж байгаа талаар мэдээлэл гарчээ. Тодруулбал, твиттер хуудсанд Амараа.Б хаягтай хэрэглэгч “УБЦТСХК-ийн тамхины цэг дээрээс: Тог тэглээгүй. Өмнөх оныхтой нь харьцуулалт хийгээд илүү гарсан тогны мөнгийг нь тэглэж байгаа юм байна. Та 2019 оны 12 сард 55000 төлжээ, 2020 оны 12 сард 65000 гарчээ […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх