Х.Нямбаатар VS З.Энхболд – МАН, АН-ын аль нь их зам барьсан бэ?

Товч агуулга:

  • Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг засна гэж ярьснаас хойш 6 жил орчим, засварын ажил албан ёсоор эхэлснээс хойш 3 жил 4 сарын дараа нээжээ.
  • 2012-2016 онд 3,300 км, 2017 онд 476.6 км, 2018 онд 370 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан байна.
  • Хөгжлийн банк, Чингис бондын санхүүжилтээр 2011-2014 онд 1910.7 км урттай 886.4 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 30 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.
  • ҮСХ-ны судалгааг харвал 2016-2023 онд улсын хэмжээнд хатуу хучилттай авто замын урт 2851 км-ээр нэмэгдсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн асан З.Энхболд нар АН болон МАН-ын эрх барих жилүүдэд тавьсан замын талаар цахим орчинд маргаан өрнүүлжээ.

Тэдний оруулсан мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

УИХ-ын гишүүн асан З.Энхболд X платформд “Дарханы 200-хон км замыг 8 жил засаад дуусгаж чадаагүй МАН метро барилаа юу?

Яагаад чадахгүй вэ гэдгийг доорхи энгийн статистик харуулна. МАН МАХН 1921 оноос 2012 хүртэл 91 жил оролдоод 3000 хүрэхгүй засмал зам барьсан байдаг. Жилд 33-хан км зам барьсан.

Харин АН 2012-2016 оны хооронд 4-хөн жилд 3000 км засмал замыг Чингис бондын санхүүжилтээр барьж дуусгасан. Жилд 750 км буюу МАН-аас 22.7 дахин хурдтай барьсан. АН бол харин 4 жилд метрог барьж дуусгана” гэсэн постыг 2024.05.30-нд нийтэлжээ.

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замыг шинэчлэх талаар анх 2017 оны нэгдүгээр сард мэдээлэл хийж, зургадугаар сард шав тавьсан ч Засгийн газар солигдож, салбарын сайд нь гурван удаа өөрчлөгдсөний эцэст 2019 оны зургадугаар сарын 17-нд албан ёсоор эхэлсэн. Улмаар 2022.10.31-ний өдөр албан ёсоор нээсэн байдаг. Тус замыг засна гэж ярьснаас хойш зургаан жил орчим, засварын ажил албан ёсоор эхэлснээс хойш гурван жил дөрвөн сарын дараа нээжээ.

Үндэсний Статистикийн хорооны судалгаагаар манай улс 1992 оноос 2012 оны хооронд 2.1 мянган км авто замыг улсын хэмжээнд барьсан бол 2012 оноос 2016 оны хооронд 3.3 мянган километр, 2017 онд 476.6 километр, 2018 онд 370 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2024.05.31-ний өдөр  “АН 3000км зам барьсан гэх үлгэр ярьж тархи угаахаа одоо болих хэрэгтэй.

Бодит мэдээлэл хүргэе:

МУ түүхэндээ анх удаа 726 тэрбум төгрөгөөр нийт 1426 км авто замыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр дотоодын ААН-ээр шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр 2011.04.06 өдөр буюу Сү.Батболдын ЗГ-ын 105-р тогтоол гарсан.

2012-2016 онд баригдсан 2956.9 км замын 1426 км замын ажил бол дээр дурдсан гүйцэтгэгч нь, эх үүсвэр нь тодорхой болсон байсан ажил.

МАН 2016-2020 онд 2610 км, 2020-2024 онд 1286 км авто зам ашиглалтад оруулсан.

2012 оноос хойш МАН 5322 км, АН 1710 км зам барьсан байна.

Энэ АН-ын 1710 км замыг барьсан Чингис, Самурай бондын өрийг МАН 2016-2020 онд төлж барагдуулсан” гэсэн пост нийтэлжээ.

Үндэсний аудитын газраас 2014 онд танилцуулсан Авто замын хөрөнгө оруулалт, үр дүнгийн талаарх тайланд 2011-2014 онд хэрэгжиж буй нийт 105 чиглэлийн 1167.8 тэрбум төгрөг, 349.7 сая ам.долларын гэрээний дүнтэй 3711.8 км авто замын төсөл, арга хэмжээг хамруулжээ.

Үүнд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байсан 1910.7 км замын талаарх мэдээлэл багтсан бөгөөд уг санхүүжилт, хөрөнгө оруулалтыг гурван янзаар хийх талаар Засгийн газар тогтоол гаргаж байсныг зургаар үзүүлэв. Тодруулбал, Хөгжлийн банк, Чингис бондын санхүүжилтээр 1910.7 км урттай 886.4 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 30 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Үндэсний статистикийн хорооны судалгааг харвал 2016-2023 онд улсын хэмжээнд хатуу хучилттай авто замын урт 2851 км-ээр нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, З.Энхболд, Х.Нямбаатар нарын цахим сүлжээгээр олон нийтэд өгсөн мэдээлэл тоо баримтын зөрүүтэй, төөрөгдүүлсэн байна.

Эх сурвалжууд:
  • Үндэсний статистикийн хороо
  • Үндэсний аудитын газар
  • Зам, тээврийн хөгжлийн яам
Төстэй мэдээлэл

Монголчуудын ондоошлыг төдийгөөс өдий хүртэл хадгалж, хамгийн их хүндэтгэл мэдрүүлж, язгуурыг сэргээдэг сар шинийн баяр хаяанд иржээ. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Цагаан сараар заавал дагаж мөрддөг уламжлал ба заншлаас хүргэж байна. Цагаан сарын баяр Их эзэн Чингис хааны үеэс улбаатай гэдэг ч Монгол Улсын түүхэн цаг хугацааны туршид шарын […]

Халуунаар шарах нар газрын хөрсийг улам гандааж, хааяа нэг сэвэлзэх салхинаар өлөн тоос суунаглана. Хаа хамаагүй хатгасан улаан хүрэн банзан хашаанууд уйтай гэмээр хувхайрч үзэгдэх, гудамжаар хөнгөн тэрэг, хүн зоны хөлөөр гарсан шороон замыг туучсаар 3 давхар байшинтай, байшингаасаа ч өндөр сүндэрлэх мододтой айлд ирлээ. Энэ бол Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны иргэн У. Мижиддоржийнх. […]

Жил бүр Монгол Улсад ойролцоогоор 30 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгодог бол 20 мянга орчим ахмад нас бардаг гэсэн дундаж статистик байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчдын бодит тоо жилд дунджаар 10 мянгаар нэмэгдэж, 2025 оны байдлаар 518,700 хүн өндөр насны тэтгэвэр авч байгааг Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээс харж болно. Ахмадуудын дунд “яагаад зарим хүний […]

Ханбогдын шүлтлэг боржингийн өвөрмөц тогтож, цохионууд говийн хурц наранд зэсэн, алтлаг шар, хүрэн, саарал олон өнгөөр ээлжлэн гэрэлтэж, хадны ан цав, ирмэг бүр уран баримал мэт тодорч, эрт эдүгээгийн олон зуун сая жилийн түүхийг өгүүлж байгаа гэлтэй. Байгаль дэлхийн уран гоёыг илэрхийлэхэд үгийн баялаг ч дутахаар ажээ.  …Түүх эхлэхээс өмнө.  Өмнөговь аймгийн Ханбогд сум орчим, […]

Өндөр хөгжилтэй орнуудын ахмад настан гавьяаныхаа амралтаар дэлхийгээр аялах төлөвлөгөөтэй. Хуримтлал, тэтгэвэр нь амьдралын эрх чөлөөг гар газар, хөл хөсөр эдлэхэд хангалттай хүрэлцэх аж. Харин манай улсын ахмад настнууд хувийн жаргалаа бодох сөхөөгүй, хоногийн хоол, хүүхдийн сургалтын төлбөрт санаа зовнин, даатгалаар хөнгөлөлттэй авдаг эм тариагаа бичүүлэхээр өрхийн эмнэлгийн үүдэнд өглөө эртлэн хүлээж зогсдог нь харамсалтай.  […]

Товч агуулга: Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх