Морь өөрчлөгдсөн, одоо хүүхэд… 

Монголчууд бид хурдан морины уралдааныг өв соёл гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдрийн уралдаан, ялангуяа хаврын уралдаан, үнэхээр уламжлал хэвээрээ байж чадаж байгаа юу гэвэл ҮГҮЙ.

Жирийн биднийг анзаараагүй байхад сүүлийн жилүүдэд үндэсний морины уралдаан өөрчлөгдсөн. Учир нь тэнд уралдаж буй морьд өөрчлөгдсөн. Илүү тэсрэлттэй, хурдтай, хүчтэй болсон. Үүнээс үүдээд хамгийн гол нь эрсдэл өөрчлөгдсөн.

Өнөөгийн уралдаанд давхиж буй морьдын дийлэнх нь эрлийзэжсэн. Үүнийг батлах тоог энд дурдъя. Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн мэдээллээс үзвэл Монголд 5.1 сая адуу бүртгэгдсэн. Үүнээс 26 орчим хувь нь эрлийз гэх мэдээлэл бий. Эрлийз адууны дийлэнхийг уралдааны зорилгоор ашигладаг гэж малчид, уяачид ярьдаг. Уралдаанд зориулж монгол морио эрлийзжүүлж буйн шалтгаан тодорхой. Эрлийз адуу өндөр, хүчтэй, хурдтай. Гэвч тэдэнд монгол адуунд байдаг нэг чанар дутдаг. Тэр нь унаач хүүхдээ “мэдэрдэг” чанар. Судалгаанд дурдсанаар эрлийз адуу нь унасан хүүхдийг мэдэрч зогсох, зай барих зан төлөв сул, харин ч гишгэх, чирэх эрсдэл өндөр байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, морь хурдтай, хүчтэй болох тусам хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учруулах эрсдэл огцом ихэссэн хэрэг. Үр дүнд нь Монголын үндэсний морин уралдааны хамгийн эрхэм, бусад улсаас онцлог соёлын охь нь болсон уралдаанч хүүхдэд халтай уралдаан болж өөрчлөгдсөн.

Урьд цагт уралдаанд морь л алдаршдаг байж. Харин өнөөдөр хүн алдаршдаг болж. Шалтгаан нь 1990-ээд оноос уяачдад цол, шагнал олгож эхэлснээр уралдааны мөн чанар өөрчлөгдсөн.

Уралдаан аажмаар өв соёлын илэрхийлэл бус алдар нэрийн төлөөх өрсөлдөөн, ашгийн төлөөх тогтолцоо болон хувирсан. Энэ өөрчлөлт зөвхөн морьд биш хүүхдэд хамгийн ихээр нөлөөлж байна. Морио өөрчилсөн тэд одоо хүүхдийг өөрчилж эхлээд байна.

7 настай “ажилтан”

Судалгаагаар хурдан морь унаж буй хүүхдүүдийн дийлэнх нь 7–10 настай. Тэднийг “уралдаанч хүүхэд” гэж нэрлэдэг. Ташрамд дурдахад өмнө нь “УНААЧ хүүхэд” хэмээн нэрлэдэг байсан ч Монголын морин спорт, уяачдын холбоо уг нэршлээс болж хүүхэд мориноос унаад байна гэж үзэн “унаач” гэдэг үгийг өөрчилж “уралдаанч” гэж нэрлэхээр тогтсон. Энэ шийдвэр тэдний зүгээс уралдаанд хүүхэд мориноос унаж гэмтэх, бэртэх, цаашлаад амиа ч алдах аюулыг зогсоохоор оролдсон магадгүй хамгийн “бодитой ажил” болсон болов уу.

Тэдгээр уралдаанч хүүхэд зөвхөн уралдаанд морь унан уралддаггүй. Өглөө босоод морь усална, өдөр, орой морио арчилна. Өвөл, хавар ялгалгүй ажилладаг. Биш ээ,тэд ажиллуулдаг. Унаач хүүхдүүдийг сургуулиас нь байнга авч явж өвөл, хаваргүй морины ажил хийдэг. Яг л үндсэн ажилтан мэт ханддаг. Ийн ажиллахдаа хүүхдүүдийн ихэнх нь гэрээсээ хол, өөр айлд амьдардаг. Хөлсөөр ажилладаг ч гэрээ, хамгаалалт бараг байдаггүй. Гэрээ байхгүй тул хяналт байхгүй. Олон улсын хэмжүүрээр бол үүнийг хүүхдийн “тэвчишгүй хөдөлмөр” гэж хэлдэг. Үнэхээр ч тэвчилгүй оргон зугтах хүүхэд цөөнгүй байдаг нь үүний тод баталгаа. Унаач хүүхдийг ажил дээр тогтоох хэцүү болсон тухай уяачид өөрсдөө ч ярьдаг.

Уяачид хүүхдүүдийг морин дэлэн дээр салхи мэдрэн уралдах цовоо сэргэлэн уралдаанч бус ажилчид болгон өөрчилж байна.

Алсран холдох боловсрол, хүмүүжил…

Хамгийн хортой нь яг энэ үеэр хүүхдүүд 7–30 хоног хичээлээс чөлөө авч, морины ажил, элдэв, сунгаа, уралдаанд оролцдог. Үүний үр дагавар нь тэд хамгийн багадаа сурлагаар хоцрох, улмаар хичээлээс хөндийрөх, эцэстээ бүр сургууль завсардах хүртэлх эрсдэл бий болдог. Ингэснээр тэд уншиж бичих, сэтгэн бодох суурь чадварыг тоймтой олж аваагүйгээс ирээдүйн амьдралд хэн болох нь бараг шийдэгддэг. Унаач хүүхдүүдийн 90 орчим хувь нь эрэгтэй бөгөөд ийнхүү ерөнхий боловсрол эзэмшээгүй тул нийгмийн хаягдсан хэсэг болдог хэмээн боловсрол судлаачид хэлдэг. Уяачид тэдгээр хүүхдүүдийн ирээдүйг өөрчилж байна. 

Дараагийн ноцтой зүйл нь хүүхдийн зан авир, хүмүүжилд өөрчлөлт ордгийг мөн судлаач тогтоожээ. Уралдааны явцад дутуу эргүүлэх, хажуугийн морийг цочоох, айлгах, ташуурдах, ёврох, зохиомол будилаан үүсгэх зэрэг шударга бус арга хэрэглэхийг уяачид хүүхдээс шаарддаг. Бага насны хүүхдийн тогтож амжаагүй сэтгэл зүй, ёс суртахууныг тэд ийн башир аргаар бузарладаг. Унаач хүүхдүүд ихээр байдаг Өлзийт хорооллоор тамхи татсан хүүхдүүд цөөнгүй. Өсөлтийг нь сааруулахын тулд албаар тамхинд оруулдаг гэх яриа ч уяачдын дунд байдаг. Тэд өөрсдийн алдар нэр, ашиг хонжооны төлөө хүүхдийн хиргүй тунгалаг зан авирыг эвдэж, ёс суртахууныг булингартуулж, хорт зуршилд сургах зэргээр өөрчилсөөр.

Анх морио өөрчилснөөр энэ бүгд эхэлсэн, адаг сүүлдээ ийн хүүхдээ өөрчилж байна, тэд.

Эцэст нь…

Манай үндэсний морин уралдааны бусад улсаас ялгарах өв соёл, уламжлал бүхий гол онцлог бол морь болон хүүхэд билээ. Гэтэл энэ хоёр эрхэм дээд зүйлсийг ийнхүү өөрчилсөн. Хамгийн хяслантай нь өнөөх өв соёлоо хамгаалж, уламжлуулах ёстой уяачид нь өөрсдийн аминчхан эрх ашиг, хоосон цол гуншин, мөнгөн ашиг хонжооны төлөө тодоор манлайлан уралдсан сүүлийн хэдхэн жилд 46 бяцхан амь мориноосоо унан, эргэж хэзээ ч ирэхгүйгээр хорвоогоос одсон. 46 ирээдүй үгүй болсон. 46 бүхэл бүтэн амьдрал үгүй болсон. Энэ тоо нэмэгдэх нөхцөл өнөөдөр ч байсаар байна. Энэ бусармаг зүйлийн эсрэг бидний үеийнхэн дээд үетэйгээ хэрэлдэн муудалцаж, ойлголцохыг хичээсээр ирлээ. Харин шинэ үеийнхэн үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй, ойлголцох гэж хэрүүл ч хийлгүй, уур нь хүрвэл шууд л устгачхаж чадах тэс өөр, цоо шинэ дундын үнэ цэнтэй, бүхий л эрхийн өндөр мэдрэмжтэй.

Зуун зууныг дамжин уламжилж ирсэн үнэт өв соёлоо юу, эсвэл сүүлийн гучхан жилд нь өөрчилж будилуулсан, эрх мэдэл, алдар нэрийн төлөөх хэрэгсэл болгосон хиймэл соёлoo дараа үедээ өвлүүлэх үү гэдэг сонголтын өмнө өнөөгийн монгол уяачид тулж иржээ.    



Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Улаанбурханы вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд муу нөлөөтэй гэсэн эрдэмтэдийн судлагаа гарлаа…” гэсэн пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Улаанбурхан өвчний эсрэг вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд нөлөөлдөг гэсэн судалгаа гарсан гэсэн нь нотлогдохгүй байна. Харин Улаанбурхан өвчний вакцинтай холбоотой хамгийн сүүлийн шинэ судалгааг 2025.01.11-нд АНУ-ын Биотехнологийн […]

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраас гаргав. Энэ бол Украинтай хийж байгаа дайнтай холбоотойгоор цэргийн дэглэм тогтоож, орон даяар дайчилгаа явуулах шинэ дүрэм журам хэрэгжиж эхлэх гэж буй тухай байсан юм.  2022.09.21-ний 09:00 буюу Монголынхоор 14:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгаа зарлаж, зарлигт гарын үсэг зурсан […]

Официальный сайт Кракен Тор: http://kraken2tr7eohw6acwwp2apxtgqtoy67gzggozvuzmglc7yq35ysboad.onion/ (заходить через Tor

…Хорлоо гуай нэгдүгээр сарын эхний ажлын өдөр эртлэн банк руу иржээ. Тэтгэврийг бага зэрэг нэмсэн сургаар тэрээр зөрүү мөнгөө авахаар ирж буй нь энэ аж. Ямар ч байсан энэ оноос сар бүр 80,000 төгрөг гар дээрээ авахаар болсондоо баярлаж байгааг нь манай нийгмийн эмгэнэл гэлтэй. Өнгөрсөн онд хүүхдүүддээ нэмэр болох гээд тэтгэврээ жилээр нь 100% […]

Геополитикийн агуулгад эргэлдэж байсан Оросын мэдээллийн урсгал өнөөдөр илүү нарийсаж, Монголын эрчим хүч, уран, уул уурхай, гадаад хөрөнгө оруулалт зэрэг стратегийн салбарууд руу чиглэх болсон нь сүүлийн мониторинг судалгаануудаар тодорхой болж байна. Сошиал орчинд тархаж буй эдгээр агуулга нь байр сууриа илэрхийлж байгаа мэт харагдах боловч үнэн хэрэгтээ олон нийтийн айдас, эргэлзээ, үл итгэх байдлыг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх