Украин хүний наймааны гол улс болсон – ХУДАЛ

Товч агуулга

  • Хүн худалдаалах гэмт хэргийн тухай тайлангаар Украин улс Дани, Герман, Япон улсын адил “чухал хүчин чармайлт гаргаж байгаа” орны тоонд багтсан бол ОХУ, Иран, Хойд Солонгос, Афганистан улс стандарт дагаж мөрддөггүй, хүчин чармайлт гаргахгүй байгаа орноор нэрлэгджээ.
  • Украин орчин үеийн боолчлолын тархалтаар 50 орноос 7-д бичигдсэн ч хүний наймааны үзүүлэлтээр 1-т бичигдсэн нэг ч тайлан байхгүй.
  • ОХУ-д хүүхэд худалдаалах гэмт хэргийн асуудал Украиныхаас илүү ноцтой байна.
  • Хүний наймаа буюу орчин үеийн боолчлолд дэлхий даяар жилд 20-40 сая хүн өртгөдөөс 20% нь хүүхдүүд байна.

Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Нэг их Украйнд санаа зовсон хүмүүс. Цаад учир шалтгааныг хэдэн хүн мэдэх юм бол? Энэ улс хүний наймааны гол улс болсонд бгаа юм. Шулуухан хэлэхэд түүнийг цэвэрлэх гэж бгааг олон сувгаас уншлаа!!! Нато Орос асуудалгүй. Жилд дэлхийд 20 сая хүн алга болдог, түүний 50% нь хүүхэд!!!” гэсэн постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

2022.02.13-нд нийтэлсэн уг постыг 26 хүн шэйрлэж, 211 хүн лайк даржээ.

ОХУ 2022.03 сард Украинд дайн эхлүүлсний дараачаас буюу дөрөвдүгээр сараас нь дээрх агуулгатай пост олон нийтийн сүлжээнд ихээр цацагджээ. Иймд уг мэдээллийг олон улсын баримт нягтлагч гол талбар болох Politifact болон USA Today зэрэг томоохон мэдээллийн сайтын баримт нягтлагчид шалгасан байна.

Вашингтонд төвтэй, хүний наймааны эсрэг олон улсад манлайлан ажилладаг гол институт гэгддэг The McCain Institute Хүний наймаатай тэмцэх газрын ахлах захирал Кристен Леандерсон Абрамсын тайлбарласнаар АНУ-ын Төрийн департаментын жил бүр гаргадаг Хүн худалдаалах гэмт хэргийн тухай тайлан нь хамгийн гол баримт бичиг буюу “алтан стандарт” гэж болно хэмээн USA Today-д тайлбарлажээ.

Уг тайланг гаргахдаа дэлхийн улс орнуудыг гурван шатлалаар авч үздэг байна. Үүний I шатлал нь тухайн улс хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг хамгаалалтын актын наад захын стандартыг бүрэн дагаж мөрдөж байгааг харуулж байгаа бол II шатлал нь тухайн улс бүрэн дагаж мөрдөхгүй байгаа хэдий ч бүрэн дагаж мөрдөхийн тулд “чухал хүчин чармайлт” гаргаж байна гэсэн үг аж. Гуравдугаар шатлал нь тухайн улсын Засгийн газар стандартыг дагаж мөрддөггүй бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргахгүй байгааг харуулдаг байна.

2021 онд буюу дайн гарахаас өмнө хамгийн сүүлд хийгдсэн тайлангаар Украин улс дээрх ангиллын II шатлалд багтсан бөгөөд тус улсын хамт Дани, Герман, Япон улс бичигджээ. АНУ I шатлалд Англи, Канад орны хамт бичигдсэн бол ОХУ, Иран, Хойд Солонгос, Афганистан улс III шатлалд эрэмбэлэгдсэн байна. 

Кристен Леандерсон Абрамс мөн хүний наймааны эсрэг “Walk Free”, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын цагаачлалын байгууллагын үйл ажиллагааг чухалчилжээ. Эдгээр бүлгүүд нь орчин үеийн боолчлол болох хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөгийн талаар олон тайлан гаргадгийн нэг болох Дэлхийн боолчлолын индекс нь орчин үеийн боолчлолын мэдээллийг улс орон тус бүрээр нь авч үздэг байна.

Дайнаас өмнө хамгийн сүүлд буюу 2018 онд гаргасан тус индексийн тайланд Засгийн газруудыг өөрсдийн хил доторх орчин үеийн боолчлолд үзүүлж байгаа хариу арга хэмжээнээс нь хамааруулан BBB болон CCC зэрэг дунд түвшнийг А-аас D хүртэлх шатлалаар үнэлжээ.

Уг индексээр зөвхөн Нидерланд л А үнэлгээ авсан бол дараагийн хамгийн өндөр үнэлгээ буюу ВВВ-г АНУ авсан байна. Украйн улс ВВ ангилалд багтсан бол Хойд Солонгос, Ливи D гэсэн ангилалд үнэлэгджээ.

Тайлангийн бусад хэсэгт үзүүлэлтүүд бага зэрэг өөрчлөгддөг бөгөөд Европ болон Төв Азийн орчин үеийн боолчлолыг үзүүлэлтээр Украин орчин үеийн боолчлолын тархалтаар 50 орноос 7-д бичигдэж, 1000 оршин суугч тутамд 6.4 хохирогч ногдож байгааг дурдсан байна. Гэхдээ хүний наймааны үзүүлэлтээр Украин улс 1-т бичигдсэн нэг ч тайлан байхгүй гэдгийг энд онцолжээ.

Түүнчлэн ОХУ-д хүүхэд худалдаалах гэмт хэргийн асуудал Украиныхаас илүү ноцтой байгаа гэж АНУ-ын Төрийн департаментын сүүлийн үеийн хүний ​​наймааны тайланд дурдсан байна. Хоёр улс энэ асуудалтай тэмцэж байгаа тухай тайланд дурдсан ба Украин 2020-2021 оны хооронд асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авсан бол Орос уг асуудлыг арилгахын тулд хүчин чармайлт гаргаагүй гэж дүгнэжээ.

Хүний наймаа буюу орчин үеийн боолчлолд дэлхий даяар жилд 20-40 сая хүн өртгөдөөс 20% нь хүүхдүүд байна. Энэ нь 20 сая хүн ор сураггүй алга болдог гэсэн үг биш бөгөөд 50% нь хүүхэд гэдэг нь хол зөрүүтэй тоо байна.

Иймд дээрх пост дахь агуулга бүхэлдээ ХУДАЛ буюу олон нийтийг төөрөгдүүлжээ.

ОХУ-ын эхлүүлсэн дайн өнөөдрийг хүртэл хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд тус улсын түгээж байгаа худал мэдээлэл цахим орчинд тархсаар байгаа билээ. Ялангуяа, хоёр жилийн өмнө гарсан постуудыг одоо болтол дахин шэйрэлж, нийтэд түгээсээр байгаа юм. Иймд дайнтай холбоотой аливаа мэдээллийг олон эх сурвалжаар баталгаажуулж, албан ёсны эх сурвалжаас мэдээллээ авч нягталж байхыг Factcheck.mn сануулж байна.

Төстэй мэдээлэл

“Гардасал вакцин нь асар олон хүнд металлтай. Хүний эрүүл мэндийг үхүүлдэг. Нэн тэргүүнд үргүй болгодог” гэсэн мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Factcheck: Гардасил вакцинд хүнд металл агуулагддаг гэдэг нь ташаа мэдээлэл байна. Гардасил нь бусад вакцины адил дархлааны хариу урвалыг сайжруулахад туслах хөнгөн цагааны найрлагыг агуулдаг. Гэхдээ вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ […]

Украинд үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Zarig.mn сайт “Донецкийн орчим Украины армийн тэргүүн хэсэг цохилтод өртжээ” гэсэн гарчигтай видеог цацав. 26.9К хүнд хүрсэн уг видеог нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу бид нягталлаа. FactCheck: Yandex болон Tineye хайлтын системийн тусламжтай уг бичлэгийн хэсгийг хайж үзэхэд 2017 онд яг энэ бичлэг […]

Иргэний хөдөлгөөний намын дарга асан Ж.Занаа КОВИД-19-ийн эсрэг вакцины найрлагын талаар пост оруулсныг 33 хүн цааш хуваалцжээ. Цар тахлын энэ үед ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, түүнд нь нэг хүн итгэхэд л эрүүл мэндээрээ үнэлж баршгүй хохирол амсах эрсдэлтэй.  Иймээс түүний пост дахь мэдээллийг нягтлан хүргэхдээ коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж байхыг дахин дахин […]

Bayaraa Terbish гэх фэйсбүүк хэрэглэгч “Өнөөдөр гэр бүл бүр 800,000,000 хүртэлх тэтгэлэг авдаг. энэ луйвар биш. Үүнийг авахын тулд сэтгэгдэл дээр “ok” гэж бичээрэй” гэсэн пост оруулсны доор 28 хүн ок гэж бичжээ. Яг энэ агуулгатай пост өнгөрсөн оны сүүлчээс цахим орчин гарч эхэлсэн бөгөөд Gantul Saran гэх хэрэглэгчийн оруулсан постны доор 109 хүн “Ок” […]

“Шинэ вирус Лямбда нь Дельтагаас 2 дахин аюултай Сэрэмжлүүлж байсан “супер мутант” мөн, 3 аюултай мутант нийлэгжжээ. ЭМЯ ард түмэн тэмцэлд бэлэн байх ёстой Зайнаас ч халдварлана Яаралтай Спутник, ганц аврал!” гэсэн мэдээллийг Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч постолжээ. Түүний постыг 157 хүн шэйрлэж, 1К хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: COVID-19 цар […]

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийсэн ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулсан юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх