“Ерөнхий сайд: Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа” – ТАШАА

Товч агуулга:

  • Монгол Улсын өрийн дарамт буурч байгаа нь үнэн.
  • Гэвч өрийн циклээс бүрэн гарсан гэдэг нь ТАШАА ойлголт байна.
  • Энэ онд 13.3 их наяд төгрөгийг зээл хүүгийн төлбөрт төлсөн нь нотлогдсонгүй.
  • Сүүлийн төлбөрийг өөрийн эх үүсвэрээр төлсөн ч өмнөх бондуудын өрийг төлөхөөр босгосон бусад бондын өр төлбөр ирээдүйд хүлээгдэж байна.
  • Ирэх 2024 оны төсвийн алдагдал болох 1.5 их наяд төгрөгийг өрөөр санхүүжүүлэх хүлээлттэй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа” гэсэн мэдээллийг 2023.12.25-нд хийсэн.

Уг мэдэгдэлд “Монгол Улс “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна” гэсэн юм.

Энэхүү мэдээлэл нь иргэдийн дунд ялгаатай ойлголт төрүүлээд байгаа аж. Тодруулбал, олон нийтийн дунд Монгол Улс гадаад өрөө бүрэн төлж барагдуулсан гэсэн ойголт түгээмэл байгааг сошиал орчноос харж болно. Тиймээс энэ ойлголтыг нягталж өгөх хүсэлт уншигчдаас ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Юуны өмнө өрийн талаар жижиг тайлбар энд хийх нь зүйтэй. Монгол Улсын өр, Засгийн газрын өр гэдэг нь хоёр тусдаа ойлголт юм. Монгол Улсын өр гэдэгт Засгийн газрын өрөөс гадна Монголбанк болон бусад хувийн аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл багтдаг ба тухайн байгууллагынхаа хариуцах асуудал байдаг.

Засгийн газрын өрийг Монгол Улсын төсвөөс төлж барагдуулдаг учраас олон нийтэд хамгийн хамаатай асуудал юм.

Үндэсний статистикийн хорооны 2023 оны III улирлын статистик мэдээллээр Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 4.5%, өмнөх улирлаас 200.4 сая ам.доллар буюу 0.6%-аар тус тус өсжээ. Ийнхүү өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.8 (15.2%) тэрбум ам.доллароор
  • Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 263.9 (19.3%) сая ам.доллароор
  • Засгийн газрынх 226.3 (3.0%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.
  • Харин бусад салбарын гадаад өр 491.0 (5.5%) сая ам.доллар,
  • Төв банкных 369.2 (15.9%) сая ам.доллароор тус тус буурчээ.

Засгийн газрын нийт өрөөс 2023 оны эхний 9 сард үндсэн төлбөрт 3.8 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 918.5 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 3.1 (5.6 дахин) их наяд төгрөгөөр, хүүгийн төлбөр 337.0 (58.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Засгийн газрын өрийн хэмжээ 2015 оноос хойш хоёр дахин өссөн байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо (тэрбум төгрөгөөр)

Factcheck 2:

Сангийн сайд Б.Жавхлан өр төлж барагдуулсан талаар 2023.12.25-нд мэдээлэл өгөхдөө 2021-2023.12 сар хүртэл Засгийн газар зээлийн үндсэн төлбөрт 10.7 их наяд, хүүгийн төлбөрт 2.6 их наяд төгрөг буюу 13.3 их наяд төгрөг төлсөн гэж мэдээлсэн.

Эх сурвалж: Засгийн газар

Тэгвэл энэ дүнг бид мөн нягталлаа.

Монголбанк, Сангийн яамны мэдээллийг эх сурвалж болгон Үндэсний статистикийн хороо эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг танилцуулдаг. ҮСХ-ны мэдээллээс харвал 2021 оноос 2023 оны III улирал хүртэл төлөгдсөн өр болон хүүгийн төлбөр 9.1 их наяд төгрөг байна.

Эх сурвалж: ҮСХ

Эх сурвалж: ҮСХ

Б.Жавхлан сайд мэдээллийнхээ үеэр “Энэ жил Хөгжлийн Банк 700 сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээр бүрэн барагдуулж дууссан” гэжээ. Өөрөөр хэлбэл, 2023 онд Засгийн газар 2.4 их наяд төгрөгийг зээлийн төлбөр, хүүд төлсөн байна. Энэ дүнг 2021, 2022 оны дүн болох 4.46 их наяд төгрөгтэй нийлүүлж тооцвол нийт 6.86 их наяд төгрөг болж байна.

Харин 2021-2023 оны төсвийн тухай хуульд заасан зээлийн төлбөрт төлөх дүнгүүдийг харвал

  • 2021 оны Төсвийн тухай хуулиар 12 дугаар зүйл.Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2021 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,386,489.8 сая төгрөг байна.
  • 2022 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйл.Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2022 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,545,894.4 сая төгрөг байна.
  • 2023 он Төсвийн тухай хуулийн 13 дугаар зүйл.Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2023 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 2,760,217.3 сая төгрөг байна хэмээн тус тус заасан байна.

Тиймээс Засгийн газар 2021-2023.12 сар хүртэл 13.3 их наяд төгрөгийн зээлийн үндсэн төлбөр болон хүүд төлсөн нь нотлогдсонгүй.

Гинжин хэлхээ гэдэг нь хэлхэж холбосон гинж хэмээн Монгол хэлний тайлбар тольд бичжээ. Тэгэхээр гинжин хэлхээнээс гарна гэдэг нь үргэлжилсэн их өр тасарч, дуусна гэж ойлгогдох нь.

Улсын болон Засгийн газрын өрийг олон улсад ДНБ буюу нийт эдийн засагтай нь харьцуулж авч үздэг. Энэ утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарын мэдээлсэнчлэн өрийн дарамт буурсан нь дараах үзүүлэлтээс харагдаж байна.

Эх сурвалж: Сангийн яам

2016 онд Засгийн газрын өр ДНБ-ий 78.8% байсан бол 2023 оны хагас жилийн байдлаар 46.2% болж буурсан буюу өрийн дарамт багасжээ.

Харин өрийн дарамтаас бүрэн гарсан гэдэг нь ташаа ойлголт байна. Учир нь Монгол Улс өртэй хэвээр, Засгийн газар гадаад зах зээлд гаргасан бондуудыг төлөх үүрэгтэй хэвээр байгаа юм.

Монгол Улсын 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын төсөв 1.9 их наяд төгрөгийн ашигтай гарав. Гэвч ирэх 2024 оны төсвийг УИХ 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Хэрэв энэ онд давж орж ирсэн орлогыг хуримтлуулалгүй зарцуулбал 2024 онд 1.5 их наяд төгрөгийн төсвийн алдагдлыг өрөөр санхүүжүүлэх шаардлагатай болно.

Түүнчлэн 2023 оны байдлаар 2012 оноос авч эхэлсэн бондуудын өрийг өрөөр санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны үлдэгдлийг харвал:

Эх сурвалж: Сангийн яам

Үүнээс Номад, Century 1,2,3 гэсэн бондуудыг ирээдүйд төлнө.

Тиймээс Монгол Улсын ДНБ-д эзлэх өрийн хэмжээ, өрийн дарамт буурч байгаа нь үнэн ч өрийн циклээс бүрэн гарсан гэдэг нь ТАШАА ойлголт байна.

Эх сурвалжууд:

  • Монголбанк
  • Сангийн яам
  • Үндэсний Статистикийн Хороо
  • Монгол Улсын Төсвийн тухай хууль, төсөл
  • Legalinfo
  • zasag.mn
  • Монгол хэлний их тайлбар толь
Төстэй мэдээлэл

Товч агуулга Tserenkhuu Ishtseden нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Серби (Косово) руу НАТО (квинты-G7) халдан довтоллоо Украин нээх сонин биш болсоон Нөгөө манай НоВар гэсэн дэлдгэрүүд амьдуу хөөш? Орос Хятад орвол дайн дэгдэнэ!” гэх мэдээллийг нийтэлжээ. Түүний уг постод 508 хүн хариу үйлдэл үзүүлж, 112 хүн сэтгэгдлээ бичин, 86 хүн шэйрлэжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь энэ […]

Цар тахлын хүнд үед хүн бүрийн данс руу 20,000 төгрөг хийх тухай “МАХН албан ёсны хуудас” нэртэй пэйжид оруулсан постыг 3.1 мянган хүн шэйрлэжээ. Тодруулбал, “Сайн байцгаана уу Энэ хүнд цар тахлын үеэр боломжийг атгах хүн бүрт туслаахаар боллоо. Хүн Бүрийн данс руу 20000 Төгрөг хийхээр боллоо Та Манай Махн албан ёсны хуудсыг дарж нэгдээд […]

Шадар сайд Я.Содбаатар “УОК-оос хэзээ ч хатуу хөл хорио тогтоох чиглэл өгөөгүй шүү. Иргэд л өөрсдөө гэрээсээ гарахгүй ажилдаа явахгүй байгаа” гэсэн зураг цахим орчинд тараад байна. Энэхүү мэдээллийг нягталж шалгалаа. Юун түрүүнд мэдээлэл үнэн эсэхийг ikon.mn сайтаас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ороогүй. Манайд орсон мэдээллийн зургийг ашиглан ийм мэдээлэл тараасан байна” гэсэн хариултыг өглөө. […]

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр монгол хэл дэлхий дахинд мөхөж байгаа таван хэлний нэгд багтаж байгаа тул Эх хэлний тухай хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна гэж хэлсэн юм. Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа. Дэлхийн 195 улсад 7,000 орчим хэлээр хүмүүс харилцаж, ярьж байна. Түүнээс 20 хэлээр нь зөвхөн ганц хүн ярьж […]

Товч агуулга: Орос, Украины дайн эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд олон улсыг хамарсан цахим мэдээллийн дайн өрнөж байгаа нь олон нийтийг мэдээллийн боловсрол эзэмших шаардлагыг хэзээ хэзээнээс илүү бий болгов. Ялангуяа, ОХУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд цахим хэрэглэгчид хуурамч мэдээлэлд илүүтэй автах өндөр магадлалтайг 2023 онд Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хийсэн […]

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдыг Эрдэнэт болон Оюутолгойтой холбоотойгоор Монгол Улсад 400 сая ам.долларын хохирол учруулсан гэж АНУ-ын шүүх хэрэг нээсэн тухай мэдээлэл 2020 оны арванхоёрдугаар сарын эхээр гаднын зарим сайтаар гарч эхэлсэн бөгөөд үүний дараа С.Батболд өөрөө мөн тайлбар ярилцлага өгсөн билээ. Энэ хэрэгтэй холбоотой олон нийтийн сүлжээгээр явж буй зарим […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх