Вакцин өөрөө халдварт өвчин – ХУДАЛ

Otgonbayr Purevdorj гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.04.29-нд “Үнэн гэвэл вакцин чинь өөрөө халдварт өвчин шдээ. Яагаад гэвэл тухайн вирусийг хүний биед зориуд шахаж дархлаа тогтоох нэрийн дор үй олноор нь халдваржуулсан юм шүү” гэсэн агуулгатай пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсэн юм.

Factcheck.mn энэ талаар өмнө нь нягтлан хүргэж байсан ч олон нийтийн дунд вакцин өөрөө вирус гэсэн ойлголт байсаар байгаа нь уг постны комментоос харагдаж байна. Мөн 21 хүн лайк даржээ.

Factcheck:

Монгол улс 2021.02.23-нд албан ёсоор эхлүүлсэн бөгөөд манай улс Астразенека, Вероселл, Камирнэти буюу Файзер, Модерна мөн Спутник гэсэн вакцинаар иргэдээ дархлаажуулснаас дийлэнх нь Вироселл болон Файзер вакцин юм.

Монгол Улсад ашиглаж байгаа, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн буюу Вироселл вакцины найрлагыг харвал

  • Үндсэн найрлага: идэвхгүйжүүлсэн 19n-CoV-CDC-Tan-HB02
  • Туслах найрлага: хөнгөн цагааны гидроксид,
  • Нэмэлт бодисууд: натрийн устөрөгчийн фосфат, натрийн хлорид, натрийн дигидрофосфат агуулжээ.

Монгол Улсад орж ирсэн БНХАУ-ын Бээжингийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэн ба Синофарм үйлдвэрийн BBIBP-CorV /Vero Cell/ вакциныг уламжлалт аргаар гаргаж авсан.

Бээжингийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн судлаачид орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүдээс коронавирусийн гурван хэв шинжийг ялган авсан.

Эсийн дотор үржиж олшрох чадвартай нэг хэв шинжийг сонгон авч, коронавирусийн арвин нөөцтэй болсны дараагаар вирусийг бета-пропиолактон гэдэг бодис ашиглан химийн аргаар идэвхгүйжүүлсэн. Идэвхгүй болсон вирус халдвар үүсгэдэггүй ч бүтцийн уургууд нь хэвээр үлддэг. Вирусийг идэвхгүйжүүлсний дараагаар цэвэршүүлж, маш бага хэмжээний хөнгөн цагаанд суурилсан бодистой хольсон.

Хөнгөн цагаан нь вакцины нөлөөгөөр өрнөх дархлааны хариу урвалыг идэвхжүүлж, дархлаа тогтохыг нэмэгдүүлдэг. Вирусийг идэвхгүйжүүлж гарган авсан вакциныг 100 гаруй жилийн турш ашиглаж ирсэн бөгөөд халдварт саа, галзуу, А гепатит зэрэг өвчний эсрэг вакциныг ижил аргаар гарган авсан байна. Тус вакциныг хүний булчинд тарихад антиген илчлэгч эсүүд гэж нэрлэгдэх дархлааны эсүүд идэвхгүйжүүлсэн вирусийг олзлон авдаг. Олзлон авч дотроо оруулсан идэвхгүйжүүлсэн вирусийг задалж тодорхой нэг жижиг хэсгийг гадаргуудаа гарган өгч дархлааны туслагч Т эсэд таниулж өгдөг.

Идэвхэжсэн дархлааны туслагч Т эс бусад дархлааны эсүүдийг идэвхжүүлж өгдөг. Идэвхгүйжүүлсэн вирусийн нөлөөгөөр идэвхэжсэн дархлааны В эс, өөрөөсөө эсрэг бие нэртэй уургийг нийлэгжүүлдэг. Ийнхүү вакцины нөлөөгөөр дархлааны эсүүд бэлтгэгдэж, амьд коронавирусийн халдвар биед орж ирэхэд эсрэг биеийг нийлэгжүүлж, нийлэгжсэн эсрэг бие нь амьд вирусийг эсэд нэвтэрч, халдвар үүсгэхээс сэргийлдэг.

mRNA вакцины хувьд уламжлалт вакцинаас өөр юм.

COVID-19-ийн эсрэг mRNA вакцин нь хүний биеийн байгалийн дархлааны хариу урвалыг давуу тал болгон ашигладаг. COVID-19 вирус эсэд очиж холбогддог S уургийн молекулыг вакцины тун агуулдаг. Эс энэхүү зааврыг хүлээн авмагцаа уг уургийг өөрөө үүсгэж, гадаргуу дээрээ харуулдаг. Харин дархлааны систем үл мэдэх уг уургийг олж, түүний эсрэг тэмцэх эсрэг биеийг үүсгэдэг.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв S уургийг аюулгүй болохыг мэдэгдсээр байна. “Дархлааны систем нь уураг энд хамааралгүй болохыг ойлгож, COVID-19-ийн эсрэг байгалийн халдвар авсантай адил дархлааны хариу урвал үзүүлж, эсрэг бие үүсгэж эхэлдэг. Эцэст нь бидний бие ирээдүйд халдвараас өөрийгөө хамгаалж сурдаг” хэмээн үүнийгээ тайлбарласан байдаг.

Вакцин хийлгэсэн хүн халдвар авах боломжтой ч вирусийн хүндрэл, нас баралтаас эдгээр вакцин нь аль аль нь өндөр үр дүнтэй сэргийлж байгаа нь нотлогдсон билээ.

Иймд Вакцин өөрөө халдварт өвчин гэдэг нь олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл юм.

Эх сурвалжууд:

  • Эрүүл Мэндийн Яам
  • ХӨСҮТ

https://www.nytimes.com/interactive/2020/health/sinopharm-covid-19-vaccine.html

https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/adjuvants.html

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/different-vaccines/mrna.html

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/different-vaccines/how-they-work.html

Төстэй мэдээлэл

Товч агуулга Судалгааны үеэрх миокардит өвчний тохиолдлууд нь COVID-19 вакцинаас шалтгаалсан гэсэн баттай баримт, тодорхой нотолгоо байхгүй. Миокардитаар нас барсан гэж мэдээлсэн өвчтөнүүдийн уушгины болон судасны шинж тэмдгүүд нь зарим тохиолдолд атеросклероз, уушгины бөглөрөлтэй ижил шинж тэмдэгтэй байсан. Вакцин хийлгэснээс үүдэлтэй зүрхний эрсдэл нь COVID-19-ийн халдвар туссанаас бага байна. Цэнд-Аюуш Гүнбилиг гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.10-ны […]

Товч агуулга Урьдчилсан тайлангууд нь мэргэжлийн шинжээчдээр хянагдаж, баталгаажуулаагүй ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдсан мэдээлэл болгон нийтлэх ёсгүйг анхааруулжээ. Иш татсан судалгаанд насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт тун бүхий вакцин нь КОВИД-19-өөс хамгаалах нөхцөлийг хангасан гэжээ. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. Аль ч вакцин хорт хавдар үүсгэх, өдөөх үндэслэл, нотолгоо […]

ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр түгээж байна […]

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино бодлогын талаар хэлсэн байр суурь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртөөд байна. Түүний үгийг бүрнээр нь хүргэвэл “Бид бүгдээрээ Холливүүд, Болливүүдийг мэднэ. Каннын кино наадам, Торонтогийн кино наадамд арилжааны кинонууд ордоггүй. Цэвэр нийгмийг […]

2025 оны 6-р сарын 22-нд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Налайх дүүргийн Тавантолгой түлш ХХК-ийн хашаан дотор хийсэн хэвлэлийн хурлын үеэр дараах мэдэгдлийг хийсэн. Тэрбээр ардаа байсан шороон даланг зааж, “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийг гишүүн Ж.Золжаргал өөрийн төрсөн дүү Ж.Азжаргал, “Паст презент фюче” ХХК хамтарч, энэ шороон даланг хийх ТЭЗҮ-ийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх