Ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргасан хэмээх мэдээлэл ХУДАЛ

“Архангай аймагт ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргаж байна. Гаргасан АИ-92 бензинийг аймгийн колонкод шахах биз. Хүн, мал хордох вий” гэсэн агуулгатай  пост, видео бичлэг тус аймгийн тодотголтой “Бид Архангайчууд”, “Архангай аймгийн зарын нэгдсэн групп” зэрэг 10 гаруй фэйсбүүк бүлгүүдэд түгсэн юм.

Бичлэгт нэг давхар цагаан байшингаас өтгөн хар утаа суунаглаж байсан нь мэдээллийг үнэн мэт харагдуулж байв. Харин тус мэдээллийг шалгахад худал байлаа. Ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргаагүй, АИ-92 бензинийг колонкод нийлүүлээгүй байна. 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас ажлын хэсэг гарч, газар дээр нь очиж шалгажээ. 

Мэдээллийг нягтлах явцад дараах баримтыг баталгаажууллаа. 

Архангай аймагт “Гайти” ХХК нь ажилласан техникийн тосыг дахин боловсруулж,  үйлдвэрлэл явуулахаар зэхэж байгаа аж. Мөн тус аймгийн Эрдэнэбулган сумаас ажлын хэсэг гарч,  газар дээр нь очиж шалгасан байна.

Шалгалтын тайланд тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Жаргалцэцэг  “Үйл ажиллагаа явуулаагүй, зуухны засвар үйлчилгээний ажил хийгдэж байгаа” гэсэн тайлбарыг тус компанийн захирал өгсөн. Ажлын хэсгээс холбогдох зөвшөөрөл гарсны дараа хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг сануулсан” хэмээн бичжээ. 

Харин бичлэгт гарч байгаа өтгөн хар утааны талаар  “Гайти” ХХК-ийн захирал Г.Ганбаяраас тодруулахад “Үйлдвэрийн галлагааны зуухыг халж буйг  шалгахаар тухайн үед үйлдвэрт байсан бензиний фракцийг маслотой хольж галласных” хэмээн тайлбарлалаа.  Мөн тэрбээр “Энэ утаа  15-20 минут орчим гарсан юм. Энэ үед бичлэг хийгдэж, олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Ер нь үйлдвэр ажиллаж эхэлбэл ямар ч утаа гарахгүй. Учир нь, дизель түлшээр галладаг зориулалтын буу ашигладаг юм. Янданд усаар дамжаад сэнсэн дэх шүүлтүүрээр шүүгддэг дамжлагатай. Энгийнээр бол монгол архи нэрэх технологитой төстэй.  Аюултай хог хаягдал болох ашигласан маслыг тодорхой шат дамжлагаар нэрж, боловсруулаад АИ-80 бензин, газ, мазот, дизель түлш гаргах боломжтой. Ийм хэрэгцээ манайд  бий. Энэ үйлдвэр ажиллавал Монгол Улсын стандартад тохирсон бүтээгдэхүүн гаргаж, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Дараа нь борлуулалтын  асуудал яригдана” гэв. 

Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайханаас ажилласан тосыг үйлдвэрт хэрхэн ашиглах болон манай улсад стандарт бий эсэхийг тодруулахад “Ажилласан техникийн тосыг нэрж, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь  хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаа юм. Олон улсад хог хаягдлыг аль болох дахин боловсруулах, эргүүлэн ашиглах замаар байгалийн баялгийг хэмнэх бодлогыг баримталж байна. Ашигласан техникийн тос нь аюултай хог хаягдалд ордог. Түүнийг шууд хөрсөнд хаяна гэдэг бол байгаль орчинд маш хортой үйл ажиллагаа. Хөрс, усыг их хэмжээгээр бохирдуулдаг. Ийм хог, хаягдлыг дахин боловсруулж, шинэ бүтээгдэхүүн хийнэ гэдэг сайн зүйл. Хаягдал тосыг нэрж моторын тос, гидравлик тос гэх мэт нефтийн бүтээгдэхүүнүүд гарган авах боломжтой.  Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Монгол Улсын стандартад нийцэж байж, зах зээлд гарах учиртай юм. Манай улс дизель түлш, бензин гэх мэт нефтийн бүтээгдэхүүнүүдийн стандарттай шүү дээ.Үүнд мэргэжлийн байгууллагууд нь хяналтаа тавиад ажиллах ёстой. Харин тухайн үйлдвэр байгаль орчинд хортой, хоргүй юу гэдэг нь  үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологиос хамаарна. Ажилласан тосыг шууд байгальд хаях нь үйлдвэрлэл явуулахаас илүү хортой. Нэг литр хаягдал тос нэг сая куб метр усыг бохирдуулдаг гэж үздэг”  гэв.

Мэдээллийг нягталсан: Fact Check Mongolia

О.Амарзаяа, Архангай медиа групп

А.Амартүвшин, Factcheck.mn,

Э.Эрдэнэцэцэг, ”Үндэсний шуудан” сонин
 

Төстэй мэдээлэл

Chimeddamba Dulamsuren гэх фэйсбүүк хэрэглэгч COVID-19-ийн эсрэг вакцины

Khulan Gankhuyag фэйсбүүк хаягаар “КОВИД-ын вакцины дараа бүсэлхийнээс доош мэдээгүй болсон сувилагч, зүрх нь хаагдсан онцгойгийн ажилтан, сэхээнд орсон эмнэлгийн it залуу нарын талаар үнэн бодит тайлбар өгөхийг Амбасэлмаа гуайгаас шаардаж байна!!!” гэсэн мэдээллийг гурвадугаар сарын 7-нд постолжээ. Уг постыг 3.1К хүн шэйрлэж, 302 хүн коммент бичиж, 514 хүн хариу үйлдэл үзүүлжээ. Бид энэхүү мэдээллийг […]

“Сургуулийн автобустай холбоотой хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарч буй буруу ташаа мэдээлэлтэй холбоотой” хэмээн тодотгоод “Моннис Моторс” ХХК хүүхдийн автобустай холбоотой мэдэгдэл гаргажээ.  Уг мэдэглийг бид дараах байдлаар нягталлаа.  Моннис: Нийслэл хотын хүн амын тоо сүүлийн жилүүдэд огцом өссөн нь боломжтой нэг нь хүүхдээ суулган хотын гудамд олон цагаар түгжрэн, боломжгүй нэг нь халтиргаа гулгаа, […]

Жорлон угаадаг шингэнээр цистит эмчилж байгаа гэсэн бүтээгдэхүүний сурталчилгаа фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүрч байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Эрсаг Эко Эмчилнэ, Энхээ Болормаа, Мандахжаргал Лхамсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчид “Бөөс, хуурс, шивэр, хулмас асуудал болоод байна уу? Тэгвэл Турк улсад үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай, химийн бодисгүй, бактер болон мөөгөнцөрийн эсрэг олон үйлдэлт бүтээгдэхүүнийг […]

  Канадын баруун мужид Montebello, Quebec хэмээх нэг сая гаруй хүнтэй хот бий. Аялал жуулчлал энд их хөгжсөн. Ялангуяа “Parc Omega” дахь амьтадын хүрээлэнд хэдийгээр жинхэнэ “амьд” биш ч гэсэн үзэсгэлэнт байгалтай төгс зохицсон зэрлэг амьтадын зураг авахаар жуулчид маш ихээр ирдэг байна. Буга согоо гэх мэт илт аюулгүй амьтад хүнд ойртон ирж гар дээрээс нь сүү […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх