Э.Мижиддорж: Монгол орныг бүхэлд нь түүх соёлын аялал жуулчлалын бүс гэж харж болно

Эх орноо хайрлаж, хамгаалах нь түүнийг илүү таньж мэдэх, үнэт зүйл гэж харах ухамсраас хамгийн түрүүнд эхлэх билээ. Энэ сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Археологи, Антропологи, Хүн ам зүйн тэнхимийн багш, археологич Э.Мижиддоржтой ярилцлаа. 

– Дэлхийн түүхийн тавцанд монголчуудын үлдээсэн мөр, гүйцэтгэсэн үүргийг археологич хүний нүдээр дүгнэвэл манай улс хаана нь эрэмбэлэгдэх вэ? 

-Дэлхийн түүхэнд монголчууд хоёр удаа оройлон мандсан байдаг. Эхнийх нь Европыг ч хүртэл дайлаар мордож, Аттилагийн байгуулсан улсаар дэлхийд танигдсан Хүннү гүрэн. Дараагийнх нь мэдээж хүн бүрийн мэдэх Их Эзэн Чингис хааны байлдан дагуулалтын үе буюу Монголын эзэнт гүрэн. Ингээд үзэхээр Евразийн нутаг дэвсгэрт хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсан манай улстай түүхээрээ өрсөлдөх, харьцуулагдах улс орон ховор. Үүнийг баталсан дурсгал, олдвороор манай газар нутаг арвин баялаг. Өнөөдрийг хүртэл шинэ олдворууд тасралтгүй илэрсээр байгаа. Цаашдаа ч шинээр түүх соёлын дурсгал илрэх магадлал өндөртэй. Бидний хувьд 800 мянган жилийн тэртээгээс авахуулаад түүхийн бүх үеийн үнэт олдворуудаа судлах, бүртгэн баримтжуулах ажлыг хийсээр байгаа.

– Монголчууд түүхээ ихэвчлэн аман хэлбэрээр, үлгэр домог болгон дамжуулж ирсэн. Тэгвэл тэрхүү домгуудыг баталсан, түүнтэй холбоотой археологийн олдворууд байдаг уу?

-“Хүннүчүүд барилддаг байсан уу, Монгол бөхийн үүсэл хэзээнээс вэ” гэдэг асуултад хариулт болохуйц баримт хүрлийн үеийн бүсний арал дээр хадгалагдан үлдсэн бий. Арал дээр хоёр эрэгтэй хүн хоорондоо барилдаж байгаагаар дүрслэгдсэн байдаг. 

Мөн биднийг бага байхад ярьдаг байсан, одоо ч хүүхэлдэйн кино, үлгэр дээр гардаг “Тэмээ урьд нь эвэртэй байсан, буганд эврээ зээлүүлээд алдчихсан” гэдэг домог яриа байдаг шүү дээ.  Гэтэл энэ яриа лавтай 3000 гаруй жилийн настай гэдгийг хэд хэдэн хадны зураг дээрх дүрслэлээс харж болно. Тэгэхээр тал нутгийн аман зохиол, домог яриаг олон мянган жилийн турш өвөг дээдэс маань бие биедээ дамжуулсаар өнөө цагийн бидэнд уламжилсан биет бус өв соёл мөн гэж үзэх бүрэн боломжтой. 

-Эртний агуу түүхтэй, түүнийг хадгалж, дамжуулж буй ховор нандин олдвор, дурсгалтай орны иргэд бид тэдгээр түүх соёлын дурсгалаа үнэт зүйл гэж харах, хайрлаж хамгаалах ухамсар суусан гэж боддог уу?

-Бид зөвхөн булш малтахаас гадна түүхэн дурсгалуудыг бүртгэх, хайгуул хийх ажлыг тогтмол хийдэг. Энэ явцад булш тоносон, эвдсэн, эд өлгийн зүйлсийг нь авч одсон дүр зураг маш их таардаг. Бүр үйлдэл дээрээ баригдсан тохиолдол ч бий. Мэдээж өвөг дээдсийнхээ түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах, хайрлах зан заншил, ёс суртахууны ухамсартай хүмүүс байдаг. Гэхдээ ухвар мөчид хүмүүс ч бас нэлээд бий. Булш, оршуулгыг олз ашгийн нүдээр хардаг, дотор нь алт байгаа гэж итгэдэг, хадны зураг дээр сараачиж, нэр тавьдаг, хот суурингийн туурь байлаа гэхэд хана хэрмийг нь эвдэн сүйтгэдэг гэх мэт ухамсаргүй үйлдлүүдийг тоочиж барахгүй. 

– Үйлдэл дээрээ баригдасан тохиолдол байгаа гэсэн шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу? 

-Бид 2019 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт орших “Гол мод” дурсгалт газар, Хүннүгийн язгууртны 189 дүгээр булшийг малтаж байсан юм. Тэр жилийн өвөл хууль бусаар малтлага хийж, булш тонож байсан хүмүүсийг манай судалгааны багийнхан үйлдэл дээр нь барьж, орон нутгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. 

Хүмүүс ер нь археологийн олдворын үнэ цэнэ, түүний агуулж буй түүхийг сайн мэддэггүйн улмаас ийм ухвар мөчид үйлдэл хийдэг юм болов уу гэж бодлоо. Тэгэхээр та мэргэжлийн хүний үүднээс Археологи гэх шинжлэх ухааныг хүмүүст энгийнээр тайлбарлаад өгөхгүй юу? 

– Археологи гэдэг бол өнгөрснийг л судлах ухаан. За түүх мэдээж өнгөрсөн. Архиеологи бол тэрэнд нь хүрэх арга зам буюу археологийн олдвор, дурсгалуудаар дамжуулж хүний түүхийг баяжуулж байдаг юм. Тэгэхээр өнгөрсний мэдэгдэхгүй байгаа, бүдэг байгаа, ойлгомжгүй байгаа зүйлст археологи хариулт өгдөг шинжлэх ухаан. Жишээлбэл, угсаа гарлын маргаан дээр хүний яс олно ч гэдэг юм уу, тэр соёлын элементүүдийг нь олоод, түүгээр дамжуулаад энэ асуудлыг хүртэл шийдэхэд тусалж байдаг ийм л ухаан.

– Археологич хүний үүднээс залуусыг зорьж үзээрэй гэж санал болгох газар бий юу?

-Монгол орны хаашаа ч явсан тухайн газар бүр бусдаас онцгойрон ялгарах дахин давтагдашгүй үзэсгэлэнтэй. Бид байгаль гэдгийг ганцхан уул ус, ой мод гэж явцуу ойлгож болохгүй. Монгол орныг бүхэлд нь түүх соёлын аялал жуулчлалын бүс гэж харж болно. Ямар ч аймаг, сумын нутаг дэвсгэрт очсон тэнд өвөрмөц газар, эртний олдвор, түүх соёлын дурсгалт газар заавал байдаг. Жишээ нь, Төв аймгийн бүсээр явбал Хүннүгийн язгууртны булш цогцолбор бүхий Ноён уул, Архангай аймгаар аялбал Гол мод 1, 2, Жаргалантын амны буган хөшөө, Урт булгийн амны хиргисүүр, цаашлаад Эрдэнэ Зуу хийд, Мэлхий толгой гээд л хөвөрнө. Зүүн, эсвэл баруун бүс рүү явлаа гэхэд тэр бүгд өөр өөрийн гэсэн гайхалтай дурсгалуудтай. Тиймээс Монгол орныхоо бүхий л нутаг дэвсгэрээр очоод үзэх хэрэгтэй дээ. 

Залуус болон аялж буй хүмүүст хандаж та ямар уриалга хэлэх вэ

-Хамгийн ойрхон байгаа түүх соёлын дурсгалаа таньдаг, аль цаг үеийнх гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тэр тусмаа аялал жуулчлалын салбарынхан Монгол Улсын түүх соёлын дурсгалыг маш сайн мэддэг, гаднын жуулчдад зөв мэдээлэл өгдөг байх нь чухал. Улаанбаатар хотод суурьшиж байгаа иргэд маань ч гэсэн хамгийн ойрын түүх соёлын дурсгалт газар хаана байгааг мэдэхгүй байж болохгүй. Жишээлбэл, хотын хажууханд байгаа Их Тэнгэрийн амны хадны зураг гэх мэт түүхийг хадгалж буй өвийнхөө талаар судалж, мэддэг, түүнийгээ хайрлан хамгаалдаг болоосой гэж уриалъя. 

Ц.Ану

Төстэй мэдээлэл

Монголчууд үдээс өмнө, үдээс хойш гэдэг хоёр цагтай. Яг үүн шиг хуульдаа хүртэл тийм тоймлосон үгтэй ажээ. Жишээ нь, Зар сурталчилгааны тухай хуульд “Чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулахыг хориглоно” гэжээ. Ихээр агуулсан. “Их” гэдэгт хэр их хэмжээг илэрхийлж байгаа нь тодорхойгүй. Ахиад ч бий. Телевизээр […]

“Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг ТӨР хамгаална”. Хүчтэй өгүүлбэр. Гэхдээ, “хоёр нүүртэй” өгүүлбэр. Учир нь Үндсэн Хуулийн энэ заалт хурдан морь унах ажил “эрхэлдэг, эрэмгий бяцхан жаалуудыг “тоодог” эсэх нь эргэлзээтэй. 2019 он. Жил бүрийн арван нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг хориглосон 57-р […]

-Монголын морин уралдаан чинь өнөөдөр өв уламжлал биш, эрх мэдэлтэн, хөрөнгөтөн чинээлгүүд нь нийлж байгаад ядуу өрхийн хүүхдүүдийн амьд явах, эрүүл аюулгүй амьдрах, сурч боловсрох, хүчирхийллээс ангид байж хөгжих, цаашдаа өөрийнхөө хүссэн аз жаргалтай амьдралаар амьдрах энэ бүх эрхийг нь зөрчиж байгаа нийгмийн бурангуй үзэгдэл- Хурдан морины уралдааны өв соёлын цаана хаврын хахир цагт хүүхдээр […]

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраас гаргав. Энэ бол Украинтай хийж байгаа дайнтай холбоотойгоор цэргийн дэглэм тогтоож, орон даяар дайчилгаа явуулах шинэ дүрэм журам хэрэгжиж эхлэх гэж буй тухай байсан юм.  2022.09.21-ний 09:00 буюу Монголынхоор 14:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгаа зарлаж, зарлигт гарын үсэг зурсан […]

Ахмадын тэтгэврийн зээлийн талаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн Экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүхээс тодрууллаа. Тэрбээр ахмадуудын зээлийн хугацааг сунгаж, хүүг бууруулахыг арилжааны банкуудаас шаардах нь төрийн хийх ажил биш гэдгийг тодотголоо. -Ахмадуудын тэтгэврийг зээлээр олгож байгаа талаар та ямар байр суурьтай байдаг вэ? -Ахмадууд тэтгэврээ зээлээр аваад ихэнхдээ хүүхдүүдийн ямар нэгэн төлбөр, машин унаа авахад […]

Монгол Улсынхаа өнцөг булан бүрд нуугдсан гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэх хамгийн тохиромжтой зун цаг ирлээ. Хэрэв энэ жил Дорнод аймгийг зорихоор төлөвлөж байгаа бол байгалийн үзэсгэлэн төдийгүй түүх, соёл, шашны өвийг нэгэн дор мэдрүүлэх онцгой аяллын цэгийг заавал төлөвлөгөөндөө багтаагаарай. Тэр нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Их Бурхант цогцолбор юм. Соёлын үнэт өв […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх