КОВИД-19-ийн эсрэг вакцины IV тунг эхлүүлсэн улс хараахан алга

Tsegts.xyz гэх сайт “С.Амарсайхан: Бусад улсуудад 4-р тунд аль хэдийн хамрагдаад эхэлчихсэн ийм улс орнууд байна” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ.

Уг мэдээг ороод үзвэл Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан zarig.mn сайтад өгсөн тодруулгаас мэдээлж байгаагаа дурдаад “Гуравдугаар тунгийн дараа дөрөв дэх тун гэж байх уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Одоогоор IV тун гэсэн ойлголт алга байна. Бусад улсуудад, IV тунд аль хэдийн хамрагдаад эхэлчихсэн ийм улс орнууд байна. Ерөөсөө дельта хувилбарын гол өвчлөл, хор нөлөөг буулгах асуудал бол гуравдугаар тунд хамрагдах, тэгээд цааш нь өөрийнхөө дархлааг өсгөж явах нь иргэн бүрийн хувьд хамгийн чухал асуудал болчихоод байна” гэж хариулсан хэсгийг мэдээ болгон нийтэлсэн байна.

Үргэлжлүүлэн Дархлаа сэргээх III тунгийн ач холбогдол, хариу урвалын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын тодруулгыг оруулжээ.

FactCheck:

Tsegts.xyz сайтын нийтэлсэн уг тодруулгыг бүрэн эхээр нь zarig.mn сайтаас үзэхэд Шадар сайд С.Амарсайханы тодруулга бүхий 7 минут 40 секундын бичлэгийг 2021.10.11-нд нийтэлжээ. Бичлэгийг үзвэл халдварын нөхцөл байдал хүнд байгаа ба гуравдугаар тун болон томуугийн вакцинд иргэд аль болох идэхвтэй хамрагдаж, вирусээр хүндээр өвчлөхөөс сэргийлэх хэрэгтэй байгаа талаар ярьжээ.

Тэрбээр “Хамгийн чухал зүйл бол III тунд иргэд идэвхтэй хамрагдах. Одоогийн байдлаар 330 гаруй мянган хүн хамрагдсан байна. Бид вакцины үр нөлөөг түүврийн аргаар олон судалгаа хийсэн юм. Эрдэмтэн судлаачид, улсын байгууллагуудтай хамтраад өнгөрсөн хугацаанд олон судалгаа хийсэн. Жишээ нь, 34,000 хүний дунд санамсаргүй аргаар судалгаа хийхээд

  • вакцины I дүгээр тунгийн дараа 32 хувийн дархлаажуулалттай
  • II тунгийн дараа 78 хувийн дархлаа тогтож байсан.

Тав, зургадугаар сар халдвар нэлээд буурч ирсэн. Харамсалтай нь дельта хуилбар орж ирсэн. Уг хувилбарын вакцины нөлөөллийг бууруулж байгаа идэвх асар өндөр. Альфад үйлчилж байсан вакцины нөлөөлөл дельта хувилбарт дунджаар 32 хувиар буурч байгаа. Тиймээс III тунд хамрагдах нь хамгийн чухал байгаа. Гуравдугаар тунд хамрагдсан хүмүүсээс 240 мянган хүний дунд судалгаа явуулахад 0.1 хувь нь халдварт өртсөн, бусад нь халдварт өртөөгүй. Энэ нь III тун Дельта хувилбараас илүү сайн хамгаалж, дархлааг өндөр түвшинд барьж байна гэсэн үг. Тиймээс бидний анхаарах гол асуудал III тун, томгуугийн вакцинд хамрагдах ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх” хэмээн ярьжээ.

Үүний дараа IV тунгийн талаар сэтгүүлч асуухад дээрх хариултыг өгсөн байна.

Коронавирусийн эсрэг вакцинжуулалт дэлхий даяар эрчимтэй үргэлжилж байна. Оксфордын их сургуулийн статистикаар дэлхийн нийт хүн амын 47.7% нь вакцины нэг тунд хамрагдсан бөгөөд нийт 6.65 тэрбум тун вакциныг улс орнуудад нийлүүлжээ.

Бүүстер буюу дархлаа сэргээх III тунг Израиль улс хамгийн эрчимтэй хийж, 2.8 сая хүнээ хамруулж чадсан байна.

Монгол Улс мөн III тунг эхлүүлсэн цөөхөн орны нэг бөгөөд 2021.10.13-ны байдлаар 350,230 хүн бүүстер тунд хамрагдаад байна.

Дөрөв дэх тунг хийж эхэлсэн улс одоогоор дэлхий дээр байхгүй. Харин Израилийн профессор Салман Зарка 2021.08.29-нд Иерусалимд болсон цар тахлын талаарх уулзалт дээр КОВИД-19-ийн эсрэг дөрөв дэх тунг хийхэд бэлдэж эхлэх шаардлагатай талаар хэлжээ.

Тиймээс дөрөв дэх тунгийн талаар хэлсэн Шадар сайд С.Амарсайханы мэдээлэл ХУДАЛ байна.

Монгол Улсын тухайд хүн амын 65 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан бол 10 гаруй хувь нь бүүстер тунгаа хийлгээд байна. Хэрэв вакцинжуулалтыг энэ түвшинд хийгээгүй бол дор хаяж 15,000, цаашлаад 45,000 хүн коронавирусийн халдварын улмаас амиа алдах эрсдэлтэй байсан гэсэн тооцоо судалгааг Эрдэмтдийн баг гаргасныг МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Т.Бэгзсүрэн танилцуулсан.

Вакцин нь халдвар авхуулахгүй биш, халдварын хүндрэл болон нас барах эрсдэлээс 90-ээс дээш хувьтай хамгаалж байгаагаар ач холбогдолтой болохыг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байгаа юм.

Монгол Улс өнөөдөр 1.78 сая тун вакцины нөөцтэй байгаагаас 1.2 сая тун нь Pfizer вакцин байгааг Шадар сайд нэмж мэдээлсэн байна.

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр монгол хэл дэлхий дахинд мөхөж байгаа таван хэлний нэгд багтаж байгаа тул Эх хэлний тухай хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна гэж хэлсэн юм. Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа. Дэлхийн 195 улсад 7,000 орчим хэлээр хүмүүс харилцаж, ярьж байна. Түүнээс 20 хэлээр нь зөвхөн ганц хүн ярьж […]

УИХ-ын 2024 оны сонгуулийн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Ч.Лодойсамбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар саунд сууж буй зураг цахим орчинд тараад байна. Уг зургийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Энэхүү зургийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар Нийслэл гэх цахим хаягнаас “Таны бодол?” гэсэн […]

iconinews.club гэх сайт “Шуурхай мэдээ: “Цap тaxлын yлмaac

Otgonbayr Purevdorj гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.04.29-нд “Үнэн гэвэл вакцин чинь өөрөө халдварт өвчин шдээ. Яагаад гэвэл тухайн вирусийг хүний биед зориуд шахаж дархлаа тогтоох нэрийн дор үй олноор нь халдваржуулсан юм шүү” гэсэн агуулгатай пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсэн юм. Factcheck.mn энэ талаар өмнө нь нягтлан хүргэж байсан ч олон нийтийн дунд вакцин өөрөө […]

Товч агуулга Бадарч Бямбадулам хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.11-ний 15:12 минутад “11 настай хөвгүүд, охидоо 1 сар сургуульд бүү явуул !!! ШЭЙР …. 11-с дээш настай хүүхдүүдэд юм бна шүү !!!” гэсэн гарчигтай лайв видео хийжээ. 11 настай хүүхдүүдэд товлолоор хийж эхлэх гэж буй умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг эсэргүүцсэн агуулгатай уг видеог 5.6 сая […]

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 25-нд аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийж, санал бодлоо солилцсон юм. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа манай улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой тухай мэдэгдэж байв. Тэгвэл уулзалтын үеэр “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой” хэмээн хэлсэн. Түүний өгсөн мэдээллүүдийг бид нягталлаа.  […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх