Вакцин унаган дархлааг дарангуйлж өвчинд өртөмхий болгодог-ХУДАЛ

Emch Bayasgalan гэх фэйсбүүк хаягаас есдүгээр сарын 10-нд КОВИД-ын эсрэг хийгдэж байгаа вакцинууд унаган дархлааг унагадаг гэх агуулгатай пост оруулжээ. Үүнийг 326 хүн шэйрлэж, 312 хүн лайк даржээ.

Цар тахлын энэ үед аливаа мэдээллийг мэргэжлийн, баттай эх сурвалжаас авах нь таныг эрүүл мэндээ эрсдэлд учруулахаас сэргийлнэ. Тиймээс авч байгаа мэдээллээ нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Уг постод дурдагдсан агуулгыг нягталлаа.


“Ковидын эсрэг гэж хийгдэж буй эдгээр вакцинууд нь туршилтын загварууд бөгөөд үүнийг хийлгэж болохгүй байлаа, болохгүй гэж хэлж ч байлаа”.

Factcheck:

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнууд таван улсын найман вакциныг Ковид-19 өвчний дархлаажуулалтанд ашиглаж байна. Эдгээр вакциныг хөгжүүлэгчид вакцины судалгааны нэг ч үе шатыг алгасаагүй бөгөөд олон арван мянган хүнд хийсэн эмнэлзүйн (клиник) судалгаагаар үр дүн нь баталгаажсан учраас олон улсын мэргэжлийн байгууллагаас хэрэглэх зөвшөөрлийг авдаг байна.

Вакцины судалгаа нь эмнэлзүйн өмнөх ба эмнэлзүйн гэсэн үндсэн 2 хэсгээс тогтох ба эмнэлзүйн судалгааны хэсэг нь дотроо 4 үе шатаас тогтдог байна. Манай оронд хэрэглэж байгаа Ковидын вакцины хувьд Pfizer болон AstraZeneca үйлдвэрлэгчийн вакцин эмнэлзүйн судалгааны сүүлийн буюу 4 дүгээр үе шатанд, харин Синофарм болон Спутник вакцин эмнэлзүйн судалгааны 3 дугаар үе шатанд явж байна.

Олон оронд нөхцөл байдал хүнд, нас баралтын тоо өндөр байсантай холбоотой Ковид-19 вакцины судалгааны үр дүнг богино хугацаанд цуглуулж, шинжлэх ухааны нотолгоонд суурилан, олон улсад хэрэглэх зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагууд олгоод байна.


“Энэ нь хүний унаган дархлааг маш их дарангуйлж, эвдэж, эсрэгээрээ өвчинд өртөмхий, тамир муутай болсноор харин ч маш амарханаар элдэв ханиад, хатгаа тусч байна. Унаган дархлааг нь эвдсэнээс болж, ханиадыг даван туулах чадвар, эм тарианы нөлөөг ч маш сулруулсанаар, шууд хүчтэй антибиотек хэрэглэж байна”.

Factcheck:

Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин эмгэгээс хамгаалахад оролцож байдаг. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй.

Төрөлхийн дархлаанд арьс салстын хамгаалах тогтолцоо, цусны цагаан эсүүд, цусны ийлдсэнд агуулагдах хавсарга гэж нэрлэгдэх дархлааны уураг зэрэг хамаарах ба эдгээр хүчин зүйлс нь вакцины нөлөөгөөр ямар нэг өөрчлөлтөнд орох тухай ойлголт байхгүй, үндэслэлгүй юм. COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон.


“Вакцин хийлгээгүй нь харин ч унаган дархлаа нь эвдрээгүй тул дийлэнх нь эм засал авахдаа ч хялбар, архаг хууч хөдөлсөн ч хүндрэл багатай байна”.

Factcheck:

Жон Хопкинсын их сургуулийн мэдээллээр 2021 оны 9 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 100 мянган хүн амд ногдох Ковид-19 халдварын шалтгаант нас баралтын түвшнээр Перу улс хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бол манай улс 103 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Монгол улсын тухайд 2021 оны наймдугаар сарын 31-ний байдлаар халдвараар нас барсан иргэдийн 47.3% нь огт вакцин хийлгээгүй бол 21.6% нь зөвхөн эхний тундаа хамрагдсан байжээ.

Тухайн иргэдийн 63.2% нь амьсгалын эрхтэн тогтолцооны, 18.3% нь зүрх судасны тогтолцооны суурь өвчтэй байсан гэсэн судалгааг ХӨСҮТ, ҮСХ гаргаад буй.


“Вакцины эдгээр туршилтын загваруудыг  хийлгэвэл Ковид арай хөнгөн тусна гэдэг маш буруу худлаа ойлголт шүү.

Өвчтөнгүүдийг ажиглан, шинжилж эмчилж байхад дийлэнхдээ, эдгээрийг шахуулсан иргэд ханиад тусах үед яалт ч үгүй хүнд тусч байна. …”настай хүн ханиад тусах муу, тамираа бардаг учир хянамгай байх хэрэгтэй ” гэж эртнээс л яригддаг байсан. Вакын эдгээр туршилтын загваруудыг шахуулчихаар бүр ч яаж өөдтэй байхав, бүр л тамир нь барагдаж, өвчинд өртөмхий, бас архаг хууч нь хүндэрч байна”.

Factcheck:

Олон улсын мэргэжлийн байгууллага, эрдэмтэд хамтран ажилласны үр дүнд богино хугацаанд, үр дүнтэй нь баталгаажсан КОВИД-ын вакциныг гарган авч олон мянган хүнийг өвчний хүндрэл ба нас баралтаас сэргийлж байна.

COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай хамгаалалт болж, өвчний хүндрэл, нас баралтаас өндөр хувьтай сэргийлж байгаа шинжлэх ухааны нотолгоо мэргэжлийн өндөр чансаатай сэтгүүлд хэвлэгдэн гарсаар байна.

Монгол Улсад хамгийн их тунгаар ашигласан БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин л гэхэд нас баралт, хүндрэлээс 92 хувьтай хамгаалсан болохыг ХӨСҮТ-ийн судалгаагаар тогтоогоод байна.

Хэрэв вакцинжуулалтыг хийж чадаагүй бол долдугаар сарын эхэн гэхэд 15 мянга орчим хүн нас барах тооцоо гарч байв.

Тиймээс дээрх пост нь бүхэлдээ иргэдийг төөрөгдүүлсэн, ХУДАЛ агуулга байна.

Эх сурвалжууд:

https://www.who.int/publications/m/item/draft-landscape-of-covid-19-candidate-vaccines

https://www.usatoday.com/story/news/factcheck/2021/08/05/fact-check-6-persistent-covid-19-vaccine-misconceptions-online/5489437001/

https://coronavirus.jhu.edu/data/mortality

https://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=2021%20VIII%20rev.pdf&ln=Mn

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч “Хүүхдэд вакцин хийлгэх шийдвэрийг ДЭМБ гаргасан гэдэг худлаа, шал худлаа!” гэсэн пост оруулжээ. Түүний постыг 344 хүн шэйрлэж, 426 хүн лайк дарсан байна. Тэрбээр уг постдоо “Хүүхдэд вакцин хийлгэх шийдвэрийг ДЭМБ гаргасан гэдэг худлаа, шал худлаа! Хүүхдүүдэд коронавирусын вакцин хийлгэх шаардлагагүй гэсэн ДЭМБ-ын 21 оны эцсээр гаргасан шийдвэр хэвээр хүчин […]

КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийн гуравдугаар тунд хамрагдах хугацаа болон 2, 3 дугаар тун хоорондын зайны талаар янз бүрийн мэдээлэл иргэдийн дунд байгаа тул бид энэ талаар нягтлан хүргэж байна. Factcheck: ДЭМБ-ын Шинжлэх ухааны цуврал мэдээллийн есдүгээр сарын 11-ний дугаарт дархлаа сэргээх буюу 3 дахь тунгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн. Ярилцлагад дараах 3 шалтгааны улмаас […]

Монгол Улс Media фэйсбүүк группт “Д.Сумъяабазар: Иргэд ухамсартай байвал хөл хорьж, цагдахгүй” гэсэн мэдээг оруулжээ. Ингэхдээ “Ард түмэн ухамсаргүйдээ яасан юм бэ. Эцсийн эцэст улстөрчид л ард иргэдийг турхирч байгаагаас биш эгэл жирийн иргэд ар гэртээ байх нь байж, ажлаа хийх нь хийгээд мөрөөрөө л байна даг. Хотын дарга та багахан шиг даапална уу” гэсэн […]

@z_munkhsaikhan гэх твиттер хаягтай иргэн 2023.09.27-нд барилгын газар олголттой холбоотой дараах жиргээг оруулжээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн жиргээний доор “Сайдаа УБ хотод ийм газарт 15-23 давхар барилга барих зөвшөөрлийг 2023/09 сард ичихгүй өгсөн байна. Авилга 2 барилга гэж харж байна. Юун түгжрэл шийдэх. Үүндээр анхаарч өгөөч.” гээд доорх зургийг хавсаргасан байна. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт […]

Товч агуулга Судалгааны үеэрх миокардит өвчний тохиолдлууд нь COVID-19 вакцинаас шалтгаалсан гэсэн баттай баримт, тодорхой нотолгоо байхгүй. Миокардитаар нас барсан гэж мэдээлсэн өвчтөнүүдийн уушгины болон судасны шинж тэмдгүүд нь зарим тохиолдолд атеросклероз, уушгины бөглөрөлтэй ижил шинж тэмдэгтэй байсан. Вакцин хийлгэснээс үүдэлтэй зүрхний эрсдэл нь COVID-19-ийн халдвар туссанаас бага байна. Цэнд-Аюуш Гүнбилиг гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.10-ны […]

Товч агуулга Монгол Улс энэ жил Бразилд үйлдвэрлэсэн томуугийн вакцин ашиглаагүй. Олон улсад боломжтой байгаа томуугийн вакцинууд аюулгүй бөгөөд үйлчилгээ нь маш үр дүнтэй. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон. Вакцинаас өмнө H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугийн тахлын улмаас 500 […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх