Кеннедигийн мэдэгдэл Pfizer-ийн вакцины нууц жагсаалттай холбоогүй

Товч агуулга: 

  • Роберт Ф.Кеннедигийн мэдэгдэлд Pfizer компани, COVID-19 вакцин, вакцины сөрөг нөлөө болон вакцины аюулгүй байдлын нууц баримт бичгийн талаар огт дурдаагүй байна.
  • Pfizer-ийн ил болсон жагсаалт нь вакцинаас үүдэлтэй нь батлагдсан өвчнүүдийн жагсаалт биш. Харин аюулгүй байдлын тандалтаар анхаарч судлах шаардлагатай эрүүл мэндийн нөхцөлүүдийг багтаажээ. 
  • Pfizer-ийн mRNA вакцин бүх төрлийн цусны бүлэгнэл, мэдрэлийн эмгэг, хорт хавдар, гэнэтийн үхлийг уг вакцинаас үүдэлтэй гэдэг нь баталгаагүй, нотлогдоогүй мэдээлэл байна.

Нөлөө Альянс хэмээх фэйсбүүк хаягаас “Дэлхий нийтийг цочроосон мэдээ — Албан ёсоор батлагдлаа: Pfizer компанийн COVID-19 вакцины сөрөг нөлөөний нууц жагсаалт эцэст нь ил боллоо” гэсэн постыг 2026.10.11-нд постыг нийтэлжээ. Уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Мэдээлэл хийсэн уг бичлэгийг нягталж үзвэл АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Роберт Ф.Кеннеди Жр хамгийн сүүлд 2026.10.05-нд Хөдөлмөрийн яам, Сангийн яамтай хамтран тус улсын эрүүл мэндийн даатгалын компаниуд эмч, эмнэлгүүдтэй тохиролцсон үйлчилгээний үнийн мэдээллээ олон нийтэд ил тод болгох шаардлагыг чангатгасан шинэ журмыг эцэслэн баталж байгаа тухай мэдээлэл хийжээ. Энэ үеэр Роберт Ф.Кеннеди Жр Pfizer вакчин болон COVID-19 вакцины талаар огт дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, “2026 оны 10-р сарын 9-нд хийгдсэн мэдээллийн ил болголт нь Pfizer-ийн удаан хугацаанд нууцалж ирсэн сөрөг нөлөөний жагсаалтыг олон нийтэд танилцууллаа” гэсэн нь нотлогдсонгүй.

Харин АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам(HHS) 2026.10.08-нд вакцины хүндрэлийн судалгаа, тайлагнал болон өвчтөний тусламж үйлчилгээг сайжруулах салбар дундын иж бүрэн арга хэмжээнүүдийг эхлүүлж байгаа талаар мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, уг мэдэгдэлд вакцин хийлгэсний дараа эрүүл мэндийн асуудал үүссэн гэж мэдээлсэн хүмүүсийг судлах зорилгоор АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн (NIH) дэргэд эмнэлэг байгуулах, мөн вакцины дараах хүндрэлүүдийн талаар VAERS системд мэдээлэл илгээсэн эмч нарт нөхөн төлбөр олгох санал зэрэг хэд хэдэн санаачилгыг танилцуулсан байна. Гэхдээ уг мэдэгдэлд мөн л Pfizer компани вакцинаас үүдэлтэй нь батлагдсан гаж нөлөөний жагсаалтыг нуун дарагдуулсан, эсвэл ийм жагсаалтыг аравдугаар сарын 9-нд ил болгох тухай огт дурдаагүй байна.

“Pfizer-ийн удаан хугацаанд нууцалж ирсэн сөрөг нөлөөний жагсаалтыг олон нийтэд танилцууллаа” гэсэн нь мөн олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН мэдээлэл байна. Дээр дурдсанчлан Роберт Ф.Кеннеди Жр Pfizer вакцины талаар, жагсаалт ил болгосон тухай огт яриагүй байна.

Pfizer компанийн COVID-19 вакцины аюулгүй байдлын тайлангийн хавсралтад 1,291 нэр томьёо бүхий онцгой анхааран хянах шаардлагатай жагсаалт багтсан нь 2022 онд олон нийтэд мэдээлэгдэж байсан ба FactCheck.org, Full Fact зэрэг баримт нягтлах байгууллагууд нягтлан хүргэж байжээ. Ийнхүү нягталснаар уг жагсаалт вакцинаас үүдэлтэй нь батлагдсан өвчнүүдийн жагсаалт биш байжээ. Харин аюулгүй байдлын тандалтаар анхаарч судлах шаардлагатай эрүүл мэндийн нөхцөлүүдийг багтаасан баримт бичиг аж.

Вакцин хийлгэсний дараа тухайн хүнд илэрсэн аливаа өвчин, эмгэг нь вакцины нөлөөгөөр үүссэн гэсэн үг биш. Шалтгаант холбоог тогтоохын тулд тархвар судлалын болон бусад шинжлэх ухааны нотолгоо шаардлагатай. Pfizer-ийн mRNA вакцины дараа миокардит, перикардит ховор тохиолдож болох нь тогтоогдсон байна. Гэхдээ постод дурдсан бүх төрлийн цусны бүлэгнэл, мэдрэлийн эмгэг, хорт хавдар, гэнэтийн үхлийг уг вакцинаас үүдэлтэй гэсэн нь нотлогдоогүй баталгаагүй мэдээлэл байна.

Түүнчлэн “турбо хорт хавдар” нь анагаах ухаанд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн онош биш бөгөөд COVID-19 вакцин ийм өвчин үүсгэдэг гэх нотолгоо мөн тогтоогдсонгүй. 

Иймд Кеннедигийн мэдэгдлийг вакцины нууц мэдээлэл ил болсон гэх агуулгатай холбон түгээсэн нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛЖЭЭ.

Эх сурвалжууд: 

  • АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
  • The National Desk
  • FactCheck.org 
  • Full Fact 

Төстэй мэдээлэл

“Уранаас болж манай хүүхдүүд гажиг төрж байна”, “Барууныг дагавал Украин шиг болно”, “Орос байхгүй бол Хятадад уусна” гэсэн посттой та Facebook хуудас дээрээ таарч байсан байх. Тэр бол санамсаргүй зүйл огт биш гэдгийг нийтлэлийн эхэнд хэлмээр байна. Тэдгээр нь зохион байгуулалттай, зорилготой, таны сэтгэлд нөлөөлөхүйц байхаар тооцсон мэдээллийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. 2022–2025 онд […]

Цэмбийтэл цэвэрлэсэн анги, ханаар нь дүүрэн үзүүлэн, тараах материал, хөөрхөн жижигхэн сандал, ширээ жирийтэл өрөөстэй. Уг нь энд хүүхдийн дуу цангинаж, Улаанбаатарын утаа, гэртээ тулгарах том, жижиг асуудлуудаас түр ч гэсэн холдоод эрдэм номд шамдаад сууж байх ёстой юм. Гэтэл гар дээрээ 1,480,000 төгрөгийн үндсэн цалин авдаг багш нар илүү цаг ажиллаад ажиллаад хоёр сая […]

…Хорлоо гуай нэгдүгээр сарын эхний ажлын өдөр эртлэн банк руу иржээ. Тэтгэврийг бага зэрэг нэмсэн сургаар тэрээр зөрүү мөнгөө авахаар ирж буй нь энэ аж. Ямар ч байсан энэ оноос сар бүр 80,000 төгрөг гар дээрээ авахаар болсондоо баярлаж байгааг нь манай нийгмийн эмгэнэл гэлтэй. Өнгөрсөн онд хүүхдүүддээ нэмэр болох гээд тэтгэврээ жилээр нь 100% […]

FactCheck Review Mongolia гэх фэйсбүүк хаягийг нягталж өгөх

Монгол Улс шинэ төрлийн электрон тамхины хуулиа хэлэлцэж, баталж чадахгүй хойш тавьсаар байх зуур энэ бүтээгдэхүүн дараа дараагийн тахлын эх үүсвэр болж, хор уршиг нь улам хүрээгээ тэлэх болсны нэг аюул нь менингококк болов. Энэ оны гуравдугаар сард Их Британийн Кентербери хотод менингококкийн халдвар дэгдсэн ба хамгийн аюултайд тооцогддог MenB омгийн халдварын тархалт гэж үзжээ. […]

X платформын @Munkhbatd3 хаягтай хэрэглэгч Ерөнхий сайд Н.Учрал

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх