
126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэнээс хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд өмнөх парламентууд олон жил хөндөж зүрхлээгүй асуудлуудыг зориг гарган барьж авсан нь шинээр сонгогдсон, ялангуяа жагсаалтаар орж ирсэн эмэгтэй гишүүд байлаа.
Харин үүнийх нь хариуд тэднийг бодлогын мэтгэлцээний оронд хувь хүнийг нь онилсон дайралт, цахим харлуулалт, хоч нэр, дарамт, заналхийлэл дагав. Өөрөөр хэлбэл, нийгмийн тулгамдсан асуудлыг хөндсөн улстөрчийг асуудлаар нь биш, хүнээр нь “устгах” оролдлого илүү хүчтэй өрнөв. Мөн эргээд том эрх ашиг гэдэг хэрхэн тэднийг нийгмийн дайсан мэт болгон харагдуулж, мохоож, “цовдолдог” болохыг нийтээрээ харж байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал буюу “Монгол өв соёлын дайсан”
МАН-ын жагсаалтын №18-д бичигдэн УИХ-ын гишүүн болсон, эрх зүйч мэргэжилтэй Х.Баасанжаргал хүүхдийн эрх, ялангуяа унаач хүүхдийн эрхийн асуудлаар тууштай тэмцэж ирсэн эмэгтэй. Хүүхдийг хүн гэж хүндэлдэггүй, хүүхдийн эрхийг уландаа гишгэдэг өнөөгийн манай нийгэмд тэрбээр цөөхөн тууштай тэмцэгчийн нэг бөгөөд УИХ-д ч байр сууриа хүчтэй илэрхийлж байгаа.
Хамгийн сүүлд 2026 оны хоёрдугаар сард Хөвсгөл аймагт морины ажлын үеэр хүүхэд амиа алдсан хэрэг гарсны дараа тэрбээр Засгийн газрын өвөл, хаврын уралдаанд хүүхэд оролцуулахыг хориглосон тогтоолын шийдвэрийг хэрэгжүүлэхийг л шаардсан. Гэвч хариуд нь түүнийг “Монголын өв соёлын дайсан” болгон цоллож, олон нийтийн өмнө доромжилсон. Хүүхдийн эрхийн тухай маргаан удалгүй хүнийг гутаах кампанит ажил болон хувирсан.
Хэн тэгсэн бэ гэвэл зарим уяачид, тэднийг нэгтгэдэг Монголын морин спорт, уяачдын холбоо. Тэд бүр уяачдын сүлжээн дотроо “Энэ хүүхнийг хэн ч биш болгоё”, “Дараагийн сонгуулиар гишүүн болгохгүй байх хэрэгтэй шүү бүгдээрээ” гэх мэтээр ардчилсан сонгуульд нөлөөлөхийг зохион байгуулах оролдлогод ил тодоор уриалан дуудаж байв.
Товчхондоо улс төр, бизнесийн томчуудын эрх ашиг хөндөгдсөн учраас нэг эмэгтэй гишүүнийг сүрэглэн дайрсан. Хамгийн сонирхолтой нь парламент дотор энэ дайралтыг ил тод буруутгасан улс төрийн манлайлал бараг харагдсангүй. Харин эсрэгээрээ хаврын морин уралдааныг хуульчилъя гэсэн санаачилга илүү хурдан хөдөлж эхэлсэн.
2025 он хүртэлх 9 жилийн хугацаанд нийт 3,400 гаруй хүүхэд мориноос унаж бэртсэн бол 46 унаач хүүхэд амиа алдсаныг ХЭҮК мэдээлсэн. Гэвч улстөрчид, бизнесийнхэн өнөөдрийг хүртэл өвөл, хаврын хурдан морины уралдааныг сэргээж хүүхдээр унуулах санаачилгыг ил гаргасаар байгаа билээ. 46 хүүхэд амь насаа алдсан нь асуудал биш юм бол яг ямар тоонд хүрч байж асуудал болох вэ? Эсвэл асуудал нь хүүхэд биш, хүүхдийн тухай ярьсан хүн нь юм уу?
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн буюу “Тогны үнэ нэмэгч”
АН-ын жагсаалтын №4-т бичигдэж УИХ-д орж ирсэн, энэ парламентын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний салбарыг эхнээсээ л хүчтэй шүүмжилсэн. Уг нь Монголын эрчим хүчний салбар олон жил алдагдалтай, хөрөнгө оруулалтгүй, шинэчлэлгүй явсан гэдэг дээр бараг маргах хүн үгүй. Гэхдээ тэр бүхний буруутан нь арван жил бодлого тодорхойлсон хүмүүс бус, парламентын хамгийн залуу гишүүн болсон.
Энэ салбарын реформыг хийх ажилд санаачилгатай, оролцоотой байснаараа тэрбээр нас, хүйс, туршлагаараа ялгаварлагдаж, бодлогын биш, хувь хүн талаас нь түүнийг цахим орчинд харлуулсан. Сургуулиасаа гараад шууд улс төрд орсон, юм үзээгүй гэх зэргээр нэр хоч өгч, үнэ нэмэгч “буруутан” болгон дайрсан. Тэрбээр эрчим хүчний салбарын бодит үнэнийг зоригтой, нээлттэй ярьснаар реформ ямар ч байсан хөдөлж эхэлсэн билээ.
С.Цэнгүүн гишүүний хувьд цахилгааны үнэ нэмэхийг дангаар нь реформ гэж хамгаалаагүй. Зах зээлийн өрсөлдөөн, лицензийн шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглал, шинэ хөрөнгө оруулагчдыг нэвтрүүлэх зэргийг шаардсан. Харин Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн эхлээд салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, дараа нь эрх зүйн шинэчлэл хийх тухай ярьдаг ч ажил болсон эсэх нь эргэлзээтэй. Түүний өмнөх сайдуудын нэг Ц.Даваасүрэн үнэ чөлөөлөхийг эсэргүүцэж, төрийн зохицуулалттай тариф, зардал бууруулна гэж байсан ч бас л дорвитой зүйл хийж байгаагүй гэж салбарынхан дүгнэдэг. Бодит байдал дээр сүүлийн 10 жилд л гэдэд энэ хоёр сайдын үед эрчим хүчний салбар гацаж удааширсан нь их. Нэг ёсондоо тэд ганц эмэгтэй гишүүнийг урдаа барьж, галд орхиод өөрсдөө чимээгүй хойно нь хараад сууж байв.
Хуурамч мэдээллийн эсрэг FactCheck.mn сайтын сүүлийн жилүүдэд хийсэн Гаднын хортой мэдээллийн нөлөөлөл цуврал мониторингийн 2024-2026 оны үр дүнгээс харвал Эрчим хүчтэй холбоотой мэдээлэл дээр хойш хөршөөс явуулсан байж болзошгүй зохион байгуулалттай мэдээллийн урсгал ч С.Цэнгүүн гишүүнийг тойроогүй. Гэвч тэрхүү дайралтуудын үндэс нь Монгол дотроо бие биенээ харлуулсан мэдээллүүдээс үүдэлтэй байсан нь харамсмаар.
Саяхан УИХ-аар батлагдсан БЭТ-ийн тухай хуулийг бие даан анх санаачилж байхад нь мөн л том компаниудын эрх ашгийг хамгаалж лоббид орсон хэмээн дайрч байв.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг буюу “янжуурын лоббичин”
МАН-ын жагсаалтын №16-д бичигдэж УИХ-ын гишүүн болсон О.Номинчимэг эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр өнгөрсөн гурван парламентын барьж аваагүй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, 77 гишүүний хамт өргөн мэдүүлсэн. Гэвч түүнийг тамхины асуудал ярьсан цагаас нь эхлээд цахим орчинд гүтгэж, дайрч, доромжилж, “тамхины лоббинд орсон” гэсэн нэр хоч зүүсэн. Тэрбээр сүүлд УИХ-ын чуулганы танхимд “Чамайг улстөрчийн чинь хувьд хэн ч биш болгоно, тамхины хар зах зээл үүсгэж чамд харуулна” гэхчлэн заналхийлснийг өөрөө хэлсэн.
Харин энэ хугацаанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх үед тус яамнаас гаргасан, Евразийн хэлэлцээрт хамаарах барааны жагсаалтад янжуур тамхи багтаж, гаалийн татваргүй болох нөхцөлийг үүсгэсэн байдаг. Тэгээд зогсохгүй уг хэлэлцээртэй холбоотой Онцгой албан татварын тухай хуульд бусад бүх төрлийн тамхины татварыг маш бага байхаар саналаа тусган явуулсан нь ил болсон.
Жилийн 800 тэрбум төгрөг эргэлддэг, маш их эрх ашиг хөндөгддөг энэ салбарын нөгөө талд өсвөр насныхан, залуучууд шинэ төрлийн донтолтод хөтлөгдөх эрсдэлээс хамгаалах энэ хууль 9 сар гацсаны эцэст өнгөрсөн долоо хоногт хэлэлцэгдэж эхэлсэн. Гэвч түүнийг гүтгэсэн, төлбөртэй мэдээллүүд өнөөдрийг хүртэл цахим орчинд идэвхтэй түгсээр байна.
Нэг нийтлэг дүр зураг
Эдгээр гурван жишээ өөр өөр асуудал ч нийтлэг нэг шинжтэй. Олон жил шийдэгдээгүй, гэсэн хэдий ч нийгмийн дунд үргэлж хүлээлт үүсгэсэн, яаралтай барьж авч шийдэхгүй бол аль хэдийнэ оройтсон, бугширсан асуудлууд. Олон нийтийн эрх ашгийг хөндөж байсан ч өмнөх олон парламентад энэ гурван эмэгтэй гишүүн шиг зоригтой барьж аваад тууштай явсан нь цөөн. Тэд жагсаалтаар орж ирсний хувьд тойргийн дэмжигчдээ бодож, шүүмжлэлээс айж эс үйлдэхүй гаргаагүй. Харин ч нийгмийн, нийтийн сайн сайхны төлөө гэсэн итгэл үнэмшлээрээ энэ том асуудлуудыг зоригтой барьж авсан. Харамсалтай нь тэднийг үүнийх нь төлөө нийгмийн дайсан болж харагдуулах мэдээллээр цахим орчинд бөмбөгдөж, “цовдолж” байна. Асуудлыг бус, асуудал хөндсөн хүнийг онилж байна. Бодлогын мэтгэлцээн бус хувь хүн рүү чиглэсэн дайралт болж хувирсаар байна. Эрх ашиг хөндөгдөх тусам цахим харлуулалт эрчимжих болов. Энд нэг зүйлийг онцлох нь, зөвхөн гадна талаасаа ч биш парламент дотор ийнхүү эмэгтэй гишүүдээ эрээ цээргүй “зодож” байгаа нь хамгийн ноцтой аюул. УИХ-д удаан суучихсан, нөлөө ихтэй, эрэгтэй улстөрчид ихэвчлэн шинэ залуу, эмэгтэй гишүүддээ сүр үзүүлж, нухчихыг оролдож байгаа нь хамгийн бэртэгчин.
Хамгийн гол нь энэ бол зөвхөн эмэгтэй гишүүдийн асуудал биш. Парламентын асуудал.
Шинээр сонгогдсон гишүүдийг, ялангуяа залуу эмэгтэй гишүүдийг сүрдүүлж, гутааж, дуугүй болгох соёл хэвийн үзэгдэл болсоор байвал дараа дараагийн парламентад хэн нь ч хэцүү асуудал барьж авахыг хүсэхгүй.
Парламентын хамгийн чухал үнэт зүйл нь олонх байх биш, санал өгөх эрх ч биш. Харин олон нийтийн эрх ашгийн төлөө том эрх ашигтай нүүр тулах зориг юм.
Хэрэв ийм зоригийг бид өөрсдөө харлуулж, мохоож байвал хохирогч нь ганц нэг гишүүн биш. Монголын парламент өөрөө байх болно.