Олон улсад хязгаарлуулж буй вэйп Монголд л дураараа дургиж байна

Дэлхийн улс орнууд электрон тамхийг залуучууд, ирээдүй үеийн эрүүл мэндэд заналхийлж буй шинэ эрсдэл хэмээн үзэж, бодлогын хатуу арга хэмжээнүүдийг дараалан авсаар байна. Зарим нь бүрэн хориг, зарим нь эмийн хяналт, өндөр татвар, амт ба маркетингийн хатуу хязгаарлалт руу шилжсээр. 

Гэтэл Монгол Улсад вэйп тамхины талаар нэгдсэн хууль, ямар ч тодорхой зохицуулалтгүй байгаа нь дэлхийн чиг хандлагатай эрс зөрчилдөж буй бодит зураглалыг харуулж байна.

Дэлхийн улс орнууд яг ямар арга хэмжээ авч, электрон тамхины хэрэглээг хэрхэн хязгаарлаж байгаа талаар доорх орнуудын жишээг харцгаая. 

Их Британи: Тамхигүй шинэ үеийг бүтээнэ

Их Британи улс 2009.01.01-нээс хойш төрсөн иргэдэд тамхи худалдан борлуулахыг хуулиар хатуу хориглох шийдвэр гаргаж, тамхигүй цоо шинэ үеийг бүтээх бодлогоо энэ сард зарласан. Энэ нь дэлхийд анхны эрс шийдэмгий шинэ туршлагад тооцогдож байна.

Энэхүү шийдвэр нь залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зорилготой аж. Үүнээс гадна тус улс дэлгүүрт вэйп бүтээгдэхүүн тавих газрыг хязгаарлаж, нас баталгаажуулаагүй тохиолдолд торгууль ногдуулдаг ба давтан зөрчил гаргавал шүүхийн шийдвэр гаргаж, илүү өндөр буюу 2,500 хүртэл паундаар торгох зохицуулалт хэрэгжүүлдэг.

Их Британи 18-аас доош насныханд электрон тамхи худалдаалахыг хориглохын зэрэгцээ хүүхдүүдэд чиглэсэн өнгө, амт, сав баглаа боодол дээр хязгаарлалтаа нэмэгдүүлж, зар сурталчилгааг хязгаарлаж байна.

Австрали: Никотины хэрэглээ анх удаа 15.7%-д хүрч буурсан

Австрали улс 2023 оноос эхлэн никотин агуулсан вэйп бүтээгдэхүүнийг зөвхөн эмчийн жороор, эмийн сангаар дамжуулан борлуулах болжээ. Энэ нь дэлхийн хамгийн хатуу зохицуулалтын нэгд тооцогддог байна.

Улмаар 2024 оноос ам, сав баглаа боодол болон маркетингийн хатуу хязгаарлалт тавьжээ. Үүний үр дүнд 15-29 насныхны дунд вэйпний хэрэглээ 30 гаруй хувиар буурсан бол нийт хүн амын дунд никотины хэрэглээ анх удаа 15.7%-д хүрч мэдэгдэхүйц буурсан байна.

Бельги: 2027 оноос олон нийтийн дотор орчин, кафе, ресторан, террас дээр ч  вэйп татахыг хориглох саналтай байна


Европын холбооны орнуудаас Бельги улс анх удаа вэйпийг хоригложээ. Тус улс 2025.01.01-нээс эрүүл мэнд болон байгаль орчны шалтгаанаар нэг удаагийн вэйп тамхи  худалдахыг хориглосон байна. Үүнээс өмнө 2024.01.01-нд никотинтой болон никотингүй вэйпний шингэний аль алинд нь онцгой албан татвар ногдуулж эхэлжээ. Улмаар онлайн худалдаа болон бүр төрлийн сурталчилгааг бүрэн хориглосон байна. 18-аас доош насныханд худалдахыг мөн хориглосны зэрэгцээ хүүхдийг сонирхлыг татах гоё загвартай, тоглоом, гэрэлтэй вэйпийг хоригложээ.

Дараагийн шатанд тус улс 2027 оноос олон нийтийн дотор орчин болон кафе, ресторан, террас дээр хүртэл вэйп татахыг хориглох, тамхины амтнаас бусад бүх амтыг хориглох саналыг ярьж байгаа аж.

Латви: +20 наснаас нь тамхи авах боломжтой

Латви улс никотины бодлогоо эрчимтэй чангаруулж, залуучуудыг онилсон хатуу бодлого хэрэгжүүлж байна. Тус улс 2025 оноос бүх төрлийн тамхи буюу никотинтой бүтээгдэхүүн хэрэглэх насны доод хязгаарыг 20 болгож өндөрсгөжээ. Улмаар тамхинаас бусад бүх амтнаас гадна чихэр, тоглоом шиг харагддаг бүх тамхин бүтээгдэхүүнийг бүрэн хорьсон байна.

Үүний зэрэгцээ “эрүүл мэндэд ашигтай” гэсэн агуулгаар сурталчлахыг мөн хоригложээ. Сургууль, ажлын байр, автобусны буудал дээр ч вэйп татах хориотой аж.

Сингапур: Вэйп бол зөвхөн тамхин бүтээгдэхүүн биш, мансууруулах бодисын эрсдэлтэй гэж үзэж байна

Сингапур улс 2018 оноос вэйпийг бүрэн хорьжээ. Үүнд импорт, худалдаа, түгээлт, эзэмших, ашиглах бүгд багтжээ. Энэхүү хоригийг зөрчвөл 2,000 хүртэл доллароор торгох зохицуулалттай байж. Ингэснээр залуусын дунд электрон тамхи өргөн тархахаас сэргийлж чаджээ.

Тэгвэл энэ бодлогоо 2025 оноос улам чангаруулжээ. Шалтгаан нь вэйп нь зөвхөн тамхин бүтээгдэхүүн биш, мансууруулах бодисын эрсдэлтэй хэмээн үзэж, торгохоос илүү хүнд шийтгэл ногдуулахаа Сингапурын Ерөнхий сайд Лоренс Вон мэдэгджээ.

Энэтхэг: 2019 оноос вэйпийг бүрэн хорьсон

Энэтхэг улс бол залуусын дунд вэйпний хэрэглээ өргөн тархахаас өмнө бодлогын арга хэмжээ авч чадсан орнуудын нэг гэдгээрээ онцлог.

2019 оны есдүгээр сард тус улс Prohibition of Electronic Cigarettes Act, 2019 гэсэн хуулийг баталснаар электрон тамхины үйлдвэрлэл, экспорт, импорт, худалдаа, тээвэрлэлт, хадгалалт, сурталчилгааг бүрэн хорьж, вэйпний нийлүүлэлтийн бүх сүлжээг хаасан байна. Ингэхдээ никотин маш хүчтэй донтуулагч тул залуусын хэрэглээ тахлын хэмжээнд хүрч болзошгүй бөгөөд тамхидалтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй хэмээн урьдчилан тооцож бодлогоо гаргасан гэж мэдэгджээ. Хэрэв энэ хуулийг анх удаа зөрчвөл 1 жил, давтан зөрчвөл 3 жил хүртэл хорих зохицуулалтыг хийсэн.

Тус улсын энэхүү шийдвэрийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалсан хүчтэй алхам гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ) үнэлжээ.

Хятад: Вэйп үйлдвэрлэдэг ч дотооддоо хатуу бодлоготой

Хятад улс электрон тамхины бодлогоо 2021 оноос эрс чангаруулжээ. Вэйпийг тамхитай ижил зохицуулалтад оруулж, бүх үйлдвэрлэгчийг лицензжүүлж, стандартгүй бүтээгдэхүүнийг хориглосон байна.

Улмаар 2022 оноос тамхинаас бусад амтыг хориглож, онлайн худалдааг хязгаарласан бол 2023 оноос дотоод зах зээлд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдээр борлуулахыг зөвшөөрч үйлдвэрүүддээ өндөр хяналт тавьсан байна.

Гэхдээ Хятад бол үйлдвэрлэгч орон. Нийт вэйп үйлдвэрлэлийнхээ 90 орчим хувийг экспортолдог бөгөөд дэлхийн вэйпний зах зээлийн мөн хэмжээний хувийг эзэлдэг гэсэн тооцоо байна.

Вэйп тамхины хатуу бодлого явуулж байгаа эдгээр улсыг харвал ихэнх нь өндөр хөгжилтэй, өндөр болон дундаж орлоготой, хүний хөгжлийн индекс өндөртэй буюу хүнээ боддог төрийн хүчтэй бодлоготой орнууд байна. Шийдвэр гаргахдаа эрсдэлийг илүүтэй урьдчилан тооцоолж, ирээдүйд чиглэн бодлогоо уялдуулжээ.

ДЭМБ юу гэж зөвлөдөг вэ?

ДЭМБ вэйп тамхины талаар 2025 оны арваннэгдүгээр сард байр сууриа илэрхийлэхдээ “Электрон тамхи, халаадаг тамхин бүтээгдэхүүн болон никотины уут нь хэрэглэгчдийг хорт хавдар үүсгэгч, мутац үүсгэгч, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй химийн бодисуудад хордуулж, никотины донтолтод хүргэснээр эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг гэдгийг ДЭМБ дахин мэдэгдэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг хүүхэд, залуучуудын сэтгэл татам амт, дүрслэл ашиглан эрчимтэй худалдаалж байгаа нь хүүхэд, өсвөр үеийнхний хэрэглээг өдөөж хэт ихэсгэж, дэлхийн тамхины хяналтын хүчин чармайлтыг сулруулж байна” гэжээ.

Иймд вэйп зөвшөөрсөн орнууд ядаж

  • Тамхи, никотины бүтээгдэхүүнийг сурталчлах, дэмжих, ивээн тэтгэх бүх хэлбэрийг хориглох;
  • Ялангуяа хүүхэд, залуучуудын сонирхлыг татах амтыг хориглох;
  • Уламжлалт тамхин бүтээгдэхүүнд ноогдуулдагтай адил татвар, үнийн арга хэмжээ авах;
  • Алсын зайнаас тэр дундаа дижитал сувгуудаар дамжуулан хортой бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох;
  • Нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тамхи, никотины үйлдвэрлэлийн арилжааны болон бусад ашиг сонирхлоос хамгаалах зэрэг болно гэсэн.

Харин Монгол Улс 2012 онд баталсан Тамхины хяналтын тухай хуулиа бодлогын хэмжээнд шинэчлээгүй хэвээр байгаа бөгөөд электрон тамхи манай улсад ямар ч хуулийн зохицуулалтгүй, хэн дуртай нь хүссэн газраасаа аваад хэрэглэх боломжтой байна. Дэлхийд ямар ч зохицуулалтгүй байгаа 57 орны нэг нь Монгол Улс.

Төстэй мэдээлэл

Өнгөрсөн Цагаан сараар УИХ-ын дарга Н.Учрал үндэсний спортын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр Тод манлай уяач Д.Даваахүү “Морины соёлыг дэлхийд бүрэн бүтэн үлдээхийн тулд хаврын морин уралдааныг хиймээр санагддаг” гэлээ. Урин дулаан цагт л зөвхөн морин уралдаан зохион байгуулснаар морины соёл Монголд төдийгүй дэлхийд хагас үлдэж буй тухай санаа нь их л чилээрхсэн янзтай хэллээ. […]

Монгол Улс шинэ төрлийн электрон тамхины хуулиа хэлэлцэж, баталж чадахгүй хойш тавьсаар байх зуур энэ бүтээгдэхүүн дараа дараагийн тахлын эх үүсвэр болж, хор уршиг нь улам хүрээгээ тэлэх болсны нэг аюул нь менингококк болов. Энэ оны гуравдугаар сард Их Британийн Кентербери хотод менингококкийн халдвар дэгдсэн ба хамгийн аюултайд тооцогддог MenB омгийн халдварын тархалт гэж үзжээ. […]

Хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар Factcheck.mn сайт нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг мэдээлээд өнгөрөх биш, тодорхой нэг сэдвийг бүтэн нэг сарын турш олон талаас нь мөшгөж, гарц шийдлийг санал болгох зорилгоор “1сар1сэдэв” цогц мэдээллийн загварыг нийтэд хүргэж байгаа билээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын турш ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудлыг тал бүрээс нь ухаж мэдээлснээ нэгтгэн хүргэж […]

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны тэргүүн, тод манлай уяач Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр ахлах мөрдөн байцаагч ажилтай байсан хэдий ч эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эрийн гурван наадам хэмээх өв соёлоо өөрийн биеэр тээж, хойч үедээ уламжлуулахыг чухалчилж, өнөөдрийг хүртэл монгол адуугаа хамгаалан, генийг нь хадгалахын төлөө тууштай явж буй уяач хүн. Ц.Дуламсүрэн бол Монгол Улсын […]

“…Вакцины хоруу чанар маш их нэмэгдэж, мөнгөн ус болон хүнд металлын орц агуулж, хуучныхтай огт адилгүй болсныг бүх дэлхийгээрээ ярьж бичиж, манайхаас бусад бараг бүх хэл дээр эрдэмтэн эмч судлаачид нь ном, нийтлэл бичиж, барууны эцэг эхчүүд нь зөндөө эсэргүүцэж тэмцээд байхад гуравхан сая бид мэдрэлгүй мэт гөлийгөөд геноцид хийлгээд байх уу?????!!!!!…” Энэхүү агуулгыг нягтаж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх