Д.Тунгалаг: УИХ-ын гишүүд Морин спорт уяачдын холбооны лоббид ордог

-Монголын морин уралдаан чинь өнөөдөр өв уламжлал биш, эрх мэдэлтэн, хөрөнгөтөн чинээлгүүд нь нийлж байгаад ядуу өрхийн хүүхдүүдийн амьд явах, эрүүл аюулгүй амьдрах, сурч боловсрох, хүчирхийллээс ангид байж хөгжих, цаашдаа өөрийнхөө хүссэн аз жаргалтай амьдралаар амьдрах энэ бүх эрхийг нь зөрчиж байгаа нийгмийн бурангуй үзэгдэл-


Хурдан морины уралдааны өв соёлын цаана хаврын хахир цагт хүүхдээр хурдан морь унуулах нь зөв, буруу хэмээн талцдаг. Тэгвэл үүний цаана хүүхдүүд ухамсартай шийдвэр гаргах боломжгүй үедээ хэрхэн олон төрлөөр хохирдог тухай, томчуудын тэр бүр анзаардаггүй, мэдэрдэггүй, мэддэггүй эрхүүдийн талаар Бүх нийтийн боловсролын төлөө ИНБ-ын ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай ярилцсаныг тоймлон хүргэж байна.

“Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр нь ядуурал үүсгэж байгаа шалтгаан ба үр дагавар”

  • Сурч боловсрох бол хүүхдийн эдлэх ёстой эрх. Учир нь өөрт нь юу сайн бэ, юу муу вэ, ирээдүйд юу хэрэгтэй вэ гэдгийг хүүхэд шийдэх, бодох, тунгаах, эргэцүүлэх тархины хөгжил нь гүйцээгүй байдаг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид, насанд хүрсэн хүмүүс хүүхдийн сайн сайхны төлөө ашиг сонирхолд нь нийцсэн шийдвэр гаргаж явдаг. Энэ хүүхдийн эрхийн конвенцын зарчим.
  • Хүүхэд өнөөдөр бичиг үсэгтэй болж, суурь боловсрол эзэмшсэнээр амьдралд нь өргөн боломж нээгддэг. Өөрөөр хэлбэл, тэр хүүхэд цаашдаа уяач болох уу, малчин болох уу, инженер болох уу, эрдэмтэн болох уу гэдэг потенциалыг нь нээх суурийг тавьж өгч байгаа хугацаа бол 12 жилийн заавал эзэмших боловсрол. Боловсрол эзэмших энэ хугацаандаа хүүхэд насан туршийнхаа амьдралд нөлөөлөх шийдвэрүүдээ гаргах хүчин чадавхтай болж, төлөвшин хөгждөг.
  • Боловсролын системд байснаараа хүүхдийг хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, аливаа хэлбэрийн хүчирхийллээс хамгаалж чаддаг. Хүүхдийг эрүүл мэнд, бие бялдрын бүрэн хөгжилтэй болох боломжуудыг олгодог. Бусадтай харилцах, анги, сургуулийнхныхаа дунд байж, үе тэнгийн найз нөхөдтэй болох зэрэг хүүхдийн нийгэмших эрэлт хэрэгцээг, нийгэмшлийнх нь хөгжлийг хангаж өгөх ёстой. Хүүхдийн сонирхол хоббигоо хөгжүүлэх эрх нь нээлттэй байдаг.
  • Одоогийн боловсролын багц хуулиар хүүхэд заавал боловсрол эзэмших ёстой. Хэрвээ хүүхдээ боловсрол эзэмшүүлээгүй бол эцэг эх нь хариуцлага хүлээх ба энэ нь хүүхдийн сайн сайхан, ашиг сонирхол, эрхийг хамгаалж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхныг хангах, хүүхдийг хүчирхийлэл, аюул ослоос хамгаалах бүх үүрэг нь эцэг эхэд байгаа.
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг олон улсын хөдөлмөрийн байгууллага ядуурал үүсгэж байгаа шалтгаан ба үр дагавар нь гэж тодорхойлдог. Монголд тодорхой тооны гэр бүлүүд ядууралд байна. Эдгээр гэр бүлийг ядуурлаас гаргах Засгийн газрын бодлого, төсөв, төлөвлөгөө алга. Өрхүүд орлогын дутуугаа нөхөх арга болгож, хүүхдээ хөдөлмөр эрхлүүлж байна. Тэр тусмаа хөлсөөр морь унуулах энэ ажил руу ядуу гэр бүлүүд ямар ч сонголтгүйгээр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй энэ хэлбэрийг хүүхдээрээ эрхлүүлж байна. Одоогоор эцэг эхэд авч байгаа хариуцлага гэж алга.
  • Тэртээ тэргүй ядуу өрх айлд хариуцлага тооцъё гэхээр торгох шийтгэлийг төлж чадахгүй, цагдан хорихоор тэр өрхийн амьжиргаа хэцүүддэг. Тэгэхээр уяачид, тэр уралдааныг зохион байгуулсан төрийн албан хаагчдад илүүтэй хариуцлага тооцож байна.

“УИХ-ын зарим гишүүн хаврын морин уралдааныг сэргээнэ гэж байгаа нь төр улс, үндсэн хуулийн эсрэг хэрэг юм”

  • Төр бол бусад этгээд, Морин спорт уяачдын холбоо болон түүний гишүүд хүүхдийн эрхийг зөрчихөөс хамгаалах үүрэгтэй. Хүүхдийн эрхийг хангах төдий биш, хамгаалах.
  • Засгийн газар Дүнжингарав хаврын уралдааныг тогтоол гаргаж хийдэг байснаа больсон нь хүүхдийг хамгаалах чиглэлд хийж байгаа алхам. Дээр хүүхдийн хамгаалах хувцасны стандартуудыг гаргаж, даатгал хийх санаачилга гаргасан, гарааны төхөөрөмж хийх, зам засах зэрэг нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд төр үүргүүдээ шат дараатай, их бага хэмжээгээр ч гэсэн хийж хэрэгжүүлж байна гэсэн үг.
  • Монголын морин спорт уяачдын холбоо бол заавал хүүхдээр унуулна, өв уламжлал юм чинь гээд өвөл хавар заавал уралдана гэж байна. Маш эрсдэлтэй, хүйтэн, цастай, халтиргаатай нөхцөлд, яг хичээл сургуулийн үед хүүхдээр морь унуулна гэж зүтгэж байгаа нь хүүхдийн эрхийн эсрэг байна л гэсэн үг.
  • Сүүлийн үеийн, ялангуяа үе үеийн УИХ-ын гишүүд Морин спорт уяачдын холбооны гишүүдийн лоббид ордог. Энэ бол дахин дахин, хавар болгон гарч ирж байгаа үзэгдэл учраас би баттай ингэж хэлж байна. УИХ-ын гишүүд яг ингээд нэг хоёроороо гараад ирдэг, өвөл хаврын морин уралдааныг сэргээнэ, өв уламжлалаа бодож бид Засгийн газарт шаардлага гаргуулна гэж өнгөрсөн жил гарч ирсэн. Энэ жил болохоор УИХ дээр шийдвэр гаргуулна гэж байна.
  • Ард түмнийг төлөөлж сонгогдсон, хүний эрхийг хамгаална, нийтийн эрх ашгийн төлөө гэж сонгогдсон манай УИХ-ын зарим гишүүн Морин спорт уяачдын холбооны гишүүдийн лоббид ороод цаад үр дагаврыг нь тооцоолохгүй байна. Хүүхдийн эрх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдэг талаар бүрэн ойлголт байгаа эсэх нь тодорхойгүй, зөвхөн өв уламжлал сэргээнэ, хадгална гэдэг өнцгийг барьж аваад үйл ажиллагаа явуулж байгаа нь төр улсын, бүр үндсэн хуулийн эсрэг хэрэг юм. Үндсэн хуульд төр, гэр бүл, эх нялхсыг төр хамгаална гээд биччихсэн байгаа шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ч удаа дараа хэлдэг, би эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийн талд бат зогсоно гэж. Тэгэхээр зарим УИХ-ын гишүүн Монгол Улсын хуулийг дээдэлнэ гэдэг тангаргаа зөрчиж, Үндсэн хуулиас няцаж байгаа гэсэн үг юм.
  • Ер нь тойргоос сонгогдсон гишүүд ийм лоббид илүүтэй автаж байна гэж бодож байна. Тухайлбал, морины уралдаан их зохион байгуулдаг, морины наймаа их явагддаг  аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг цаанаас нь уяачид шахаж байна гэсэн үг. Тэнд байгаа малчид, уяачдыг Морин спорт уяачдын холбоо зохион байгуулалттайгаар УИХ-ын гишүүдэд нөлөөлүүлэхээр зохион явуулж байгаа.
  • Уг УИХ-ын гишүүн дахин сонгогдохын төлөө хүүхдийн эсрэг биш, Монгол Улсын хуулийг дээдэлнэ гэж өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой. Гэтэл дахин сонгогдох хувийн болон улс төрийн ашиг сонирхлын төлөө хүүхдийн эрхийг арилжиж байна гэсэн үг.

“Нийгмийн хөгжлөөс хамгийн хоцрогдож байгаа хөвгүүдийн боловсролыг шийдэх гэхээр яалт ч үгүй морь унаач хүүхдүүдийн асуудалтай холбогддог”

  • Бид НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн талаар сайн дурын үндэсний тайлан бичиж явуулахдаа нийгмийн хөгжлөөс хамгийн хоцрогдож байгаа бүлгүүдийг тодорхойлоход хөдөөгийн малчин, ядуу өрхийн, эрэгтэй хүйсийн хүн байна гэдэг үр дүн гарсан. Энэ бол улс төр, нийгэм, эдийн засгийн учир шалтгаантай. Тухайлбал, 1990 оны дараа мал хувьчлахад маш олон малчин өрх хөвгүүдээ сургуулиас гаргаж, мал дээр гаргасан. Одоо ч бас уяач болгоно, морь унуулна гээд хөвгүүдийг сургуулиас завсардуулж байна.
  • Бид сая “Хөвгүүд боловсролоос гээгдэж байгаа нь” гэдэг судалгаа хийж үзэхэд үнэхээр хөвгүүд бол боловсролоос гээгдэж байна. Сургуульд элсэхгүй байгаа хүүхдүүдийн дунд хөвгүүд давамгайлж байна, бага ангиасаа сургуулиас завсардаж байгаа хүүхдүүдийн дунд хөвгүүд давамгайлж байна. Түүнчлэн PISA олон улсын сурлагын амжилтын судалгаагаар хөвгүүд сурлагын амжилтаар охидоос 1-2 жилийн хоцрогдолтой байна. Тэгэхээр энэ бүхний суурь шалтгаан бол бид өв уламжлал хадгалах нэрээр хөвгүүдийн боловсрол, сургалтыг гэр бүл нь, нийгмээрээ бид золиосолж байна.
  • Сургуулийн гадна байгаа энэ олон хөвгүүд цаашдаа яах юм бэ, боловсролгүй. Өнөөдрийн  бий болоод байгаа нийгмийн үзэгдлийн суурь нь тэнд байна шүү дээ. Яагаад малчин залуучуудад эхнэр олдохгүй байна вэ гэхээр боловсролгүй, бичиг үсэггүй учраас магадгүй эмэгтэйчүүд гэрлэхгүй байх магадлалтай. Тиймээс бид хөвгүүдийн боловсролын асуудлыг ярьж шийдэх гэхээр яалт ч үгүй морь унаж байгаа хүүхдүүдийн асуудалтай очиж холбогдоод байдаг.

“Хэн нэгэн эрх мэдэлтэн, дархтнууд л хүүхдийн эрхийг зөрчдөг”

  • 2017 оноос хойш энэ унаач хүүхдүүдийн асуудлаар ажиллаад, мэдээлэл цуглуулаад, дүн шинжилгээ хийгээд үзэхээр ер нь морин уралдаан өв уламжлал биш, арилжааны үйл ажиллагаа болсонтой холбогдуулан цаана нь асар их мөнгө эргэлдэж байна. Монгол Улсын аливаа хөрөнгө чинээлэг хүмүүс уяачид байна. Дээр нь улс төрийн хүрээнийхэн, их хурлын гишүүд, дарга, сайд нар дандаа уяачид байна. Аймаг, сумын, орон нутгийн засаг захиргааны дарга, иргэдийн хурлын дарга гэх мэт бүгд Морин спорт уяачдын холбоотой хамтарч ажиллаж буй ийм дүр зураг харагдаж байгаа. Тэгэхээр хэн нэгэн эрх мэдэлтэн, дархтнууд л хүүхдийн эрхийг зөрчдөг.
  • Хүүхэд хэзээ ч өөрийнхөө эрхийг зөрчихгүй. Эцэг эх нь аль болох хүүхдийнхээ эрхийг зөрчихгүй. Тэгэхээр Монголын морин уралдаан чинь өнөөдөр өв уламжлал биш, эрх мэдэлтэн, хөрөнгөтөн чинээлгүүд нь нийлж байгаад ядуу өрхийн хүүхдүүдийн амьд явах, эрүүл аюулгүй амьдрах, сурч боловсрох, хүчирхийллээс ангид байж хөгжих, цаашдаа өөрийнхөө хүссэн аз жаргалтай амьдралаар амьдрах энэ бүх эрхийг нь зөрчиж байгаа нийгмийн бурангуй үзэгдэл гэж иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд үзэж байгаа.
  • Бид мөнгөний эрх мэдэл, улс төрийн эрх мэдэл, төрийн эрх мэдлийн эсрэг зогсож байгаа учраас зарим үед хүчгүйдэх, дарамтлуулах асуудал байна. Удаан хугацаанд шийдэгдэхгүй, бүр хүрсэн амжилтаасаа ухрах ийм нөхцөл байдал үүсээд, дахиад 10 жил болчхоод байгаа нь цаанаа эрх мэдэлтэй холбоотой. 
  • Хүүхэд гэдэг манай нийгмийн хамгийн эрх мэдэлгүй хэсэг. Хүүхдүүд сонгууль өгдөггүй, хүүхдүүд өөрсдөө төсөв мөнгө зарцуулдаггүй, хүүхдүүд өөрсдийнхөө амьдралыг шийдэх биш, эцэг эх, гэр бүл, бусдын эрх мэдэлд байдаг учраас хүүхдүүдийн эрхийг зөрчөөд байгаа гэж дүн шинжилгээ хийж байгаа. Тийм учраас бид төр, төрийн албан хаагчид, УИХ-ын гишүүдэд эрх үүргийг сануулсаар байх болно. Хүүхдийн эрхийг хамгаалсаар байх болно.
Төстэй мэдээлэл

Монголчуудын ондоошлыг төдийгөөс өдий хүртэл хадгалж, хамгийн их хүндэтгэл мэдрүүлж, язгуурыг сэргээдэг сар шинийн баяр хаяанд иржээ. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Цагаан сараар заавал дагаж мөрддөг уламжлал ба заншлаас хүргэж байна. Цагаан сарын баяр Их эзэн Чингис хааны үеэс улбаатай гэдэг ч Монгол Улсын түүхэн цаг хугацааны туршид шарын […]

Бага насны хүүхдийн өдөрт авах сахрын хэмжээ 5 гр. Гэтэл дээрх бэлэгнүүдэд агуулагдаж буй сахар хамгийн бага нь 147 гр, хамгийн их нь 383 гр сахар байгаа юм. Тодруулбал, 147 гр сахар агуулсан бэлгэнд 29 өдөр авах сахар байгаа бол 383 гр сахар агуулсан бэлэнд 76 өдөр авах сахрын хэмжээг агуулжээ. Эдгээр дээр нэмээд тосны […]

Товч агуулга: Орос, Украины дайн эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд олон улсыг хамарсан цахим мэдээллийн дайн өрнөж байгаа нь олон нийтийг мэдээллийн боловсрол эзэмших шаардлагыг хэзээ хэзээнээс илүү бий болгов. Ялангуяа, ОХУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд цахим хэрэглэгчид хуурамч мэдээлэлд илүүтэй автах өндөр магадлалтайг 2023 онд Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хийсэн […]

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

Тэтгэвэр авч байгаа ахмадуудын 60% нь тэтгэврийн зээлтэй. Тэдгээр ахмадын 70 хувь нь 800 мянга хүрэхгүй тэтгэвэртэй байна. Энэ зээл чухам юунд зарцуулагддаг вэ гэдгийг тодорхойлж гаргасан судалгаа одоогоор байхгүй. Хамгийн сүүлд 2022 онд Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгаанд ахмадуудын талаас илүү хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд […]

Товч агуулга: Баасанжавын Отгон сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсаараа 2024.01.14-нд “3000 уурхай ашиглуулчихаад 32 тэрбум долларын өрөнд ороод, 3000 гаруй булаг шанд тойром гол усаа ширгээчихээд Баялагтаа эзэн гэж орилж суухаар УХААРААЧ” гэсэн пост оруулжээ. Уг постод 4.8К хүн хариу үйлдэл үзүүлснээс 3.2К нь цааш түгээсэн байна. Энэхүү агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх