Гардасил бол биеэ үнэлэгч, янхнууд, хар тамхичдад хийдэг вакцин – ХУДАЛ

Товч агуулга

  • 2024 онд Lancet сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар сүүлийн 50 жилд дархлаажуулалтын үр дүнд 154 сая хүний амь үхлээс аврагдсан байна.
  • ХПВ-ийн эсрэг вакциныг дэлхийн хэмжээнд, тэр дундаа АНУ, Канад, Австрали, Европын орнууд гээд өндөр хөгжилтэй болон хөгжиж буй улсууд ашигладаг.
  • Дэлхий даяар хэдэн тэрбум тунгаар хэрэглэсэн вакцины үр дүнд хөнгөн цагаан хор хөнөөл учруулсан гэсэн нотолгоо гарч байгаагүй.
  • Гардасил вакцин нь гормоны өөрчлөлтөд нөлөөлдөг гэсэн шинжлэх ухааны үндэслэл, нотолгоо байхгүй.
  • Хүний папиллома вирус нь бэлгийн замаас гадна арьс, салст бүрхэвчээр дамжин халдварладаг.
  • Гардасил вакцинд хүний ​​гаралтай эсийг ашигладаггүй.

Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.24-нд вакцины талаар 42 минут 40 секундийн лайв видео хийжээ. Уг видеог 48К хүн үзэж, 561 хүн сэтгэгдлээ бичжээ.

Уг видеонд дурдагдсан Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцины талаарх мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Монгол Улс өнөөдрөөс буюу 2024.11.25-наас Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцинаар 11 настай бүх хүүхдийг товлолын дагуу дархлаажуулж эхэлж байгаа билээ.

“Иргэдийг хоморголон устгахын тулд шууд буудаад алж чадахгүй учраас вакцин гэж хийж байгаа. Томчуудад нь хийсэн. Одоо хүүхдүүдийг нь алах гэж байна”, “Энэ Засгийн газар ард түмнийг хоморголон устгахын тулд биологийн зэвсэг ашиглаж байгаа”.

ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна. 2024 онд Lancet сэтгүүлд хэвлэгдсэн томоохон судалгаагаар сүүлийн 50 жилд дархлаажуулалтын үр дүнд 154 сая хүн үхлээс аврагдсан байна.

Өөрөөр хэлбэл, дэлхий даяар минут тутамд 6 хүн вакцины үр дүнд аврагдсан гэсэн статистик гарчээ. Ялангуяа, хүүхдэд хийсэн вакцинууд 101 сая нярайг аварсан байна.

Дархлаажуулалтын үр дүнд үхлийн аюулт өвчнөөс урьдчилан сэргийлүүлж чадсан хүмүүсийн дундаж наслалт 66 байжээ.

Монгол Улсын хувьд 2014 онд Улаанбурхан өвчний тахалт тархалтыг хяналтандаа авсан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2015 онд Улаанбурхан өвчний дэгдэлд гарч, 130 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар  Засгийн газар нэмэлт дархлаажуулалтыг нэн яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш улам дэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан. Үүнээс хойш зөөвөрлөгдөн орж ирсэн улаанбурхан  өвчний тохиолдлуудыг тухай бүр тархалтыг нь хязгаарлан зогсоож ажилласан байна.

Мөн КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрт эхлүүлээгүй бол 2021 оны долдугаар сарын 1-н гэхэд 15-45 мянган нас баралт бүртгэгдэх эрсдэл байсныг ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөл судалж тооцсоноо танилцуулсан.

Вакцин эсэргүүцэгчид 2012 онд Монгол Улсад эхлүүлэх гэж байсан Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг зогсоосноор 4000 гаруй эмэгтэй умайн хүзүүний хавдраар өвчлөхөөс сэргийлж, амь насыг нь аврах боломжийг алдсаныг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан хэлж байв.

“Энэ вакцин 2 янз байдаг. Нэг нь ориг, хавдраас хамгаалдаг. Нөгөөх нь тэр вакцины нэртэй адилхан геноцидын вакцин. Гениоцидын вакциныг өндөр хөгжилтэй улсууд маш их ашигладаг”. 

Хүний хөхөнцөр вирус (ХПВ)-ээс үүдэлтэй умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх Gardasil, Cervarix гэсэн хоёр үндсэн вакцин бий.

Гардасил (Gardasil™)  вакциныг Хүний папиллома вирусийн 6, 11, 16, 18 хэв шинжээр үүсгэгддэг умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтний хорт хавдар, хавдрын урьдал үе, бэлгийн үү, ургацгийн халдваруудаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Cervarix нь умайн хүзүүний хорт хавдартай хамгийн холбоотой 16 ба 18 төрлийн ХПВ-аас урьдчилан сэргийлэхэд чиглэдэг.

Энэ хоёр вакциныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ), Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC), Хүнс, эмийн агентлаг(FDA) зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын нарийн судалгаа, туршилтын үндсэн дээр баталсан. Уг вакциныг дэлхийн хэмжээнд, тэр дундаа АНУ, Канад, Австрали, Европын орнууд гээд өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад ХПВ-тэй холбоотой хорт хавдар, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг.

“Гардасал вакцин нь асар олон хүнд металлтай. Хүний эрүүл мэндийг үхүүлдэг. Нэн тэргүүнд үргүй болгодог. Эрэгтэй хүүхдийг үргүй болгодог. Эмэгтэй хүүхдийн өндгөн эсийг устгадаг. Энийг улс орнууд ямар үед хэрэглэдэг гэхээр гомо, лесби, ижил хүйстэн, биеэ үнэлэгч, завхай зайдан тийм давхаргын хүмүүстээ хийдэг”.

Гардасил вакцинд хүнд металл агуулагддаг гэдэг нь ташаа мэдээлэл байна.

Гардасил нь бусад вакцины адил дархлааны хариу урвалыг сайжруулахад туслах хөнгөн цагааны найрлагыг агуулдаг. Гэхдээ вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ нь хүний өдөр тутамдаа бусад эх үүсвэрээс авдаг хөнгөн цагаанаас хавьгүй бага байдаг. Мөн хөнгөн цагаан нь хүнд металлын ангилалд хамаардаггүй.

Дэлхий даяар хэдэн тэрбум тунгаар хэрэглэсэн вакцины үр дүнд хөнгөн цагаан хор хөнөөл учруулсан гэсэн нотолгоо байхгүйг CDC болон ДЭМБ баталгаажуулдаг.

“Яагаад эрэгтэй хүүхдүүд эмэгтэйлэг, эмэгтэй хүүхдүүд эрэгтэйлэг болоод байгаа юм бэ. Гормоны өөрчлөлт явагдаж байгаа. Гардасил бол биеэ үнэлэгч, янхнууд, хар тамхичдад улс орнууд төр засаг нь хийдэг”.

Гардасил вакцин нь гормоны өөрчлөлтөд нөлөөлдөг гэсэн шинжлэх ухааны үндэслэл, нотолгоо байхгүй. Уг вакцин нь ДНХ агуулаагүй тул геноцидод нөлөөлөхгүй.

Гардасил нь биеэ үнэлэгч эсвэл хар тамхи хэрэглэгчид гэх мэт тодорхой бүлэгт чиглэсэн вакцин биш буюу энэ нь үндэслэлгүй юм. ХПВ-ийн халдвар авахаас өмнө дархлааг бий болгохын тулд вакциныг бэлгийн хавьталд орохоос өмнө, эрэгтэй эмэгтэй хүүхдэд хийхийг зөвлөдөг. CDC, ДЭМБ зэрэг эрүүл мэндийн тэргүүлэх байгууллагууд Гардасил нь ХПВ-тэй холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэхэд аюулгүй бөгөөд үр дүнтэй гэдгийг мэдэгдсээр ирсэн.

“Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”.

Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар авах эрсдэлтэй.

Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч Хүний хөхөнцөр вирус буюу Хүний папиллома вирусийн нь бэлгийн замаас гадна арьс, салст бүрхэвчээр дамжин халдварладаг.

Мөн хэд хэдэн судалгаагаар ургийн шингэн эсвэл ихэсээр дамжин халдварлах, эсвэл эхийн бэлэг эрхтний салст бүрхэвчтэй харьцах замаар байгалийн төрөлтөөр халдвар авах боломжтойг онцолсон байдаг.

Өөрөөр хэлбэл, энэ вирус нь зөвхөн бэлгийн замаар халдварладаг гэдэг нь ТАШАА ойлголт бөгөөд үр дүнтэй хамгаалах арга нь вакцин юм.

“Вакцинд абортны хүүхдүүдийн эс ордог”.

Гардасил (ХПВ) вакцинд үр хөндүүлсэн ургийн эд эс эсвэл уураг, тухайлбал L уураг ашигладаг гэдэг нь ХУДАЛ мэдээлэл болохыг мэргэжлийн байгууллагууд тайлбарласны нэг нь АНУ-ын Хавдрын нийгэмлэг, Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC), Филадельфийн Хүүхдийн эмнэлгийн дэргэдэх Вакцины мэдээллийн төв(2000 онд байгуулагдсан) зэрэг байгууллагууд тайлбарлажээ.

Вакцины судалгаа, боловсруулалтад эсийн шугамыг ашигласнаас болж энэ төөрөгдөл үүссэн гэж үздэг байна. 1960-аад оны үед зарим вакциныг үйлдвэрлэхэд ургийн эдээс гаргаж авсан эсийн шугамыг шаардлагатай вирусийг өсгөвөрлөхөд ашиглаж байжээ. Гэвч үүнд Гардасил вакцин хамаагүй юм. Хүний папиллома вирусийн гадаргуугийн зөвхөн L1 уургийн вирус төст мэдээллийг агуулсан хэсгээс уг вакциныг бэлтгэдэг.

Өөрөөр хэлбэл, хүний ​​гаралтай эсийг ашигладаггүй гэсэн үг.

Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгчийн түгээсэн мэдээлэл нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН, нийтийн эрүүл мэндэд хохирол учруулах ХУДАЛ мэдээллүүд агуулсан байна. Иймд аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Нэмэлт мэдээлэл

Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшнээрээ 2022 оны байдлаар дэлхийн 185 орноос 53-рт эрэмбэлэгдэж, дэлхийн дунджаас 3 дахин, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудын, Зүүн Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.

Харин нас баралтын түвшнээр дэлхийн 185 орноос 69-рт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 1.3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнууд, Зүүн Азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна.

2023 онд 425 эмэгтэй энэ халдвараар оношлогдож, 160 эмэгтэй УХХХ-ын шалтгаанаар нас барж байна.

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн 140 гаруй улс нэвтрүүлсэн бөгөөд 76 нь сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.

Хавдрын Үндэсний зөвлөлөөс 2012 онд вакцин хийлгэсэн охидыг тандан судлахад ХПВ-ийн эсрэг 3 тун вакцин хийснээс 5, 11 жилийн дараах үр дүн ХПВ-16 хэв шинжийн эсрэг 90%-100% байна.

Эрүүл ахуйн ердийн арга хэмжээ нь ХПВ-ийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхэд үр дүнгүй болох нь батлагдсан тул вакцин чухал ач холбогдолтой болох нь нотлогдсон.

Эх сурвалжууд:

  • ДЭМБ
  • АНУ-ын Хүнс болон эмийн агентлаг
  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ
  • Хавдрын Үндэсний зөвлөл
Төстэй мэдээлэл

2020 оны 11 дүгээр сарын 20-ны 20:15 цагт шинэчлэв. Герман цэргээс корона вируст халдвар илэрсэн хэмээх мэдээллийг бид нягтлан ХУДАЛ тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл isee.mn мэдээллийн сайт дараах мэдээллийг түгээв. Ингэхдээ Герман цэргээс корона вирус илэрсэн гээд, өчигдөр буюу 19-ний өглөөний 08:00 цагаас Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 118 иргэнийг Улаанбаатар хотоос тээвэрлэсэн гэх баримтыг дурджээ. Энэхүү […]

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Нэг их Украйнд санаа зовсон хүмүүс. Цаад учир шалтгааныг хэдэн хүн мэдэх юм бол? Энэ улс хүний наймааны гол улс болсонд бгаа юм. Шулуухан хэлэхэд түүнийг цэвэрлэх гэж бгааг олон сувгаас уншлаа!!! Нато Орос асуудалгүй. Жилд дэлхийд 20 сая хүн алга болдог, түүний 50% нь хүүхэд!!!” гэсэн постыг […]

Товч агуулга: Пүрэвдорж Б.М гэх фэйсбүүк хэрэглэгч Цэрэг армийн мэдээ мэдээлэл гэх группт 2023.02.22-нд “орос улс сая Сары шаганы туршилтын талбайд шинэ төрлийн пуужинг амжилттай туршжээ. тус пуужин 3км/сек хурдтайгаар нисч байг өндөр нарийвчлалтай оносон байна. саяханыг хүртэл дэлхийн агаар мандалд ямарч биет ийм хурдаар нисэх боломжгүй гэж үздэг байв” гэсэн пост оруулжээ. Уг постыг […]

ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр түгээж байна […]

“Архангай аймагт ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргаж байна. Гаргасан АИ-92 бензинийг аймгийн колонкод шахах биз. Хүн, мал хордох вий” гэсэн агуулгатай  пост, видео бичлэг тус аймгийн тодотголтой “Бид Архангайчууд”, “Архангай аймгийн зарын нэгдсэн групп” зэрэг 10 гаруй фэйсбүүк бүлгүүдэд түгсэн юм. Бичлэгт нэг давхар цагаан байшингаас өтгөн хар утаа суунаглаж байсан нь мэдээллийг үнэн […]

АН-ын сонгуулийн штабаас “Хар тамхи, хар жагсаалт, хар бүхнээс салж төрөө засъя” гэх видео контентыг гаргажээ. Тухайн контентод УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Жаргалтулгын Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулан, цагдан хорионоос суллагдаж, тойрогтоо сонгуулийн сурталчилгаагаа хийн, сонгогдохоор улайрч байна гэх мэдээллийг өгсөн юм. Тэгвэл уг асуудлыг нягтлахад дээрх мэдээлэл […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх