Монголын фэйсбүүк орчинд “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна

Товч агуулга:

  • Оросыг хэт туйлширч дэмжсэн про-Орос гэсэн ангилалд багтах пост хамгийн олон буюу нийт бүртгэгдсэн 238 постоос 25%-ийг эзэлсэн бол Оросын пропаганда 20%-тай байв.
  • Оросыг хүчтэй дэмжсэн болон дэмжихийг ятгаж ухуулсан, барууны орнуудыг үзэн ядсан пропаганда постын тархац нь үйл явдлын болон Оросыг шүүмжилсэн постоос ойролцоогоор 5 дахин их байв.

Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ.

Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад хоёр жил гурван сарын өмнө дайн эхлүүлсэнтэй зэрэгцээд мэдээллийн дайн цахим орчинд өрнөсөн гэдэгтэй олон улс санал нэг байгаа. Учир нь ОХУ-ыг илт шүтэн биширч, дэмжсэн пост, мэдээлэл эрчимтэй нэмэгдсэн бөгөөд тус улсыг хүчтэй гүрэн, Путинийг дэлхийн шилдэг удирдагч мэтээр магтан дуулж, дайныг дэмжсэн мэдээлэл 2022 оны гуравдугаар сард эхэлсэн зэвсэгт дайнаас хойш эрс идэвхэжсэн билээ.

Тэгвэл энэ хандлага Монгол Улсад, тэр дундаа фэйсбүүк орчинд ямар байгааг нарийвчлан тодорхойлохоор MCIR 2023 оны арванхоёрдугаар сараас 2024 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд цахим орчинд тархсан, Оросын дайнтай холбоотой 500 орчим мэдээлэл ба постын бааз үүсгэж, шинжилгээ хийв. Учир нь манай улсад Оросоос үзүүлж буй авторитар нөлөөллийн талаарх үзэл бодол, ам дамжсан яриа их гарч байгаа хэдий ч нотолгоонд суурилсан судалгаа, тоо баримт, баримт бичиг өнөөг хүртэл байхгүй явсаар ирсэн. Иймээс Оросын пропаганда, авторитар нөлөөллийн талаар MCIR-аас анхлан хийж буй энэхүү мониторинг нь Оросын пропагандагийн талаарх төвийг сахисан, баримтад суурилсан мэдээллийн хоосон орон зайг нөхөж, монгол иргэдийн мэдээлэлтэй харьцах чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Судалгаагаар нийт мэдээллийн талаас илүү хувь нь Оросын талыг хэт туйлширч дэмжсэн суртал ухуулга болон хуурамч мэдээллүүд байсан нь анхаарал татах үр дүн байлаа. Үүнийг хувьчилж илэрхийлбэл

  • Оросын пропаганда мэдээлэл 24%,
  • Оросыг хэт туйлширч дэмжсэн буюу про-Орос үзэл бодол 23%,
  • хуурамч мэдээлэл 6%-ийг тус тус эзэлж байна.
  • Үлдсэн хувь нь Оросыг шүүмжилсэн болон үйл явдлын мэдээллүүд байв.

Оросыг хэт туйлширч дэмжсэн про-Орос гэсэн ангилалд багтах пост хамгийн олон буюу нийт бүртгэгдсэн 238 постоос 25%-ийг эзэлсэн бол Оросын пропаганда 20%-д нь байв.

Хариу үйлдлийг нь харвал Оросын пропаганда пост дунджаар 300 орчим, про-Орос пост 268 байгаа нь Оросын эсрэг болон үйл явдлын мэдээлэлд ирсэн хариу үйлдэлтэй харьцуулахад 2 дахин их байлаа. Түүнчлэн Оросыг хүчтэй дэмжсэн болон дэмжихийг ятгаж ухуулсан, барууны орнуудыг үзэн ядсан пропаганда постын тархац нь үйл явдлын болон Оросыг шүүмжилсэн постоос ойролцоогоор 5 дахин их байсан юм.

Дайнаас гадна Оросыг ерөнхийд нь хамгаалж, шүтэн биширсэн пропаганда, үзэл бодол буюу “АГУУ ОРОС” гэсэн хандлага хүчтэй байсныг дээр дурдсан. Эдгээр мэдээлэл нь Оросыг дэлхийн хамгийн агуу орон, Путинийг хамгийн чадварлаг удирдагч, Оросын армийг дэлхийн хамгийн хүчирхэг арми гэх зэрэг үндсэн агуулгатай, суртал ухуулгын шинжтэй байв.

Түүнчлэн эдгээр постын нийтлэг шинжийг бид авч үзсэн юм. Тодруулбал, Оросыг хүчтэй хамгаалж, дэмжихийн зэрэгцээ Оросыг шүүмжлэгчдийг эсэргүүцсэн постуудад дараах хоёр нийтлэг хэлбэр ажиглагдсан нь Оросыг бага зэрэг л шүүмжилсэн, эсэргүүцсэн байвал тухайн хүнийг “Хужаа”, “Хужаагийн эрлийз”, “Хужаа руугаа яв” гэсэн нэршлийг хараалын болон үзэн ядах хэллэгтэй хамт ашигласан бөгөөд харьцангуй товч, цөөн үгтэй, тод өнгийн суурь дээр бичсэн постууд байсан.

2. Оросыг шүүмжилсэн хүмүүсийг “АНУ-ын бууны нохой”, “Либерал хулгайч ”, ”Янки нар“, “Ардчиллын бууны нохой” гэх зэргээр барууны орнууд болон ардчилалтай холбож эсэргүүцсэн хандлага ажиглагдсан. Энэ төрлийн пост хийсэн хүмүүс хараал, үзэн ядах үг хэллэг харьцангуй бага ашиглах боловч өөрөөсөө бусдыг “Түүхээ мэдэхгүй”, “Орос ахын ачийг умартсан”, “Эх орноосоо урвасан” гэж буруутгасан хандлагатай байв. Мөн энэ төрлийн постууд нь ихэвчлэн маш урт бичвэртэй, түүх голдуу дурдсан, бодит болон зохиомол жишээ, тайлбар иш татсан байсан юм.

Товчхондоо, Оросын дайнтай холбоотойгоор Монголын цахим орчинд бий болж байгаа мэдээллийн нөлөөний хариу үйлдлийг харвал манай фэйсбүүк хэрэглэгчдэд Оросыг хэт туйлшран дэмждэг, эсэргүүцсэн хүмүүсийг буруутгадаг нийтлэг хандлага зонхилдог болох нь энэ судалгаагаар нотлогдов.

Хуурамч мэдээлэл нь нийгэмд маш хортой. Ялангуяа, энэ мэт суртал ухуулга бүхий мэдээллийг нягтлалгүйгээр цааш түгээх Монголын фэйсбүүк хэрэглэгчдэд түгээмэл байгаа тул аливаа постыг нягталж байхыг сануулж байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга COVID-19-ийн вакцин нь хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Их Британийн Үндэсний статистикийн газраас мэдээлснээр вакцины сөрөг нөлөөний улмаас 20-оос доош насны нэг хүн нас баржээ. Блогт өгөгдлийг контекстээс хасаж, COVID-19-ийн олон удаа вакцин хийлгэсэн өгөгдлийн багц мэдээлэл дэх хүүхдүүдийн ихэнх нь эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан нас барах эрсдэл өндөртэй байгааг орхигдуулсан. […]

Товч агуулга Иргэн Ч.Лодойсамбуу “Хар тамхины бизнес бол цагдаагийн тусламжгүйгээр газар авахгүй л гэж боддог” гэсэн пост нийтэлснийг нь Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн сайтаар “Худал мэдээлэл” гэсэн тамга тавиад “🛑 Залруулга: Олон нийтийн цахим сүлжээнд “Ч. Лодойсамбуу” гэх хаягаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндэд харшлах ташаа […]

Товч агуулга Монгол Улс энэ жил Бразилд үйлдвэрлэсэн томуугийн вакцин ашиглаагүй. Олон улсад боломжтой байгаа томуугийн вакцинууд аюулгүй бөгөөд үйлчилгээ нь маш үр дүнтэй. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон. Вакцинаас өмнө H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугийн тахлын улмаас 500 […]

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийсэн ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулсан юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

Товч агуулга КОВИД-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь үлгэр домог. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй. Вакцин хийлгэснээс 1-2 сарын дотор хорт хавдар үүсдэг гэсэн мэдэгдэл нь “биологийн хувьд боломжгүй”. Хорт хавдартай хүмүүсийг КОВИД-19 вакцины бүх тунг аль болох хурдан авахыг зөвлөсөөр байна. Коронавирусийн цар тахал харьцангуй […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх