УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав гэр рүүгээ зам тавиулсан – НОТЛОГДООГҮЙ

УИХ-ын гишүүн асан, “Монполимет” группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав гэр рүүгээ зам тавиулсан талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Тодруулбал, zarig.mn сайтын 2019.07.08-ны өдөр “УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өөрийнхөө гэр рүү зам тавиулах гэж байна” гэсэн мэдээллийг анх олон нийтэд түгээж сурвалжилжээ. Ингэхдээ “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооноос, иргэний зүгээс мэдээлэл ирүүлсэн. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өөрийнхөө амьдардаг болон оффислодог барилга руу зам тавиулах гэж байна. Автозамчдын гудамж 2018 онд 550 сая төгрөг суулгуулж зам тавиулах гэж байна” хэмээн иргэн, өмгөөлөгч Мандах гэдэг хүн мэдээлэл өгснийг дамжуулсан байна. Мөн тус сурвалжилгын видео бичлэгт өөр нэг иргэн тайлбар өгөхдөө уг зам нь компани руу биш, компаниар дайраад цааш нэвт 250 метр явах зам, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт иргэд хүсэлт тавьсны дагуу тавьж байгаа гэдгийг тайлбарлажээ.

Энэ тухай zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг isee.mn сайтад “Н.Өнөрцэцэг: Төсвийн мөнгөөр гэр рүүгээ зам барихаар зэхсэн Ц.Гарамжав гишүүний үйлдлийг АТГ шалгах ёстой” гэсэн гарчигтай ярилцлагыг 2019.07.26-нд өгсөн байна.

Тэрбээр уг ярилцлагадаа “2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Нар Урт” ХХК-иас өөрийн хөрөнгөөр тус замыг барья, зураг төслийг нь хийлгэсэн гэх утгатай албан бичгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хандан явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Нар Урт” ХХК болон түүний хажууханд байрлах Ц.Гарамжав гишүүний гэр рүү орох 60 метр замыг өөрийн хөрөнгөөр тавих гэж байсан байна шүү дээ. Гэтэл хэсэг хугацааны дараа тендер зарлагдахдаа тус замыг төсвийн хөрөнгөөр барихаар болсон байна. Үүнээс үзэхэд УИХ-ын гишүүд өөрсдийнхөө кнопыг үнэлдэг үү, уг замыг улсын төсвийн хөрөнгөөр барихаар болчхов гэх мэт эргэлзээтэй асуудлууд гарч ирж байгаа юм. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тайлбар өгч чадахгүй байгаа учраас би дээр хэлснийхээ адилаар хардаж байна. Харин ч эрхэм гишүүн Шангрилла зочид буудал хүртэлх замыг өөртөө хамааруулж уснаас хуурай гарах гэсэн оролдлого хийж байгаа.

Зам барихтай холбоотой баримт бичиг 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн 318 дугаар захирамжаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас Нийслэлийн Засаг даргын тамгын газар шилжиж ирсэн. Тухайн өдөр нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас үнэлгээний хороо байгуулж 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр тендерийг зарласан байдаг. Ингээд тавдугаар сарын 17-ны өдөр тендер нээлтээ хийхэд нэг л компани оролцсон. Гэвч тухайн компани шаардлага хангаагүй учраас тендерийг түдгэлзүүлээд дараагийн тендерийг зарлаад явж байтал Нийслэлийн шүүхээс мөн л түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан. Одоо тендер түдгэлзсэн байдалтай байгаа учраас зам тавигдаагүй байна” хэмээн ярьж байжээ.

Factcheck:

Төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээг өмнөх онд нь хуульчлан баталдаг. Тодруулбал, Засгийн газраас Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьсныг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 68.1.4 дэх хэсэгт заасны дагуу дөрвөн үе шатаар

хэлэлцүүлэн, чуулганы хэлэлцүүлгийн үеэр гаргасан гишүүдийн санал бүр дээр санал хураалт явуулж, олонхын саналаар баталдаг. Энэ үеэр гишүүдийн гаргасан санал, хэлсэн үгийг протоколд тэмдэглэдэг.

Тэгвэл 2019 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Автозамчдын гудамжинд зам тавиулах санал гаргаагүй байна. Үүнийг УИХ-ын Тамгын газрын 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн ТГ-02/910 тоот албан бичгээр баталгаажуулжээ. 

2019 оны Улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцээд 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр баталсан байна. Тус хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав өөр ямар нэгэн санал гаргаж, байр суурь илэрхийлсэн эсэхийг тодруулахад тэрбээр төсвийн тухай хэлэлцүүлэгт оролцоогүй болохоо хэлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав 2018.10.31-2018.11.17-ны өдөр Монгол Улсад оршин байгаагүй буюу УИХ-ын даргын зөвшөөрөлтэйгөөр БНСУ-д өөрийн зардлаар зорчжээ.

2019 оны улсын төсөвт тусгаснаар Авто замчдын гудамжнаас Монполимет комплекс орон сууц хүртэлх авто зам /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо/ хэмээх уг ажилд 550 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд Сангийн яамны мэдээллээр 2019 ондоо тус мөнгөний 537.5 тэрбум буюу 97.7 хувийг олгосон гэсэн гүйцэтгэлийг танилцуулжээ. tender.gov.mn сайтын мэдээллээс харвал уг төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн дөрвөн удаа зарлажээ. Хамгийн сүүлд 2019.11.04-нд зарласан бөгөөд үр дүн гарсан гэж бүртгэсэн байна.

Энэ талаар Нийслэлийн Авто замын газраас тодруулахад “260 метр авто замын 190 метр нь тавигдсан. 60 метр дээр нь шүүхийн маргаан үүссэн учраас замын ажил зогссон байгаа” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Гарамжав төсвийн хөрөнгөөр өөрийнхөө гэр рүү зам тавиулах гэж байна гэж шууд үзэх боломжгүй буюу уг мэдээлэл НОТЛОГДОХГҮЙ байна.

Түүнчлэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр уг мэдээлэл иргэн Ц.Гарамжавын нэр хүндэд халдсан хэмээн үзжээ.  

Эх сурвалжууд:

  • Legalinfo.mn
  • Tender.gov.mn
  • Сангийн яам
  • Нийслэлийн Авто замын газар
  • УИХ-ын Тамгын газар
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Төстэй мэдээлэл

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Ураны хайгуул болон туршилт нь сум, орон нутгийн малчдын мал аж ахуйд сөргөөр нөлөөлсөөр байна. Малчдын амьдралын ганц эх үүсвэр нь тэдний мал сүрэг байдаг. Factcheck: Монголын […]

Otgonbayr Purevdorj гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.04.29-нд “Үнэн гэвэл вакцин чинь өөрөө халдварт өвчин шдээ. Яагаад гэвэл тухайн вирусийг хүний биед зориуд шахаж дархлаа тогтоох нэрийн дор үй олноор нь халдваржуулсан юм шүү” гэсэн агуулгатай пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсэн юм. Factcheck.mn энэ талаар өмнө нь нягтлан хүргэж байсан ч олон нийтийн дунд вакцин өөрөө […]

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ хэлэлцэж байгаа бөгөөд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотын асуудал олон нийтийг төөрөгдүүлсээр байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30.2-т Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна хэмээн заасан. Өнгөрсөн найман […]

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

Долдугаар сарын 19-нд Munkhbayar Ch нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Ахиад

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.19-нд “Дэлхийн улс орнуудын 100к хүн тутамд ноогдох умайн хорт хавдарын жагсаалтыг олж үзлээ Эхний 50д л лав МОНГОЛ УЛС алга Яахав дээ бас 1юмаар ч гэсэн анхаарал татсан орон биш л юм байна” гэсэн пост оруулжээ. Уг постыг нягталлаа. Factcheck: Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх