Yuna Yuna гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.20-ны өдөр “Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш хүний өөрийн дархлааг сүйтгэх хордуулалт ‼️” гэсэн агуулгатай пост нийтэлжээ.
Уг постод
“Жирэмсэн эхчүүд өөртөө ямар ч химийн хорт бодис вакцин бүү шахуулаачээ. Бас эрүүл саруул шинэ нялх үрсдээ төрөнгүүт нь элдэв өвчний вирус химийн хорт бодис хүнд металлын орцтой вакцин бүүр тариулаачээ. Жирэмсэн эхэд бас нялхаст төрөнгүүт нь химийн хор шахаж хордуулан элдэв өвчин генийн гажигт өртүүлчээд төрөлхийн гэнийн гажиг, шалтгаан тодорхойгүй өвчин бла бла гээд вакциныхаа гаж нөлөө хор нөлөөг нууж тархи угаагаад бна шүү дээ энэ ВАКЦИН- чин оркууд. Төрөнгүүтээ л элдэь сэжгийн халдварт өвчний амьд вирусуудыг химийн хорт бодисуудын хамт шахуулсан нялх үрс төрөх эмнэлгээс зарим нь шууд сэхээнд орж эндэж, зарим нь эх нялхас руу шилжин өвчтөн болж гэртээ шууд гарсан нялхас ч гэсэн үргэлжлүүлэн сар бүр нэмж элдэв товлолт, төлбөрт, томуугийн гэх элдэв вакцин химийн хорт бодис муухай халдварт өвчний вирусууд шахуулж олон янзийн өвчин зовиурт нэрвэгдэн өвдөж шаналан олон долоон эмийн хэрэглэгч болж… хүүхдүүдийн дунд аутмзм саажилт эпилепси хорт хавдар ихсэж .. гадаад руу явах үнэтэй эмчилгээний хандивын аян зарлах нь хэвийн үзэгдэл болж бгаа нь яав ч хэвийн бус….Вакцинууд 2000 оноос хойш өөрчлөгдсөн.. Соц нийгмийн хүний төлөөх эм эмчилгээний стандарт хаягдаж ашгийн төлөө бүүр хүн амыг цөөрүүлэх зорилготой харийн гүрний бодлого хэрэгжих болсон бгааг ойлго…” гэсэн ба 94 хүн лайк даржээ.
Дээрх агуулгыг нягталлаа.
Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш хүний өөрийн дархлааг сүйтгэх хордуулалт.
FactCheck:
Үүнтэй ижил агуулга бүхий пост Монголд төдийгүй олон улсад, олон нийтийн сүлжээгээр тархаж байсан тул биднээс гадна US today тэргүүтэй олон улсын баримт нягтлагчид энэ талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байсан юм.
Коронавирус гадаргуугийн S уургийнхаа тусламжтай хүний эсэд нэвтэрдэг. КОВИД-19 өвчний эсрэг mRNA буюу РНХ-д суурилсан шинэ технологиор гарган авсан вакцинууд нь коронавирусийн тэрхүү S уургийн эсрэг дархлааны эсрэгбие нэртэй уургийг нийлэгжүүлдэг буюу дархлааны эсүүдийг идэвхижүүлж дархлааны хариу урвалыг өдөөдөг. Харин уламжлалт аргаар гарган авсан вакцин нь сулруулсан буюу идэвхигүйжүүлсэн вирусийн тодорхой хэсгийг агуулдаг ч тэрхүү хэсэг нь өвчин үүсгэхгүй, халдварыг тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг.
Коронавирусийн S уураг нь хортой эсвэл вакцин тариулсны дараа биед хортой нөлөө үзүүлдэг гэсэн шинжлэх ухааны мэдээлэл огт байхгүй болохыг АНУ-ын Хүнс, эмийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Эбби Капобианко USA Today-д албан ёсоор мэдэгджээ.
Вакцин нь маш олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлдэг.
- Умайн хүзүүний хорт хавдар
- Булчин задрах тахал
- Сахуу
- Томуу
- Гепатит В
- Ротавирус
- Улаанбурхан
гэх мэт олон халдварт өвчний эсрэг вакциныг урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг ба зарим халдварт өвчний эсрэг тухайлбал Зика вирусийн эсрэг вакцин нь судалгааны түвшинд явж байна.
Дархлаа тогтолцоонд нөлөөлдөг архаг өвчтэй, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа, вакцины найрлага дахь бодист харшилтай, вакцин хийлгэх үедээ өндөр халуурсан зэрэг тохиолдлоос бусад тохиолдолд хүн бүр вакцинд хамрагдах боломжтой. Хэрэв хүүхдэд вакцин хийлгэхээс эргэлзэж байвал эмчтэйгээ ярилцахыг ДЭМБ зөвлөдөг.
Жирэмсэн эмэгтэйчүүдийг КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдахыг илүүтэй зөвлөж байгааг Жон Хопкинсын их сургуулийн Эх, ураг судлалын захирал, доктор Женни Шеффилдийн тайлбараар хүргэе.
- Жирэмсэн эмэгтэй COVID-19-ийн халдвар авбал жирэмсэн биш эмэгтэйтэй харьцуулахад хүндээр өвчлөх, хүндрэх, нас барах эрсдэл илүү өндөртэй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн олонхи нь суурь өвчтэй байдаг бөгөөд энэ нь тэднийг эрсдэлд оруулдаг.
- COVID-19, ялангуяа дельта хувилбар жирэмсэн эмэгтэйн эрсдлийг улам нэмэгдүүлж байна.
- 200,000 гаруй жирэмсэн эмэгтэй мРНХ (Pfizer эсвэл Moderna) вакциныг тариулсан ба жирэмслэлт, урагтай холбоотой ямар нэгэн аюул, асуудал гараагүй байна.
Манай улсад заавал хамрагдах дархлаажуулалтад 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин багтдаг. Үүнд:
- Сүрьеэ,
- Халдварт саа,
- Гепатит В,
- Сахуу,
- Хөхүүл ханиад,
- Татран,
- Гемофилус инфлюэнза,
- Улаанбурхан,
- Гахай хавдар,
- Улаанууд зэрэг багтдаг.
1998 онд нийтлэгдсэн нэгэн судалгаа Улаанбурхан-Гахайн хавдар-Улаанууд өвчний эсрэг (УГУ) вакцин нь аутизм өвчин үүсгэдэг байж болзошгүй талаар дурьдсан байсан. Гэвч энэ судалгаа нь хожим нь хуурамч буюу луйврын шинж чанартай байсан нь тогтоогдсон байна. Гэсэн хэдий ч тэрхүү өгүүлэл тухайн үедээ олон нийтийг маш ноцтой цочролд оруулсан тул дархлаажуулалтад хамрагдсдын тоо эрс буурч, дээрх өвчнүүдийн дэгдэлт ар араасаа цувран гарч байжээ. Улаанбурхан-гахайн хавдар-Улаанууд өвчний эсрэг вакцинаас гадна бусад товлолт вакцинууд аутизм өвчнийг үүсгэдэггүй болохыг олон судалгаа нотолсон байдаг.
Хэрэв хүн амын товлолт дархлаажуулалтыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэх боломжтой байсан халдварт өвчнүүд дахин сэргэх аюултай. Вакцин тариулснаас үүдэн гарах эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнтэй харьцуулахад маш бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирус нь саа саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчнөөр сохрох ч аюултай байдаг.
Цар тахлын улмаас дархлаажуулалтын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй 68 улс байгааг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлсэн бөгөөд үүнээс болж нэг хүртэлх насны 80 сая орчим хүүхэд хамгаалах боломжтой өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байгааг мэдээлжээ. Мөн 2020 онд дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийн тоо 3.4 сая болж өссөн байна.
Монгол Улс л гэхэд 2014 онд Улаанбурхан өвчнийг бүрэн устгасан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлт гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар Засгийн газар нэн яаралтай арга хэмжээ авч, дархлаажуулалтыг хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш даамжрахаас урьдчилан сэргийлж чадсан юм.
Тиймээс дээрх мэдээлэл нь бүхэлдээ иргэдийг төөрөгдүүлсэн, худал агуулга байна.
Цар тахлын энэ үед коронавирус болон вакцинтай холбоотой аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.
Эх сурвалжууд:
Товлолт вакцинууд аутизм үүсгэдэггүй болохыг нотлох эрдэм шинжилгээний өгүүллүүд:
- Taylor LE, Swerdfeger AL, Eslick GD. Vaccines are not associated with autism: An evidence-based meta-analysis of case-control and cohort studiesexternal iconexternal icon. Vaccine. 2014 June;32(29):3623–3629.
- Schechter R, Grether JK. Continuing increases in autism reported to California’s developmental services system: Mercury in retrogradeexternal icon. Arch Gen Psychiatry. 2008;65:19-24.
- Institute of Medicine. Immunization Safety Review. Vaccines and Autismexternal icon Board of Health Promotion and Disease Prevention, Institute of Medicine (National Academy Press, Washington, DC, 2004).
- Hviid A, Stellfeld M, Wohlfahrt J, Melbye M. Association between thimerosal-containing vaccine and autism pdf icon[PDF – 5 pages]external icon. JAMA. 2003;290:1763–6.
- Madsen KM, Hviid A, Vestergaard M, Schendel D, Wohlfahrt J, et al. A population-based study of measles, mumps, and rubella vaccination and autismexternal icon. N Engl J Med. 2002;347 (19):1477–1482.
- Ball L, Ball R, Pratt RD.An assessment of thimerosal in childhood vaccinesexternal icon. Pediatrics. 2001;107:1147–1154.
- Joint statement of the American Academy of Pediatrics (AAP) and the United States Public Health Service (USPHS)external icon. Pediatrics. 1999;104:568–9.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.