FACTCHECK: Шадар сайдын “Мэдээллийн урсгал”-аар өгсөн ХУДАЛ МЭДЭЭЛЛҮҮД

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 27-ны өдөр найман телевизээр зэрэг цацагдсан “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан

Түүний хэлсэн хариултуудыг нягталлаа.

“Цаашдаа хөл хорио тогтоохгүй байхыг хүн бүр л хүсэж байгаа. Бүтэн зун хөл хорионд байх уу, үгүй юу, цаашдаа энэ өвчний тархалт зөвхөн манай оронд төдийгүй дэлхий нийтэд ямар хэмжээнд тархах вэ, ямар дэгдэлт үүсэх вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр гаргасан шийдвэрийг хэзээ ч өөрчилж болзошгүй. Цар тахлын үед ямар ямар арга хэмжээг тогтвортой авч хэрэгжүүлэх вэ гэж шийдвэр гаргаж, төлөвлөх ямар ч боломжгүй гэж хэлж болох нөхцөлд ажиллаж байгаа. Гэхдээ аль болох төлөвлөж, эрсдэлийг бага байлгахад анхаарч ажиллаж байна”.

Factcheck 1: ХУДАЛ

Цар тахлын ийм нөхцөлд халдвар хэрхэн тархаж болох тооцоо судалгааг халдварт өвчний мэргэжлийн тархвар судлаачид тооцоолон гаргадаг. Манай улсад олон улсад бэлтгэгдсэн 77 тархвар судлаач байдгийг ЭМЯ-наас хэлсэн. Эдгээр мэргэжилтнүүд болон ХӨСҮТ хамтран тухайн үеийн халдварын нөхцөлд байдалд тулгуурлан гарах эрсдэл, тооцооллыг хийхийн зэрэгцээ тухайн эрсдэлд хүрэхгүй байх боломжит арга хэмжээг хэд хэдэн хувилбараар гаргаж, УОК болон Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг. Тухайлбал, өдөрт бүртгэгдэх халдварын тоо 800-д хүрэх эрсдэл байгаа гэдэг тооцооллыг ЭМЯ болон ХӨСҮТ гуравдугаар сарын эхээр халдварын тоо огцом нэмэгдэх үед 11-29-нд гурван удаа судалгаа гаргаж, зөвлөмж хүргүүлсэн байдаг. Харин уг судалгаанд тулгуурласан зөвлөмж, саналыг УОК, Засгийн газар хүлээж аваагүй.

“Дөрөвдүгээр сарын 15-25-ны өдрүүдэд хөл хорио тогтоогоогүй бол өнөөдрийн 1,000 гарантай байгаа энэ тоо 70,000, 80,000, 60,000 руу хүрэх ийм эрсдэлтэй тооцоонууд гарж байгаа. Жишээ нь бид хөл хорио тогтоохгүй энэ эрчээрээ явсан бол долдугаар сарын 1-н гэхэд 190,000 руу орж, халдвар тарах, хөл хорио тогтоогоод явахад 70-60 мянга руу орох тооцоо байгаа. МУИС эрдэмтдийн математик тооцоогоор ингэж үзсэн”.  

Factcheck 2: ХУДАЛ

Дөрөвдүгээр сарын 10-25-нд хөл хорио тогтоосон боловч халдвар эрчимтэй тархсан хэвээр, нас баралт өндөр байсан тул МУИС-ийн судлаачид дөрөвдүгээр сарын 20-нд өмнөх судалгаагаа шинэчлэн танилцуулсан.

Ингэхдээ “Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол, вакцинжуулалтыг дуусаад 2021 оны есдүгээр сарын 1-н гэхэд нийт халдвар авсан хүний тоо ойролцоогоор 200,000 буюу хүн амын 5-6% нь халдвар авах байжээ. Нас баралт одоогийн хурдаар тооцоход 1,000 давж хүрч болзошгүй байсан” гэж үзсэн. 

Дөрөвдүгээр сарын 25-наас хөл хориог 14 хоног сунгавал “Халдвар авч батлагдсан нийт хүний тоо есдүгээр сарын 1-н гэхэд ойролцоогоор 60,000 болж, нэмж 30,000 орчим хүн халдвар авахаас сэргийлэх бөгөөд 150 орчим хүний амь нас эрсдэхээс сэргийлэх боломжтой” гэсэн тооцоо гаргасан байдаг. 

“Эрүүл мэндийн салбарт 17-18 мянган ажилтан, эмч, сувилагч, асрагч үйлчлэгч байгаа”. 

Factcheck 3: ХУДАЛ

Монгол Улсад хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хамгийн эхний ээлжд эрүүл мэндийн ажилчдыг вакцинжуулна гэж төлөвлөсөн. Энэ дагуу ЭМЯ, Засгийн газраас тус салбарт 56,000 хүн ажиллаж байгаа статистикийг мэдээлсэн.

Би ажлаа аваад гурван сар болох гэж байна. Энэ хугацаанд мэдээллийг цуглуулах, газар дээр нь очиж танилцах, үнэлэлт дүгнэлт хийх, шаардлагатай арга хэмжээг авах, зохих хяналтыг тавих ажлуудыг хийж байна. Жишээлбэл, хоёрдугаар сарын 29-ний өдөр би цагдаа, хууль хяналтын байгууллагад хандаж, УОК-ын даргын хувьд албан бичгээр хүртэл үүрэг даалгавар өгсөн. 

Factcheck 4: ХУДАЛ

2021 оны хоёрдугаар сар 28 хоногтой байсан. Өндөр жил буюу хоёрдугаар сарын 29-н 2020 онд тохиосон. Дөрвөн жилд нэг удаа тохиодог хоёрдугаар сарын 29-ний өдрийн дараагийн тохиох хугацаа 2024 он юм.

Төстэй мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр xemnel.com гэх сайтын фэйсбүүк хуудаст “Трамп Монголчуудад эх оронч үзлээ хадгалах, эх орноосоо урвагчдыг жигших, шийтгэх, үндэсний үйлдвэрлэлээ хамгаал гэв” гэсэн агуулга бүхий мэдээлэл орсон. Уг мэдээлэлд 3400 гаруй хүн лайк дарж, 300 орчим хүн шэйрлэсэн байна. Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэхийг нягталлаа. Тус мэдээнд “Трамп монголчуудад том […]

Smart business гэсэн сошиал хаягаар спонсорлож түгээсэн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зурагтай, оросоор “Хэрэв эхний сард 3 сая төгрөг олж чадахгүй бол би танд 25 сая төгрөг өгнө. Б.Лхагвасүрэн” хэмээн бичсэн постер цахим орчин таржээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Smart business гэх пэйжээр спонсорлож буюу төлбөр төлж явуулсан уг постерын доор […]

Австрали улсад тамхины сав баглаан дээр цусны бүлэгнэлтийн талаар шинэ анхааруулга нэмэгдсэн нь КОВИД-19-ийн эсрэг вакцинтай холбоотой гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Энэ тухай нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Ийм агуулгатай пост олон нийтийн сүлжээгээр маш их явсан тул AFP агентлагийн баримтыг нягтлагчид мэдээллийг шалгаж, олон нийтэд хүргэжээ. Тухайлбал, доорх ширгээг 2000 […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Хүхрийн хүчил нь маш аюултай, хортой бодис юм. Оператор компани хэдэн мянган тонн хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахна. Уг хорт бодисыг аюулгүй тээвэрлэж чадна гэдэгт эргэлзэж […]

Мэдэгдэлд дурдсан доорх өгүүлбэрийг үнэн бодит байдалтай бүрэн нийцэхгүй гэж үзлээ. “Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно” гэжээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг […]

Товч агуулга Дани улсын Эрүүл мэндийн яамнаас 18-аас доош насны хүмүүст COVID-19 вакциныг санал болгохоо больсон ч энэ насны бүлгийн вакцинжуулалтыг хориглоогүй. Данийн хүн амын 81% орчим буюу 5.8 сая хүн коронавирусийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн бол 62% нь бүүстер тунд хамрагджээ. Огт вакцинд хамрагдаагүй иргэдээ тус улс вакцин хийлгэхийг зөвлөсөн хэвээр байна. Дани […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх