
Вакцин аутизм үүсгэдэг гэх мэдээлэл шинжлэх ухааны нотолгоогүй. АНУ-ын Мэй институтийн дэргэдэх Үндэсний аутизмын төвийн дэд захирал Женна Гилдер ингэж анхаарууллаа. Уг ташаа ойлголтоос болж зарим эцэг эх хүүхдээ вакцинд хамруулахаас татгалзах болжээ. Ингэх нь эрсдэлээс сэргийлж болох халдварт өвчний дэгтэлтийг нэмэгдүүлж буй. Түүгээр ч зогсохгүй аутизмтай хүүхдийн эцэг эхийг буруутгах хандлагыг өдөөж байгааг тэрбээр онцолсон юм.
Аутизмтай гэж оношлогдох хүүхдийн тоо яагаад нэмэгдэж байна вэ? Аутизмыг бүрэн эмчлэх боломжтой юу? Эдгээр болон бусад асуудлын талаар Монголд ажиллахаар ирсэн хөгжлийн сэтгэл судлаач, зан үйлийн шинжилгээний мэргэшсэн мэргэжилтэн, доктор Женна Гилдертэй ярилцсаныг уншигчдадаа хүргэе.
“Аутизмын шалтгааныг олоход бүх анхаарлаа хандуулахын оронд аутизмтай хүмүүсийн амьдралын чанарыг хэрхэн сайжруулах, тэдэнд бодитой дэмжлэг үзүүлэх талаар илүү их хүчин чармайлт гаргаасай гэж хүсэж байна”
ХПВ, улаанбурхан болон бусад халдварт өвчний эсрэг вакцин аутизм үүсгэдэг гэх мэдээлэл түгээмэл байдаг. Вакцин үнэхээр аутизмын шалтгаан болдог уу?
Вакцин аутизм үүсгэдэг гэх мэдээллийг батлах шинжлэх ухааны найдвартай судалгаа байхгүй.
Юуны өмнө аутизм ганцхан шалтгаанаас үүсдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь удамшил болон хүрээлэн буй орчны олон хүчин зүйлийн харилцан үйлчлэлтэй холбоотой.
Вакцин аутизм үүсгэдэг гэх ташаа ойлголт анх УГУ буюу улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакциныг аутизмтай холбосон судалгаанаас өргөн тархсан. Гэвч уг судалгаанд ноцтой зөрчил илэрч, шинжлэх ухааны үндэслэлгүй нь тогтоогдсон тул нийтэлсэн сэтгүүл нь эргүүлэн татсан. Судалгааг удирдсан ажилтан эмчлэх эрхээ ч алдаж байв.
Гэсэн хэдий ч уг судалгаанаас үүдэлтэй буруу ойлголт өнөөдрийг хүртэл арилаагүй байна.
Үүний нэг гол шалтгаан нь цаг хугацааны давхцал. УГУвакцины эхний тунг хүүхдэд ихэвчлэн 12-15 сартайд нь хийдэг. Яг энэ үед аутизмын зарим шинж тэмдэг илүү тод анзаарагдаж эхэлдэг учраас эцэг эхчүүд энэ хоёрыг хоорондоо холбоотой гэж ойлгох нь бий.
Гэвч хоёр үйл явдал дараалж тохиолдсон нь нэг нь нөгөөгөө үүсгэсэн гэсэн үг биш юм. Зарим хүүхдийн тухайн насанд илэрч буй шинж тэмдгийг вакцины нөлөөтэй андуурч болохгүй. Вакцин болон аутизмын хооронд ямар ч шалтгаант холбоо байхгүй. Үүнийг шинжлэх ухааны найдвартай судалгаанууд баттай тогтоосон байдаг.
Вакцин аутизм үүсгэдэг гэсэн ташаа ойлголтыг түгээх нь хоёр шалтгаанаар аюултай
Вакцин аутизм үүсгэдэг гэх ташаа мэдээлэл нь шинжлэх ухааны үндэслэлгүйгээс гадна маш хор хөнөөлтэй.
Нэгдүгээрт, эцэг эхчүүд үүнд итгэж хүүхдээ вакцинд хамруулахаас татгалзсанаар тухайн хүүхдийг төдийгүй эргэн тойрны бусад хүүхдийг халдварт өвчний эрсдэлд оруулж байгаа. Үүнээс үүдэн өмнө нь хяналтад байсан улаанбурхан зэрэг амь насанд аюултай өвчин дахин дэгдэхэд хүргэж байгаа юм.
Хоёрдугаарт, энэ мэдээлэл эцэг эхчүүдийг буруутгах хуучны хандлагыг дахин өдөөж байгаа юм. Өмнө нь аутизмыг эхийн хүмүүжил, гэр бүлийн орчинтой холбон тайлбарлаж, эцэг эхийг буруутгадаг байсан.
Харин одоо хүүхдээ вакцинд хамруулах шийдвэр гаргаснаас нь болж аутизмтай болгочихсон мэт ойлголт төрүүлж байна. Гэтэл энэ нь бодит байдалд огт нийцэхгүй. Эцэг эхчүүдийг ийнхүү буруутгах нь өөрөө маш хор хөнөөлтэй.
Аутизмтай гэж бүртгэгдэж буй хүүхдийн тоо яагаад нэмэгдэж байна вэ?
АНУ-ын тандалтын мэдээллээр найман настай 31 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэж бүртгэгдсэн.
Энэ үзүүлэлт нэмэгдэж байгаа гол шалтгаануудын нэг нь аутизмыг оношлох арга, шалгуур сайжирсантай холбоотой. Өмнө нь аутизмтай эсэхийг нь тогтоож чаддаггүй байсан хүүхдүүдийг одоо илүү сайн оношилдог болсон.
Түүнчлэн өмнө нь оношилгоонд хангалттай хамрагдаж чаддаггүй байсан бүлгийн хүмүүст хүрч ажиллах боломж ч нэмэгдсэн.
“Ялангуяа охидын хувьд аутизмын шинж тэмдэг хөвгүүдийнхээс өөр байдлаар илэрч болдог.”
Уламжлалт оношилгооны арга эдгээр ялгааг тэр бүр илрүүлж чаддаггүй байснаас олон жилийн турш охидын аутизмыг дутуу оношилж иржээ.
Харин одоо охидыг оношлох боломж сайжирч, өмнө нь оношилгооны үйлчилгээ авахад хүндрэлтэй байсан алслагдсан орон нутгийн иргэд ч хамрагдах болсон.
Хүүхдийн эмч нар ч эрүүл мэндийн тогтмол үзлэгийн үеэр аутизмын эрт үеийн шинж тэмдгийг илүү анхаарч, илрүүлэх болсон. Ингэснээр хүүхдийг бага насанд нь оношлох боломж нэмэгдэж байгаа юм.
Нөгөө талаас өмнө нь аутизмтай гэдгээ мэдээгүй байсан насанд хүрэгчид ч оношлуулах болжээ.
Үүнээс гадна аутизмын хүрээний эмгэгийг оношлох шалгуур өөрчлөгдөж, өмнө нь тусдаа оношоор ангилагддаг байсан зарим онцлогийг нэгтгэсэн. Тиймээс урьд нь өөр оноштой байсан хүмүүс одоо аутизмын хүрээний эмгэг гэсэн оношид багтах болсон.
Аутизмд нөлөөлөх өөр нэг чухал зүйл бол удамшил юм. Нэг хүүхэд нь аутизмтай бол дүү нь ч мөн аутизмтай байх эрсдэл өндөр байдаг. Түүнчлэн хүн ам олшрох тусам аутизмтай хүүхдийн нийт тоо ч нэмэгдэх боломжтой.
Судалгаагаар аутизмтай байх магадлалыг нэмэгдүүлж болох хэд хэдэн хүчин зүйлийг тогтоосон. Жишээлбэл, эцэг эхийн нас өндөр байх нь эрсдэлт хүчин зүйлсийн нэг байж болно. Гэхдээ зөвхөн энэ хүчин зүйлээс болж аутизм үүсдэг гэсэн үг биш.
Сүүлийн үед аутизмын шалтгааны талаар янз бүрийн судалгаа нийтлэгдэж байна. Тэдгээрийн зарим нь маш цөөн хүн хамруулсан, хангалттай баттай нотолгоогүй байдаг.
Гэтэл ийм судалгаанд үндэслээд тодорхой нэг зүйлийг аутизмын шалтгаан мэтээр мэдээлэх нь бий. Үнэндээ тэр дүгнэлтийг батлах хангалттай нотолгоо байхгүй байж болно.
Тэгэхээр шинэ судалгаа нийтлэгдсэн гэдэг нь аутизмын шинэ шалтгааныг тогтоочихлоо гэсэн үг биш.
Аутизмыг бүрэн эмчилнэ гэх амлалтаас болгоомжлох хэрэгтэй
Аутизмын шинж тэмдгийг бууруулах эмчилгээ, хөгжлийн дэмжлэгийн талаар ярихдаа нэг зүйлийг эхлээд ойлгох хэрэгтэй. Аутизм бол насан туршийн онцлог.
Тиймээс аутизмыг бүрэн эмчилнэ, бүх шинж тэмдгийг нь арилгана гэж гайхамшигтай үр дүн амласан аргуудаас болгоомжлох хэрэгтэй. Ийм амлалт бодитой биш шүү дээ.
Харин шинжлэх ухааны нотолгоонд суурилсан арга, үйлчилгээг сонгож, хүүхдэдээ аль болох бага наснаас нь хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд анхаарах нь зүйтэй.
Учир нь хүүхэд бага насандаа шинэ мэдээллийг хүлээн авч, олон зүйлийг суралцах боломжтой байдаг. Тухайлбал, хэрэглээний зан үйлийн шинжилгээнд суурилсан хөгжлийн дэмжлэг, хэл засал, хөдөлмөр засал зэрэг үйлчилгээг авч үзэж болно.
Мөн хүүхдийн харилцаа, нийгмийн ур чадвар, өдөр тутмын амьдралд дасан зохицох чадварыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гол нь эдгээр үйлчилгээг хүүхдийнхээ хэрэгцээнд тохируулан, аль болох эрт үзүүлэх явдал нь эцэг эхчүүдийн хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг.
Эрт үеийн хөгжлийн дэмжлэгийг хэдий чинээ эрт, тогтмол хэрэгжүүлнэ төдий чинээ сайн үр дүнтэй
Эрт үеийн хөгжлийн дэмжлэг маш чухал. Гэхдээ аутизмтай хүн бүрийн онцлог, хэрэгцээ харилцан адилгүй.
Аутизмын хүрээний эмгэгийг шаардлагатай дэмжлэгийн хэмжээгээр нь гурван түвшинд ангилдаг.
Нэгдүгээр түвшний аутизмтай хүн харьцангуй бага дэмжлэг шаарддаг. Тэд тодорхой нөхцөлд тусламж авч, илүү бие даасан амьдралаар амьдрах боломжтой.
Харин хоёрдугаар болон гуравдугаар түвшний аутизмтай хүмүүс илүү их дэмжлэг шаарддаг. Ялангуяа гуравдугаар түвшний зарим хүнд өдөр, шөнийн турш байнгын асаргаа, тусламж хэрэгтэй байдаг.
Тиймээс хөгжлийн дэмжлэгийн үр дүн тухайн хүний онцлог, хэрэгцээнээс хамаарна. Гэхдээ дэмжлэгийг хэдий чинээ эрт эхлүүлж, тогтмол хэрэгжүүлнэ төдий чинээ сайн.
Энд анхаарах хамгийн чухал зүйл нь хүүхдийн сургууль дээр эзэмшсэн ур чадварыг гэр бүл болон олон нийтийн орчинд давтан дадлагажуулж, дэмжлэгийг хооронд нь уялдуулах явдал юм. Хүүхэд ирээдүйд хэр зэрэг бие даан амьдрахыг урьдчилан хэлэх боломжгүй бөгөөд хүн бүрийн ахиц дэвшил өөр өөрөөр илэрдэг.Тиймээс тухайн хүнд ямар зорилго утга учиртай, ямар ур чадвар эзэмших нь амьдралд нь бодит өөрчлөлт авчрахыг тодорхойлох хэрэгтэй.
Жижиг өөрчлөлт ч хүний амьдралд том ахиц байж болно
Би хүүхдээс эхлээд насанд хүрэгчид хүртэлх олон хүнтэй ажиллаж, тэднийхээ гаргасан ахиц дэвшлээр үргэлж бахархдаг. Жишээлбэл, чихрийн шижингийн өмнөх шатанд орсон ч гэр бүл, эмчийнхээ шаардсан хатуу дэглэмийг дагах дургүй нэгэнтэй ажиллаж байлаа. Түүнд шууд хориг тавихын оронд хүсэл сонирхлыг нь сонсож, хамгийн дуртай “pigs in a blanket” (зуурмагаар ороосон зайдас) хоолыг нь илүү эрүүл орцоор хамтдаа хийж сурсан юм. Өөрчлөлтийн үйл явцад өөрийг нь ийнхүү идэвхтэй оролцуулснаар тэрбээр бие даан эрүүл хооллож, дасгал хийх санаачилгатай болсон нь маш том ахиц байв.
Түүнчлэн, гадуур бие даан зорчих хүсэлтэй өөр нэг хүнтэй ажиллаж, олон нийтийн газраар чиг баримжаагаа олох, хүссэн дэлгүүртээ очих чадварыг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Аливаа хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд тухайн хүнийг өөрийнх нь хүсэл сонирхолд тулгуурлан, шийдвэр гаргах үйл явцад нь оролцуулах нь хамгийн чухал байдаг.
Энэ хоёр жишээнээс харахад тухайн хүнд юу чухал, юуг өөрөө хийхийг хүсэж байгааг ойлгох нь хамгийн эхний алхам юм. Мөн гэр бүлийнхнийх нь хувьд юу чухал болохыг харгалзаж үзэх хэрэгтэй.
Дараа нь тухайн зорилгодоо хүрэхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд анхаарна.
Хүн бүрийн хувьд амжилт өөр өөрөөр илэрнэ. Гол нь тухайн хүний амьдралд утга учиртай өөрчлөлт бий болгох явдал юм.
Найдвартай мэдээллийг хэрхэн ялгаж таних вэ?
Эцэг эхчүүд олны анхаарал татсан мэдээлэл бүрийг дагахаас илүүтэй шинжлэх ухааны нотолгоонд суурилсан байгууллагуудын албан ёсны байр суурь, зөвлөмжид анхаарах нь зүйтэй.
Жишээлбэл, манай Үндэсний аутизмын төв шинэ арга, эмчилгээний талаар мэдээлэл гарах үед холбогдох судалгаануудыг үнэлж, бодит эсэх нь эргэлзээтэй, хэтрүүлсэн амлалт өгсөн үйлчилгээг хэрхэн ялгаж танихыг зөвлөдөг. Бид вакцин болон аутизмын асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлсэн бөгөөд nationalautismcenter.org цахим хуудаснаас хөгжлийн дэмжлэгийн арга барилын талаарх олон төрлийн үнэ төлбөргүй материалыг ашиглах боломжтой.
Монголын сургуулийн орчинд тохирсон гарын авлага боловсруулахыг зорьж байна
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын мэргэжилтэн Б.Оюу-Эрдэнэ манай төвд мэргэжил дээшлүүлэх солилцоогоор ирж, аутизмтай хүүхдийг цэцэрлэгээс нэгдүгээр ангид ороход нь дэмжих гарын авлага боловсруулахаар нэг сар хамтран ажилласан юм. Гэвч Монголын бодит орчин, хэрэгцээг судлахгүйгээр шинжлэх ухаанд суурилсан арга аргачлал үр дүнгээ өгөхгүйг бид ойлгосон.
Тиймээс би Монголд 10 хоног ажиллахаар ирж, тусгай болон энгийн сургууль, цэцэрлэгүүдээр зочилж, багш, эцэг эхчүүдтэй уулзан сургалт орлоо. Ингэснээр тэдний бодит хэрэгцээг илүү сайн ойлгож, Оюу-Эрдэнэтэй хамтран Монголын хөрсөнд буух гарын авлага боловсруулах ажлаа үргэлжлүүлж байна.
Мөн манай төвийн цахим хуудсан дахь гэрээр ажиллах гарын авлага, мэдээллийн хуудсуудыг Монголын Аутизмын Холбоотой хамтран монгол хэл рүү орчуулахаар ярилцаж байгаа бөгөөд эцэг эх, мэргэжилтнүүдэд шинжлэх ухааны нотолгоотой мэдээллийг хүртээмжтэй хүргэх нь маш чухал юм.
Ярилцлагын төгсгөлд онцолж хэлэхэд
Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Аутизмтай хүүхдүүдэд, ялангуяа сургуульд сурч байх үед нь аль болох сайн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Учир нь хүүхэд өсөж томрох тусам тэдэнд үзүүлэх дэмжлэг багасах хандлагатай байдаг.
Тиймээс бага насанд нь хэдий чинээ сайн дэмжлэг үзүүлнэ, төдий чинээ насанд хүрсэн хойноо өдөр тутмын амьдралаа зохицуулахад шаардлагатай ур чадварыг эзэмшихэд нь тусална.
Одоо хүмүүс аутизм юунаас үүсдэг, түүнийг хэрхэн арилгах вэ гэдэгт ихээхэн анхаарч байна.
Гэхдээ бид аутизмтай хүмүүсийг хэрхэн дэмжиж, илүү чанартай амьдрах боломжийг нь бүрдүүлэх вэ, нийгэмд оролцох боломжийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт ч мөн адил анхаарах хэрэгтэй.
Аутизмын шалтгааныг олоход бүх анхаарлаа хандуулахын оронд аутизмтай хүмүүсийн амьдралын чанарыг хэрхэн сайжруулах, тэдэнд бодитой дэмжлэг үзүүлэх талаар илүү их хүчин чармайлт гаргаасай гэж хүсэж байна.
Бэлтгэсэн: Э.Болор-Од, Г.Буянзаяа