
X платформын @Munkhbatd3 хаягтай хэрэглэгч Ерөнхий сайд Н.Учрал хэсэг хүний хамт онгоцонд зорчиж буй мэт зураг нийтэлж, “Намчингуудын аяллын зардал хэд болж байгаа бол, хаанаас гарч байгаа бол” гэж бичжээ.
Постод хавсаргасан зураг нь X платформ дээр “Made with AI” гэсэн шошготой нийтлэгдсэн бөгөөд энэ нь бодит үйл явдлыг баримтжуулсан гэрэл зураг биш болохыг илэрхийлнэ.
“Made with AI” шошго юу гэсэн үг вэ?
X-ийн мэдээлснээр хиймэл оюунаар бүтээсэн болон өөрчилсөн контентыг хэрэглэгчдэд ил тод таниулах зорилгоор тус платформ “Made with AI” буюу “Хиймэл оюун ухаанаар бүтээв” гэсэн шошгыг ашигладаг байна.

Хэвийн бус анатоми
Мөн энэ зургийг ХОУ-аар бүтээсэн болохыг жижиг хэсгүүдээс нь мэдэж болно.
Тухайлбал, хамгийн наана сууж буй эрэгтэйн гарыг нарийвчлан харвал, сарвууны товгор яс огт үзэгдэхгүй ба арьс нь ямар ч үрчлээсгүй, хумсгүй хуруунууд хоорондоо нийлсэн мэт сарнижээ.

Арын зорчигчдыг томруулж харахад хэвийн бус хэсгүүд мөн ажиглагдана. Тухайлбал, зарим хүний нүүрний хэлбэр тодорхойгүй, нүүр болон үсний зааг ууссан юм шиг харагдах бөгөөд нүүрний бүтэц гажсан байна.

Эдгээр нь AI-аар үүсгэсэн зурагт ажиглагддаг түгээмэл шинжүүдийн нэг боловч дангаараа нотолгоо болохгүй. Тиймээс зургийг Google-ийн хиймэл оюунаар бүтээсэн контентыг таних SynthID хэрэглэгдхүүнээр давхар шалгалаа.
Ингэж шалгахад уг зурагт SynthID илэрсэн.
SynthID нь Google DeepMind-ийн боловсруулсан, хүний нүдэнд үл харагдах дижитал тамга юм. Энэ нь Google-ийн AI загвараар үүсгэсэн эсвэл өөрчилсөн зургийн пикселд хадгалагддаг.
SynthID тамгатай зургийг таслах, филтер нэмэх, өнгө өөрчлөх, JPEG хэлбэрээр шахах зэргээр засварласны дараа ч илрэхээр бүтээжээ.
Ямар нэг зураг, дүрсийг Google-ийн AI-аар үүсгэсэн эсвэл өөрчилсөн эсэхийг танихдаа Gemini хиймэл оюун ухааны загвараас асууж шалгах боломжтой.
Зураг дээрх гар, нүүр, арын зорчигчид, объектуудын ирмэг зэрэг олон хэсэгт AI-аар бүтээсэн байх магадлалтай шинж тэмдгүүд ажиглагдлаа. Үүн дээр X платформын “Made with AI” тэмдэглэгээ болон Google-ийн SynthID давхар илэрч байгаа тул уг зургийг бүхэлд нь хиймэл оюун ухаан ашиглан үүсгэсэн гэж дүгнэлээ.
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, дүрс нь бодит байдлаас ялгагдахааргүй болтлоо хөгжиж байна. Иймд олон нийтийн сүлжээнд улс төрч, олны танил хүмүүстэй холбоотой болон нийгэмд айдас, түгшүүр төрүүлэхүйц үйл явдлыг харуулсан зураг, бичлэг тааралдвал шууд итгэж болохгүйг анхааруулж байна. Үүний оронд эх сурвалж, платформын тэмдэглэгээ, албан ёсны мэдээллийг давхар шалгаж хэвшихийг Factcheck.mn сануулж байна.