Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нотлогдоогүй мэдээллээр дахин ТӨӨРӨГДҮҮЛЭВ

Factcheck.mn сайтын фэйсбүүк хуудаст 2026.09.15-ны өдөр нийтэлсэн “Н.Өнөрцэцэг: Жимс, хүнсний ногоо хорт хавдар, аутизмын үндэс болоод байна – ТӨӨРӨГДҮҮЛСЭН” гэсэн мэдээний доор сэтгүүлч Н.Өнөрцэцэг судалгааны мэдээллийн тухай хоёр өөр зураг оруулжээ. Тэрхүү зураг дахь мэдээллийг нягталж өгөх хүсэлт мөн ирсэн тул нягталлаа. 

“Энэ судалгаа бас худал уу хэхэ” хэмээн оруулсан эхний зураг 2014.06.30-нд буюу 12 жилийн өмнө нийтлэгдсэн мэдээ байна. Агуулга нь АНУ-ын Байгаль орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэн (National Institute of Environmental Health Sciences, NIEHS) жирэмсний үеийн органофосфат пестицидийн өртөлт аутизмын эрсдэл өндөр байхтай холбоотой талаарх судалгаа аж.

Гэвч энэхүү судалгааг нягталбал пестицид аутизмын шууд шалтгаан болохыг нотлоогүй байна. Учир нь уг судалгаа нь ажиглалтын case-control загвартай бөгөөд пестицидийн бодит хувь хүний өртөлтийг биологийн шинжилгээгээр хэмжээгүй ажээ. Мөн тухайн дэд бүлгийн тоо харьцангуй бага, үнэлгээний тодорхой бус байдал их байсан ба судалгааны зохиогчид өөрсдөө ч “association” буюу хамаарал гэж томьёолжээ. 

2014 онд хийгдсэн уг судалгаанаас хойш жирэмсний үеийн зарим пестицидийн өртөлт, ялангуяа хөдөө аж ахуйн пестицидийн өндөр хэрэглээтэй бүсэд амьдрах болон хүүхдийн ASD-ийн хооронд хамаарал илрүүлсэн хэд хэдэн судалгаа гарсан байна. Хамгийн сүүлд 2026 онд хийгдсэн судалгааг 2026.08.24-нд хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээр дэлхийд нэр хүндтэй JAMA Pediatrics эрдэм шинжилгээний сэтгүүл нийтэлжээ.   Жирэмсний үеийн органофосфатын өртөлт ба хүүхдийн аутизмтай холбоотой шинжүүд сэдэвт уг судалгааг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH)-гээс 2016 онд эхлүүлсэн хүүхдийн эрүүл мэндийн томоохон судалгааны хөтөлбөрийн хүрээнд хийсан тул мэдээллийн томоохон баазыг ашиглажээ. Энэ хүрээнд 3,339 эх-хүүхдийг хамруулж, жирэмсний үеийн органофосфатын өртөлт болон аутизмтай холбоотой шинжүүдийн хооронд статистикийн ач холбогдол бүхий хамаарал илрээгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, пестицид аутизмыг шууд үүсгэдэг гэсэн шалтгаант холбоо одоогоор шинжлэх ухааны хүрээнд тогтоогдоогүй байна.

Хоёр дахь зураг дээрх текстийн агуулга нь жирэмсний үед хөдөө аж ахуйн пестицид их хэрэглэдэг бүсэд амьдрах болон хүүхдийн аутизмын эрсдэл өндөр байх хооронд хамаарал илрүүлсэн ажиглалтын судалгаанууд байгаа ч энэ нь пестицид аутизмыг шууд үүсгэдгийг нотлоогүй тухай байна.

Зураг дээрх текстийг орчуулбал “Жирэмсний үед хөдөө аж ахуйн зарим пестицидэд, ялангуяа өндөр түвшинд эсвэл пестицид хэрэглэсэн талбайн ойролцоо өртөх нь зарим судалгаагаар аутизмын хүрээний эмгэгийн (ASD) эрсдэл нэмэгдэхтэй холбоотой гэж үзсэн байна. Харин сүүлийн үеийн томоохон судалгаа бага түвшний өртөлтийн хувьд статистикийн ач холбогдолтой хамаарал илрэхгүй байж болохыг харуулжээ. 

Хайлт юуг харуулж байна вэ

Өндөр ба бага түвшний өртөлт: NYU Langone Health-ийн судлаачдын оролцсон судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн биед органофосфат шавж устгах бодисын бага хэмжээний ул мөр түгээмэл илэрсэн боловч ийм түвшний өртөлт нь хүүхдийн аутизмтай холбоотой нийгмийн харилцааны шинжүүдтэй тодорхой хамаарал үзүүлээгүй байна.

Пестицид хэрэглэсэн газартай ойр амьдрахыг судалсан судалгаанууд: Өмнөх болон бүс нутгийн судалгаанууд, тухайлбал АНУ-ын Байгаль орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн (NIEHS) дурдсан судалгаануудад жирэмсэн эхчүүд пестицид ихээр хэрэглэдэг хөдөө аж ахуйн талбайтай маш ойр буюу нэг милийн дотор амьдарч байсан тохиолдолд статистикийн хамаарал илүү өндөр байсныг тэмдэглэжээ.

Холбогдуулан судалсан химийн бодисууд: Хлорпирифос, глифосат болон пиретроид зэрэг зарим бодисыг туршилтын болон ажиглалтын судалгаагаар мэдрэлийн хөгжлийн үйл явцад нөлөөлж болзошгүй бодисуудын хувьд судалсан байна.

Шалтгаан ба хамаарал: Одоогийн нотолгооны ихэнх нь ажиглалтын судалгаанд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл судлаачид хөдөө аж ахуйн бүсэд амьдрах болон хүүхдийн хөгжлийн үр дүнгийн хооронд тодорхой хамаарал ажиглаж болох ч тухайн химийн бодисууд шууд шалтгаан болсныг баттай нотолж чадахгүй” гэсэн байна.

Иймд дээрх хоёр зураг дахь мэдээлэл пестицид аутизмтай шууд холбоотой гэсэн нотолгоо болж чадахгүй байна. Дээр дурдсанчлан 2026 он буюу хамгийн сүүлд олон улсад хийгдсэн судалгаагаар пестицид аутизмыг шууд үүсгэдэг гэсэн шалтгаант холбоо одоогоор шинжлэх ухааны хүрээнд тогтоогдоогүй байгаа юм.
Тиймээс олон жилийн өмнөх, судлаачид нь “ажиглалт” гэж онцолсон судалгааг эх сурвалж болгох нь өөрөө олон нийтийг дахин төөрөгдөлд оруулахад хүргэж байна. 


Эх сурвалж:

  • АНУ-ын Байгаль орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэн
  • АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн

Төстэй мэдээлэл

Энэ сард бид хүүхдүүдийн сахарын хэт өндөр хэрэглээг сонгон авч, хөндөж байна. Монгол Улсад сүүлийн таван жилд бүртгэгдсэн эрүүл мэндийн статистикт бага насны хүүхдүүдийн өвчлөл тодорхой чиг хандлагатайгаар өсөж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны мэдээллээр энэ насны хүүхдүүдийн тэргүүлэх өвчлөлийн жагсаалтыг амьсгалын тогтолцооны өвчин жил бүр тэргүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд ч хамгийн өндөр үзүүлэлттэй хэвээр […]

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн төслийг танилцуулахдаа “Таны хувь, Таны мөнгө, Таны ирээдүй” гэсэн гурван багцын хүрээнд есөн шийдвэр зарласан.  Оюутолгойн ногдол ашиг, 1072 хувьцаа, татварын хөнгөлөлт, тэтгэвэр, орон сууц, цахилгаан станц, сургууль, эмнэлэг, ногоон хөгжил гээд тэдгээр есөн шийдвэрийн дийлэнх нь иргэдийн өдөр тутмын амьдралтай шууд холбогдохоор байна.  Гэхдээ тэр мөнгө хаанаас гарах […]

Сошиал орчинд өдөр бүр давтагдан гарч ирдэг айдас төрүүлсэн, анхаарал татсан, заримдаа бүр бодит мэт санагдах мэдээллүүд санамсаргүй үзэгдэл биш байж мэднэ. Америкийн судлаачдын “Firehose of Falsehood” хэмээн нэрлэсэн хуурамч мэдээлэл түгээх загвар нь олон сувгаар, өндөр давтамжтай, сэтгэл хөдлөлд тулгуурлан мэдээлэл “бөмбөгдөх” аргаар нийгмийн ойлголтод нөлөөлдөг болохыг олон улсад тогтоосон байдаг. Factcheck.mn-ийн 2023–2025 оны […]

Товч агуулга: С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав. Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, […]

Энэ бол сунгааны үеэр хурдан мориноос унаж, гавлын яс нь цуурч, хүнд гэмтсэн хүүхдийн эцгийн шүүхэд өгсөн мэдүүлгийн хэсэг юм.  Нэг иргэний амь Монгол Улсын хувьд хэмжээлшгүй үнэ цэнтэй. Гэвч хурдан морины унаач хүүхдүүдтэй холбоотой эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн мэдээллээс үзвэл, эрүүл мэнд, амь насаараа тэд хохирсоор байна. Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан дахь […]

Скүүтер, мопед нь Улаанбаатар хотын түгжрэл цаг, мөнгөө хэмнэх нэг сонголт мөн ч нөгөө талдаа бусдын эрүүл мэндийг хохироож байгаа, эрсдэл өндөртэй тээврийн хэрэгсэл болоод буй. Тиймээс Factcheck.mn “1 сар 1 сэдэв”-ээрээ энэ удаа скүүтер, мопедын хэрэглээг сонгоод буй. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамиртай ярилцлаа. ХЭҮК өнгөрсөн 2026.05.12-нд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх