Хад чулууг ч ногооруулсан 15 жилийн хөдөлмөр

Нар зулай дээрээс төөнөсөн айхавтар халуун өдөр. Төрөлх хотынхоо эгэл жирийн хөдөлмөрч ард иргэдийн аж амьдралыг сурвалжлах даалгавар авсан шинэхэн сэтгүүлч миний бие өмнө нь хөл тавьж үзээгүй Зүүн салааг зорихоор шийдэв. Огт танихгүй айлд очоод, мэдэхгүй хүнийхээ аж амьдралыг нүдээр үзэж, чихээр сонсоно гэдэг нэг бодлын хачирхалтай хийгээд этгээд. Мэдээж ямар нэгэн алдаа гаргах вий гэсэн түмэн зовнил үргэлжид тээгээтэй. 

Автобусны буудал дээр тодоос тод харагдсан Ч-48 буюу “Зүүн салаа – МУБИС” чиглэлийн автобусанд үсрээд суучхав. Автобусны арын суудалд тухалж суугаад өндөр шилэн барилгаас аажим задарсаар улаан хүрэн банзан хашаа, олон өнгийн дээвэр алагласан гэр хорооллын гудамжийг ширтсээр, уул толгодыг өгсөж уруудсаар зүүн салааны эцэст ирэв. Автобуснаас буухтай зэрэгцэн өвс ногооны сэнгэнэсэн үнэр хамар цоргих нь таатай. Төв газрын шуугианаас хол учир анир чимээгүй, замаар ганц нэг машин өнгөрч, хаа нэгтэй хүүхдүүдийн инээлдэж шуугилдах дуу цуурайтна. 

 Гэр хорооллыг төсөөлөхөд хамгийн түрүүнд шороо тоос, бүгээн саарал байдал санаанд ордог байлаа. Харин энд гайхмаар ногоон, айлууд хашаагаа мод бутаар дүүргэж, ногоон байгууламжгүй айл бараг үгүй. Гэр хорооллыг тийм бүрхгээр хардаг байсан өөрөөсөө ичсэнээ нуух юун. Орчин тойрноо ажиглавал уулын энгэр бэл, гол горхины хөвөө даган олон айл өрх төвхнөжээ.  Энэ хэсэг бол СХД-ийн 42 дугаар хороонд хамаарна. Хорооны 7 дугаар хэсгийн ахлагч С.Должинсүрэн намайг дагуулсаар уулын энгэрт мод бутаар дүүрсэн тохилог хашаанд авч ирэв. Байшин нь яг л “Тэмдэглэлийн дэвтэр” (The Notebook) кинонд Ноагийн дурлалт бүсгүй Эллидээ амлан байж, өөрийн гараар засварлан босгодог цагаан харшийг санагдуулам. 

Хаалгаар ороход нүүр дүүрэн инээмсэглэсээр гэрийн эзэн Д.Мөнхзаяа угтан авлаа. Тэрээр эхнэрийн хамт 2012 онд Зүүн салаанд суурьшиж, анх жижигхэн амбаарт амьдарч эхэлжээ. Байшингаа нэг дор барих боломжгүй байсан тул жил бүр боломжийнхоо хэрээр нэг нэг өрөө нэмж барьсаар тохилог сууцаа босгосон байна. 

Байшингаа хэр хугацаанд яаж барьсныг нь асуувал Д.Мөнхзаяа хуучин бор дэвтрээ гаргаж ирэв. Цаг хугацаанд элэгдсэн хуудаснууд дээр байшингийн олон янзын зураг, хэмжээс, тооцоо, тэмдэглэл мөн халаалт ус, бохирын систем, дээвэр, өрөө бүр хашааны зохион байгуулалт хүртэл бүх төлөвлөлтөө олон дахин зурж засаж сайжруулсан нь  үлджээ. “Энэ бол анхны санаа, ёстой элгийн юм байгаа. Дараа нь ингэж өөрчилсөн. Дахиад өөрчлөөд одоогийн байшин болсон. Нэг дор барих боломж байгаагүй болохоор зураг нь ч, барилга нь ч хамтдаа хөгжсөн дөө” хэмээн тэр хуудсыг нэг нэгээр нь эргүүлэн үзүүлэв.  “Би барилгын зураг төсөл дээр л ажиллаж байснаас барилга барьж үзээгүй, сайн дурын барилгачин” хэмээн инээмсэглэх ч түүний босгосон хашаа, байшин, цэцэрлэгийг харахад энэ үгтэй нь санал нийлэхэд бэрх. Нүүж ирэхэд түүнд бэлэн зассан тэгш талбай, тав тухтай орон сууц байсангүй. Тог цахилгаан ч үгүй, хүн төвхнөн сууна гэхэд хэцүүхэн налуу, хад чулуу нь ил гарсан уулын уруу газар л ногдож. Тэрбээр хажуу талынх нь хадыг бараг 4 метр ухаж, урд талд нь тулгуур тавьсаар байгаад багахан тэгш талбай гаргаж авсан нь энэ аж.   

Анх ирээд жорлонгийн хэмжээтэй жижигхэн амбаар бариад л дотор нь амьдарч эхэлсэн юм. Тэгээд түүнийгээ бага багаар томсгосоор байгаад энэ байшингаа босгосон доо. Эхлээд урд талд нь жижиг өрөө залгаж бариад, тийш нүүж орчхоод нөгөө анхны амбаараа ариун цэврийн өрөө (00) болгосон.

Жилд нэг өрөө залгаж барьсаар байгаад өнөөдөр 3-4 хэсэг залгаа ийм гоё өрөөнүүдтэй болчихсон байж байгаа нь энэ” хэмээн хуваалцав. Байшингаа барихдаа хөнгөн цагаан каркас, хөөсөн блокоор ханаа босгож, гадна талыг нь эхлээд 10 см-ийн, дараа нь дахин 5 см-ийн зузаантай дулаалгаар давхарлан дулаалж, эцэст нь сайдингаар өнгөлжээ. “Дулаахан байх тусмаа сайхан. Тохирохгүй, бага зэрэг жиндэх шинж чанар ажиглагдвал дараа зун нь заавал дахиад дулаалчихдаг юм. Өвөлдөө маш дулаахан шүү” хэмээн бахархалтай ярина. Түүний байшин дахь хамгийн дуртай хэсэг нь “террас” гэнэ. “Оройдоо хотын гэрэл хараад, цэвэр агаарт суух хамгийн гоё шүү дээ, ялангуяа зун бороо орох үед борооны чимээ сонсоод л, намар жаахан орой цас будрахыг хараад суух ямар таатай гэж санана”. 

            Энд нэгэн цагт хад чулуугаар дүүрсэн, мод, ургамал тарьж ургуулна гэж төсөөлөхөөргүй налуу газар байсан гэхэд итгэмээргүй. Одоо бол мод бут, жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор дүүрсэн ногоон орчин болжээ. “Энэ бүхнийг хар шороо зөөж байж л бий болгосон. Хадыг ухна, шороо асгана. Дахиад асгана. Тэгсээр байгаад хөрстэй болгосон доо” хэмээн гараараа эргэн тойрноо заав. Тэрбээр цааш нь тарьж ургуулсан мод жимс ногоогоо харуулав. Түүнээс жимс ногоо тарьж ургуулах заавар зөвлөгөөг хаанаас авсныг асуувал

“Би агрономич биш. Фэйсбүүкээс харна, хүмүүсээс асууна. Нэг жил нь алдана, дараа жил нь засна. Ингэж л сурдаг юм байна. Эхний жилдээ битүү алдаад, нэг юм буруу болоод. Түүнийгээ дараа жилд нь засаад л, янзлаад л. Тэгж ингэсээр явж байтал аяндаа туршлагажаад болох юм байна лээ. Аливаа юм анхны оролдлогоор төгс болно гэж угаасаа байхгүй. Ажлаа дуусгачхаад оройд Фэйсбүүк ухдаг юм, тэнд чинь хэрэгтэй хаягаа дагачихвал хэрэгтэй юм их байна шүү дээ” гэж тэр даруухнаар өгүүлэв.

Хүлэмжийн хаалгыг нээхэд бүлээн агаар нүүр өөд үлээж, шинэхэн өргөст хэмх, улаан лооль, чинжүүний үнэр үнэртэнэ. Мөр мөрөөрөө ургасан ногоонуудыг харахад л тэрбээр ямар олон жил тууштай хөдөлмөрлөснийг бэлхнээ ойлгож болохуйц. Ургамал болгоныг өдөр бүр ажигладаг болох нь түүний эв дүй, хайр энэрэл хөдөлгөөн бүрээс нь мэдрэгдэнэ. Хашаанд нь ургасан мод, бут бүрийн насыг, хаанаас авчирч тарьснаа төвөггүй хэлэх нь түүний хувьд энэ бүхэн тохижилт бус, амьдралынх нь нэг хэсэг болсныг илтгэнэ. Хэдэн төрлийн мод тарьсан талаар асуухад тэрээр хашаагаа тойруулан зааж, “Энд байгаа нь нарс, энэ хоёр нь мойл. Цаана байгаа нь үхрийн нүд. Бас хайлаас, гацуур, тэхийн шээг, монос, бөөрөлзгөнө гээд нэлээд бий. Заримыг нь жижигхэн суулгац байхад нь тарьсан. Одоо ингээд том мод болчихсон байна” гэв. Зарим мод нь хүний өндрөөс давж, өтгөн сүүдэр үүсгэжээ. Харин шинэхэн тарьсан суулгацуудыг тороор хамгаалсан нь нүдэнд тусна. Нэг модыг ургуулахын тулд хэдэн жилийн арчилгаа, тэвчээр хэрэгтэйг энэ хашаа өөрөө өгүүлж байлаа.  

Түүний ажил ер нь дуусна гэж үгүй.  Дараагийн хийх ажлын төлөвлөгөөг аль хэдийн гаргачихжээ. “Зоорьтой болчихвол өвлийн хүнсээ хадгална. Усны бойлероо ч эндээ оруулна. Дулаахан байхаар нь ногоогоо ч хадгалчих боломжтой”  гэх мэт. Түүний ярианаас “дууссан” гэсэн ойлголт ер сонсогдсонгүй. Харин “дараа жил”, “дараагийн ажил”, “ингэж сайжруулна” гэсэн үгс хамгийн олон давтагдана. Байшингаа хэзээ нэгэн цагт бүрэн дууссан гэж боддог уу гэсэн асуултад тэр инээмсэглэн, “Дуусна гэж байхгүй дээ. Жил болгон л нэг юм нэмнэ, нэгийг нь сайжруулна” гэж хариуллаа. Та өвөлд ер нь юу хийдэг вэ гээд хэнэггүйтэж асуулаа. “Өвөл бодох юм ихтэй дээ. Хүмүүс хавраас ажил эхэлдэг гэж боддог. Манай ажил бол өвлөөс эхэлдэг. Өвөл төлөвлөж, хавар тарьж, зун арчилж, намар хураадаг. Ингээд бүтэн жилийн ажил болчихдог” хэмээн тэр өгүүлэв.  Өвөл нь дараа жилийнхээ зураг төслийг гаргаж, шаардлагатай материалаа цуглуулдаг. Харин нэгдүгээр сараас эхлэн үрсэлгээгээ бойжуулж, дулаан ороход хүлэмжиндээ шилжүүлэн тарьдаг аж.              

Түүний гурван хүүхэд нь гурвуулаа гадаадад амьдардаг тул төдийлөн хамт байж чаддаггүй аж.  “Хашаан доторх хүнд хүчир ажлуудаа хүүхдүүдээ ирэхээр нь нэг сайн хийлгээд авдаг” гээд инээв. Зун нь өглөөний 06:00 цагаас 08:00 цаг хүртэл цэвэрлэгээ, усалгаа хийж дараа нь бие муутай эхнэрээ асардаг байна. Харин орой болохоор хүлэмжээ дахин тойрч, ургамал бүрээ ажиглаж, аль нь ус дутав, аль нь бордоо хэрэгтэйг анзаарна.

СХД-ийн 42 дугаар хорооны 7 дугаар хэсгийн ахлагч С.Должинсүрэн Д.Мөнхзаяаг хорооныхоо хамгийн хөдөлмөрч, санаачилгатай иргэдийн нэг хэмээн онцоллоо. “Уулын хадан дээр хоёр хөгшин ингэж сайхан амьдралаа босгоод, өдөр бүр хашаа байшингаа янзалж, шинэчилж байгаа нь үнэхээр бахархмаар. Булан тохой бүрээс нь өөрийнх нь хөдөлмөр харагддаг. Манай хороо бүтээж босгохын төлөө хичээдэг айл өрхүүдээ аль болох дэмжихийг зорьдог. “Та нарын суулгаж өгсөн мод энд байна, ёстой өндөр ургачхсан” гээд л Мөнхзаяа ах харуулдаг юм, дээр нэг жил Манай хорооноос хэдэн айлд мод суулгаж өгсөн тэдний нэг нь Мөнхзаяа ахынх. Одоо бүгд сайхан ургачихсан байна. Харах бүрд үнэхээр сэтгэл өег болдог. Хавар гэрэлгүй болохоор шөнө явахад хэцүү байна гэсэн болохоор гэрэлтүүлэг шийдээд өгсөн, бид аль болох иргэдийнхээ амьдрах орчинг тав тухтай болгох гээд хичээдэг. Манай ах ч болгоно бүтээнэ гэсэн сэтгэлтэй хөдөлмөрч. Би Мөнхзаяа ахаараа ёстой их бахархдаг” хэмээн ярив. 

Д.Мөнхзаяа гуайн хашааг тойрон алхахад хэсгийн ахлагчийн хэлсэн үгс хоосон магтаал биш гэдэг нь илт. Хүн хүрэхэд бэрх хад асгатай налууг тэрээр өөрийн хөдөлмөрөөр бяцхан төгөл болгон хувиргаж, жилээс жилд өнгө нэмж буй нь түүний бүтээсэн амьдралын бодит гэрч ажээ.

Хашаагаа танилцуулж дуусаад Мөнхзаяа ах гүнзгий амьсгаа авна  “Байранд бол юун цэцэг навч тариад харж баясахтай мантай. Яг ширээний ард зурагтаа хараад л суух уу, өөр яах юм. Энд бол хийх ажил мундахгүй. Энэ шилмүүсийг бүр ийм жоохон суулгац байхад нь Долоон буудлаас авч байлаа. Анх мэдэхгүй болохоор хамгийн найдвартай ургахыг нь асуухад нарс, шинэс хоёрыг зааж өгч байсан юм. Одоо ингээд ёстой хөөрхөн томроод л байна. Энэ хавар бас хуш мод суулгалаа. 20–30 жил ургаж байж самар нь гарах юм гэнэ шүү, хэхэ хэмээн тарьсан мод бүрээ өөрийн хүүхэд шиг хайрлан, харц өөдөө ярилаа.

Хүн ер нь амьдралыг ямар өнгөөр харна, тэр өнгөөрөө л бүтээдэг аж. Аливаа зүйлийг өөрийн гараар, сэтгэлээ зориулан бүтээхэд цаг хугацаа, тэвчээр шаардагддаг ч түүний үр шим нь ямар их баяр баясгалан авчирдгийг Д.Мөнхзаяагаас тодхон харж болохоор байв. Бүгээн саарал, бүрхэг гэж бодож байсан гэр хорооллын мухарт, хад асга бараадсан налуу газарт ч хүн өөрийн сэтгэл, цуцашгүй хөдөлмөрөө зориулж чадвал Ногоон диваажинг босгож чаддагийн бэлээхэн жишээ энэ байлаа.

Айдас, зовнилоор дүүрэн эхэлсэн миний анхны сурвалжилга ийнхүү урам зориг, бахархлаар дүүрэн төгсөв. Хөл хөдөлгөөн ихтэй хотын төв рүү буцах автобусанд суухдаа Зүүн салааны уулын энгэрт туяарах тэр ногоон хашаа, түүнийг өөрийн гараар цогцлоосон Д.Мөнхзаяагийн хөдөлмөрч инээмсэглэлийг сэтгэлдээ тодхон тээн буцлаа. Хөдөлмөрч хүний гар дор хад чулуу ч ногоордог ажээ.

Ц.Ану

Төстэй мэдээлэл

Монголын хаана ч очсон хэдэн зуу, хэдэн мянган жилийн өмнөх нүүдэлчдийн үлдээсэн ул мөртэй тааралдана. Хадны зураг, булш, хиргисүүр, хүн чулуу, эртний хот суурины туурь гээд бидний түүх зөвхөн музейн үзмэрт бус, нутаг орны өнцөг булан бүрд хадгалагдан үлджээ. Гэвч бид байгалийн үзэсгэлэнт газрыг зорин аялахдаа замаас хэдхэн километрийн зайд орших үнэт дурсгалуудынхаа хажуугаар мэдэлгүй […]

…Хорлоо гуай нэгдүгээр сарын эхний ажлын өдөр эртлэн банк руу иржээ. Тэтгэврийг бага зэрэг нэмсэн сургаар тэрээр зөрүү мөнгөө авахаар ирж буй нь энэ аж. Ямар ч байсан энэ оноос сар бүр 80,000 төгрөг гар дээрээ авахаар болсондоо баярлаж байгааг нь манай нийгмийн эмгэнэл гэлтэй. Өнгөрсөн онд хүүхдүүддээ нэмэр болох гээд тэтгэврээ жилээр нь 100% […]

Зуршлаа Өөрчилье Хөтөлбөр пэйж 2026.06.21-нд дараах постыг нийтэлжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Пост дээр ашигласан зурагт Их Британийн Эрүүл мэндийн яам буюу Department of healt гэсэн эх сурвалж дурдаад “Цахилгаан болон халаадаг тамхи нь янжуур тамхинаас 95% хор багатай” гэж бичэн бөгөөд олон улсын эрүүл мэндийн томоохон байгууллагуудын логог оруулжээ. Factcheck […]

Дэлхийн улс орнууд электрон тамхийг залуучууд, ирээдүй үеийн эрүүл мэндэд заналхийлж буй шинэ эрсдэл хэмээн үзэж, бодлогын хатуу арга хэмжээнүүдийг дараалан авсаар байна. Зарим нь бүрэн хориг, зарим нь эмийн хяналт, өндөр татвар, амт ба маркетингийн хатуу хязгаарлалт руу шилжсээр.  Гэтэл Монгол Улсад вэйп тамхины талаар нэгдсэн хууль, ямар ч тодорхой зохицуулалтгүй байгаа нь дэлхийн […]

126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэнээс хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд өмнөх парламентууд олон жил хөндөж зүрхлээгүй асуудлуудыг зориг гарган барьж авсан нь шинээр сонгогдсон, ялангуяа жагсаалтаар орж ирсэн эмэгтэй гишүүд байлаа.  Харин үүнийх нь хариуд тэднийг бодлогын мэтгэлцээний оронд хувь хүнийг нь онилсон дайралт, цахим харлуулалт, хоч нэр, дарамт, заналхийлэл дагав. Өөрөөр хэлбэл, […]

Тэтгэвэр авч байгаа ахмадуудын 60% нь тэтгэврийн зээлтэй. Тэдгээр ахмадын 70 хувь нь 800 мянга хүрэхгүй тэтгэвэртэй байна. Энэ зээл чухам юунд зарцуулагддаг вэ гэдгийг тодорхойлж гаргасан судалгаа одоогоор байхгүй. Хамгийн сүүлд 2022 онд Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгаанд ахмадуудын талаас илүү хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх