Дэлхийн энерги хуралдсан, Дээд амгалант Дэмчог хийд

Ханбогдын шүлтлэг боржингийн өвөрмөц тогтож, цохионууд говийн хурц наранд зэсэн, алтлаг шар, хүрэн, саарал олон өнгөөр ээлжлэн гэрэлтэж, хадны ан цав, ирмэг бүр уран баримал мэт тодорч, эрт эдүгээгийн олон зуун сая жилийн түүхийг өгүүлж байгаа гэлтэй. Байгаль дэлхийн уран гоёыг илэрхийлэхэд үгийн баялаг ч дутахаар ажээ. 

…Түүх эхлэхээс өмнө. 

Өмнөговь аймгийн Ханбогд сум орчим, хааш хааш 1000 гаруй километрийг хамарсан, магмын их царцалт болсон гэдэг. Энэ л үед өдгөө бидний үлгэр домгоос л сонсож, уран сайхны киногоор төсөөлдөг, хэдэн галавын өмнөх тэр гайхамшигт амьдрал, үлэг гүрвэлийн ертөнц яг байгаа чигээрээ Галбын говийн хэвлийд шингэжээ. Тийм ч учраас байлагийн, геологийн, бас өв соёлын амьд музей Монголын говьд цогцолсон аж. Үлэг гүрвэлийн яс бүтнээрээ олддог энэ гайхамшигт нутаг дэлхийн археологич, геологич, түүхч, судлаачдын хувьд диваажин гэгддэг нь ч ийм учиртай. Харин энэ сайхан газар нутгаа залуус бид үзэж, таньж, үүх түүхийг нь дэргэдээс нь сонсохгүй бол энэ насны харамсал болж мэднэ. 

Одоогоос 300 сая жилийн тэртээ үүссэн Ханбогдын Шүлтлэг боржингийн Массив гэж нэрлэдэг тэрхүү чулуулаг тогтцын дунд долоон суварга бүхий сүм онцгой содон харагдана. Энэ бол говийн Догшинхутагт Данзанравжаагийн XIX зуунд байгуулсан дөрвөн хийдийн нэг, Дэмчог юм. Догшинхутагт Данзанравжаа Ханбогдын нутгийг олон хоног шинжсэний эцэст “Галав юүлсэн ч хүн зоноо аврах ариун дагшин нутаг байна” хэмээн сонгон шав тавьж, “Дээд амгалан” хэмээх утгаар Дэмчог хэмээн хийдээ нэрлэсэн түүхтэй аж. Говийн Ноён хутагт Данзанравжаа 1828–1830 онд Ханбогд уулын бэлд байгуулсан энэ хийддээ намарждаг байжээ. Хийдийн гол шүтээн болсон Дэмчог бурхан нь бүх амьтны сэтгэлд амгалан жаргаланг төрүүлэх утга бэлгэдэлтэй ажээ. 

Дэлбээлж буй бадамлянхуа цэцгийг дүрслэн бүтээсэн Дэмчог хийдийн гол сүмүүд нь анх хадтайгаа ууссан, бясалгал хийхэд зориулагдсан агуй, жижиг дуган, суваргатай байжээ. Харамсалтай нь 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед хийдийн үйл ажиллагааг зогсоож, барилга байгууламжийг нь бүрэн сүйтгэж, олон арван жилийн турш зөвхөн туурь, хагархай тоосго л үлдсэн гэдэг. Харин 1990-ээд оноос шашин шүтэх эрх чөлөө нээлттэй болсноор нутгийн зон олон, сүсэгтнүүд болон соёлын зүтгэлтнүүд хийдийн туурийг хамгаалалтад авч, сэргээн босгох ажлыг үе шаттай хийснээр гол сүм болон суварга, бясалгалын газруудыг сэргээн засварлаж, олон нийтэд бүрэн нээлттэй болгож, улмаар улсын хамгаалалтад авчээ. Галбын говийн үзэсгэлэнт байгальд орших түүх, шашин, соёлын чухал дурсгалт энэхүү газрыг өдгөө “Дэлхийн энергийн төв” хэмээн нэрийдэж, гадаад, дотоодын жуулчдын зорин очиж сүсэлдэг чухал цэг болжээ. 

Өмнийн говийн баялаг хөрсөн доороо ч дуусашгүй, хөрсөн дээрээ ч дундаршгүй гэдэг хууч яриа байх. Үүнийг өдгөө дэлхийд гуравт эрэмбэлэгдэх Оюу толгойн зэс, алтны томоохон орд нотолдог. Тэгвэл Ханбогдын массив нь дэлхийд ховор шинэ хоёр эрдсийг агуулдаг бөгөөд Ноён хутагт Данзанравжаа “Газрын нуугдмал баялаг” гэж үзэж байсан нь ийнхүү биеллээ олсон гэж үздэг байна. Тодруулбал, 1970-аад онд эндээс үл танигдах эрдэс олж нарийвчлан судалснаар дэлхийд анх Монголит болон Армстронгит гэх шинэ эрдсүүдийг нээн илрүүлсэн байна. 

Ханбогд Массив, Өмнөговь аймаг, Ханбогд сум
Дэлхийн хамгийн том шүлтлэг боржингийн массивуудын нэг бөгөөд ~290 сая жилийн өмнө (Түрүү Пермийн галав) үүссэн ба ойролцоогоор 1,000 км² талбайг хамардаг. Агаараас тод харагдах цагариган бүтэцтэй ба өгөршлийн нөлөөгөөр тогоруу хэлбэрийн хад, бөмбөгөр чулуу, бөөрөнхий тогтцууд үүссэн.

Эртний амьдралыг энэ цаг үе хүртэл тээн ирсэн Ханбогд нутаг болон говийн ард түмний зуун зуун жилийн турш өвлөгдөн ирсэн өвөрмөц соёл бүхэлдээ Монголыг өнөөдөр дэлхийд хосгүй үнэ цэнтэй орон болгох нэг хүчин зүйл мөн. Тийм ч учраас ЮНЕСКО-ийн олон улсын шинжээчид үлэг гүрвэлийн өлгий нутаг болсон, үүх түүхийн олон соёл, дурсгал бүхий энэ газрыг “Эртний амьдралын өлгий нутаг” хэмээн үнэлж, “Ханбогд, Шар цав болон Дэмчогийн хийд орчмын газар нутгийг геопарк болгон хөгжүүлэх боломжтой” гэж 2018 онд анхлан тэмдэглэн хэлж байсан нь өдгөө ажил хэрэг болж, Өмнөговь болон Дорноговь аймгийн дөрвөн сумын нутгийг хамарсан “Ханбогд Шар цав” хэмээх Монгол Улсын анхны геопаркийг энэ сарын 1-ний өдөр байгуулаад байгаа билээ. ЮНЕСКО-ийн Дэлхийн геопракаар нэрлэгдэж, Дэлхийн геопаркуупын сүлжээнд нэгдэх, үүгээрээ дамжуулаад дэлхийн аялал жуулчлалын сэтгүүлүүдийн хавтсыг чимж, хүн бүрийн очихыг хүсдэг газруудын нэг болох эхлэл ийнхүү тавигдаад байна. 

Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум, Дэмчогийн хийд бол таны заавал очиж үзэх ёстой газрын нэг мөнөөсөө мөн. Энергийн төв буюу Дэмчогийн хийд орчмыг хүмүүс байгалийн хүчтэй энерги буюу эрчим хүчний хуримтлалтай газар гэж үздэг. Хаданд нь Ноён хутагтын үлдээсэн гэх мөр, бясалгалын агуй, рашаан зэрэг олон домогт газрууд бий. Монгол орон бол яндаж баршгүй далай шиг арвин баялаг түүхтэй, үүх түүхийн дурсгал цогцолсон орон билээ. 



Төстэй мэдээлэл

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

Товч агуулга Ivoice.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг 53 хүн шэйрэлж, 134 хариу үйлдэл, 298 коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр […]

Монголын хаана ч очсон хэдэн зуу, хэдэн мянган жилийн өмнөх нүүдэлчдийн үлдээсэн ул мөртэй тааралдана. Хадны зураг, булш, хиргисүүр, хүн чулуу, эртний хот суурины туурь гээд бидний түүх зөвхөн музейн үзмэрт бус, нутаг орны өнцөг булан бүрд хадгалагдан үлджээ. Гэвч бид байгалийн үзэсгэлэнт газрыг зорин аялахдаа замаас хэдхэн километрийн зайд орших үнэт дурсгалуудынхаа хажуугаар мэдэлгүй […]

…Хорлоо гуай нэгдүгээр сарын эхний ажлын өдөр эртлэн банк руу иржээ. Тэтгэврийг бага зэрэг нэмсэн сургаар тэрээр зөрүү мөнгөө авахаар ирж буй нь энэ аж. Ямар ч байсан энэ оноос сар бүр 80,000 төгрөг гар дээрээ авахаар болсондоо баярлаж байгааг нь манай нийгмийн эмгэнэл гэлтэй. Өнгөрсөн онд хүүхдүүддээ нэмэр болох гээд тэтгэврээ жилээр нь 100% […]

Монгол Улсынхаа өнцөг булан бүрд нуугдсан гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэх хамгийн тохиромжтой зун цаг ирлээ. Хэрэв энэ жил Дорнод аймгийг зорихоор төлөвлөж байгаа бол байгалийн үзэсгэлэн төдийгүй түүх, соёл, шашны өвийг нэгэн дор мэдрүүлэх онцгой аяллын цэгийг заавал төлөвлөгөөндөө багтаагаарай. Тэр нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Их Бурхант цогцолбор юм. Соёлын үнэт өв […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх