Хэнтий аймагт ажиллаж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Даваа гарагийн орой МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр ярихдаа Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь олон нийтийн сүлжээнд анхаарал татаад байна.
Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл “Холбогдсон дэд бүтцийн цикль дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим САЯ жуулчин ирэх хүчин чадал байна гэж үзэж байгаа. Монгол туургатантай холбоотой буриад зон, бусад халимаг, тува зэрэг… Мөн худалдааны том, зүүн бүсийн ийм, Улаанбаатар хоттой холбогдох том төслийн гүүр нь энд харагдаж байна гэсэн үг” хэмээн ярьсан юм.
Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн түүний баг тооцоолсон аж.
Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны хэлсэн энэ үг бодит байдалд хэрэгжих боломжтой эсэхийг iKon.mn сайттай бид хамтран нягтлахыг хичээлээ.
Тэгвэл Монгол Улс 2019 онд 570,262 буюу хамгийн олон жуулчин хүлээн авсан. Тэдний
- 49.3% нь Буянт Ухаа
- 9.3% нь Алтанбулаг
- 5.3% нь Замын-Үүдийн төмөр замаар
- 10.6% нь Замын үдийн авто замаар
- 4% нь Сүхбаатарын боомтоор нэвтэрсэн гэдгийг Үндэсний статистикийн хороо гаргасан байна.
2020 онд ашиглалтад орох хүлээлттэй байгаа гэсэн үг.
Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460 зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг гэсэн БОАЖЯ-ны статистик тоо байна.
“Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар тусгагдсан зорилтуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлж байв.
Түүнээс өмнө 2014 онд хотын экс дарга Э.Бат-Үүл 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин авдаг болох зорилт тавьж байгаагаа ярьж байсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн зургаан жилийн турш эрх баригчид жуулчдын тоог сая давуулах талаар ярьж эхэлсэн ч өнөөдөр хамгийн дээд тал нь 570 мянгад л хүргэж чадсан нь бодит үзүүлэлт.
Засгийн газраас боловсруулан гаргасан “Алсын хараа-2050” төсөлд ч 2050 он гэхэд 6 сая жуулчин хүлээн авдаг болохоор зорилт тавьжээ.
Тэгвэл өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын салбараар тэргүүлэгч дэлхийн 10 орон 2019 онд хэчнээн жуулчин хүлээн авсан талаар сонирхвол
- Франц 86.9 сая
- Испани 81.8 сая
- АНУ 76.9 сая
- БНХАУ 60.7 сая
- Итали 58.3 сая
- Мексик 39.3 сая
- Их Британи 37.7 сая
- Турк 37.6 сая
- Герман 37.5 сая
- Тайланд 35.4 сая гэсэн үзүүлэлтэй байна.
Эндээс онцлон Турк улсыг авч үзье. Тус улс Европын орнууддаа хамгийн томд тооцогдох шинэ нисэх буудлын эхний хэсгээ ашиглалтад оруулаад байгаа бөгөөд 2023 онд бүрэн ашиглалтад оруулснаар жилдээ 200 сая зорчигч хүлээн авч нэвтрүүлэх боломжтой болох юм. Гэхдээ одоогийн байдлаар 40 хүрэхгүй сая жуулчин хүлээн авч байгааг дээрх жагсаалтаас харж болох бөгөөд 2023 он гэхэд 200 сая зорчигч яг нэвтрүүлэх нь бас баталгаатай гэсэн үг биш.
Гэтэл жилдээ 570 мянга буюу Турк улсаас 66 ДАХИН БАГА жуулчин авч байгаа Монгол Улс 400 сая жуулчин авдаг болно гэдэг ямар ч үндэслэлгүй тоо болох нь тодорхой харагдаж байна.
Мэдээллийг нягталсан: Fact Check Mongolia
Р.ОЮУНЦЭЦЭГ, IKON.MN
Ц.ТАМИР, MCIR