Ц.Өлзийтогтох: Товлолт вакцин гэдэг шинжлэх ухааны ойлголт дэлхий дээр байхгүй – ХУДАЛ

“Эко хүүхдийн төлөө нэгдье” сэдвээр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудаас Даваа гараг(2025.11.17)-т мэдээлэл хийсэн бөгөөд вакцин тариулахгүй байхыг, тэр дундаа 11 настай хүүхдүүдийг Хүний папилломавирусийн эсрэг вакцин хийлгэхгүй байхыг уриалсан нь иргэдийг төөрөгдүүлэв.

Вакцин үйлдвэрлэлийн технологич, вакцин судлаач хэмээн өөрийгөө танилцуулсан Ц.Өлзийтогтохын олон нийтэд өгсөн мэдээллийг нягталлаа.

Тэрбээр:

  • Вакциныг ганцхан тохиолдолд л хэрэглэдэг юм, халдварын эрсдэл буюу халдвар аймшигтай хэмжээнд хүрч, хүүхдүүдийг өвчлүүлж байна гэхэд. Түүнээс биш хаана төрсөн нь хамаагүй бүх хүүхдийг 24 цагийн дотор аваачиж тарьдаг бүтээгдэхүүн биш.
  • Хүүхдэд 11 насанд нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийгээд, 35-аас дээш насанд нь умайн хүзүүний хорт хавдар тусахаас сэргийлж чадаж байна гэдэг судалгаа Монголд битгий хэл дэлхийд ийм нэг ч судалгаа байхгүй. Өнөөдөр тарьж байгаа хүүхдүүдэд ирээдүйд тэр халдвар нь тусах, тусахгүйг, хаанаас тэр халдвар нь орж ирэхийг хэн ч хэлэх боломжгүй.
  • Товлолт вакцин гэдэг шинжлэх ухааны ойлголт дэлхий дээр байхгүй. Хоёр настайд тийм өвчин тусна, 9 сартайд тийм өвчин тусна гэдэг ойлголт дэлхий дээр байхгүй. Энэ бол вакцины борлуулалт, тархи угаалт гэсэн юм.

Нярайд дархлааны тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг тул вирус, бактерийн халдвар авах хамгийн эрсдэлтэй эмзэг үе байдаг. Тиймээс төрсний дараах 24 цагийн дотор дархлаажуулах нь улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн томоохон бодлогод тооцогддог.

Тухайлбал, төрөх үед эхийн цусаар болон шингэнээр дамжин Гепатит B вирус хүүхдэд түгээмэл халдварладаг.

Хэрэв HBV-ээр нярай халдвар авбал 90% нь насан туршийн архаг халдвартай болдог. Харин төрсний эхний 24 цаг нь халдвараас хамгаалах хамгийн үр дүнтэй үе буюу 90% хүртэл хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, эрт дархлаажуулах тусам архаг халдварын эрсдэл 0% болдог хэмээн үздэг.

Тийм ч учраас 2024 оны байдлаар дэлхийн 109 улс нярайг төрсний дараах 24 цагийн дотор вакцинд хамруулах бодлого баримталж байна.

Төрсөн хүүхдэд 11 насанд, эсвэл түүнтэй ойролцоо буюу 9–14 настайд хийсэн HPV вакцин нь ирээдүйд умайн хүзүүний хорт хавдар болон түүнээс өмнөх шатны өвчлөлүүдийг хүн амд бууруулсныг харуулсан олон, өндөр чанартай судалгаа, бодит нотолгоо байдаг.

Тухайлбал, Шотланд, Швед, Австрали улсад хийсэн судалгаагаар Хүний папилломавирусийн вирусийн эсрэг 4 цэнт вакцин(HPV)-д хамрагдсан охид, эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдрын эрсдэл буурсан ба 12–13 настайд нь хийсэн охидын дунд эрсдэл 90 хүртэл хувь буурчээ.

2022 онд ДЭМБ-аас HPV вакцинжуулалт нь умайн хүзүүний хорт хавдрыг урьдчилан сэргийлэх үндсэн суурь бодлого гэж тодорхойлсон бөгөөд дэлхий нийтээрээ 9–14 насанд дархлаажуулалт хийхийг зөвлөх болсон. Энэхүү бодлогын үр дүнд 60 сая орчим хүнийг нас баралтаас сэргийлэх боломжтой хэмээн тооцоолсон байна.

10 жилийн өмнө эхлүүлсэн HPV вакцинжуулалтын үр дүнд эдгээр улсад умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлууд буурч, загвар тооцооллоор Австрали улсад л гэхэд ирээдүйд умайн хүзүүний хорт хавдрыг устахад хүргэх боломжтой гэж үзжээ.

Товлолт вакцины тухайд ДЭМБ-аас төрөх үед сүрьеэ болон гепатит В-ийн эсрэг вакцин хийлгэхийг зөвлөдөг. Ялангуяа, бага, дунд орлоготой ихэнх орнууд сүрьеэ, гепатит В-ийн халдварын түвшин өндөр байгаа тул энэхүү зөвлөмжийг дагаж мөрддөг. 

Төрөх үед вакцин хийлгэх шийдвэрт тухайн улсын өвчлөлийн ачаалал, нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлүүд нөлөөлдөг. Өвчний тандалтын хүчирхэг системтэй, өндөр орлоготой орнууд нийгмийн өвчлөлийн байдалд тулгуурлан дархлаажуулалтын хөтөлбөрөө өөрчилдөг байна. Дархлаа судлаач, Япон улсын Үндэсний Каназава их сургуулийн тенюрт ассошэйт профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр “Дархлаа тогтоох цорын ганц арга нь одоогоор вакцин. Энэ санаагаар хэлсэн хэсэг байна” хэмээн хэлж байв.

Дархлаажуулалтын үр дүн хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгааг ойлгохын тулд хүүхдийн эндэгдлийн ерөнхий тоо баримтыг харах шаардлагатай. 1990 онд 1000 хүүхэд тутмын 93 нь таван нас хүрэхээсээ өмнө нас баржээ. Өнөөдөр нас баралтын түвшин энэ тооны гуравны нэг буюу 1000 хүүхэд тутамд 37 хүүхэд байна. Үүний ихэнх нь дэлхийн вакцинжуулалтын хөтөлбөрүүдтэй холбоотой бөгөөд сүүлийн 50 жилд вакцинжуулалт 154 сая хүний ​​амийг аварснаас 101 сая нь нялх хүүхэд байсныг НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлдэг.

Хүүхэд бага байх тусмаа өвчинд өртөмтгий байдаг тул вакциныг цаг тухайд нь хийлгэж, вакциныг хойшлуулахгүй байхыг олон улсад эрүүл мэндийн байгууллагууд зөвлөсөөр байна. Вакцинууд нь тухайн халдварт өвчин, вирусийн шалтгаанаар үүсэх олон төрлийн эмгэгээс урт хугацаанд хамгаалах зорилготой. Ингэхдээ дархлааны системийг олон арван жилийн турш үр дүнтэй байх санах ойн эсийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлдэг.

Үүний зарим жишээг дурдвал:

Цагаанцэцэг өвчний эсрэг вакцин – уг өвчнийг устгахад хувь нэмэр оруулж, олон арван жилийн дархлааг хангасан.
Улаанбурханы эсрэг вакцин – Энэ вакцинд хамрагдсан ихэнх хүнд насан туршийн дархлаа бий болгодог.

Гепатит В вакцин – Энэ вирусийн эсрэг вакцинд хамрагдсан ихэнх хүнийг дор хаяж 30 жил хамгаалдаг. Хүний папилломавирусийн эсрэг вакцин нь өндөр эрсдэлтэй вирусийн хэв шинжийн халдвараас урьдчилан сэргийлж байгаа нь 15 жилийн судалгаагаар тогтоогдсон бөгөөд халдвар авахаас эрт үед нь сэргийлэх нь умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг 20 ба түүнээс дээш жилээр мэдэгдэхүйц бууруулах боломжтой нь тодорхой болсон.

Иймд дээрх иргэний өгсөн мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна.

Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, баталгаажуулж байхыг Factcheck.mn сануулж байна.

Эх сурвалжууд:

  • ДЭМБ
  • АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний хүрээлэнгийн
  • АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв
  • Lancet

Төстэй мэдээлэл

Товч агуулга Amar Erdene гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.07-нд дараах постыг нийтэлжээ. Үүнд “Бид буюу хүн төрөлтөн ирээдүйд ямар нэг ургын гажиггүй ген буюу монгол зэрлэг дархлааг хайх боловч, тэр үед та нарын хийсэн өнөөдрийн вакцины гайнаас болж өөрийгөө хамгаалах дархлаагүй мал мэт болно. Дархлаан систем төрөхөөсөө асар хүчтэй кодтой бөгөөд, ямар ч нөхцөлд тэсэн амьдрах […]

Дахин нийтлэв… Товч агуулга Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “7 жилийн өмнө 2018 онд судлаач, эдийн засагч Х. Болорболд, доктор Б.Жаргалмаа нар умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх АНУ-ын вакцины талаар ийнхүү ярьсныг Юутуб дээрх Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш нэртэй ярилцлагаас хэсэгчлэн орууллаа” гээд видео хуваалцжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 9:02 минут үргэлжлэх уг […]

Товч агуулга Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.28-нд “ГАРДАСИЛ ВАКЦИНЫ НАЙРЛАГАД ИЙМ ХОРНУУД БАЙНА!!!!! ИЙМ ЮМААР ДАРХЛАА ТОГТООДОГ ГЭДЭГ ҮЛГЭРТ БҮҮ ИТГЭЦГЭЭЭ,, ХҮМҮҮС ЭЭЭЭЭ!!!!!!!!!” гэсэн пост оруулжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Амин хүчил, аморф хөнгөн цагаан гидроксифосфат сульфат, нүүрс ус, L-гистидин, эрдэс давс, полисорбат 80, натрийн борат, витамин, мөөгөнцрийн […]

Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “Бидний үр хүүхэд туршилтын харх биш!!!” гэсэн гарчиг бүхий лайв видео хийжээ. Энэхүү видеонд Хүний папилломавирусийн эсрэг болон бусад товлолт вакцинуудын талаар ярьсныг нягтал өгөх хүсэлт ирсэн юм. Нийт 1:11:53 цаг үргэлжлэх уг видеоны үеэр олон мэдээлэл яригдсаны нэг нь дархлааны тухай байв. Энэ талаар бид нягталлаа. “Вакцинжуулалт бол […]

Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.26-нд “0-30 ХОНОГТОЙД ВАКДУУЛСАН ХҮҮХДҮҮД ВАКДУУЛААГҮЙТЭЙ НЬ ХАРЬЦУУЛАХАД 10000% ИЛҮҮ ӨВЧЛӨМТГИЙ БАЙСАН. БАГА РОБЕРТ К.” гэсэн пост нийтэлсэн байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Түүний эх сурвалж болгон ашигласан бага Роберт Кеннедиг вакцин эсэргүүцэж байр суурь илэрхийлсэн мэтээр олон улсад ч мэдээллүүд ихээр гарч байжээ. Түүнийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх