КОВИД-19-ийн вакцин хүүхдүүдийн зүрхийг устгаж байна – ХУДАЛ

Товч агуулга

Миокардит буюу зүрхний үрэвсэл хүүхдүүдэд маш ховор тохиолддог.

Ялангуяа, вакцин хийлгэсний дараа маш ховор тохиолддог гаж нөлөө бөгөөд миокардитаар өвчилсөн хүмүүс хурдан эдгэрдэг байна.

V-safe программаар дамжуулан вакцин эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж мэдээлсэн 4500-4600 хүүхдийн 1% нь л эмнэлгийн тусламж авах шаардлагатай байжээ.

Судалгаагаар вакцин биш, харин КОВИД-19-ийн халдвар нь өөрөө миокардитын эрсдэлт хүчин зүйл болох нь тодорхой байна.



“АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судалгаагаар КОВИД-19-ийн вакцин хүүхдийн зүрхний булчингийн үрэвсэл буюу миокардит үүсэх шалтгаан болж байна” гэсэн мэдээллийг Техасын зүрх судасны эмч, доктор Петер МакКалло гаргажээ. Тэрбээр судалгааны үр дүнг хэсэгчлэн авч эш татсан нь дутуу мэдээлэл болж, вакцины аюулгүй байдлын талаар төөрөгдүүлсэн мэдэгдлийг олон нийтэд гаргаж, хүүхдүүд COVID-19 халдвараар өвчлөх эрсдэлийг үл тоомсорлолоо хэмээн эрүүл мэндийн салбарынхан болон мэргэжилт нэгтнүүд нь үзсэн байна.

Энэ талаар ярьсан видео нь худал, ташаа мэдээлэл түгээдгээрээ танигдсан InfoWars гэх вэбсайтад тавигджээ(Тус сайтад тавигдсан мэдээллүүдийг нягтлахад ташаа болох нь батлагдсаны жишээг Politifact.com үзүүлжээ).

Бичлэгч МакКалло “Датаг харвал 100 ноцтой тайлан байгаагаас 15%-д нь тропонины түвшин нэмэгдсэн байна. Энэ нь 12-оос доош насны хүүхдүүдэд зүрхний гэмтэл үүсгэж байна гэсэн үг. Өмнө нь бид ийм байх боломжтой гэж бодож байгаагүй. КОВИД-19-өөс өмнөх миокардитын тохиолдлыг харвал бэлгийн бойжилтын өмнөх насанд хэзээ ч тохиолдож байгаагүй” гэж ярьжээ.

Гэвч эдгээр мэдээлэл нь ташаа, олон нийтийг төөрөгдүүлсэн нь батлагдсан тул Фэйсбүүк компани “Ташаа мэдээлэл” гэсэн тэмдэглэгээг тавьсан байна.

Уг мэдээллийг баримтыг нягтлагч олон улсын санаачлагч Poynter институтийн дэргэдэг Politifact.com сайтын баримт нягтлагчид шалгаж, олон нийтэд хүргэжээ.

Factcheck:

Миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл хүүхдэд маш ховор тохиолддог байна. Мэргэжлийн эмнэлгийн олон холбоо, нийгэмлэгийн эрүүл мэндийн агентлагуудаар баталгаажсан, 2021 оны зургаадугаар сард гаргасан мэдэгдэлд миокардит нь вакцин хийлгэсний дараа маш ховор тохиолддог гаж нөлөө бөгөөд миокардитаар өвчилсөн тохиолдолд хурдан эдгэрдэг болохыг бичжээ.

АНУ-ын Хүнс, эмийн зөвлөл КОВИД-19-ийн Pfizer-BioNTech-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд яаралтай горимоор тарихыг 2021.10.29-нд зөвшөөрсөн.

Петер МакКаллогийн эш татсан мэдээллээ вакцины аюулгүй байдлыг хянах VAERS болон v-safe программын мэдээллийг АНУ-ын Халдвар өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн 2021.12.31-нд нэгтгэсэн дата, үр дүнгээс авчээ. VAERS буюу Вакцины гаж нөлөөний мэдээллийн систем нь нээлттэй систем бөгөөд вакцины хариу урвал, гаж нөлөөний талаар хэн ч, хаанаас ч хандах боломжтой талбар юм. Гэвч уг системд ирсэн бүх мэдээлэл үнэн гэсэн үг биш буюу тайланг нягталж, баталгаажуулснаар ашиглаж болох тайлан мэдээний сан болох юм. V-safe нь жирэмсэн ээжүүдийг хянах зорилгоор нэвтрүүлсэн бүртгэлийн систем.

МакКаллогийн дурдсан аюулгүй байдлын 100 ноцтой тайлан гэсэн нь нийт 4,249 сөрөг үзэгдлээс гарсан тоо аж. Харин аюулгүй байдлын уг тайлангийн 97.6% нь ноцтой гэж тооцогдоогүй байна.

Хэдийгээр тропонины түвшин нэмэгдсэн 15 тохиолдол нь ноцтой гаж нөлөөний 15%-ийг эзэлж байгаа ч нийт гаж нөлөөний ердөө 0.35% юм байна.

Дээр дурдсан 4,249 гаж нөлөө гэдэг нь тухайн цаг үед 8.7 сая тун вакцин тарьсны дараах үр дүн бөгөөд вакцин хийлгэсэн хүүхдүүдийн 1-ээс бага хувьд зүрхний өвчлөлийн үед тропонины түвшин нэмэгдсэн байна. Миокардит батлагдсан 11 хүүхдийн 7 нь эдгэрсэн бол үлдсэн 4 нь тайланг нийтлэх үед эдгэрсэн байжээ.

МакКаллогийн ярилцлагадаа онцолсон системийн хариу урвал нь хөнгөн, дунд, хүнд байсан бөгөөд ихэнх нь ядрах, толгой өвдөх шинж байв. Эдгээр нь вакцин тариулсны дараа түгээмэл илэрдэг шинж тэмдэг бөгөөд дархлаа тогтолцоо вирусийн эсрэг хамгаалалтаа бий болгож байгаа үйл явцын нөлөө юм.

V-safe программаар дамжуулан вакцин эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж мэдээлсэн 4500-4600 хүүхдийн 1% нь л эмнэлгийн тусламж авах шаардлагатай байжээ.

Судалгаанаас үзэхэд вакцин биш, харин КОВИД-19-ийн халдвар нь миокардитын эрсдэлт хүчин зүйл болох нь тодорхой байна. АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн 2021 оны есдүгээр сарын тайлангаас харахад КОВИД-19-ийн халдвар авсан бүх насны өвчтөнд миокардитаар өвчлөх эрсдэл коронавирусийн халдваргүй өвчтөнүүдээс 16 дахин өндөр байна. Мөн КОВИД-19-ийн шинж тэмдэг хүүхдүүдэд ихэвчлэн хөнгөн хэлбэрээр илэрдэг бол зарим хүүхдэд олон эрхтэн системийн үрэвсэлт хам шинж(MIS-C)-ээр илэрдэг ба энэ өвчний үед биеийн олон эрхтэнд үрэвсэл явагддагийн дотор зүрх мөн үрэвсдэг.

“Хэдийгээр хүүхдүүд КОВИД-19-өөр хүндээр өвчлөх магадлал багатай ч тэд КОВИД-19-ийн халдвар авч, дамжуулж, халдварын улмаас нас барж болно” гэдгийг Филадельфийн Хүүхдийн эмнэлгийн зүрх судасны эмч, доктор Мэттью Элиас хэлжээ. Хүүхдүүдэд КОВИД-19-ийн халдварын шинж тэмдэг илрээгүй боловч халдварын улмаас олон эрхтэний үрэвсэл үүсэж байж” гэдгийг мөн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд вакцинаас болж биш, COVID-19 халдварын дараа зүрхний өвчин үүсэх магадлал өндөр байгааг мэргэжилтнүүд хэлжээ.

Америкийн Зүрхний Ассоциаци болон Америкийн Хүүхдийн Академи нь таваас дээш насны хүүхдүүдэд COVID-19 вакцин тариулахыг зөвлөж байгаа. COVID-19 вакцин тариулсан хүүхдүүд халдвараас үүдэлтэй зүрхний өвчлөлөөс давхар зайлсхийх магадлал өндөр байна.

Иймд КОВИД-19-ийн эсрэг вакцин хүүхдүүдийн зүрхийг устгаж байна гэдэг нь олон эх сурвалжаар няцаагдав.

Эх сурвалжууд:

АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Бөхбатын Дэлгэрмаа гэх фэйсбүүк хаягаар Украины цэргүүд анхан шатны бэлтгэлийн үед сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг гэж ярьсан талаарх видео контентыг шэйрлэжээ. Энэхүү видеог шэйрлэхдээ Украйны цэргүүд анхан шатны бэлтгэлийн үед сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг гэж ярьжээ. Тэдгээрийг хэрэглэх үед хүн өвдөлтийг,айдсыг бараг мэдэрдэггүй бөгөөд аймшигтай харгислалыг үйлдэж чаддаг. Оросын байлдагчид Украйны траншейнаас тариур,хаяг […]

Цахим орчинд “Гүүрээ засаач ээ, нурлаа” гэсэн тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгт том оврын машин дөрвөн эгнээ, хоёр урсгал бүхий замаар өнгөрөхөд гүүрний залгаас хэсэг хөдөлж буй харагдаж байгаа юм. Tiktok аппликэйшн дээр erbol727 гэсэн хаяг бүхий хэрэглэгчийн хийсэн бичлэгийг твиттер хуудаснаа UB_Mongolian гэх хаягтай хэрэглэгч “Гүүрээ засаачээ!!! Нурлаашдээ…” гэсэн тайлбартай оруулжээ. Түүний мэдээллийг хүмүүс […]

COVID-19-ийн вакцин өөрөө хор үйлдвэрлэж байгаа талаар Канадын Онтарио дахь Гуэлфийн их сургуулийн вирусийн эсрэг дархлаа судлаач Байрам В. Брайдл радио нэвтрүүлгээр анх ярьж, S уураг өөрөө хортой хэмээн олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр “Сонсогч та бүхэн энэ дүгнэлтийг мэдэж авч байгаа хамгийн анхны хүмүүс. Коронавирусийн эсрэг бие үүсгэгчийг өдөөх S уураг нь хортой болохыг бид […]

Монголчуудын нэгдэл нэртэй фэйсбүүк группт 2021 оны 7-р сарын 17-ны өдөр Гээки Гээки Магнайбаярын Гэрэлчулуун нэртэй хэрэглэгч “Ажлын зургаан хоногтой болно гэв. Энэхүү шийдвэр иргэн таны хувьд зөв бол шэйр хийнэ үү?” гэсэн постыг нийтэлжээ. Уг мэдээлэлд 420 хүн хариу үйлдэл үзүүлж, 1000 хүн хуваалцаж, 136 хүн сэтгэгдэл бичсэн байна. Уг мэдээллийг гарчгаар нь хайж […]

Товч агуулга Цогбадрахын Болор-Эрдэнэ гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.01.02-ны өдөр “Ураны хүдрийн агууламжаас хамаарч 100тн шорооноос ердөө 1% ураныг ялган авдаг ба 99% нь цацраг овоолого хаягдал болж үлддэг” гэсэн пост оруулжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Монгол Улсын Засгийн газартай хамтран уран олборлох төсөл хэрэгжүүлэх гэж буй “Орано майнинг” группийн үйл […]

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагад оролцох үеэрээ одоогоос арван жилийн өмнө хотод ирсэн хийгээд жижүүрийн ажил хийдэг байсан талаараа ярьжээ. Тодруулбал, тухайн ярилцлагынхаа үеэр “Би 30-тай байхдаа хотод орж ирсэн шдээ. Ерөөсөө арван жилийн өмнө. Сумын тамгын газарт жижүүр хийж байсан. Нэг их үгүйсгэх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх