Бүүстер вакцин омикронд ямар ч үйлчилгээгүй – ТАШАА

Shuud.in гэх сайт 2021.12.27-ны өдөр “ОМИКРОНД 3-Р ТУН ЯМАР Ч ҮЙЛЧИЛГЭЭГҮЙ ГЭДГИЙГ ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИХ БРИТАНЫ ЭРДЭМТЭДИЙН ТУРШИЛТЫГ ҮНДЭСЛЭН МЭДЭГДЛЭЭ” гэсэн гарчигтай мэдээ оруулжээ.

Мэдээний эхэнд “Дархлаа сулаач И.Цэрэнхүү “Омикрон хувилбартай холбоотой мэдээлэл цахим хуудсандаа олон нийттэй хуваалцсан байна” гэдгийг тайлбарлажээ.

Дархлаа судлаач хэмээн тодотгосон И.Цэрэнхүү буюу Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.26-ны өдөр Омикрон хувилбартай холбоотой уг мэдээллийг постолсныг ийнхүү мэдээ болгон нийтэлсэн байна. Түүний постыг 409 гаруй хүн шэйрлэж, 798 хүн лайк даржээ.

Уг постод:

Омикроны талаар шинэ шинэ мэдээ орж ирсээр байна.

Одоо байгаа вакцины хүрээнд 3-р тун гэх бүүстер вакцин омикронд ямар ч үйлчилгээгүй гэдгийг ДЭМБ-ын Ерөнхий захирал Их Британийн эрдэмтэдийн туршилтыг үндэслэн мэдэгдлээ. Түрүүнд нь бас пфайзерийг Израильд туршаад үр дүн 00 гэж гарсаан. Өгөр Сахин энэ туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн байгаа.

12 нас хүрээгүй бол ямарч вакцин хийж болохгүй гэсэн шийдвэрийг ДЭМБ-ын дэргэдэх SАGE агент зөвлөмж (рекомендацион) гаргалаа.

Энэ удаа ам хамрын хамгаалалт (маск)-ын тухайд мэдээ хүргэе!

Хятадын хөх бол маск зүүсэн харагдах, даавуун маск бол нүүрний гоёо гэж эрдэмтэд хошигнож байна. Омикронд гагцхүү стандартын маск л нэмэр болох талтай юм байна. Тун боломжгүй бол ядаж эмнэлэгийн маск хэрэглээд оосроос нь болгоомжтой тайлж 2 цаг тутам сольж бай гэсэн байна шүү.

Омикрон тархалт түргэн гэхдээ хүндрэл багатай, нас баралтаас хол гэдэг концепци хэвээрээ байгаа. Харин вакцин хийлгэсэн хүмүүс дээр хүндрэл гарч байгаа юм байна шүү!

Би энд өөр нэг маш чухал зүйлийг анхааруулах гэсэн юмаа.

УНАГАН ДАРХЛАА маш чухал боллоо. Эсрэг биет нөлөө алга, унаган дархлаа руу довтолдог юм байна. Ш/у-ы үндэслэл нь гэвэл 32 штаммын 4 бүлэг уургийг эрдэмтэд илрүүлчлээ. Тэрний 1нь HIV вирус юм байна. Оросууд ВИЧ гээд байгаа шдээ, эмч нар мэдэж байгаа. Дархлаа хомсдол үүсгэдэг вирус шдээ.

Дэлхий дахиныг айдаст оруулсан хүчин зүйл нь энэ. Ханиадны вирусээр хөлөглөсөн ДОХ л болж хувирлаа шдээ.

Тийм учраас танхим таслагаан дотор маск зүүх, гэр орондоо дандаа салхи оруулж чийгтэй цвэрлэгээ сайн хийж байх ёстой юм байна. Гэрт амьдардаг монголчууд азтай юм, байнгийн агаарын солилцоотой. Агаар салхинд сайн гарч байх ёстой юм байна.Хүйтэнд гадаа маск зүүх хэрэггүй юм байна. Архи ерөөсөө ууж болохгүй, ялангуяа халдвар аваад эдгэсэн, вакцин хийлгэсэн хүмүүс дусалч архи уух хэрэггүй үндэслэлтэй шүү! “Аа яадын цус” гэдгээр л өөртөө эрсдэл үүсгэдэг шүү дээ.

Дэлгэрэнгүй мэдээг дахин тоймлож оруулна. Ямартай ч амаргүй л эд шиг байна.

За далимдуулаад нөгөө “хөл хорио” гэсэн инээдэмтэй юмаа хийгээд унав даа УОК! Ер нь “хөл хорино” гэдэг нь ямар утгатай юм бэ? Эрүүл толгойгоор бодоод үз дээ!

Цааш гүүрлэн түгээнэ үүд

Баярлалаа!

Дархлаа судлаач И.Цэрэнхүү

21-12-26 өдөр гэжээ.

Энэхүү пост дахь гол агуулгыг нягталлаа.



Одоо байгаа вакцины хүрээнд 3-р тун гэх бүүстер вакцин омикронд ямар ч үйлчилгээгүй гэдгийг ДЭМБ-ын Ерөнхий захирал Их Британы эрдэмтэдийн туршилтыг үндэслэн мэдэгдлээ. Түрүүнд нь бас пфайзерийг Израильд туршаад үр дүн 00 гэж гарсаан. Өгөр Сахин энэ туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн байгаа.

Factcheck:

ДЭМБ-ын Ерөнхий захирал 2021.12.14-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ “Би нэг зүйлийг маш тодорхой хэлье. ДЭМБ бүүстер тунгийн эсрэг биш, тэгш хүртээмжтэй бус байдлын эсрэг байгаа юм. Бидний анхаарал хандуулж байгаа гол зүйл бол дэлхийн бүхий л улс оронд хүний амь насыг авран хамгаалах юм. Дархлаажуулалт улс орнуудад харилцан адилгүй, маш их зааг ялгаа байсаар байна. Өнөөдөр дэлхийн 41 улс одоог хүртэл хүн амынхаа 10 хувийг дархлаажуулалтад хамруулах боломжгүй байна. 98 улсын дархлаажуулалт 40%-д хүрээгүй байна. Энэ тэгш бус байдлыг арилгаснаар бид цар тахлын ард гарч чадна” хэмээн маш тодорхой байр сууриа илэрхийлжээ. Вакцины үр дүнг амны хаалт, зай барих, гар ариутгахтай зүйрлэх аргагүй бөгөөд аль болох хүн амаа өндөр хувьтай дархлаажуулахыг зөвлөсөн байна.

Хэдийгээр Омикрон хувилбар болон бүүстер тунгийн үр дүнгийн талаар хангалттай судалгааны үр дүн гараагүй байгаа ч зарим улс орон насанд хүрсэн хүн амаа нийтэд нь дархлаажуулалтад хамруулах хөтөлбөрийг эрчимтэй өрнүүлж байгааг дурдаад “Бүүстер тун бол маш чухал, ялангуяа хүнд өвдөж, нас барах эрсдэлтэй бүлэг хүн амд зайлшгүй хэрэгтэй юм” гэжээ.

Израил улсад хийгдэж байгаа судалгаагаар Pfizer вакцины бүүстер тун Омикрон хувилбарын эсрэг үр дүнтэй байгаа нь тогтоогдсоныг Ройтерс 2021.12.13-ны өдөр мэдээлжээ. Мэдээндээ 5-6 сарын өмнө хоёр тун хийлгэсэн хүмүүсийн омикроныг эсэргүүцэх чадвар сул байсан бол нэмэлт тун хийлгэснээр эсэргүүцэх чадвар 100 дахин өссөнийг мэдээлсэн байна.



12 нас хүрээгүй бол ямарч вакцин хийж болохгүй гэсэн шийдвэрийг ДЭМБ-ын дэргэдэх SАGE агент зөвлөмж (рекомендацион) гаргалаа.

Factcheck:

SAGE буюу ДЭМБ-ын Дархлаажуулалтын Шинжээчдийн Стратеги Зөвлөлөөс хүүхдийн вакцинжуулалттай холбоотой, одоогоор хамгийн сүүлийн мэдээллийг 2021.11.24-нд гаргасан байна.

“Хүүхэд, өсвөр насныхныг дархлаажуулах нь олон талын ач тустай. Насны энэ бүлэгт COVID-ийн халдварыг бууруулж буй вакцинжуулалт нь хүүхэд, өсвөр үеийнхнээс ахмад настанд халдвар дамжилтыг бууруулж, сургуулиудад халдвар тархалтыг хязгаарлахад тустай.

Хүүхдийн хичээлийн тасалдлыг багасгах, тэдний ерөнхий сайн сайхан байдал, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь чухал асуудал юм. Улс орнуудын COVID-19-тэй тэмцэх стратеги нь хүүхдүүдийн боловсрол болон нийгмийн амьдралын бусад талбарт оролцох оролцоог дэмжих, сургуулиудын хэвийн ажиллагааг хангах ёстой.

НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ нь сургуулийн насныхны вакцинжуулалтаас үл хамааран сургуулийн халдварыг хэрхэн багасгах, сургуулиудыг нээлттэй байлгах зааварчилгааг боловсруулсан” гэжээ.

Энэхүү мэдэгдэлд 12-оос доош насныханд вакцин хийхгүй байх тухай мэдээлэл байхгүй бөгөөд хүүхэд, өсвөр насныханд тарихыг зөвшөөрсөн вакцинууд нь хүүхдүүдэд аюулгүй болон үр дүнтэй байгааг дурджээ.

Вакцины тэгш хүртээмжтэй холбоотойгоор одоогоор хүүхэд, өсвөр насныхныг вакцинд хамруулахыг ДЭМБ зөвлөхгүй байгаагаа энэ насны бүлэгт хүндрэл ба амь насны эрсдэл бага гэж үзэж байгаатай холбон тайлбарласан байна.

Тухайлбал, КОВИД-19-ийн халдвар анх бүртгэгдсэнээс хойших халдварын нийт тохиолдлын 2%, нийт нас баралтын 0.1%-ийг 5-аас доош насныхан эзэлж байгаа бол 5-14 насныхны халдвар нийт тохиолдлын 15%, нас баралтын 0.4% байгаа аж.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв 5-11 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин аюулгүй, үр дүнтэй байгаа учраас хийлгэхийг зөвлөж байна.



Омикрон тархалт түргэн гэхдээ хүндрэл багатай, нас баралтаас хол гэдэг концепци хэвээрээ байгаа. Харин вакцин хийлгэсэн хүмүүс дээр хүндрэл гарч байгаа юм байна шүү!

Factcheck:

ДЭМБ-аас 2021.11.28-нд мэдээлснээр омикрон хувилбарын талаарх судалгаа үргэлжилж байгаа ба одоогийн байдлаар мэдэгдэж байгаа зүйлсийг тоочжээ.

Урьдчилсан байдлаар омикрон хувилбар нь хүндээр өвчлүүлэхгүй байгаа ч өндөр настай эрсдэлт бүлгийн хүмүүсийн хувьд омикрон гэлтгүй бусад бүх хувилбар хүндрэл үүсгэх эрсдэлтэйг ДЭМБ-ын судлаач, доктор Мариа Ван Керхов 12 дугаар сарын 17-нд ярьсан байна.

Энэхүү хувилбараар өвчлөхөөс сэргийлэх олон боломж байгаа ба хамгийн эхний арга нь вакцин гэдгийг мөн хэлжээ.

Одоогоор омикрон хувилбарын судалгаанууд үргэлжилж байгаа ба мэдэгдэж байгаагаар вакцинд хамрагдах нь хамрагдахгүй байхаас илүү аюулгүй байгааг хэлж чадна гэдгийг онцолсон байна.



УНАГАН ДАРХЛАА маш чухал боллоо. Эсрэг биет нөлөө алга, унаган дархлаа руу довтолдог юм байна.

Factcheck:

Харин байгалийн буюу халдварын дараах дархлааны талаар 2021.11.27-нд танилцуулсан судалгаанд өгүүлжээ. Тархвар судлаач профессор Уильяам Ханааж “Коронавирусийн Омикрон хувилбарын талаар бидэнд мэдэхгүй зүйл олон байна, тухайлбал халдварлах байдал, вакцинаар үүсгэгдсэн дархлаа эсвэл халдварын дараах дархлаанаас зайлсхийх байдал зэрэг нь тодорхойгүй байна” гэдгийг дурджээ.

Харвардын сургуулийн мэргэжилтнүүдийн судалгаанд коронавирусийн халдварт хүний өөрийн дархлаа нь вакцинаас илүү үр дүнтэй хамгаалалт болж байгаа эсэх талаар мэдээлэл байсангүй.



Ш/у-ы үндэслэл нь гэвэл 32 штаммын 4 бүлэг уургийг эрдэмтэд илрүүлчлээ. Тэрний 1нь HIV вирус юм байна. Оросууд ВИЧ гээд байгаа шдээ, эмч нар мэдэж байгаа. Дархлаа хомсдол үүсгэдэг вирус шдээ. Дэлхий дахиныг айдаст оруулсан хүчин зүйл нь энэ. Ханиадны вирусээр хөлөглөсөн ДОХ л болж хувирлаа шдээ.

Factcheck:

Амьсгалын цочмог халтай хамшинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) нь маш өндөр эмгэг төрүүлэх чанартай бөгөөд албан ёсоор коронавируст өвчин-19 (COVID-19) гэж нэрлээд байгаа дэлхий нийтийн цар тахлын үүсгэгч шинэ вирус юм. SARS-CoV-2 нь Coronaviridae бүлийн Betacoronavirus-ийн төрөлд харьяалагддаг, ихэвчлэн халуурах, хуурай ханиалгах, булчин сулрах, ядрах зэрэг амьсгалын замын шинж тэмдгээр илэрдэг. (1)

Коронавирусууд нь эсийн цитоплазмд репликацид ордог, бүтцийн дөрвөн уурагтай (S уураг, бүрхүүлийн E уураг, мембраны М уураг, нуклеокапсидийн N уураг), эерэг утгат, дан утаслагт РНХ агуулсан вирус юм. (2)

Харин дархлаа олдмол хомсдол (ДОХ) өвчин нь хүний дархлаа хомсдолын вирус (ХДХВ)-ээр үүсгэгддэг, энэ вирус нь хүний дархлааны эсийн дотор сонгомлоор орж халдварлуулж, дархлааны эсийн тоог цөөрүүлдэг учир ДОХ гэж нэрлэгджээ. ХДХВ нь бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг байна.

ХДХВ нь Retroviridae бүлийн Lentivirus-ийн төрөлд харьяалагддаг, дархлаа дутмагшлын шинж тэмдгээр илэрдэг, бүтцийн 10 гаруй уурагтай дан утаслагт РНХ агуулсан вирус.

Аль аль нь РНХ агуулсан вирус боловч харьяалагдах төрөл зүйл, удмын мэдээлэл, гадаргуугийн бүтцийн уураг, хүнд халдварлах зам, хүний биеийн дотор халдварлах эс, илрэх шинж тэмдэг, анх тодорхойлогдон бүртгэгдсэн хугацаа зэрэг олон шинж байдлаар ялгаатай, өөр өөр вирус юм.

Иймд дээрх мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлсэн, ХУДАЛ агуулга байна.

Цар тахлын энэ үед коронавирус болон вакцинтай холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, баталгаатай эх сурвалжаас авч байхыг FactCheck.mn анхааруулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

https://www.who.int/director-general/speeches/detail/who-director-general-s-opening-remarks-at-the-media-briefing-on-covid-19—14-december-2021

https://www.reuters.com/world/middle-east/israeli-study-finds-pfizer-covid-19-booster-protects-against-omicron-2021-12-11/

https://www.who.int/news/item/24-11-2021-interim-statement-on-covid-19-vaccination-for-children-and-adolescents

https://www.who.int/news/item/24-11-2021-interim-statement-on-covid-19-vaccination-for-children-and-adolescents

https://www.who.int/news/item/22-12-2021-interim-statement-on-booster-doses-for-covid-19-vaccination—update-22-december-2021

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/children-facts.html

https://www.who.int/news/item/28-11-2021-update-on-omicron

https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/media-resources/science-in-5/episode-63—omicron-variant

https://www.hsph.harvard.edu/profile/william-p-hanage/

(1) Chen N. Epidemiological and clinical characteristics of 99 cases of 2019 novel coronavirus pneumonia in Wuhan, China: a descriptive study. Lancet. 2020;395.

(2) Chen Y, Liu Q, Guo D. Emerging coronaviruses: genome structure, replication, and pathogenesis. J Med Virol. 2020;92.

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4924471/

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга АНУ-ын цэргийнхэн хүүхдийн вакцинаас скополамин илрүүлсэн

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 25-р суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо “Эгийн голын УЦС-ын төсөл яагаад зогссон бэ?” гэсэн сэтгүүлчийн ганцхан асуултад хариулахдаа нийт 1 минут 26 секундэд 9 баримт дурдсан юм. Тэдгээр баримтыг нягтлахад бүгд ХУДАЛ байгааг доор харуулав. 1.“ОХУ-ын хил дээр шахуу шүү дээ Эг гол маань” – ХУДАЛ НОТОЛГОО: “Эгийн гол нь Монгол орны […]

УИХ-ын гишүүн С.Ганбаатар иргэдтэй уулзах үеэрээ уран олборлолтын талаар “Ураныг боль гэж хэлэхээс илүү энэ аюултай, уран газрын хэвлий рүү хор шахахад дараа нь тэндээс үүл босоод ууршаад, тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир. Үгүй гэвэл баталгаагаа өг. Уран, янз бүрийн улс […]

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөгчид, ялангуяа улирч буй парламентын гишүүд элдэв ажлыг өөрийн болгож “наах” үзэгдэл цөөнгүй гарч байгааг factcheck.mn нягталж байна.  Хамгийн эхний баримт бол шатахууны үнийг Өргөдлийн байнгын хороо буулгасан гэх мэдээлэл. Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны үр дүнд хүрсэн ажлынхаа нэгээр шатахууны […]

Мягмар гараг буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ын өдөр УОК хуралдсаны дараа нийслэлийн автомашины хөдөлгөөнийг илүү хумихаар шийдвэрлэсэн талаар мэдээлэхдээ хоорондоо зөрүүтэй тоонууд хэлсэн юм Мэдээллийн үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор тээврийн хөдөлгөөнийг нарийн цагийн хуваарьт шижлүүлсэн. Бид 17,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцоолсон. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний […]

“Танил болчихсон хэдэн хүүхнийг гайхдаг. Зовов дарлуулав гадуурхагдав эрх мэдэл дутлав… Ямар ч статистикаас үзэхүл монгол эмэгтэй гэр бүлд албанд эрх мэдэлт уламжлалтай.Гишүүн сайд захирлын хувь АНУ Англи Японоос илүү.Төр, хууль, нийгэм гадуурхдаггүй” гэж бичсэн нийтлэлч Баабарын жиргээг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирэв. Үзэл бодлыг нягтлах боломжгүй ч уншигчийн хүсэлтийн дагуу “Ямар ч статистикаас үзэхүл монгол […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх