
Ulziitogtokh Tsedev гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч “Вакцин дотор амьд вирус, кросс контаминэйшн болчихсон байхад Монголд хэнд ч тийм ойлголт байхгүй, яаж хянах арга ухаанаа ч олохгүй?!. Тиймээс Вакцинаар халдвар тархах, хорлол үйлдэх эрсдэл бий шүү?!.. Анхаар?!..” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.
Товч агуулга:
- Зарим вакцинд зориулалтын дагуу сулруулсан амьд вирус ашигладаг бөгөөд энэ нь хүний биед өвчин үүсгэхгүй, харин ч дархлаа тогтоох үүрэгтэй.
- Үйлдвэрлэлийн үеийн санамсаргүй бохирдол (cross-contamination) нь вакцины орц найрлага биш бөгөөд түүнийг олон улсын хатуу хяналт, стандарт (GMP)-аар сэргийлдэг.
- Монгол Улсад вакцины чанар, аюулгүй байдлыг шалгах, хянах Үндэсний лавлагаа лаборатори, хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд хяналт тавин ажиллаж байна.
- Шинжлэх ухааны өөр өөр ойлголтын ялгааг хольж, вакцинаар халдвар тараадаг гэх зэргээр ерөнхийлсөн нь олон нийтийг төөрөгдүүлсэн байна.
Factcheck:
Постод “вакцин дотор амьд вирус”, “кросс контаминэйшн” гэх хоёр ойлголтыг дурдаж, үүнээс вакцинаар халдвар тархах, хор хөнөөл учруулах эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийжээ. Тиймээс эдгээр ойлголт тус бүр юу болох, вакцины үйлдвэрлэл болон аюулгүй байдлын хяналтад хэрхэн авч үздэгийг эхлээд тайлбарлая.
Вакциныг хэрхэн бүтээдэг вэ?
Вакцины үндсэн зорилго нь хүн тухайн өвчин үүсгэгчийн халдвар авахаас өмнө дархлааны системд түүнийг таних, хариу үйлдэл үзүүлэх чадвар бий болгох юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тайлбарласнаар вакциныг хэд хэдэн аргаар бүтээдэг. Зарим вакцинд вирус, бактерийг бүхлээр нь идэвхгүйжүүлж эсвэл сулруулж ашигладаг бол заримд нь зөвхөн дархлааны урвал өдөөх хэсгийг нь ялгаж авдаг. Мөн генетикийн мэдээлэл ашиглан бие махбодоор өөрөөр нь эсрэг биет үүсгүүлдэг технологи бий.
Постод дурдсан “амьд вирус” гэдэг нь сулруулсан вакцинд хамаарна. Тухайлбал, улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг MMR вакцин бол нэг жишээ нь юм. Өөрөөр хэлбэл, эдгээр вакцинд ашиглаж буй вирус нь амьд хэдий ч лабораторийн аргаар хүний биед өвчин үүсгэх хоруу чанарыг нь дарангуйлж, сулруулсан байдаг. Ингэснээр өвчин үүсгэхгүй хэрнээ дархлааны системд тухайн вирусийг таниулах замаар өвчний эсрэг дархлаа тогтоодог байна.
Түүнчлэн шинэ тутам бүтээсэн вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх үйл явц маш нарийн байдаг талаар ДЭМБ тайлбарласныг харж болно. Эмнэлзүйн өмнөх судалгаанаас эхлээд хүний оролцоотой хэд хэдэн шатны туршилтын үр дүнг нь зохицуулах байгууллагууд үнэлсний дараа л сая хэрэглэх зөвшөөрөл олгож, хэрэглээнд нэвтэрсэн хойно ч тасралтгүй хянадаг байна.
Тэгвэл cross-contamination гэж юу вэ?
Постод үүнээс тусад нь “cross-contamination” буюу үйлдвэрлэлийн үеийн санамсаргүй бохирдлын талаар дурдсан байна. Амьд вирус нь вакцины технологи, орц найрлагад хамаарах ойлголт бол “cross-contamination” нь зөвхөн үйлдвэрлэлийн явцад гарч болзошгүй чанарын эрсдэлийг хэлдэг.
Тодруулбал, вакцин үйлдвэрлэх явцад өөр бүтээгдэхүүн, материал эсвэл бичил биет санамсаргүй байдлаар холилдон бохирдуулахыг cross-contamination гэж ойлгож болно.
Тиймээс вакцины үйлдвэрт ийм бохирдлоос сэргийлэх тусгай шаардлага мөрддөг. Үүнд үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийг шаардлагатай тохиолдолд тусгаарлах, ажилтан болон материалын хөдөлгөөнийг зохицуулах, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зэрэг арга хэмжээ багтана. Эдгээрийг ДЭМБ-ын биологийн бүтээгдэхүүний Үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP-ийн удирдамжид тусгайлан заажээ.
Үүнээс гадна вакцины чанарын хяналт зөвхөн үйлдвэрлэгчийн өөрийн шинжилгээгээр хязгаарлагддаггүй. Европын холбоонд OCABR тогтолцоонд хамрагдах вакцины багц бүрийг зах зээлд гаргахаас өмнө үйлдвэрлэгчээс хараат бус албан ёсны хяналтын лаборатори дахин үнэлж, шаардлагатай шинжилгээ хийдэг гэж Европын эмийн чанарын байгууллага EDQM мэдээлсэн.
“Монголд хянах арга байхгүй” гэдэг нь үнэн үү?
Энэ нь нотолгоогүй, ташаа дүгнэлт юм. Монгол Улсад вакцины импорт, чанар, аюулгүй байдлыг хянах тогтолцоо бий.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар вакциныг хилээр оруулахад үйлдвэрлэгч орны эрх бүхий байгууллагаас олгосон тухайн цувралын баталгаажуулалтын гэрчилгээг заавал шаарддаг.
Мөн 2026 оны тавдугаар сард ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан тэргүүтэй байгууллагууд манай улсын дархлаажуулалтын хөтөлбөрт иж бүрэн үнэлгээ хийсэн. Уг үнэлгээгээр улсын төсвөөс санхүүждэг вакцины худалдан авалт, хүйтэн хэлхээний систем, цахим бүртгэл зэрэг нь тогтолцооны давуу тал гэж тэмдэглэсэн байдаг.
Түүнчлэн 2026 оны зургаадугаар сард эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын шинжилгээ хийх Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсон.
Иймээс Монголд вакциныг “хянах арга байхгүй” гэх мэдээлэл үндэслэлгүй байна.
Тэгвэл эдгээрээс болж вакцинаар халдвар тархах боломжтой юу?
Ихэнх тохиолдолд вакцин хийлгэсэн хүн бусдад халдвар тараагч болдоггүй. Идэвхгүйжүүлсэн болон өвчин үүсгэгчийн зөвхөн тодорхой хэсэг, генетикийн мэдээллийг ашигладаг вакцинд үржих чадвартай вирус, нян байхгүй тул тухайн вакцины бүрэлдэхүүнээс халдвар дамжих боломжгүй.
Харин амьд сулруулсан вакцины хувьд вакцин бүр өөр байдаг аж. Тухайлбал, CDC-ийн мэдээлснээр улаанбурханы вакцины омог хүнээс хүнд дамжсан тохиолдол баримтжаагүй байна. Харин салхин цэцгийн вакцины вирус маш ховор тохиолдолд дамжсан байна. Дэлхий даяар 1995 оноос хойш вакцин хийлгэсэн эрүүл 11 хүнээс 13 хүнд дамжсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс үүссэн өвчлөл ихэвчлэн хөнгөн явцтай байжээ.
Вакцин “хорлол” уу?
Вакцин “хорлол” учруулдаг гэхээсээ илүү халдварт өвчнөөс сэргийлж, олон сая хүний амийг хамгаалж ирсэн. ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 3.5-5 сая хүний амийг аварч байна. Түүнчлэн АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC)-ийн судалгаагаар хүүхэд насандаа хийлгэсэн вакцины үр дүнд жил бүр 4 сая хүн эндэгдлээс сэргийлж чаддаг. Цаашлаад 2030 он гэхэд 51 сая хүн вакцины тусламжтай амьд гарах тооцоолол гарсан бөгөөд үүнээс улаанбурхны вакцины үр дүнд 19 сая, гепатит В-ийн эсрэг вакцины үр дүнд 14 сая хүнийг эндэгдлээс сэргийлэх таамаглал бий.
Гэсэн хэдий ч дэлхий дээр таван хүүхэд тутмын нэг нь анхан шатны дархлаажуулалтад хамрагдаж чадахгүй байгаа бөгөөд жилд 2 сая гаруй хүүхэд вакцинаар бүрэн хамгаалах боломжтой халдварт өвчний улмаас нас барсаар байна.
Иймд дээрх постын агуулга ТӨӨРӨГДҮҮЛСЭН мэдээлэл байна
Постод дурдсан “амьд вирус” болон “cross-contamination” нь шинжлэх ухаанд байдаг ойлголтууд мөн. Гэхдээ аль аль нь өөр өөр нөхцөл, утгатай. Зарим вакцин сулруулсан амьд вирус ашигладаг бол үйлдвэрлэлийн үеийн санамсаргүй бохирдлыг тусгай стандарт, хяналтаар сэргийлж, илрүүлдэг. Мөн вакцинаас үүдэн бусдад халдвар дамжих нь нийтлэг үзэгдэл биш бөгөөд зөвхөн зарим амьд сулруулсан вакцинд маш ховор тохиолдол бүртгэгдсэн байдаг.
Иймээс эдгээр ялгааг орхигдуулж, “вакцинаар халдвар тархах, хорлол үйлдэх эрсдэлтэй” гэж бүх вакцинд ерөнхийлсөн нь олон нийтийг төөрөгдүүлж, айдаст автуулах шинж чанартай байна.
Эрүүл мэндийн ноцтой мэдээллийг баттай, албан ёсны эх сурвалжаас хүлээн авч байхыг FactCheck.mn анхааруулсаар байгаа билээ.
Эх сурвалж
ДЭМБ
Европын Эмийн чанар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний газар (EDQM)
CDC
ЭМЯ
Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль